Америкийн яруу найрагч Дэвид Лэйман |
Соёл Яруу Найргийн Академиас эрхлэн гаргаж буй “Дэлхийн шилдэг яруу найраг” цувралаар “Америкийн яруу найраг” хоёр боть болон гарсан билээ. Хоёр дахь ботид нь зориулж би вээр гурван шүлэг орчуулж өгсөн юм. Эдриен Рич гэж эмэгтэйн хоёр шүлэг, Дэвид Лийманы ганц шүлэг.
Надад нэг ном бий. “Short history of American poetry” гэж. Тэр номын өмнөтгөлд “Америкийн яруу найргийн тухай ярих маш амархан. Байдаггүй юмны талаар үнэндээ юугаа ч ярих вэ дээ?” гээд биччихсэн байх. Хамгийн даажинтай нь хавтсан дээрээ тэгэж биччихээд, бас short history гэж нэрийдчихээд үхэр цохиод унагачихмаар зузаан ном гаргачихсан байх.
Дэвид Лийманы “Дэлхийн худалдааны төв” гэдэг энэ шүлгийг анзааргагүйхэн уншвал өнөөх 9-р сарын 11-ний үйл явдлыг бичиж дээ гэж бодно. Би ч бас эхлээд тэгэж бодсон. Гэтэл дор нь 1993 гэсэн огноо байдаг юм. Өөрөөр хэлбэл Лийман тэр үйл явдлыг яруу найрагчийн дотоод зөн совингоороо аль 1993 онд харсан юм шиг дүрслэн бичсэн байнам. Баримтууд нь жаахан зөрөөтэй л дээ. Шүлгэн дээр хоёр ихрийг 2-р сард, тэсрэх бөмбөгөнд оногдоод нурж буй тухай өгүүлнэ. Харин үнэн хэрэгтээ 9-р сард онгоцонд мөргүүлж нурсаныг хүн бүр мэднэ шүү дээ. Гэхдээ мөнөөхөн хэцүү явдлын дараа Лийманы энэ шүлэг бүр ч алдаршчээ. Аргагүй биз.
Дэлхийн худалдааны төв
Дэлхийн худалдааны төв надад огт таалагддаггүй байлаа.
Дээшээ босч байхад нь бусад Нью-Йорчуудын нэгэн адилаар
Доош нь хийж би түүнийг гоочилж өгдөг байлаа.
Хоёр цамхаг бол зүгээр л нэг шовгор чулуу.
Хээнцэр тансаг урлал, нарийн чимэглэлтэй Импайр Стэйт, ялангуяа
Хүн бүрийн биширдэг Кристаллерынхтай адил
Хөрөөний ир шиг шовх орой ч тэдэнд байхгүй.
Дэлхийн худалдааны төв бол Америкийн архитектур
Дэндүү буруу байсны амьд жишээ,
Хорин таван жилийн турш энэ маягаараа сүндэрлэсэн цамхагууд
Хоёрдугаар сарын тэр нэгэн баасан гаригийн үдэд
Тэсрэх бөмбөгөнд оногдоод, нуран унахдаа яг л Хичкокийн
“Хорлон сүйтгэгч”-ийн төгсгөлд гардаг Эрх чөлөөний
хөшөө шиг Америкийн агуу бэлгэ тэмдэг болчихсон.
Хоёр ихэр цамхагт ханддаг миний хандлага ч
Холбирох мэт тэр шөнөдөө л өөрчлөгдсөн.
Аль ч гудамжнаас Зургадугаар өргөн чөлөө өөд
Алхан ирэхэд харагддаг тэр дүр зурагт, Хадсон гол дээгүүрх
Жорж Вашингтоны гүүрийг гаталж, хот руу орж ирэхэд,
Зүүнээ, цайрах тэнгэрт цамхагуудын орой
Замхарсан байдалд нь дуртай болж эхлэсэн.
1993
Орчуулсан Б.Баясгалан
No comments:
Post a Comment