Thursday, January 18, 2018

Оюун санааны минь доторх харь хөндий юмс

ГЭРЭГ сэтгүүл, ТАГТАА хэвлэлийн газар хамтран шинэхэн гарч буй номын тойм, шүүмжийн тогтмол буланг толилуулж буй билээ. Хоёр долоо хоногт нэг удаа хүрэх энэ булангаараа бид номын зах зээлд гарч буй шинэхэн номуудаас сорчлон танилцуулж, шүүн хэлэлцэхийн хамт дотоодын болоод гадаад зах зээлд ид шуугиулж буй хамгийн уншуустай, чанартай номуудыг санал болгодог билээ. Харин бид энэ удаад дэлхийн утга зохиолын хамгийн нөлөө бүхий шагналуудын нэг Man Booker Prize - ын сүүлийн шатанд үлдсэн зохиолуудын нэгийг нь онцоллоо. Утга зохиолын шилдэг бүтээлд олгодог шагналуудын дотроос нэр хүндээрээ Нобелийн дараа орох чухал шагнал ном “Man Booker Prize”. Тэртээх 1969 оноос эхлэн олон улсад хэвлэгдсэн утга зохиолын хамгийн шилдэг бүтээлийг жил бүр шалгаруулан нэрлэж буй “Man Booker Prize” энэ жилийн өрсөлдөгчдийнхөө сүүлчийн шигшмэлийг саяхан зарлалаа. Сүүлийн шигшмэлд Италийн зохиолч Елена Феррантегийн “Төөрсөн хүүхдийн түүх”, Өмнөд Солонгосын зохиолч Хан Каны “Цагаан хоолтон”, Австрийн зохиолч Роберт Сийталерийн “Бүхий л амьдрал”, Хятадын зохиолч Яан Лианкегийн “Дөрвөн ном”, Анголийн зохиолч Хосе Эдвардо Агуаласогийн “Уучлахуйн ерөнхий онол”, Туркийн зохиолч Орхан Памукийн “Оюун санааны минь доторх харь хөндий юмс” нэрт романууд тунаж үлджээ. Тавдугаар сарын 16-нд эцсийн ялагчаа зарлах энэ шагналын товыг угтаж бид шалгаруулалтын сүүлчийн шатанд үлдсэн, Нобелийн Шагналт зохиолч Орхан Памукийн “Оюун санааны минь доторх харь хөндий юмс” романы тухай уншигчдадаа хүргэж байна.

Оюун санааны минь доторх харь хөндий юмс

*
Түркийн доторх Курдуудын эсрэг хөдөлгөөн эрчимжиж, олон зуун курдыг алж, барьж, хавчин дарамталж ахуй нэгэн үед үйл явдал хамгийн хүчтэй өрнөж асан хил орчмын хотод Анкарагаас төлөөлөгч буужээ. Төлөөлөгчийн онгоцны буудлаас хөлөглөсөн таксины жолооч Курд хүн байж таарч. Тэр даруй сайх төлөөлөгч хотод Курдуудын нөхцөл байдал ямар байгаа тухай өөрийн албан тушаалыг эс дурдан асуув. Тэгтэл жолооч бүх зүйл сайхан болж буй тухай, эдийн засаг сэргэж хүмүүс ажилтай болон засгийн газраас шинэ тутамд явуулж буй бодлогууд курдуудын амьдралд ч сайн сайхнаар нөлөөлж бүс нутагт энх тайван тогтож хүмүүс бие биентэйгээ ойлголцож амьдрах чадвартай болсон тухай ихээ гэгээн сайхан зүйл ярина. Чингэхүл төлөөлөгч үгээ өөрчилж саяхан гарсан үймээний үеэр баригдаад буй Курд залуучуудыг өмгөөлөхөөр ирсэн тухайгаа хэлэхэд жолооч эр ч үгээ өөрчилж Курдуудыг хичнээн хавчин гадуурхдаг, хэдийнх нь амиар “туг тахьчихаад” байгаа, баривчлагдсан Курдуудыг яаж эрүүдэн тамлаж буй тухай хэртхийм үнэнийг ярьж эхэлнэ. Төлөөлөгч “Гэхдээ та түрүүхэн энд амьдрал сайхан байгаа, Курдууд ч хавчигдаж гадуурхагдсан зүйлгүй гэж ярьсан шүү дээ?” гэж асуухад курд жолооч “Түрүүний үг бол миний ‘нийгмийн үзэл бодол’. Одоо таньд ярьж буй нь бол миний хувийн үзэл бодол” гэжээ.

Wednesday, January 3, 2018

ЭРХ ЧӨЛӨӨ

Чарльз Буковски гэж энэ эрээр нэг хэсэг өвдөж явсан үе бий. Халуураад хэдэн шүлгийг нь орчуулсан ч байх. Одоо бодохоор дэмий юм хийж дээ гэж бодогддог ч цөөн боловч хэсэг бусаг хүмүүст их хүрсэн шиг билээ.

ЭРХ ЧӨЛӨӨ

Хорин наймны тэр шөнө мань эр шөнөжин ууж
Хайрт хүүхнийхээ тухай баахан бодолд автжээ.
Алхаа гишгээ, яриа хөөрөө, хайрлах энхрийлэх
Аяг занг нь санан санан бодолд орж
Үнэмштэл нь ярьсан худал үгсийнх нь
Үнэнгүйг мэдсэн мөчүүдээ дурсчээ.
Ямар ямар өнгөтэй даашинз өмсдөгийг нь
Яг хаахнаа шаахайных нь өсгий зулгарсныг
Өндөр өсгийтэй тэр шаахайнуудыг жийгээд босохоороо
Үзэсгэлэнт хөл нь хэрхэн чангардгийг тэр мэднэ.
Тэр үдэш гэртээ ирэхэд нь бүсгүй ахиад л
Тэнээд хаашаа ч юм алга болчихсон байжээ.
Тэгсэнээ яг шөнийн гурван цаг болж байхад
Ялгадас баас идсэн гахай шиг
Янзын үнэр ханхлуулсан амьтан орж иржээ.
Залуу шуудхан босоод махны хутга шүүрээд автал
Зайлуул, айсан бүсгүй хамаг байдгаараа бархираад
Өрөөний хана руу шигджээ.
Харин залуу түүний үнэрийг ч тоосон шинжгүй
Хажуу дахь дарсаа хөнтөрч дуусгажээ.
Өөрийнх нь дуртай улаан даашинзыг
Өмсөөтэй зогсох бүсгүй
Өмнөх шигээ ахин бархирлаа.
Тэгтэл залуу хутгаа аваад
Тэлээгээ тайлж, хүүхний өмнө
Хамаг хувцсаа урж шалдалснаа
Хоёр төмсгөө зүсээд гаргачихав.
Чангаанз шиг хүрэнтэх төмсгүүдээ
Чанга атган явсаар мань эр
Жорлон руу шидчихээд усыг нь татахад
Улаан цусаар дүүрсэн өрөөний буланд бүсгүй
Уйлан бархирах нь улам чангарчээ.
БУРХАН МИНЬ, БУРХАН МИНЬ
ЮУ ХИЙЧИХ ЧИНЬ ЭНЭ ВЭ?
Салтаандаа гурван алчуур хавчуулчихсан алхсаар ирээд
Сандралгүйхэн суудалдаа суусан залуу эрд одоо
Хүүхний явах, үлдэх ямар ч падгүй,
Хүрэн даашинз өмсөж үү, ногоон даашинз өмсөж үү
тийм ч сонингүй болжээ.
Одоо залуу юу ч ажирсан шинжгүй
Нэг гараараа эрхтнээ дарж байгаад
Нөгөө гараараа ахин нэг дарс хундагалаад
Үргэлжлүүлэн тайвуухан ууж эхлэв ээ. 

Орчуулагч Батсуурийн Баясгалан

Их уншсан нийтлэлүүд