Thursday, June 29, 2017

БОРХЕСИЙН НЭГЭН ШҮЛЭГ

Хорхе Луйс Борхес


Төөрдөг хонгил

Зевс өөрөө ирээд ч намайг тойрсон чулуун хэрээсийг
Зад татаж чадсангүй. Зам зуурт хань бологсод ч
Замхарч мартагдаж үлдсээр. Хана дагаж эцэсгүй үргэжлэх
Адлагдсан зам бол миний тавилан.
Эгц л санагдах хонгилууд сэмхэнээр тахирлаж муруйсаар,
Он жилүүдийн угт тулаад нууцлаг нэгэн тойрог үүсгэнэ.
Хаашаа ч үгүй төөрөгсөдийн тэмтэрч өнгөрсөний мөрөөр
Хана хэрмүүд нь өдөр өдрөөр халцарч элэгдэж үлдэнэ.
Үйрмэг шохойн дээгүүр зурайж үлдсэн
Одогсодын мөр жихүүдэс төрүүлнэ.
Үдшийн хоосон агаарт хэн нэгний орь дуу тавих,
Үүрд цөлөгдсөндөө гаслах дуу нь үе үе цуурайлан ирнэ.
Улигт тамыг гөрж боосон аймшигт ганцаардалыг улам хөгжөөх,
Улаан цусаар минь умдаалж, зовлонт үхлээр минь цадах
Үүрэг авсан отоочид сүүдэрт харанхуйн тэртээд
Сүүтэлзэн буйг ч би мэднэ. Бид биесээ эрнэ.
Гагцхүү энэ л бидний эсрэгцэлийн
Гарцгүй сүүлчийн өдөр мэтээр нэгнээ хүснэ!


Орчуулсан: Батсуурийн Баясгалан


No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд