Friday, June 30, 2017

ХУГАЦААН ДОТОРХ ХУГАЦАА буюу Андрей Тарковский монголд...

"Урлаг гэдэг уг чанараараа үхлийг үгүйсгэгч юм. Тийм ч болохоор уран бүтээлч нь гашуудаж байхад ч урлаг өөдрөг хэвээр оршдог."
                                                                                                               Андрей Тарковский.


Кафка, Кундера, Памук, Феллини, Тарковский... Сэтгэл зүтгэл, ур ухаанаа шингээн байж монгол уншигчдадаа, залуучууддаа толилуулж буй бүтээл бүрээ бид өнөө маргаашийн ашиг орлого бус үндэстний минь хувьд өнө ирээдүйд биднийг тосч буй сэргэлт, сэхээрэл, сэтгэлгээний тэсрэлтийг зөгнөн түүнд бага ч болтугай бэлтгэл, өдөөлт болуужин хэмээн сүслэж хийдэг.
Чухам энэ л сэтгэлийн үүднээс бид уншигч таны гарт XX зууны Оросын төдийгүй, хүн төрөлхтөний түүхэнд төрсөн суут найруулагч Андрей Тарковскийн амьдрал, уран бүтээл, дотоод ертөнц, шаталт, шаналал цөхрөлийн дуун болсон нэгэн номыг өргөн барьж байна. Польшийн нэрт найруулагч Кшиштоф Зануссигийн тодорхойлсончлон Тарковский бол хагас зуухан жил наслахдаа угаас зуу хүрэхгүй жилийн түүхтэй кино хэмээх шинэ тутам урлагийн түүхэнд өөрийн арилшгүй мөрийг үлдээж чадсан цөөхөн суутны нэг билээ.
Бид энэхүү номоо Андрей Тарковскийн өдрийн тэмдэглэлээс бүтсэн нэг ном, ярилцлагын бас нэг номыг нэгтгэн түүвэрлэж бүтээлээ. "Хугацаан доторх Хугацаа" номыг Пүрэвдоржийн Номинбилэг өдрийн тэмдэглэлүүдийг нь орос хэлнээс, ярилцлагуудыг нь англи хэлнээс (ихэвчлэн гадаадын сэтгүүлчидтэй ярилцсан байх тул) түүвэрлэн орчуулав.
Мөнхүү бидний номд чин сэтгэлээсээ туслаж, өөрийн сэтгэгдэл, орчуулгаа хуваалцсан кино найруулагч Сахьяагийн Бямбаад маш их баярлалаа.
Номын ивээн тэтгэгч, кино урлагийн хөгжлийн төлөө харамгүй сэтгэл гаргаж бидний ажлыг ямагт дэмжин ажилладаг IFI продакшн, жүжигчин Балжиннямын Амарсайхан, продюссер Сайнбилэгийн Уран нарт чин сэтгэлээсээ баярлалаа.
Бидний бүтээл ирээдүйн мянга мянган залууст ямар ч цагийн буулган дор хүзүүгээ тавин бууж өгөхийг үл хүлцэх хүчирхэг хувь хүн болон төлөвших дотоод эрчмийг харамгүй бэлэглэнэ гэдэгт итгэл дүүрэн байна!

Цээжин доторх энэ их салхийг ээ...

Хэдэн жилийн өмнө Заяагийнхаа ажил дээр очиж хэдэн шүлэг уншсан юм. Сайндаа ч бас мань хүн гадуур баахан зугаалчихаад гэрийнхэндээ би яруу найргийн CD бичиж байгаа гэсэн ч гэлүү. Тэгээд бантахдаа мань хэдийгээ дуудаж баахан шүлэг уншуулж авсан хүн. Заяагийн паян ямар дуусах биш.

Б.БАЯСГАЛАН: БИ ӨӨРИЙГӨӨ АРАЙ ӨӨР ЗҮЙЛД БЭЛТГЭДЭГ

"OPEN DOOR" сонины сэтгүүлч, яруу найрагч Б.Алтанхуягтай ярилцсан ярилцлагаа хуваалцлаа.

  Эх СУРВАЛЖ: NER.MN


Анх удаа Индиан хүний гойд сайхан зохиол уншиж үзсэн минь Шерман Алекси хэмээх зохиолч байлаа. Одоог хүртэл уншсан бүтээлүүд дотроос хамгийн урт нэртэй өгүүллэг бөгөөд цаашдаа ч тийм байж магад гэж хааяа санагддаг юм. Ямартай ч “Эцэг минь өөрийгөө Вүүдстокт Жими Хэндрикс “Одод гялалзсан далбаа”-гаа тоглож байхыг харсан цорын ганц индиан гэж ярьдаг байсан учраас...” гэх нэртэй уг өгүүллэгийг “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрын тэргүүн Батсуурын Баясгалан орчуулсан билээ. Уншигчид нь түүний орчуулсан олон сор бүтээлүүдийг андахгүй мэдэх учраас дахин шилмэл түүвэр орчуулан гаргавал сонголтонд нь эргэлзэлгүй итгэж дэлгүүрийн лангуун дээрээс даруйхан шүүрч авах биз. Орчуулсан номыг нь уншиж байсан хэдий ч өөртэй нь ярилцахыг хүсдэг, танилцаж амжаагүй уншигчид олон буй гэдэгт үл эргэлзэнэ. Тэгвэл та нээлттэй хаалгаар орж түүнтэй танилцагтун.
*** 

-Бид яг хоёр улирлын зааг дээр уулзах шиг боллоо. 11 дүгээр сард өвөл ч юм шиг, намар ч юм шиг өдрүүд ээлжлэн хөвөрөөд л... Ийм өдрүүдэд та орчуулга хийхээсээ ном уншиж суухыг илүүд үздэг байх, тийм үү?

-Улирал харгалзалгүй хийх юмаа хийж, бас улирал харгалзалгүй л уншихаа уншиж суудаг даа. Гадаа юу болж байгааг нэг их анзааралгүй урдахаа хийгээд сууж байна.

-“Тагтаа паблишинг” хэвлэлийн газрын хамт олон яг одоо орчуулгын ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Ikon Books” хэвлэлийн газраас эрх авсан философийн зурагт хөтөчүүдийнхээ орчуулгын ажлыг амжуулж байна. Энэ сард Орхан Памукийн “Миний нэр Улаан” роман гарчих байх. Тэгээд ар араасаа номууд маань хэвлэгдсээр байх болно.

-Аливаа зүйлийг тодотгож нэр өгнө гэдэг хэцүү. Яагаад хэвлэлийн газраа “Тагтаа” гэж нэрлэх болсон бэ?

-Ж.Тэгшзаяа бид хоёр компаниа анх “Завь” гэж нэрлэх гэж байсан юм аа. Тэнгис далайг гатлаад л хүмүүст оюуны ачаа тээж ирдэг бяцхан завь. Тэгсэн бүртгэл дээр очсон чинь тийм нэртэй ачаа тээврийн компани байдаг юм байна. Тэгээд л сандраад түвд судлаач Г.Ням-Очир ах руу утасдаж “Сонин сайхан нэр юу байна” гэвэл “Галбингаа, Бирга” гээд л баахан нэр хэлж өглөө. Бүгд давхцаж байна. Тэгсэн ах нэлээн залхсан бололтой “За за, тэгвэл Тагтаа л гэчихээч дээ. Чамайг тэгж дууддаг биз дээ” гэж байна. Уран зохиолын хүрээний найз нар маань намайг тэгж нэрлэдэг юм л даа. Гэхдээ одоо Тагтаа гэдэг үг миний нэр гэхээс илүү Тэгшээ л гэж байгаа юм шиг сонсогдоод байдаг болчихож. “Тагтаа”-ын ажил бодохоор дандаа Тэгшээгийн дүр нүдэнд харагддаг болохоор тэр байх.

ШОО



/өгүүллэг/

Автобус зогсоход урд хаалгаар нь нэгэн эр гүйн тусан орж ирээд “Эмэгтэй хүнд суудал тавиад өгөх хүн алга уу?” гэж бархирснаа гараа арагш сунгаж бүсгүйгээ тавцан өөд татан оруулж ирлээ. Дотор хүн сэлүүхэн ч бүх суудал эзнээ олсон аж. Өнөөх хоёр бие биенээсээ зууран там тум алхалж явсаар урдхан талд минь ирээд зогсчихлоо. Эр нь “Эмэгтэй хүнд суудал тавьж өгдөггүй юм уу, чи?” гэж ахин чанга дуугаар зандраад урд сууж явсан сөөсгөр хүүг суудлаас нь ховхолчихов. Тэгээд “Чи энд суу,” гэж бүсгүйдээ ёстой л “юмны эзэн” шиг захирангуй хэлэхэд цаадах нь таатайяа мушилзсанаа ухасхийгээд суучихлаа. Шурхнаг нь чирэгдсэн гонжоомны өмдөн дор биеийн тамирын шаахай углаж задгай энгэртэй тод өнгийн цамц эгэлдрэглэсэн гуч гаруй насны эр. Түүнийг бүсгүйнхээ суудлын түшлэгээс зуурахад хар ажлын хүний эвэршсэн том гар нь яг нүүрэн дээр минь тулав. Юу юугүй дэлсээд авах гэж буй мэт тэр бахим гарын судас нь гүрэлзэн үе нь товойж үзэгдэнэ. Халамцуу эр уначихгүй гэхдээ барьцаа байдгаараа чангалсан нь тэр аж. Тэр бүсгүйдээ арайхийн суудал олж өгчихөөд одоо өөртөө бас нэгийг зайчилчих гэсэн мэт талимаа нүдээрээ ийш тийш харц шидлэн өнгөлзөж эхлэв.

Тэгснээ бүсгүйн урд суудал дахь эрийн мөрөн дээр падхийтэл алгадаад “Ах хүү, эмэгтэй хүнд суудалд тавьж өгч мэддэггүй ээ?” гэж шүдээ зуун асуулаа. Цаадах нь цочсон бололтой огцом эргэж харсанаа “Хаана ямар эмэгтэй байна? Чи юм уу?” гэж уцаарлав. Халамцуу эрийн уур дүрэлзэв бололтой “Чамайг харахад би эмэгтэй байна уу? Би эмэгтэй юу?” гэж ухалзсанаа “Халхын хавтгайд данстай эр шүү. Муусайн юмс барагтайхан байгаарай!” гэж бархирлаа. Зорчигчид төвөгшөөсөн байртай тэдэн рүү хяламхийж, жолооч дуугүй явахгүй бол өшиглөөд буулгана гэж сануулав. Халамцуу эр хэсэг зуур амаа хамхихаа мэдлээ.

ЦАСНААР...

Ж.ТЭГШЖАРГАЛ
“ГЭРЭГ” сэтгүүл
2015 ОНЫ 11 САРЫН 16
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Гадаа цас, гарт минь “Цас”. Нэг нь над руу, харин нэг рүү нь би уусаж байна. “Ай, цасны аниргүй” хэмээсээр “Цас” над руу нэвтэрч байхад “Ай” ч гэхгүй нөгөө нь хэмгүй зөөлнөөр бударч байлаа. Энэ гайхалтай мөч надад ирэхийн тулд хорвоо юуг тааруулсан тухайг нэг өгүүлбэрт багтаавал;

Архитектор болохоор суралцаж байсан турк эр Орхан Памук гэгч нэг л өдөр зохиолч болох нь өөрийнх нь төрмөл чанар гэдэгтэй эвлэрч уран зохиолын замд шуудраад, овоо амжилттай хэдэн романы ард гарч, улмаар 2002 онд “Цас” гээч роман бичсэний дуулиан, шуугиан Туркийн хилээс давж, дэлхий дахинд гайхагдаж байхад энд, Монголд эсрэгээрээ Б.Баясгалан гэгч охин хожим зохиолч болно гэдэгтээ бат итгэсэн ч чингэхийн тулд ертөнц, нийгмийн тогтолцооны учир, утгыг мэдэх нь зүй гэж үзээд онхи ондоо улс төр судлаачийн мэргэжил дүүргээд, төгсөөд үүнийг ор тас хаяна гэдгээ чухам сайхан гүйцэлдүүлж байх үед нь утга зохиолд ухаангүй хайртай Ж.Тэгшзаяа найз нь Сингапураас богц дүүрэн номтой ирсний дотор мөнөөх Памукийн “Цас” романы англи хэл дээрх эх байж таарсан нь чухам хувь заяаны тохиолоор Б.Баясгаланд очиж, мань хүн тун няхуур гурвантаа уншсаны эцэст ухамсарт амьдралынхаа анхны томоохон орчуулга руу ханцуй шамлахаар шийдээд, өөрийнх нь хэлсэнчлэн “урсаж яваа амьдралынхаа дундуур ааг, зоог хийн” таван сарын дотор орчуулж дуусгаад хувь тохиол бүрдээгүйн тул таван жил хав дарсаныгаа сая нэг хэвлүүлсэн тэр өдөр үүнийг бичиглэгч би бээр түүнтэй хэргээр таарч номын дээжээс гардахад тэргүүн нүүр дээр нь “Ж.Тэгшжаргал дүүдээ хүндэтгэн өргөе. Хүч чадалд нь ямагт итгэгч Б.Баясгалан. 2015.10.21”гэж бичсэн тэрхүү тэмдэгт өдөр надад тэмдэглэлт өдөр шиг санагдаж, түүнээс дөрвөн өдрийн дараа саарал хотод маань энэ жилийн анхны цас лавсан буух мөчид өнөөх номоо тэврэн суусан маань тэр билээ.

Хэрэг явдал товчхондоо ийм гэвч, үүний цаадах адал сониныг нээж мэдэх гэсэндээ тэр нэгэн Бямба гарагт “Цас” романы орчуулагч, “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалантай уулзаж дор таны унших харилцан яриаг өрнүүлсэн юм. Болгооно уу.

***

-Ийм хэмжээний романыг шууд сэтгэлийн хөдөлгөөнөөр барьж аваад орчуулах боломжгүй байх. Үүнийг та хэрэгтэй гэж орчуулав уу, дуртай болоод сонгов уу?

-Анх уншаад дууссаны дараа романы бичлэг нь надад таалагдсан. Бидэнд энэ цагт дэлхийн уран зохиолын туурвил зүй хаана явна гэсэн нэг тийм чиг баримжаа хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл орчуулагдаад гарч байгаа нь хэдэн зууны өмнөх, үгүйдээ л 70, 80 жилийн настай ном байх.

Ха Жиний тухай сэтгэгдлээ хуваалцлаа...

НЭГЭН ШҮЛЭГ...




Дээш авирч тоглоё гэхэд нь би зөвшөөрсөн
Дээврийн шат эгц өөдөө,
Их л гэнэн байж дээ, тэртээ өндөрийн одод руу
Инээлдсээр хүрчихнэ л гэж бодож байв даа.
Доош үсэрч тоглоё, бас л би зөвшөөрсөн
Догдолсон гараа атгалцаад, нэг хоёрын гурваа гээд л
Даанч итгэмтгий байж дээ, намайг газардахад
Дагаж тэр буулгүй гараас минь алдуурч
Дэвээд л, дэвээд л, бүүр өөдөө
Нисээд явчихаж билээ, би хашгираад
Эгц өөдөө, дээврийн шатруу
Эхэр татан авираад л, авираад л..,
Одоо эдгэж дээ, шарх минь аньж
Одод руу гараа зангидаж уйлдагаа больжээ, гэвч
Дэргэд минь тэр хааяахан ирж суугаад
Дээс томж тоглох уу гэж итгэлгүйхэн гуйх юм.

МИНИЙ САНАЛ БОЛГОХ 9 НОМ

UB.life сэтгүүлийн хүсэлтээр залуучуудынхаа зуны уншлагад зориулан өөрийн зүгээс дараах номуудыг санал болгов.

1. Вольтерын “Жамаараа яваа ертөнц”


Францын аугаа их соён гэгээрүүлэгчдийн нэг, түүхч, философич, зохиолч Вольтерын (1694-1778) “Жамаараа яваа ертөнц” тууж 1990 онд франц хэлний нэрт орчуулагч Т.Төмөрхүлэгийн хавтай орчуулгаар монгол уншигчдын гарт ирсэн билээ. Философийн санаануудаа илэрхийлэхийн тулд уран зохиолын хэлийг бүтээлчээр ашиглаж байсан Вольтерын зохиолууд амьдралын утга учир, мөн чанарын тухай ултай бодолд уншигчдаа дуудна. Ялангуяа бүхий л амьдралаа юунд хүргэх нь үл мэдэгдэх зорилго, адал явдал, эрэл хайгуулын дунд өнгөрөөж, сав ертөнцийг хөндлөн гаталчихаад эцэст нь зүгээр л тариа тарьж, тэнгэр ширтэж суух эглийн эгэл аж төрлөөс аз жаргалаа олж буй Кандидын амьдралыг уншаад энэ насаа юунд үрэх гэж буйгаа эрэгцүүлж нэг бодвол аштай юу.

2. Умберто Экогийн “Сарнайн нэр”


1980 онд Англи хэлнээ орчуулагдан хэвлэгдсэнээсээ хойш бүх цаг үеийн шилдэг борлуулалттай номуудыг замаасаа ядах юмгүй зайлуулсан энэ романы амжилтыг гайхан мэлэрсэн шүүмжлэгчид “Хүмүүс ийм ном худалдаж аваад байгаа нь, мөртлөө түүнийгээ уншаад байгаа нь, уншсанаа ойлгох гэж оролдоод байгаа нь хамгийн үнэмшихэд хэцүү, солиотой үзэгдэл болж байна” гэж шогширч байсан гэдэг.

РЕКВИЕМ




Одоо бодохоор сэтгэл өвдөөд л, цээжний голд
Олон шувуу жиргэж байснаа нисээд явчихсан шиг хоосроод,
Инээгээд гунигтай явсаныг нь санаад, яаж тэгэж
Итгэл найдварыг минь хөнгөхөөн хуурчихваа гэж бодох бүрт
Мэдэхгүй ээ, мэдэхгүй зүгээр л
Миний хийж чадах зүйл байсан юм шиг санагдаад..,
Хааяа цонхон дээр сууж байхад яг түүн шиг
Харц сүүмгэр ч нисэж л яваа шувууд
Хажуугаар сүргэлэн өнгөрөөд л…
Өө, тэгээд нулимс бөмбөрөхөд
Өөр тэгээд яах ч байсан юм гэж тайвшираад..,
Нээрээ би юу хийхсэн билээ, тээр дээрээс
Нисэхдээ унаж байна гэж бодоогүй зүрхэнд ялагдахаас өөрөөр.

ETV-д "Зүүд бол цорын ганц бодит зүйл"-ийн тухай...

Ахиад л Борхес...


Хязгаар

Ахин хэзээ ч санахгүй Вэрлэний мөрт.
Алхан өнгөрч болохгүй хажуугийн гудамж.
Дүр төрхийг минь сүүлчийн удаа харж буй толь.
Бүр ертөнцийн төгсгөлд тултал нь хааж орхисон хаалга.
Тавиур дээрх номнуудаас /тэднийг одоо би харж зогсоно/
Тал нь ахиж хэзээ ч дэлгэгдэхгүй.
Энэ зун би тавин нас хүрч байна.
Эр биеийг минь үхэл хэмхчин барж байна.


Орчуулсан Б.Баясгалан
Хорхе Луйс Борхес, “Шөнийн шүлгүүд” номоос...

Энэ цаг үе хэдэн орчуулагчаа нэвсийтэл дагуулаад ирсэн байлгүй дээ


Үндэсний шуудан” сонины 2015 оны Дөрөвдүгээр сарын 15-нд сэтгүүлч Б.Ууганбаярт өгсөн ярилцлагаа энд тавилаа. 

Аядуу зөөлөн дуу хоолой, дөлгөөн харц, дулаахан төрхтэй бүсгүй гэж түүнийг тогтож харсан хүн тодорхойлохоор. Харин царай төрхийг огт хараагүй уран бүтээл, яруу найраг, орчуулгын өгүүллэгийг нь уншсан хүн бол эрс тэрс, хурц үгсийг нь уншаад их л шийдэмгүй, хатуу хүн гэж бодмоор. Ийм л эрс тэрс, зөрчлийг илэрхийлэх өөрийн гэсэн өнгө аястай сайхан шүлгүүдтэй, “Аз жаргалтай төгсгөлүүд” /2013/, “Аварга том далавчтай өвгөн” /2014/ Өрнө, Дорнын шилмэл өгүүллэгийн түүврийн орчуулагч, яруу найрагч Алтан Харуул овогт Батсуурийн Баясгалан хэмээх эгэл даруу, хөдөлмөрч бүсгүйтэй утга зохиол тухай болоод түүний дотоод ертөнцтэй нь “танилцах”-аар ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.

Сайхан яруу найрагч, сайн орчуулагч гэсэн тодотголтойгоор таны алдрыг олонтаа сонсч байсан. Хувь хүнийхээ хувьд Баясгалан гэж хэн бэ гэдгийг та манай уншигчдад юуны өмнө танилцуулахгүй юу?

Оюутан үед намайг шүлэг бичдэг охин гэдэг байсан бол одоо орчуулагч гэж их дууддаг болсон байна. Гэхдээ шүлэгч, орчуулагч гэх тодотгол миний зөвхөн нэг талыг тодорхойлох тул ингэж дуудуулмааргүй санагддаг. Зүгээр л Батсуурийн Баясгалан. Эсвэл Говь-Алтай аймгийн Бугат сумын охин гэдэг ч юм уу, нутаг усаараа овоглох сайхан ч юм шиг. Би Говь –Алтай аймгийн Бугат суманд 1986 онд төрсөн. Алтай хотод арван жилээ төгсөөд, МУИС-д элсч Улс Төр судлаач мэргэжлээр төгссөн. Утга зохиолын мэргэжлийн хүн бол биш. Багаасаа шүлэг бичиж, энэ хүсэл, сонирхолдоо хийж буй бүхнээ хандуулж ирсэн.

Шүлэг, яруу найраг, утга зохиол яагаад тухайн үед тэр жаахан охины зүрх сэтгэлийг татаж, өдийг хүртэл энд “уяад” байгаа юм бол?

Би сургуульд орохоосоо өмнө, зургаан настайдаа бичиг үсэг сурчихсан байсан. Нэгдүгээр ангид ортол, хүүхдүүд “А, Б, В…” гээд самбар дээр заалгаж байхад хийх юмгүй би хойхно суугаад цаас эрээчин элдэв зүйл зураад суудаг байснаа сүүлдээ уйдаад ирэхээр нь мөр холбож эхэлсэн шиг санадаг. Би ер нь багаасаа л шүлэг бичиж эхэлсэн. Шүлэг бичиж эхэлсэн гэдэг чинь л энэ салбарт уяатай байх хангалттай шалтгаан болчихож байгаа юм. Хүнээр шүлэг хэлүүлнэ, бичүүлнэ гэдэг бурхан тэнгэрийн зараал юм уу, эсвэл байгалийн өгөгдөл ч юм уу гэдгийг би сайн мэдэхгүй шүү дээ. Яг ямар учраас, ямар сэдэл төрж шүлэг бичиж эхэлснээ бол мэддэггүй.

Б.БАЯСГАЛАН: ҮРГЭЛЖИД УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ

Бямбын ярилцлагын маань зочин Батсуурийн Баясгалан. Надад хачин дотно санагддаг энэ нэрийг зарим нь дуулаагүй яваа. Гэхдээ орчуулгын номонд дурлагсад, утга зохиолд шимтэгчид түүнийг андахгүй. Би түүний олон сайхан орчуулгад уусаж “Дараа өдрийн тэмдэглэл” блогт нь шөнөжин өнждөг хүмүүсийн нэг. Б.Баясгалан гэртээ бүгж, орчуулга хийдэг бүрэг нэгэн, өөрийнхөө бүхий л хашгирааныг орчуулгадаа шингээдэг гэмээр санагддаг. Цаанаа л нэг амьтай бичлэгүүдийг нь унших тоолондоо түүнийг нэг ч сул үг унагадагүй чанга эмэгтэй гэж төсөөлдөг байлаа. Харин уулзмагцаа түүнийг өөрийгөө авч үлдэх л гэж нийгмийн амьдралыг сөрж зогсоо энгийн нэгэн гэдгийг нь олж мэдэв. Өөрийгөө өндгөндөө өтөлсөн ангаахай гэж тодорхойлсон тэрбээр гадаад ертөнцөд өөрийг нь юу хүлээж байгаа бол гэхээс үнэн голоосоо эмээдэг байж ч мэднэ. Ямартаа ч би түүнийг уншигчийн хувиар хүндэтгэдэг. Хамгийн гол нь түүний орчуулгын өнгө. Хэдхэн үгэнд багтаагаад дүрсэлчихэж боломгүй тийм л гүн өнгөтэй орчуулга нь намайг хөглөдөг.
-Таны орчуулгыг би шимтэн уншдаг. Бүр, С.Есениний нэгэн шүлгийг таны орчуулгаар цээжилсэн. “Цасан шуурга яг л цыган хийл шиг уйлна Царайлаг тэр охин инээж байхдаа ч хорсолтой Цэнхэр нь дэндүү түүний нүд Гуниг харамсал өгөөгүй гэж үү” гээд л... Та яагаад орчуулга руу ингэтлээ тэм үүлсэн юм бэ?
-Их сургуулиа төгсчихөөд Үндэсний радиод нэг жил ажилласан. Тэнд ажиллаж байхдаа өөрийнхөө дуртай зүйлээс холдож байгаа мэт санагдсан. Ялангуяа утга зохиолоос хөндийрөх юм шиг байна лээ. Тэгээд л өөртөө утга зохиолын хөдөлмөрөөр амьдрах үүрэг өгсөн дөө.
-Хэдэн хэл мэдэх вэ?
-Би тийм хэлтэй гэж хэлэх хэцүү. Монгол хэлээ ч төгс эзэмшсэн гэж хэлж чадахгүй болохоор тэр. Гэхдээ англи хэл мэднэ. Одоо герман хэл сурч байгаа. Төвд хэл үзсэн мөртлөө ярианд хэрэглэдэггүй болохоор хэнтэй ярихаа мэддэггүй.

Орчуулгын тухайд санал бодлоо хуваалцлаа...

БОРХЕСИЙН НЭГЭН ШҮЛЭГ

Хорхе Луйс Борхес

Амиа хорлолт

Шөнөөр ганц ч од үлдэхгүй.
Шөнө өөрөө ч үлдэхгүй.
Үхнээ би, надтай хамт
Үүршгүй хорвоогийн бүхэн мөхнө.
Хүзүүн чимгүүд, сац суврагууд
Хүмүүсийн царай, тив газруудыг арчиж хаяна би.
Түүчээлсэн цагийн хураалгыг устгаж,
Түүхийг тоос, тоосыг хумхи болгоно. Харин одоо
Жаргах нарны сүүлчийг ширтэн зогсоод,
Жиргэх шувууны эцсийг шимтэн сонсоод,
Хэн ч бишэд зориулж юу ч бишийг гэрээслэнэм би.

Орчуулсан Б.Баясгалан

TV9-д өгсөн яриа

ХАТАМЖЛАН САХИХ ХАЙР ХҮСЛИЙН ДУУ

Одоогоос зургаа, долоон жилийн өмнө юмсан уу даа. Яруу найрагч, орчуулагч Батжаргалын Одгэрэл ах маань нэг өдөр утасдаж байна. Тэр үед ах Ганданд шавилж суудаг байлаа. Бидний хэдэн шүлэгч залууст Одгэрэл ахыг зорьж очоод хурлыг нь тарахыг хүлээнгээ дацангийнх нь довжоон дээр элдвийг чалчиж, мар мар инээлдэн суух нь бараг хэвшил болоод байсан юм. Ахыг асууж, дуудуулсаар хамт шавилагч хэдэн бандийг нь толгой дараалан таньдаг болчихсон үе. Хурлынх нь дундуур ах руу “Тарах болж байна уу?” гэж эгээ л их сургуулийн лекцэнд суугаа нэгнээ дуудаж буй аятай мессэж бичнэ. Тэгээд хурал нь тарангуут довжооноос үсэрч босоод хэдэн арваараа цувран гарч ирэх лам нарыг харж “Пээ, улаан орхимжны давалгаан” гэхчлэн зориуд чангаар уулга алдаж, өөрсдийгөө баясгадаг байв. Харин энэ удаад би ганцаар очоод хурал нь тарахыг тэвчээртэй, удаан хүлээлээ. Ах маань гартаа гурван ном барьчихсан намс намс алхалсаар ирэхдээ Жагарын орноо номд одох болсноо дуулгаж билээ. Хол газар удаан суух болсон тул хувийн номын сангаа зөөж, тарааж байсан үе нь юмсан уу даа. Эс бөгөөс бурханы номоосоо бусдыг нь өөрөөсөө гүвж, хорвоогийн элдвээс ангижирч байсан үе нь ч байж мэднэ. Надад өгөөд, хүсвэл орчуулаарай гэсэн тэр гурван ном нь Салман Рушдигийн “Шулмын шүлгүүд” роман, Жон Китсийн “Шилмэл шүлгүүд”, бас Уйлъям Батлер Йэтсийн “Шилмэл шүлгүүд” байв.

Гандангийн хашаагаар орж явчихаар цаг хугацааны хаалгаар гараад нэг, хоёр зуун жилийн өмнөх амьдрал руу оччих шиг болдогсон. Хаа сайгүй орхимжоо намируулж, дээлийнхээ хормойг шалбуурдан алхах монгол гуталтай ламхай нар, арц хүжний үнэр, хэдэн бөөвгөр тагтаа, хийд оронгууд, хажууд суугаа хүний энэтхэг рүү ном хөөх тухай яриа… Өгсөн номуудынх нь нэгийг дэлгээд “Уйлъям Батлер Йэтс 1865 оны зургадугаар сарын 13-нд Ирландад төрсөн” гэж уншихад өнөөх хуучин он цаг, хуучин ахуй бүр ч их дараатай хүнд санагдаж, тэндээс бушуухан явчихмаар санагдаж билээ.

Болоогүй, өнөөх нь далд ертөнц, ид шид, элдэв увдис хүчинд итгэгч, тэр үеийн Ирландад дэлгэрээд байсан далд увдисын элдэв нийгэмлэгийн тэргүүн, тэргүүлэгч гишүүн явсан, “Илбэ шид гэж үгүйсэн бол би вээр нэр бүхий бүтээлүүдээ хэзээ ч бичиж чадахгүй байсан” гэж омтгойрон мэдэгдэгч, овоо тавьтаргүй эр байсан бололтой. Олон хүний мэддэгчлэн XX зууны тэргүүн найрагч, утга зохиол дахь модернист хөдөлгөөний манлайлагчдын нэг хэмээгдэгч сайх эр надад тэр ном, тэр намтар, тэр шүлгүүд, “модернист” хэмээх тодорхойлолттойгоо хамт их л хуучин, их л гунигтай санагдаж билээ. Харих замдаа автобусанд хэдэн шүлгийг нь гүйлгэж харахдаа санамсаргүй шахам нэг шүлгийг нь монголоор сийрүүлж дэвтэртээ биччихээд л хаачихсан тэр номоо би лавтайяа дөрвөн жил ахиж дэлгээгүй юмдаг. Тэгэхэд эх хэлнээ сийрүүлсэн шүлэг маань “Улс төр” нэртэй байв.

Улс төр

Тэр охиныг тэнд зогсож байхад
Яахин би бодол санаагаа
Ромын, Испанийн, аль эсвэл
Оросын улс төрд хандуулж чадах вэ?
Юу ярихаа мэддэг
Хал үзсэн аянчинтай хамт байлаа ч,
Юм юмыг уншиж бясалгадаг
Хашир суусан улстөрчтэй цуг зогслоо ч
Юу юугүй дайн гарах тухай
Тэдний яриа үнэн байлаа ч
Аяа, залуу байсансан бол тэр охины гарыг л
Атгаж зогсохсон гэж хүсэхээс өөр юм алга аа!

Уйльям Батлер Йэтс
/1865-1939/
Хэдэн жилийн дараа нэг уулзалтад очтол надаас орчуулсан шүлгүүдийнхээ нэгийг уншиж өгөөч гэж хүсэв. Барагтай бол шүлэг чээжилдэггүй би их л барьц алдахад толгойд хамгийн түрүүнд орж ирсэн нь өнөөх “Улс төр” байсан юм.

Борхесын хэдэн хайку

Хорхе Луйс Борхес, 1977 он

***
Тэр эр үхчихлээ.
Сахал нь анзаарсангүй.
Хумс нь ч бас ургасаар байв.


***
Өлгөөтэй сэлэм
дайнаа зүүдэлнэ.
Миний зүүд арай өөр.


Орчуулсан Б.Баясгалан
Хорхе Луйс Борхес, “Шөнийн шүлгүүд” номоос

Аллены хэдэн хайку

Аллен Гинзберг (1926–1997)

Хөөрхий муу Аллен дорнын гүн ухаан, шашин номд багагүй автаж, нэг хэсэг хайку энэ тэр тэрлэх гэж үзэж явсан бололтой байдаг.

***
Будда өөд болов.
Бусаддаа үлдээсэн нь
Томоос том хоосон.

***
Цайгаа оочино
Чихэр хийгээгүй ч
Юуны ялгаатай.

***
Дээвэр дээр нь саран.
Цэцэрлэгт нь өт хорхой
Түрээсэлж суугаа байр минь.

***
Эмийн шилэн дотор
Нэгэн мэлхий үсчинэ
Саарал зам дээр зуны бороо.

***
Ахин нэг жил
Улирчихаад байхад
Алимад орчлон хэв хэвэндээ.

***
Сахлаа хусч дууссан ч
Намайг ширтэх нүд
Толин дотроо үүлдлээ.


Орчуулсан Б.Баясгалан


Даниела Жеозеффигийн нэгэн шүлэг

Даниела Жеозеффи 1947 онд АНУ-ын Нью-Жерси мужид төрсөн. Эцэг нь Итали гаралтай цагаач, эх нь Орос, Польш гаралтай загвар зохион бүтээгч байжээ. Бөө мөргөлийн шашинтай, феминист үзэлтэй, хүний эрхийн “активист” гээд түмэн гуншингийн эзэн болж мэдэх энэ хатагтай ямартаа ч Америкийн утга зохиолын тэргүүн шагналуудын нэг “National Book Awards”-ийн эзэн болж байжээ. Бас орчуулга хийнэ. Таньдагаас Анна Ахматова, Марина Цветаева хоёрыг Орос хэлнээс орчуулж байж. Түүний шүлгүүдийн тухай зохиолч, кино найруулагч John Logan /Сарьсан багваахайнууд, Гладиатор, Цаг хугацааны машин гэх мэт олон киногоор нь бид мэдэх/ өгүүлэхдээ *Даниела Жеозеффи-гийн шүлгүүд уран сэтгэмжээр баялаг, хэл найруулга яруу, утгын салаалал ихтэй байдгаараа оюун тархинд тэжээл болохуйц үлдэцтэй бүтээлүүд болдог юм. Жеозеффи амьдралын төлөөх тэмцэлээс үүтгэлтэй гарцаардмал сэтгэлийн хөг дангаа давтагдашгүй сурреал сэтгэлгээний хэв загвараар дамжуулан илэрхийлдэг нь шүлгүүдийг нь онцгой, гойд болгодог юм* хэмээсэн байдаг. Дор нэг шүлгийг нь эх хэлрүүгээ чадан ядан буулгаснаа орууллаа.

Усны сараана цэцгийн дэлбээ

Өглөө нь:
Эвэр бүрээг цээжин дээрээ наагаад тэр
Эгшиг татах гэж оролдоно.
Онцын дуу гарахгүйд нь
Охин мэгшин уйлна.
Харин түүний мэгших дуун
Холын тэртээд бүдэгхэнээр түгэх
Бүрээн дуун мэт сонсдоно.

Үдэш нь:
Тэр өнөөх бүрээгээ цээжин дээрээ тэвэрсэн хэвээр
Голын тийш гүйнэ.
Тэгээд усруу харайн орно.
Тэвэрсэн хөгжмийнх нь хүнд жин
Ёроолын тийш хөлийг нь чангаана.
Бүрээний дотор дүүрсэн шиг ус
Түүний чихрүү ч бас цутгалахад
Усны үүтгэх дуу авианууд охины
Тархин дотор хадагдана.

Харанхуй нөмрөхөд:
Эвэр бүрээгээ чирээд эргийн зүг охин сэлнэ.
Гэзэг үс нь хувхай цайжээ.
Чичирч татвалзах уруулруугаа өнөөх бүрээгээ чангаасаар байх охины
Цагаан үс нь сул асгараад өөрий нь тойрон хөвөлзөнө.
Харин одоо тэр охин — цээжин дээр нь нэг мэлхий суугаад
дуулж байгаа
усны сараана цэцэг шиг үзэгдэнэ.



БАНЗАЛТАЙ ЧЕХОВ

Нобелийн шагналт зохиолч Элис Мүнро

Уран зохиол сонирхогчдын дунд ихээхэн танил, эсвэл бүр ор тас танигдаагүй ч байж мэдэх Элис Энн Мүнро хэмээх нууцлаг хатагтайг 2013 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн. “Орчин цагийн өгүүллэгийн их мастер,” гэж түүний Нобелийн шагналын тодорхойлолтонд бичсэн байв. Угаас өгүүллэгээс өөр уран зохиолын нэр төрлөөр төдийлөн хөөцөлдөөгүй түүнийг энэ цагийн шүүмжлэгчид “Англи хэлт уран зохиолын Чехов,” гэж тодотгох нь бий.

Канадын Онтариогоос гаралтай, эдүгээ 84 настай Мүнрог мөнхүү нэр хүндтэй шагналыг гардахад нутаг нэгт зохиолч, өөртэй нь хамт Нобелийн сунгаанд өрсөлдсөн Маргарет Этвүүд авхай “Мүнрогийн энэ хүрсэн зам хэзээ ч дардан байгаагүй ээ. Тэр 1931 онд төрж, Их уналтын үеийг гэр бүлтэйгээ туулан, дэлхийн хоёрдугаар дайны үед өсвөр насаа өнгөрүүлсэн. Хожим нь гэрийн авхайн байр сууринаас зохиолуудаа бичиж эхлэхэд нь тэр үеийн нөлөө бүхий эрэгтэй зохиолчид “Бичсэн нь сайн л юм. Гэхдээ би л лав түүнтэй унтахгүй,” гэх маягийн юмс ярьж доог тохуу хийдэг байв. Яахав, эмэгтэйчүүл зарим салбарт амжилтанд хүрч болох ч эхнэр хүн, тэр тусмаа гадаад үзэмжээр тааруу бол хичнээн чадалтай байгаад ч амжилтанд хүрэхгүй гэсэн хатуу хуулийг бидний үеийн хэдэн хүүхэн сөрж гарч ирсэн юм шүү. Түүний эл шагнал зөвхөн Хойт Америкийн, тэр дундаа Канадийн уран зохиолыг орон нутгийн хүрээнээс нь гаргаж дэлхийн индэрт тавиад зогсохгүй уран зохиолын тулхтай бичвэр бол зөвхөн романд л хамаатай гэсэн улиг ойлголтыг халж өгүүллэг хэмээх уран зохиолын энэ амаргүй агаад тун нарийн төрлийг ач холбогдлын хувьд өргөж өгч буй юм,” хэмээн өгүүлжээ.

Бас нэг шүүмжлэгч “Түүнд эл шагналыг амжиж өгсөнд нь Шведийн академид талархаад баршгүй. Үнэндээ сүүлийн хэдэн жил тус шагналыг улс төрийн сэдвээр, тэр дундаа барууны чиг хандлагыг барьж бичдэг зохиолчдод л олгож байсан тул би ч Мүнрог Нобел авна гэдэгт итгэхгүй л байв. Шведийн академи энэ удаад улс төрийн сэдвээс тэс хөндий Мүнрод алгаа дэлгэсэн нь жинхэнэ уран зохиолыг үнэлсэн хэрэг боллоо. Үнэндээ Мүнрог шагнах нь улс төрийн ямар ашиг авчрах вэ дээ,” хэмээсэн байна.

БОРХЕСЫН НЭГЭН ШҮЛЭГ...

Хорхе Луйс Борхес (1899–1986)

Бараг л сүүлчийн эргэцүүлэл

Аж төрдөг гудмаараа алхалж, алмай шөнийн нугачаа руу
Алдуурч нэгэнтээ одох шиг үйл бүхэн минь дэмий.
Даамай урт шөнүүд ганцаардлын ёслол билээ.
Далдхан зүрхэндээ өөрийгөө яллаж, өргөмжлөх би лээ.

Энэ хорвоогийн гэрч болж, этгээд гажууг нь улайлаа.
Эргэх гэгээн саран, хайр хүсэмжлэх царайнууд; өнө мөнхийг дууллаа.
Тойрч хөглөрөх хот; алсад орших хөршүүд
Урж биесээ тасчсан тэднийг яруу шүлэглэн дууллаа.

Бусдын хувьд ёс төдий зүйлд сэртхийх гайхширлаа өчлөө.
Бурангуйн жихүүн хоолойг сонсоод жаргах нарнаас дуугаа ноцоолоо.
Цусан нэгт өвөг дээдэс, зүүдэнд ирдэг элэнц хуланцаа
Цугааранг нь өндөрт мандуулж, хэр чадлаараа дууллаа.
Дуулдаг ч, дуулсаар ч байнам.

Эерүү зөөлнийг дааж чадахаар болсон хойно нь мэдрэмжүүдээ
Эвдэршгүй үгсийн хэвэнд цутгаж өнөд батаар дархаллаа.
Усны хаялагаар эрэг дээр шидэгдсэн гуурст хүлгийн хүүр лугаа
Гутаагдсан хөгшиний дурсамжууд зүрх рүү минь эргэлээ.

Одоохондоо гудамжууд, сар миний талд зогссон хэвээр,.
Онгод найраг хөгөө таслаагүй, олгойдох ус ам руу цутгахаа больчихоогүй байна.
Ганцаардлын минь дүүрэн саран намайг өршөөн хэлтрүүлэхийн цагт
Гав дөнгөнд минь үлдээх гэж зүтгэх гоо үзэсгэлэнгийн харгислалыг ч мэдэрч байна.

Орчуулсан Б.Баясгалан

Юкио Мишимагийн нэгэн өгүүллэг

Юкио Мишима (1925–1970)

МАНЦУЙ

(өгүүллэг)

Тошикогийн нөхөр үргэлж завгүй. Бүр орой болсон хойно ч хурдхан шиг яваад ирэх уулзалт түүнд заавал гарах бөгөөд эхнэрээ гэр лүү нь таксигаар хариулчихаад алга болж өгнө. Гэлээ ч царай зүс сайтай жүжигчин эртэй гэрлэхдээ эм хүн үүнээс өөр юунд найдсан байх вэ? Нөхөр нь түүнтэй хамт үдшийг өнгөрөөж байх болно гэж бүсгүй мунхаглан итгэсэн нь эргэлзээгүй. Басхүү барууны хэв загварын тавилгууд, шалан дээр нь үзэгдсээр байх цусны толбоноос эвгүйцсэн эхнэр нь гэрээдээ ганцаар харина гэхээс хичнээн айж буйг ч мань нөхөр мэдэж байсан нь лавтай.

Тошика хүүхэд байхын хэт мэдрэмтгий нэгэн: энэ нь түүний гэм биш зан гэлтэй. Байнгын сэтгэлийн зовиураасаа болоод тэр хэзээ ч жин сууж байсангүй, нас биед хүрчихээд мах шөл нь таарсан эмэгтэй гэхээс илүүтэй гэрэлтдэг зураг шиг юм харагдах болжээ. Бүсгүйн сэтгэл санааны энэ эмзэг байдал түүнтэй санамсаргүй голдуу танилцсан хүн бүрт илт анзаарагддаг юм.

Үдэш эрт Тошико нөхөртэйгээ хамт байхаар шөнийн клубэд очтол цаадах нь “мөнөөх явдалын” талаар баахан яриа дэлгэчихсэн найзуудаа хөгжөөж суухыг хараад тэр ёстой цочирджээ. Америк маягийн хослол өмсөж, янжуур уугиулан суух нөхөр нь түүнд бараг танихгүй хүн шиг санагдав.

УСНЫ ШУУГИАНД ЗАМХАРЧ ҮЛ ХАНАНА...


Асаалттай лаа хаа ч юм савчина,
Амьдрал харанхуй биш, Бүдэг…

Тийм ээ. Амьдрал харанхуй биш. Гэхдээ бүдэг. Хаа нэгтээ чимээгүйхэн давтаж, голоосоо шатсан асаалттай лаа шиг хүмүүс үгүй бол амьдрал үнэндээ авралгүй харанхуй зүйл байхсан. Заримдаа амьдрал гэрэл гэгээг эрэх уртын урт аян шиг, тэр эрэл нь явж явж хүн хүнээ эрэхүйн, хүн хүнийхээ гэрэл гэгээг нээхүйн, хүний гэрэлд хэсэгхэн гийх, дулаацах, тайтгарахуйн нэр юм шиг санагдана. Өөрөө гэрэлтээд бусдыг гийгүүлэгч хүн ч өөр хэн нэгний гэрлээр дутаж л явдаг сонин зүй тогтол энэ амьдралын галыг бөхөөчихгүйн төлөө юм уу даа.

Тийм нэг гэрэлтэй хүнийг дурсах гэж, тэр дурсамжаа хөглөх гэж сонгон байж эгшиглүүлсэн Вивальдийн хөгжим түүний тухай бодлыг хөгжөөвч надаар гэрэл гэгээний тухай бичүүлсээр байна. Гэрэл гэгээ, гэрэл гэгээт хүмүүн, тэдэнгүйгээр энэ амьдрал харанхуй, тас харанхуй. Бидэнд гэрэл гэгээ хэрэгтэй. Би энэ Вивальдийг яг одоо болиулах хэрэгтэй юм байна…

Анх түүнтэй танилцахад өрөөнд нь Жанцанноровын хөгжим намуухан эгшиглэж угтсансан. “Цагаан суварга” юм уу, “Мандухай” байсан санагдана. Бямба гариг. Би маш сайн санаж байна. Албан хаагчид бүгд амарчихсан тийм нэг эль хуль өдөр “Хөвсгөл Аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтэс” гэсэн дан байшингийн үүдийг эргэлзэнгүй татаж, сахиулынх нь зааж өгсөн өрөөний хаалгыг нээхэд урдаас Жанцанноров эгшиглээд л, тээр цаана, том цонхны нээлхийгээр нэгэн эр тамхи татан зогсож байлаа. “Улаанбаатараас ажлаар явна. Уулзах хэрэг…” гэх мэт утга учиргүй хэдэн үгний ард зүгээр л шүлгийн номыг нь уншаад таалагдсан тул нутагт нь саатсаных танилцах санаатай ирсэнээ хэллээ. Амралтын өдөр яг л албандаа ирсэн мэт цардмал захтай цамц, хослол өмссөн ахын баахан түгшүүртэй, төв царай гэнэтхэн зөөлрөөд их л уриалгахан сандал дөхүүлж.., уран зохиол, яруу найраг, түүний үүний шүлэг, тэдэн онд гарсан түүвэр гэх үгс тайлан баланс, төсөв төлөвлөгөө, өргөдөл хүсэлт гэсэн гарчигтай албан бичгүүдийн хураалган дээгүүр бишүүрхэнгүй нисэлдэнэ.

Йэтсийн нэгэн шүлэг

Уйлъяам Батлер Йэтс (1865–1939)

Улс төр

Манай үед хүний хувь тавилан гээч нь
улс төрийн нэр томъёог л илэрхийлэх болжээ. 
 Томас Манн

Тэр охиныг тэнд зогсож байхад
Яахин би бодол санаагаа
Ромын, Испанийн аль эсвэл
Оросын улс төрд хандуулж чадах вэ?

Юу ярихаа мэддэг
Хал үзсэн аянчинтай хамт байлаа ч,
Юм юмыг уншиж бясалгадаг
Хашир суусан улс төрчтэй цуг зогслоо ч
Юу юугүй дайн гарах тухай
Тэдний яриа үнэн байлаа ч
Аяа, залуу байсансан бол тэр охины гарыг л
Атгаж зогсохсон гэж хүсэхээс өөр юм алга аа!

Орчуулсан Б.Баясгалан


Умберто Экогийн нэгэн эссээ

2016.02.19. Өнөө цагийн суутнуудын нэг, Италийн зохиолч, утга зохиолын шүүмжлэгч, симиотикч Умберто Эко 84 насандаа орчлонгийн явдлаас холбоо таслалаа. Тэрбээр “Сарнайн нэр” (1980) романаараа олон улсын тавцанд нэрийг олж, “Фукогийн дүүжинт цаг” романаараа хүүрнэл зохиолд пост модернист бичлэгийн арга маягийг дархалж өгсөн онцгой туурвилч байлаа. Умберто Экогийн зохиолууд гагц уран зохиолын бүтээл бус утга зохиолын онол, философийн бүтээлийн цогц байж чаддагаараа уншигчдын оюун санааг цэнгүүлэгч бус хөгжүүлэгч, шинэ мэдлэгт хөтлөгч болдог юм. Их зохиолчийн дурсгалыг хүндэтгэж бид 1994 онд хэвлэгдсэн “Яргай загастай хэрхэн хамт аялах вэ?” эссээний номоос нь дээжилж мөн номын нэр болсон нэгэн эссээг нь уншигчиддаа толилуулж байна.


Яргай загастай хэрхэн хамт аялах вэ?


Сонин хэвлэлүүдийн мэдээлэхээр бол өнөөгийн ертөнцөд заналхийлэгч хоёр том асуудал бий: Эхнийх нь бидний амьдралд нэвтрэн орж ирсэн компьютерийн эзлэн түрэмгийлэл, нөгөө нь түгшүүртэйгээр хүч нөлөө нь тэлсээр буй Гуравдагч ертөнцийнхөн. Тэдний зөв өө, би сайн мэдэж байна.

Би ойрмогхон богинохон хугацаагаар аялаад ирлээ. Стокхолмд нэг хонож Лондонд гурав хонов уу даа. Стокхолмд байхдаа зав зайгаараа дэлгүүрээр шагайж томоо гэгчийн, утсан яргай загас авлаа. Хямдхан ч гэж жигтэйхэн. Дэлгүүрийнхэн мөнхүү яргай загасаа гялгар цаасанд нямбай гэгч нь боосон байсан ч аяллаар яваа бол хөргөгчинд хадгалсан нь дээр гэж зөвлөлөө. Болохгүй юу байхав.

ТОДОРХОЙ ШҮЛЭГЧ Б.ОДГЭРЭЛ

Улаанбаатар сонины 1995 оны 05-р сарын 24-ний №106(792)-д яруу найрагч Т.Содномнамжил /Бурхан болооч/ ийм нэг нийтлэл хэвлүүлж байжээ. Түүнтэй санал нэгдэхийн учир нь бивээр Б.Одгэрэл найрагчийн шүлгүүдэд дуртай, хайртай юм. Түүний шүлгүүдээр яруу найргийн тухайд төсөөллийн тэнгэрээ бүтээж яваа юм. Содномнамжил өөрөө гайхалтай яруу найрагч байсан юм.

Батжаргалын одгэрэл

Нэгэн намар хийгээд дөрвөн цаг, агаар огторгуйн чинад алсрах орон зай. оршихуйн мөн чанарын хоорондын холбоог юу гэж нэрлэх вэ. Үнэхээрийн сэтгэл гэж байна уу. Түүний гоо зүйн мэдрэмж, сэрэхүй хэмээгч нь юу буй. Энэ бүхний хариуг харьцангуй агаад түр зуур шийдэх хүслийг яруу найраг гэж томъёолбол би бээр гүтгэсэн хэрэг болох уу. Б.Одгэрэлийн “Сентименталь тэмдэглэлийн төгсгөл”-ийг уншаад ингэж бодсон юм. Надад баясгалан төрсөн бөгөөд энэ шүлгүүдийг би яруу найрагт шинэ орон зай, боломжийг нээж байна хэмээн тодорхойлов. Урлахуй ухаан, хэлний зүй, яруу найргийн хөгжил эрин цаг үеэс ийм боломжит орон зай, агуулга хэлбэрийн шинэчлэлийг шаардаж байгаа бус уу. Бурхны шашинтан хүн үйлийн үр, буян нүгэл, хойд урд насны явдлыг үгүйсгэсэн санааг буруу үзэл гэж үзээд тэвчдэг. Сүүлийн үеийн яруу найргийн хүрээнд буруу үзлийг баримталсан, утга буруудсан ба огт утгагүй, хүний оюун санааны хэрэгцээнд нэмэргүй, үл ойлгогдох шүлгүүд зонхилох болсон нь яруу найргийн ирээдүйд хор хоноолтэй юм санагддаг. Зохист аялгууны онол одоогийн яруу найргийн байдалтай нийцэхгүй байгаа нь үүнтэй дам холбоотой. Яруу найраг бол төгс төгөлдөр ойлголт, олон нарийн хэмжүүр бүхий шинжлэх ухаан юм. Дорно дахин гүн ухааны сургаал, орчлонгийн мөн чанарыг судлах арга зам, нийтээр даган суралцах ухаан хийгээд яруу найргийн хоорондын нягт уялдаа холбоог ухаарч гэмээ нь шаардлага хангахуйц уран бүтээл туурвина. Үг аялгуу, чимээ дуу бүхнээс нэг нэг утга гарна. Наана үзэгсэд аливаа зүйлийг яг буйгаар нь харж, мэдэрч, ойлгодог. Яруу найраг ил ба далд гоо сайхан, учир шалтгааныг эрхэмлэнэ. Энэ бүхэн угтаа урлаг, яруу найргийн олон хэмжүүр. ахуй үесийг харгалзан үзэх ёстойг сануулж байна. Чухам иймээс Б.Одгэрэлийн шүлгүүдийг орон зай. дүр дүрслэл. философи ойлголтынх нь өргөн хүрээнд авч үзэх ёстой. Би мэргэжлийн шүүмжлэгч биш болохоор энэ удаа түүний шүлгүүдийг уншаад төрсөн сэтгэгдлээ илэрхийлэхийг оролдсон юм. Б.Одгэрэлийн шүлгүүдийг унших бүр нэг зүйлийг шинээр олж харах юм. Түүний шүлгийн нууцлаг сайхан нь дахин унших хүслийг төрүүлдэг. 1990-ээд оны яруу найргийн олон өнгө аяс, урсгал чиглэл, хэлбэрүүдээс ямар ч буй энгийн гоо сайхан, эгэл далд, ерийн гүн ухааны агуулга, өвөрмөц шүлэглэл бүхий бүтээлүүд нь нэгэнт тогтсон уламжлалыг баримталсан шинжтэй боловч басхүү шинийг хайсан эрлийн үр дүн болсныг тэмдэглэх хэрэгтэй. Ерийн өгүүлэмж бүхий шүлгийн ариун сайхан нь далд ертөнцийн сэрэл мэдрэхүйн үр хөврөл байдаг.

Тагтааны нисэх чимээнд
Тэнгэрийн орны эгэл сайхан бий… гэх мөрүүдэд ямархан сэтгэлийн хайр, ариун мэдрэмж оршино вэ? Шүлэг бол биеэ даасан байдлаар оршин тогтнох яруу өгүүлэмж байлаг. Шүлэг гэгээн саруул үнэн байх зарчимтай. Дээрх мөрөөр шүлгийн бүтэц агуулга нь сонирхолтойгоос гадна нэг мөр нь л бүхэл бүтэн шүлэг мэт тусгаар, мөнхүү бүхэлдээ нийлэмжит утгатай байгаа юм. Сэтгэл санааг догдлуулан эзэмдэж, гүнзгий бодол төрүүлэм шүлэг уншихад тэсгэлгүй хүсэх цаг тохиолддог. Тийм үед надад Одгэрэлийн шүлгүүд тус болдог.

Кэй Райаны нэгэн шүлэг

Фулицерын шагналт яруу найрагч Кэй Райан

Ниагара мөрөн

Мөрний мандалыг
Шал юм шигээр
Дээр нь бид
Ширээ сандалаа засаад
Зоог барингаа
Яриа дэлгэнэ.
Урсгалын дунд бид
Галын өрөөний ханын зургууд
Солигдож байгаа мэт
Эргийн дагуух дүр зургууд
Ээлжлэн хөвөрхийг
Хачин тайвуухнаар
Харж сууна. Урсагч нь болвоос
Ниагара мөрөн гэдгийг
Уг нь бид мэднэ,
Мэдэхийн дээдээр мэднэ. Гэвч
Утга учир нь юу вэ гэдгийг
Санах даанч хэцүү.

Орчуулсан Б.Баясгалан


Нарангэрэлийн нэгэн шүлэг


“Хүлээлт”-ийн тухай миний мэдэх хамгийн сайхан шүлгийг миний найз Нарангэрэл тэрлэсэн юм…

***
Зун дуусч
Намар эхлэж
Зулаг ороох өвс
Нараа даалгүй тамирдаж
Зуслангийн байшингийн орой
Чимээгүйд автаж
Цув нөмөрсөн бүсгүй
Цуурай хүрэхгүй алсыг
Цурам ч хийлгүй ширтэх
Хаяан дахь айлын яндангаас
Халуун цог үсчих
Хашаан дахь үхэр мал
Өвс хивэх
Харгуй дүүрэн навчис
Замаар нэг хөглөрөх
Хамар шархируулсан хүлээлт
Тахир замын энэтэй.

Нямхүүгийн Нарангэрэл

АФОРИЗМ


Ямагт яруу найрагч бай! Хүүрнэл зохиол дээр ч…
Шарль Бодлер

Яруу найраг бол шатаж буй үгс, амьсгалж буй бодлууд юм.
Томас Грэе

Урлаг бол МЭДРЭХҮЙГ биежүүлэхүй юм.
Аланис Морриссетте

Урлаг бол маш хартай нууц амраг. Хэрэвзээ эр хүн яруу найраг, уран зураг, хөгжим, философи, уран барималд үнэхээр гарамгай авъяастай аваас тэр гарцаагүй муу нөхөр байдаг бөгөөд гэр бүлдээ зөвхөн шаналал зовиурыг л авчрагч болдог.
Ральф Эмерсон

Урлаг нэг бол хуулбарлал нөгөө бол хувьсгал байдаг.
Поль Гоген

Сайн зохиол бидэнд баатрынхаа талаар чин үнэнийг өгүүлж байдаг бол муу зохиол зохиогчийнхоо тухай жинхэнэ үнэнийг өгүүлж байдаг.
Ж.К.Честертон

Уран зохиолд “Авьяасын” гэсэн ганцхан сургууль л байдаг.
Владимир Набаков

НОХОЙ

Ба Жин (1904–2005)

/өгүүллэг/

1.
Би хэдэн настайгаа ч, ямар нэртэйгээ ч мэдэхгүй. Яг л нэг өдөр энэ дэлхий рүү шидэгдээд унасан газраасаа амилан өндийсөн ширхэг чулуу шиг амьтан билээ. Эцэг эх маань ч ямархуу улс байдгийг мэдэх юм алга. Би бол хэн ч тоож өлийдөггүй хаягдсан эд зүйл шиг хүн. Бие минь тагжгар, туранхай. Шар арьстай, хар нүд, хар үстэй, намхан хамартай. Үймсэн олны дунд хаягдаж, тэдэнтэй л эвлэрч зохицож амьдрахаар заяагдсан хүн юм даа.

Сайхан дурсамжаар дүүрэн хүүхэд нас хүн бүрт буй. Надад ч бас өөрийн гэсэн хүүхэд нас бий. Харин минийх бусад хүнийхээс тэс өөр. Би дулаахан, гэдэс цатгалан байхыг, бусдаар хайрлуулж энхрийлүүлэхийн сайхныг огт мэдэрч байсангүй. Миний мэддэг юм гэвэл ердөө л хүйтэн, өлсгөлөн хоёр.

Нэг өдөр — яг ямар өдөр гэдгийг нь санахгүй байна — нүүр дүүрэн үрчлээ болсон нэгэн туранхай, өндөр өвгөн өмнө минь ирж зогсоод “Чиний насны хүү сургуульд явж байх ёстой шүү дээ. Сайн боловсрол эзэмшинэ гэдэг амьдралд хамгийн чухал зүйл,” гэж чин сэтгэлээсээ хэлж билээ.

ГАНЦААРДЛЫН ЗУУН ЖИЛ

Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркез (1927–2014)

Саяхнаас “Нобелийн шагналт зохиолч Габриел Гарсиа Маркез ухаан солиорчээ,” гэх мэдээлэл дэлхийн бүх мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж, харамсаж гашуудсан сая сая уншигчид нь “Амьдралаа бичиж, бичсэнээрээ амьдарч дээ,” хэмээн халаглацгаасан. Гэвч түүнийг өвдөж зөнөж дээ гэж харж буй нь бидний “эрүүлчүүдийн” зөнөгрөл ч байж мэдэх юм. Гайхах, харамсах юу байна? Бидний нэвтэрч хүрч чадахгүй, ойлгож таньж чадахгүй тийм нэг ертөнцийг тэр насаараа л дуулсан шүү дээ. Бидэнтэй зэрэгцэн амьдарч, бидний хөөрхийлөн шогшролдож буй өвгөн бичээчийн ертөнцөд одоо ганц нэг хүүхэд гахайн сүүлтэй төрж, бор баазхан ажилчдын дээгүүр шар эрвээхэйнүүд нисэлдэж, жаалхан охид тэнгэр лүү нисч, зөнөсөн өвгөд үхлээс буцан ирж, шороо алт болон хувирч.., эзгүйрсэн тосгонд хүмүүс зуу зуун жилээр ганцаардаж суугаа.

Гэвч тэр чухамдаа хэн бэ? Арай “эрүүл” түүх хэрэгтэй ч юм уу. Колумбийн зохиолч, 20-р зууны Латин Америкийн утга зохиолын сартваахиудын нэг. 1927 онд Колумбын Аракатакад төрсөн. 1982 онд “Зуун Жилийн Ганцаардал” романаараа Нобелийн шагнал хүртсэн. Шүүмжлэгчид түүний бүтээлүүдийг Латин Америкийн шидэт реализмд хамааруулдаг ч тэрээр өөрийгөө туйлын реалист, тэрбүү хэл бүр социалист реалист гэж зарласан удаатай. Манай уншигчид энэ зохиолчийг хангалттай сайн мэднэ. Түүний “Зуун Жилийн Ганцаардал” романыг Хатагин Го.Аким Монгол хэлнээ яруу сайхан буулгасан билээ. Мөн та “Мартагдсан хурандаа” туужийг нь Н.Энхбаярын орчуулгаар, “Хурандаад хэн ч бичихгүй” туужийг нь О.Чинбаярын орчуулгаар, “Хөрмөг” туужийг нь н.Нарантуяагийн орчуулгаар, “Гунигт янхнуудаа дурсахуй” романыг нь Б.Нямдоржийн орчуулгаар, богино өгүүллэгүүдийг нь Э.Ганболдын орчуулгаар унших боломжтой. Хамгийн сүүлд тэрээр “Наймдугаар сард уулзацгаая,” нэрт романаа уншигчдынхаа гар дээр тавьсан. Харин түүний намтар, уран бүтээлийн тухай өгүүлэх гурван ботийг нь бид хэзээ ч уншиж чадахгүй болсон. Магадгүй хэзээ нэг цагт бид түүний ертөнцөд очвол, магадгүй тэр хэзээ нэгэн цагт бидний ертөнцөд ирвэл..,

АМСТЕРДАМЫН БООМТ

“Амстердамын боомт” гэж дуу миний хамгийн дуртай дуунуудын нэг юм уу даа. Францын дуучин, ая зохиогч, бас минийхээр бол айхтар яруу найрагч Жак Брелийн зохиосон дуу. Зохиосон ч гэж дээ, үгийг нь бичсэн гэвэл дээр юм уу. Мань эр аяыг нь Английн “Greensleeves” гэж ардын дуунаас аваад жаахан өөрчилж сайжруулсан юм билээ. Greensleeves нь энэ дуу:


Энэ дууг анх 16-р зуунд Английн хаан VIII Хенри сэтгэлт бүсгүйдээ зориулж зохиосон гэлцдэг юм билээ. За, тэр ч яахав… Гол нь “Амстердамын боомт” шүү дээ. Нэг их хөвөрсөн, уянгын, хайрын дууны аян дээр Жак Брель ямар шүлэг биччих нь тэр вэ. Дууны хувь заяаг бүтэн эргүүлчих нь тэр. Тэгээд л миний дуртай дуу төрсөн юм даа. Дор энэ дууны таван хувилбарыг тавилаа. Хувилбар тус бүрт өөр өөрийн гэсэн онцлог буй.
Эхнийх нь мэдээж Жак Брелийн “оргиналь” эх. 1964 онд анх олонд хүрсэн. Боомт хот, далайчдын амьдрал, бор бааз, өнгөц харахад их зэвүүн атлаа нэг л хөгжимлөг оршихуй энэ дууны сэдэв. Түүн дээр Брелийн сэтгэл хөдлөл, тасархай мэдрэмжийг нэмчихээр юу болох нь ойлгомжтой.

ЯРУУ НАЙРАГ


Солонгосын найруулагч Ли Чандоны “Яруу найраг” хэмээх, Каннын кино наадмын шилдэг кино зохиолын шагналт уран бүтээлийг тэр жил найз Ж.Тэгшзаяагийн хүсэлтээр орчуулж байсан билээ. Кинон дээр олон сайхан шүлэг уншигддагийн заримыг киноноосоо тасдаж тавилаа.


***
Шүлэг тэрлэнэ гэдэг
Нар буцсан өвлийн
Жихүүн үүрээр
Цагаан будаа угаасаар
Хавдаж пэмбийсэн
Ижийнхээ гарыг санахын нэр
Ганцаар шөнийн гүнээс
Мэгшсээр сэрэх…
Хагарч цавтсан сэтгэлдээ
Тулах баганан дор
Хатуу чулуу ганцыг
Ивж өгөхийн нэр
Харанхуйд дагжин чичирсэн
Цонхны нүцгэн буланг
Хамаг хүчээ шавхан байж
Тайтгаруулахын нэр
Олгойдож дээшлэх
Бохирдож муудсан усыг
Огтхон ч эргэлзэлгүй
Асгаж орхихын нэр
Шүлэг тэрлэнэ гэдэг
Оргүй хоосны ойг
Бүтээж харуулахын нэр ээ.


***
Ар нуруунаас чинь
Царцаан дуу түгэх нь
Тодхон дуулдана.
Царр, царр дугараад
Нүдээ тэр үрчинэ.
Хурууны минь өндөгнөөс түрүү зуны
Хонин зангуу цэцгийн толбо арилчих шиг
Ар нуруунаас чинь тэр царцаа
Адгуу дуугаа үл таслахуй
Би ч бас даган хашхичаад
Далавч юугаа илбэлээ.
“Сарнайн өргөс”
Намайг хулгайлах хэрэггүй ээ
Биржрүү шиг хамаг биеийг эзлээд
Биен дороос өдрийн өргөсүүд сөрвийнө
Улалзтал инээмсэглэсээр
Унаж хагдрах мөчөө би хүснэ.
Үзэсгэлэн гоо төрсний минь төлөө
Үндэснээс минь тасдах хэрэггүй ээ.
Улаан уруулийг үнсэх нь
Ариун онгоны төлөөх
Адгийн хүсэл төдий.
Улирал улирлын хөсөгний
Дугуй нь дороо өнхөрч явахад
Угтаа надад дурлах ч хэрэггүй.


ГАШУУН

Уэльсийн их яруу найрагч Дилан Томас

“Үгэнд дурласан учраас би яруу найрагч болсон" гэж тэр нэгэнтээ өгүүлжээ. Тэр бас “Эхэндээ надад үгсийн дуудлага, хэмнэл, хоорондоо хоршин дуулдах уянгалаг сайхан нь илүү таалагддаг байлаа. Үгсийн дотоод мөн чанарыг танин мэдэхээсээ өмнө би гадаад гоо сайханд нь илүүтэй дурласан юм. Харин дараа нь тэдний араншин, нэг хэлбэрээс олон утгад салаалах гайхамшигт чанартай нь улам дотносч.., тэр хэрээр үлэмжийн гоо сайхнаараа намайг даллан дуудах үгсийн шидийг эрхшээгч байхыг…, яруу найрагч болохыг хүсч эхэлсэн юм даа” хэмээн дурссан нь бий.

Хүүгээ бичиг үсэг нүдлэхээс өмнө олон янзын үлгэр домог, сонгодог шүлэг, Шекспирийн сонетуудаас уйгагүй дуудан өгдөг байсан эцэг нь жаалхүүгийн “анхны дурлалын” буруутан билээ. Тосгоны сургуульд уран зохиолын багшийн ажилтай, өөрөө бас ч гэж муугүй шүлэгч гэгдэх Дэвид Жон Томас rap дээр нь сарвалзах улаан нялзрай хүүдээ Дилан буюу Тэнгисийн хүү хэмээх нэр хайрлахдаа хожим хүү нь үгэнд тэгтлээ дурлах, үнэнд тэгтлээ автах юм гэж төсөөлж байсан эсэхийг бүү мэд. Магадгүй тэр хязгааргүй тэнгист дуугаа хадаасан аварга хүлгийн ахмадыг тэвэрч зогсоогоор бодож байсан байх. Эсвэл зүгээр л Хунт нуурын эрэгт төрсөн хүүгээ тэнгис далайн хүү гэж “дөгөөж” нэрлэсэн биз ээ.

Их уншсан нийтлэлүүд