Monday, January 28, 2019

УМАРДЫГ ЗОРЬСОН ТАГТАА

Хэчнээн хүн алсыг зорьж, хэд нь эх орондоо буцаж нисэн ирээд сурсан мэдсэн бүхнээ бусадтай хуваалцаж явааг бид тэр бүр мэдэхгүй. Харин мэдэж буй хүмүүсийн нэг нь миний өмнө сууж байна. Тэр хүн бол “Тагтаа Паблишинг” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагчдын нэг, орчуулагч, яруу найрагч Батсуурийн Баясгалан юм. Өмнө нь ярилцлагын ширээний ард хоёр ч удаа учирч байв. Харин энэ удаад дотооддоо явуулж буй үйл ажиллагаа, орчуулсан ном зохиолынх нь талаар гэхээс илүүтэй алс холын АНУ-ын Айовагийн их сургуульд зочилж, монголын уран зохиолыг сурталчилж, өөрөө ч мөн олон зүйлийг сурч мэдэж ирсэн зочны хувиар нь дахин хөөрөлдөхөөр зориглосон минь энэ.

Нобелийн шагналт, Туркийн зохиолч Орхан Памук, Хятадын уран зохиолын гарамгай төлөөллийн нэг Мо Ян, Солонгосын яруу найрагч, зохиолч Хан Кан нарын алдартай олон уран бүтээлчид хамрагдаж байсан Айовагийн их сургуулийн Олон улсын зохиолчдын хөтөлбөрт урлаг, уран зохиолын олон залуу туурвигчид материалаа өгснөөс Б.Баясгалан шалгарсан юм. Уг хөтөлбөрт манай орноос өмнө зохиолч Л.Дашням, зохиолч, соён гэгээрүүлэгч Г.Аюурзана, кино найруулагч С.Бямбаа зэрэг уран бүтээлчид шалгарч ЮНЕСКО-гоос зарласан дэлхийн уран зохиолын хот болсон Айоваг зорин нисэцгээж байжээ. Өдгөө тэдний хийсэн олон сайхан бүтээлийн гэрэлтэй зам мөрөөр залуучууд өөрсдийгөө нээхийг эрмэлзэн хүсэл мөрөөдөл дүүрэн алхаж яваа билээ. Ингээд уншигч таныг ярилцлагадаа урьж байна.

ХОТУУД


-Айовагийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт анх хэрхэн яаж хамрагдсан бэ?

-АНУ-ын Төрийн департмент Айовагийн их сургуулийн олон улсын зохиолчдын хөтөлбөртэй хамтарч ажилладаг. Төрийн департмент өөрсдийн холбоотой ажилладаг бүх улс орны нэр хүндтэй зохиолчид, энэ цагт ид туурвиж бүтээж яваауран бүтээлчдийг Айовад очиж суралцах боломжийг бүрдүүлэхийн сацуу санхүүжилтийг нь бүрэн шийдэж өгдөгөөрөө давуу талтай. Надад 40 гаруй сая төгрөгийн тэтгэлэг олгосон. Өмнө нь Элчин Сайдын Яамнаас шалгаруулалт явуулахдаа ярилцаж байгаад сайн англи хэлтэй, гайгүй нэр хүндтэй хүмүүсээ сонгоод явуулдаг байсан гэсэн. Мөнхүү очсон материалыг нь Айовагийн их сургуулиас шүүж үзээд эцсийн байдлаар шийд гаргана. Манайхаас өмнө нь зохиолч Л.Дашням, Г.Аюурзана болон найруулагч С.Бямбаа нар эл хөтөлбөрт оролцож байсан. Зарим жилд тавигдсан шаардлагыг хангах хүн олдоогүйгээс завсардсан зүйл гарсан байх. Уг асуудлаас болоод элчин сайдын яамнаас энэ жил нээлттэй шалгаруулалт зохион байгуулсан. Заавал зохиолчид гэлтгүй урлагийн төрлөөр бүтээл туурвидаг олон хүмүүс тус шалгаруулалтанд оролцсон байсан. Ингээд би ном журмынх нь дагуу шалгалтанд оролцож, материалаа бүрдүүлж өгч тэнцээд Айовагийн их сургуулийг зорьсон доо.

-Таныг анх Айовад очиход хүмүүс ямар асуултыг хамгийн ихээр тавьж байсан бэ?

-Бид энд өөрсдийгөө “Чингисийн үр сад” гээд л цээжээ дэлдэж омогшдог. Гэтэл “Монголоос ирсэн юм уу, ямар улс вэ, хаана байдаг вэ?” гэж хамгийн их асуусан. Монголын уран зохиол ярих нь бүү хэл ийм улс байдаг юм уу л гэж асуух нь холгүй. /инээв/ Ялангуяа Айова бол Америкийн төв цэгт оршдог, олон үндэсний хүмүүс нэг их холилдоогүй, цагаан арьстнууд давамгайлсан муж юм л даа. Тийм болохоор монгол хүн очсон нь харьцангуй ховор үзэгдэл байсан байх. Мэдээж гурван сарын хугацаанд өөрийнхөө уран бүтээлийг танилцуулж, сурталчлаад эхлэхээр дараа дараагийн яриа руугаа шилжинэ.

-Шалгаруулалтандаа тэнцчихээд Айова руу явахад хүндрэлтэй асуудал тохиолдсон уу?

-Англи хэлээр зорилгын эсээгээ бичиж өгөх, ярилцлаганд орох зэрэг зүйлсийг би өөрөө бэлдэж өгч явуулсан. Айовагоос “Энэ хүн тэнцлээ” гэсэн хариу ирмэгц бусад бичиг баримт, визний асуудлыг Элчин Сайдын Яам өөрөө шийдээд өгчихсөн болохоор ямар нэгэн хүндрэлтэй асуудал гараагүй.

-Хот бүхэн өөрийн хэмнэл, араншинтай байдаг гэдэг шүү дээ. Та тэнд очоод хотынх нь хэмнэлийг мэдэрч чадсан уу?

-Энэ хөтөлбөрийн олзуурхууштай тал нь Америкийн Нэгдсэн Улсыг бүх өнцөгөөс нь харуулж, ойлгуулахыг зорьдог. Тиймдээ ч Чикаго, Вашингтон гэх мэт голлох хотуудаар нь аялсан. Чикаго гэхэд л дэлхийн хөгжлийн оргилыг харуулсан өнөөх тэнгэр баганадсан, хар өнгийн гялалзсан шилэн барилгууд нь эгнэсэн, тэр нүсэр, тансаг байгууламжуудынхаа сүрэнд жирийн хүмүүсийнх нь оршихуй их л дарагдсан хот юм шиг сэтгэгдэл төрүүлсэн. Тэр гялалзсан өндөр барилгуудын урд эгнээд хэвтчихсэн орон гэргүйчүүлийг харахаар гунигтай байсан.

-Дараа нь Сиаттлыг зорьсон уу?

-Тиймээ. Тэнд ч мөн орон гэргүй хүмүүс маш олон тааралдсан. Гэхдээ Сиаттлд “Boeing”, “Microsoft”, “Amazon” цахим худалдааны сайт, “Starbucks” зэрэг дэлхийн хэмжээний дөрвөн том компани байдаг. Энэ дөрвөн компанийн бизнес сайн явж байвал Сиаттл хот төдий чинээ өнгөлөг сайхан байх буюу хэрвээ тэдний нэгийнх нь л бизнес уруудвал хотын эдийн засагт нөлөө нь илт мэдрэгддэг гэх юм билээ. Онгоцоор дээгүүр нь нисэхэд л эргэн тойрон мөнх цаст хайрхануудтай, урдуураа далайтай их сайхан хот харагдаж байсан. Би ч Алтайн өндөр уулсын дунд төрж өссөн, ян сарьдаг, хад асга, нүцгэн уулс хараад учиргүй догдолдог хүн болохоор сэтгэлд их ойрхон санагдсан.

-Сиаттлаас алдартай рок дуучид төрөн гарсан байдаг байх аа?

-Тэгэлгүй яахав. Сиаттл нэг тийм гранж рок хот гэдэг нь мэдрэгдэж байсан. Яагаад гэвэл тэндээс Нирвана, Жими Хэндрикс, Pearl Jam зэрэг олон алдартай хамтлаг, дуучид төрсөн шүү дээ. Гудманд хэвтэж байгаа гуйлгачид нь хүртэл нэг л тийм өөр өнгө төрхтэй, Жими Хендрикс, Курт Кобэйныхаа шивээстэй ч байх шиг. Тэд ягтаа тулж, ядуурч хоосорсондоо тэнд хэвтэж байгаа гэхээс илүүтэй амьдарч буй нийгэмтэйгээ алхаа нийлүүлэхээс цааргалсан, “үзэл санааны гуйлгачид” ч юм шиг харагдана.

Их уншсан нийтлэлүүд