Saturday, July 21, 2018

ЭНЭ МИНИЙ "ЭДГЭРЭЛ"

Яруу шүлгээс илүү зузаан роман сэтгэлийг минь дэнсэлгэн татдаг. Хүний авьяасыг өөрөөс нь хүнийшүүлж, илүү бүтээлчээр ажиллахыг шаарддаг болохоор тэр. Харин шүлэг миний хувьд илэрхийлэл болохоос эрэлхийлэл биш. Наминчлал болохоос тунхаглал биш. Тайтгарал болохоос ялалт биш. Чухам тиймдээ л анхны шүлгийн түүврээсээ даруй есөн жилийн дараа, өөрт байгаа бүх шүлгээ эмхлэн хэвлэсэн минь нэг ийм нимгэхэн ном болж таны урд дэлгэгдлээ.
Хорин насанд бол хорвоог яруу найраггүйгээр туулахгүй мэт сэтгэж явлаа. Гуч хүрээд л хүмүүс авьяас нь дундрахаараа (яагаад ч тэгж бодсон юм) хүүрнэл зохиолоор хөөцөлдөөд эхлэдэг, харин чи тэгж болохгүй шүү, шүлэгтээ л үнэнч үлдэнэ шүү гэж өөртөө байн байн сануулдаг байв. Тэгж хөөрч явахдаа нэг ном хэвлүүлээд амжсан ч барагтайхан хавтас, алдаа мадагтай өрөлт, хайнгадуу хэвлэлтээс нь ичихдээ дэлгүүрт сар болгоод л хайрцаглаад тагтан дээрээ хураачихаж билээ.
Эхний номон дээрээ тэгж бүдэрсэн хүн удаах номын тухай бодох ч дургүй байлаа. Харин дараагийн түүвэр чинь хэзээ вэ гэж байнга шавдуулдаг хүмүүсийн нэг нь яруу найрагч дүү Д.Нямдорж байв. Баахан гунигтай шүлэг бичиж хэдэн жил явсны эцэст жаргалтай гэр бүл зохиогоод жаахан байрших аядаад ирсэн намайг охиноо хүлээн хөл хүнд байхад Нямка маань Хойд америкт оюутан байлаа. Энэ хүн ингээд л “тайвширчихна” гэж санаа зовсон уу, эсвэл эр нөхөр нь ямар ч хүн билээ, элдэв шүлгээ чөлөөтэй хэвлүүлэхийг нь зөвшөөрөө ч үү, үгүй ч үү гэж хаширласан уу, нэг өдөр дүү маань над руу оюутны жаахан стипент магадгүй ажлын багахан хөлсөөсөө илүүчилж байгаад 300 доллар шилжүүлчихсэн байж билээ. Номоо гарга гэж. Нямкагийн минь тэр холоос илгээсэн мөнгө шүлгийн түүвэр болж уншигчдад хүрэхээсээ өмнө хөөрхөн хөөрхөн зурагтай дулаахан живх болж охиныг минь олон сар тарвалзуулсан даа.

Их уншсан нийтлэлүүд