Энэ хавар Монголын уран зохиолын ертөнц хөл хөдөлгөөн ихтэй байгааг зарим уншигчид маань мэдэж байгаа болов уу. Учир нь хэд хэдэн сонирхолтой монгол зохиолчдын бүтээл болоод орчуулгын шинэ ном хэвлэгдэн, уншигчдын гарт ирээд байна. Тэдний нэг бол “Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Дур булаам” өгүүллэгийн антологи. Дэлхийн орчин үеийн зохиолчдын шилдэг бүтээлээс түүвэрлэсэн, чамгүй зузаан энэ ном “Тагтаа”-гийн үнэнч уншигчид болоод уран зохиолынхныг догдлолд автуулсан биз ээ. Шинэ номын сургаар “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Б.Баясгалантай “Дур булаам” номынх нь талаар ярилцлаа.
-“Дур булаам” номын уншигчдаас танд сэтгэгдэл хэр их ирж байгаа вэ?
-Ном маань хэвлэгдэж гараад хэдхэн хонож байна. Нилээд зузаан ном учирхүмүүс худалдаж авсан ч уншиж амжаагүй байгаа байх. Миний олон жил нухаж хийсэн ном болохоор гайгүй чанартай антолог гарсан болов уу гэж өөртөө итгэлтэй байгаа.
-“Тагтаа”-гийн номын хавтасны шийдлүүд таалагддаг. “Дур булаам”-ын хавтас ч их сонирхол татаж байна. Хавтасны зурган дээр монгол дээлтэй эрэгтэй хүн байгаа. Нэг талаараа огтоос дур булаам харагдахгүй байгаа боловч нөгөө талаар жинхэнэ дур булаам шийдэл болсон юм болов уу гэж бодогдсон?
-“Дур булаам”-ын хавтасны шийдлийг янз янзаар л туршиж үзсэн. Манай номын дизайныг шийддэг дизайнер бид хоёр ярилцаж байгаад хавтасны зургийг сонгосон. Миний таашаал, дотоод мөн чанартай их авцалдсан шийдэл л дээ. Нөгөө талаар билэгдлийн ч чанартай. Учир нь энэ ном дэлхийн шилдэг өгүүллэгийн антолог. Антолог дотор монгол зохиолчийн бүтээл байхгүй. Тэгсэн хэрнээ монголчуудад уншуулахын тулд орчуулаад, монгол дээлтэй эрийн зургаар дизайнаа шийдсэн нь хэзээ нэгэн цагт монгол хүний бүтээл дэлхийн шилдэг антологийг өнгөлөөд, нүүрлээд явж байх болов уу гэж итгэсэн хэрэг. Мөн “Дур булаам” гэдэг ойлголтыг ихэнх хүмүүс эмэгтэйчүүдэд хамааруулж ойлгон, эрчүүдийн өнцгөөс хардаг. Гэтэл олонхи эмэгтэйчүүдийн хувьд дур булаам гэдэг ойлголт эр хүн шүү дээ. Эр хүн л миний хувьд дур булаам, сайхан. Тэгэхээр дур булаам гэдэг бол эмэгтэйчүүдийн өнцгөөс харахад эрэгтэйлэг ойлголт юм. Агуулгын хувьд энд шинэ үеийн сэдэвтэй, янз бүрийн ойлголтуудыг эвдсэн өгүүллэгүүд олон багтсан. Тийм ч учраас дур булаам гэж номоо нэрлээд, эрэгтэй хүний зургаар чимсэн.
-Таны “Эдгэрэл” номын хавтсан дээр нүдээ үсээрээ халхалсан эмэгтэйн зураг байдаг. “Дур булаам”-ын эрэгтэйн нүд бас харагдахгүй байна. Энэ хоёр ямар нэгэн байдлаар холбоотой юу. Эсвэл санаандгүй ингээд таарчихсан уу?
-Тэрийг яг тэгж давхцуулъя гэж бодоогүй юм байна. Гэхдээ нүд өөрөө өөрийнхөө түүхийг яриад эхэлдэг. “Эдгэрэл” дээр байгаа эмэгтэйн нүд, “Дур булаам”-ын эрийн харц номын хавтас дээр гараад ирвэл шууд л өөрсдийнхөө түүхийг хүүрнээд эхэлнэ. Тийм болохоор тэдний нүдийг дарж байж л ном цэвэр өөрийгөө хүүрнэх боломжтой болсон гэж бодож байна.
-“Дур булаам”-ын орчуулга таниас их хүч хөдөлмөр шаардсан байх. Гэхдээ таны хамгийн их нухсан бүтээл аль нь вэ?
-Сонголтын хувьд ч, орчуулгын хувьд ч миний хамгийн их хичээж орчуулсан хоёр өгүүллэг бий. Нэг нь Энэтхэг, Английн зохиолч Салман Рушдигийн “Хорвоо ертөнцийн хоргодох орон” гээд эртний хэлээр бичигдсэн, уран тансаг, ёстой л орчуулах нь зүйтэй өгүүллэг байсан. Нөгөөх нь Исмаил Кадарэ гэж Албани улсын зохиолчийн “Цагаан хэрэм” өгүүллэг. Мэдээж Цагаан хэрмийг монголчуудгүйгээр төсөөлөх боломжгүй. Би энэ хоёр өгүүллэгийг монголчууд уншаасай гэж үнэхээр их хүссэн. Монголчуудын тухай, бидний эзэн хаадын тухай өгүүлж байгаа учир сайхан орчуулаад хүргэчих юмсан гэж бодож сонгосон.