… “Үл гүйцэлдэхүйг загварчлах нь” буюу утопи энэрэнгүйд хүрэхээр тэмүүлсэн жижигхээн улбар шар ном … Бараг гурван зуугаад талтай яруу найргийн ном ойрд уншаагүй юм байна. Ойрд ч гэж дээ, Дашийн Оюунчимэг эгчийн номноос өөр ийм зузаан яруу найргийн ном бараг хараагүй ээ. Дашийн Оюунчимэг гэснээс “Үл гүйцэлдэхүйг загварчлагчтай” учрахаас хоёр гуравхан хоногийн өмнө Оюунчимэг эгчтэй уулзахад тэрээр Пагма найзынхаа тухай сайхан дурсамж хүүрнэн байсныг саналаа. Өөрөөр бол би уул номын зохиогчийн тухай өдөр тутмын сонинд бичдэг мэдээ сэлтээс нь өөр утгаар урьд ер сонсож байсангүй…
Зохиогч номынхоо урд даруухан /бас даруу бус/ өмнөтгөл бичиж, өөрийнхөө болоод уг номынхоо үзэл санааны товъёоллыг гаргажээ. “-…Оюун сэтгэлгээний хөгжил дэвшилд хүрэх арга замууд хэлбэрийн хувьд ялгаатай, олон янз авч, эдгээр нь эцсийн бүлэгт бүгдээрээ үлэмж ихээр энэрэхүйн үзэлд хүрэх үйл явц байдаг. Бүх сэтгэгчдийн нөр их хөдөлмөрөөрөө олсон тэрхүү цорын ганц ололт нь тэднийг энэрэнгүйн үзэл номлоход хүргэж байсныг харахад наад зах нь сонирхолтой юм…” хэмээн тэрбээр өгүүлээд:
“Үнэн сэтгэлийн зохицол нийцэл нь
Үүд хаалга мөн бөгөөд
Үүдийг хаахад ертөнц хаагдаж
Үүдийг нээхэд ертөнц нээгдэх амуй” хэмээжээ. Цэвэр оюун санааны гэрэл гэгээгээ ахуйн булингарт хутган замхрагч хүмүүн төрөлхтөн тархинаасаа гадагшлах хорт туяа хийгээд гэрэл гэгээ бүхнийг өмнө хариуцлага хүлээх хэрэгтэйг сануулсан эл хадагтай энэ хариуцлагыг өөр дээрээ авахдаа үл гүйцэлдэх агуу их энэрэнгүйн өчүүхэн ганц эс ширхэг ч болов байхыг хүсэмжилснээр жүржийн өнгөт нэгэн номыг зүрхтэй бүхэнд зориулжээ гэж ойлгов. Өөрийгөө магтан дөвийлгөж, элдвийг нуршаагүй даруухан энэ номын өмнөтгөл зүгээр л уран зохиол сонирхдог хэсэг бусаг нөхдөд бус, ертөнцийн зон олны нэгээхэн хэсэг болсон Монгол ахан дүүсдээ ч бус, ерөөс хүн төрлөхтөнд хаяглагдсан нь даруу бус ажээ. Гэхдээ энэ бол буруутгал эсвэл шүүмжлэл биш шүү.
Ном дотроо гурван бүлэгт хуваагдана. Эхний бүлэг “Үл гүйцэлдэхүйг загварчлах нь”… Хоёр дахь бүлэг “Силомын хошин жүжиг”… Аа, гурав дахь бүлэг нь “Соёл иргэншилгүйн шүлгүүд”-ээр дүүрэн. Шүлгүүдийг уншаад төрсөн сэтгэгдэл… За мэдэхгүй юм даа. Яруусалгүй яруу, найрсалгүй найраг гэж байж болдог бол түүний шүлгүүд тийм ангиллынх санагдлаа. Хэлбэр хайрцаг, сүүл толгой холболт, уран гоё үгс гэж үгүй, за тэр халил малил хайгаад түүний шүлгээс бараг л олохгүй дээ. Зарим тохиолдолд бүр сонины нийтлэл, харь хэлнээс буулгасан орчуулга шиг сонин хэлээр бичигдсэн шүлгүүд ч тааралдах юм. Энэ бол, яахав дээ дасал болоогүй учраас л ая тохьгүй санагдаж болох ч ямартаа ч бүх шүлгийнх нь цаана хүний сэтгэлийг өөртөө татах далдын гэмээр юм мэдрэгдээд байгаа нь өнөөх яруу найраг гэдэг нь байх аа… Н.Пагма хэмээх эл бүсгүй найрагчийн хувьд шүлгийн урлал энэ тэр гэхээсээ илүү сэтгэлгээний өнцөг нь гойд бас давтагдашгүй санагдсан. Би бол яруу найргийн номыг гартаа балын харандаа барьж суугаад уншдаг, таалагдсан мөр бадгаа тойруулаад дугуйлаад дугуйлаад явчихдаг хүн. Одоогоос 5 орчим жилийн өмнө юм уу даа, аравдугаар ангид байхдаа “Үл таних зочин” хэмээх нэг жижигхэн номыг уншихдаа бараг бүхэлд нь дугуйлаад хаячихсан байснаа санаж байна. Харин одоо “Үл гүйцэлдэхүйг загварчлах нь”-ыг уншиж дуусчихаад харсан чинь Баяраа ахын надад түр зээлдүүлсэн ном балын харандаан мөрөөр эрээн цоохор болж дууссан байна. Ямартаа ч надад маш их таалагдсан бололтой. Намсангийн Пагма найрагчийн шүлгээс аргалын утаа, араг үүрсэн ижий, адууны үүрсээн, манхайх үүрийн туяа, элин нисэх элээ энэ тэрийн алинг нь ч олж харсангүй. Харин ч тэнгисийн цахлай, давалгаан дунд дайвалзан хөвөх бяцхан завь, хуруугаа инчдэн, хөлөө савчингаа, ийш тийш харан шүгэлдэн суух хэвлүүхэн бүсгүй, ташаандаа буугүй ч хүүхнүүдийг шуугиулж явдаг, ковбой гутал жийсэн догь Техас эр, ганцаардмал хөгжимч Мендельсон, дурлалын дуулал Дон, бас нэг Степаниар хөглөгдсөн хаа холын ая эгшиг, гуниг, ганцаардал, тайтгарлыг сонсож, үнэрлэж, амталж, мэдэрч болох мэт… Ийнхүү түүний шүлгүүд урьд нь хэн нэгнээс уншиж, мэдэрч байгаагүй гэж хэлэхэд болох харь холын зураг, өвөрмөц өндрийн төсөөлөлтэй аж. Гэхдээ энэ шүлгүүд хүмүүний нийтлэг эмзэглэл болсон зүрх сэтгэлийн торгон утсыг товшуурдан хөглөх ид шидээсээ холдож алслаагүй нь нэн олзуурхууштай. Харин ч хэн хүний зүрхэнд ойр юм. Тэрээр “Бүх юмс хувьсахад” нэртэй нэгэн шүлэгтээ:
“… Бид хувьсахад
Цаг хугацаа хэвээрээ, яг л хуучнаараа, байдгаараа л байж
Бид хувьсахад
Цог заль минь хэвээрээ, яг л өөрийн халуун урсгалаар оргилж
Бид хувьсахад
Уул ус, агаар мандал үл хөдлөн, цэвэр ариун гоё сайхнаараа амьдарч
Гагцхүү бид өөрийгөө мэдрэхэд
Залхаж, уйдаж, ахин дахин өөрийг хүсэн тэмүүлнэ…” хэмээн хувьсахуйн мөн чанар дорх хүмүүний оршихуйг зураглажээ. Бас нэгэн шүлэгтээ тэрээр:
“… Зүйрмэглэн байхдаа би
Сарны тусгалд хоёронтоо дүрийг олж
Толины тусгалд хоёронтоо хэлбэр биеийг олж
Зүүрмэглэн байхдаа би
Агаарт түмэнтээ биеэр түгэн дэлгэрч
Цаг хугацаанд харин үл хуваагдана…
… Ийнхүү би агаар мандалд тоолшгүй олон урсгалаар түгэн дэлгэрч
Сарны тусгалд түмэнтээ дүрээр сацран түгэж
Толины тусгалд дахин дахин, бас дахин үүрдийн Гоо үзэсгэлэнгээр хэлбэр биеэ дүрсэлж
Би ийнхүү
Ертөнц дахинд ухааршгүй ихээр хүртэгдэнэ” хэмээжээ. Мөн Үхэшгүй эрч хүчний дор” хэмээх нэгэн шүлэгтээ:
… Сүмийн хаалгаар гадагшлан сонсдох нь
Бурхдын магтаал! Мөргөлийн дуун!
Бурхдыг цэнгүүлэх сүмийн хөгжим!
Үнэнээ өчин, гэм нүглээсээ айж бултахаар завдан агч хүмүүс!
Үнэний өмнө ийнхүү аймхай тэдний нүд!
Энэ бүхэн үнэхээр хачин жигтэй гэж
Хонхос жин жин хөхрөлдөнө
Шувууд шулганалдан хөхрөлдөнө…
… Агуу Их-Тэнгэрлиг Төвлөрөл-Бурхад
Гүн хүлцэнгүйгээр биднийг ширтэн харах ажээ.
Өдүүлсэн нүгэл гэмээсээ царай буруулж
Өөдгүй хүсэл бүхэндээ хүргэж өгөхийг гуйж
Аймшигт бяцхан хүмүүс элдэвлэн хөдөлцгөөнө.
Аймшиггүй бурхад харин үл хөдөлнө.
Энэ бүхэн үнэхээр хачир жигтэй гэж
Шувууд хонхос ам уралдуулан шулганалдахад
Хоолой нийлүүлэн хөхрөлдөхөд
Агаарт нэгэн сонихон хөгжим янхийн түгэх ажээ гэсэн нь буй. Иймэрхүү ганган “гажилт”-ууд олонтаа тохиолдох ба эдгээр нь ахуйтай зууралдаагүй, хийсвэр сэтгэлгээний хэмнэл мэт санагдавч үнэндээ бол бодит ахуйн гүн гүнзгий тусгал найрагчийн оюун санааны толиноо ийн хэлбэржилтээ олсон байх гэж хэлмээр олон олон шүлгүүд энэ номоор дүүрэн байна лээ. Шүлгүүдийн ихэнх нь 2000–2002 онд Тайланд-Бангкогд бичигдсэн харагдах юм. Зохиогч өөрөө амьдралынхаа хүндхэн авч үнэ цэнэтэй цаг мөчүүдэд ихэнх шүлгээ бичсэнээ өмнөигөлдөө бас тодотгожээ. Тэнд л тэрээр сайхан Дон-той учран хайрлан дурлаж, Степань, Гэри, Мендельсоны шидэт гоог нээж, харь холоос нутгаан санан догдлохоо “-Монгол орон минь ээ!
Гүн цэнхэр өнгийг чинь санаж байна, би
Амьдрал ямар байлаа ч гэсэн
Гэм нүгэл, гаслан гүйланчлалдаа
Амьдрал хичнээн хангалуун байлаа ч
Гүн цэнхэр өнгийг чинь
Хэзээ ч мартаж чадахгүй.
Сахиулсан тэнгэрүүд шиг бяцхан хөвгүүд
Цэнхэрхэн гэрлийн чинь дор өсөж торнино
Ойн чөлөөнд чинь сэлгүүцэх мөнгөлөг олон шувууд…
Сэтгэл зүрхээ чамаасаа хагацуулж чадахгүй, хэзээ ч
Ялалт хийгээд ялагдал аль нь ирлээ ч ялгаагүй
Амьдарсаар байх болно.
Аз жаргал, зовлон гуниг алийг нь хүртлээ ч ялгаагүй
Тэмүүлсээр дуусах болно
Цэнхэрхэн гэрлийн чинь дор
Амьдарч, тэмүүлж явсаныг минь гэвч
Хэзээ ч гэлээ өөртөө чи
Хэрэг болгож нялзаахгүй билээ хэмээн бичжээ.
Эмэгтэй найрагчдын шүлгээр дүүрэн байдаг уйлагнал, тунирхал, нялуун үгс түүний шүлгэнд барагтай бол харагдахгүй байгаа нь олзуурхмаар. Бас эмэгчин барс шиг эрслэн тасдчих гэсэн хэт улангасал, хорсол, атаа жөтөө, харын сүүдэр шүлгүүдэд нь үгүй юм. Магадгүй энэ бүхэн нь өөрийнх нь томъёолсон утопи энэрэхүйн үзэл санааных нь зурвас гэрэл биз ээ.
…Чи намайг үзэсгэлэнтэй гэдэгсэн
Чи тэгээд “гүнж минь” гэж аяархан хэлдэгсэн
Жижигхээн гуталтай хөлийг минь ширтэн харж зогсохдоо
Яг л энэ хөлөөрөө зугтан одохоор зэхэж байсныг минь
Тааж мэдээгүй билээ, чи… /Хөглөгдсөн цаг хугацааны уртад/ гэх юм уу:
… Чийг даасан саарал үдшээр
Чиний тэвэрт уруул минь гэснэ
Хүндхэн хар уйтгараас, эрээгүй хар амьдралаас
Хөөгдөж туугдахдаа би хөхиүн жаргалтай байна /Эрин зуун дахь ганцаардал/ гэх мэтийн эрсхэн шүлгүүд нь өөрийн зовлонг өөртөө л тохоосон, хэн нэгнээс хараат бус, “тусгаар” эмэгтэйг нүднээ зурах шиг. Гэхдээ энэ бүгд зөвхөн миний л бодол. Тэгээд ч зохиогч өөрөө “… Үл бүтэх энэ дэлхий ертөнц дээр бүх хүмүүс хүчирхэг байх төрөлхийн өгөгдөлтэй бөгөөд хэрвээ энэхүү Эрч хүч, Гоо Үзэсгэлэнгээ олж харахгүй аваас, танин барихгүй аваас хүн төрлөхтөн өөрөө өөртөө гүн эмгэнэл илэрхийлэх нь шударга явдал болох юм” гэсэн байсан. Ингээд түүний зарим шүлгүүдээс цоолдож бас цохож дор хэдийг тавьлаа. Шүлгүүдийг мөр шадаар нь задлан бичих нь миний мэдлээс хэтийдсэн ажил тул зүгээр л өөрийн таацлаар шилэн авсаныгаа дор жагсааж, ерөнхий сэтгэгдэл төдийхнөө дээр нуршив. Харин Н.Пагма хэмээх эгчмэд нэгэн найрагчид зөвхөн “АЗ ЖАРГАЛЫГ” …
Цоолдсонууд нь…
Чи
Зүрхний минь гүнд
Хөх дөлөөр өндийж
Хөхөмдөг туяагаар сацарч
Зүрхний гүнд чи минь оршино.
Суу алдрын туяаг чинь би цээжиндээ бүүвэйлж
Сүр хүчний чинь гайхамшгийг би зүрхэндээ нууцлаад
Ягаавтар мананд хучигдсан тэртээх тал хөндийн зүг
Чиглэн одохдоо зөвхөн хагацахыг л хүссэнсэн…
Арван дөрөв дэх өдөр
Гарт минь цэцэг бус илд мэс
Уруул дээр минь үнсэлт бус гашуун инээмсэглэл зохис байна
Мөрөндөө би хувцас бус агаар салхи… оддын туяаг хэдэрч
Зүрхэн дотор минь дурлал бус зэвүүн хүйтэн ганцаардал орогнодог
Гэгээн өдрийг нарнаас илүүтэй оюун санаа минь гийгүүлдэг
Гансралд шөнийг охидоос илүүтэй зүүд совтн хөглөдөг
Залуу нас минь хэрвээ дурлалд эзэмдүүлсэн бол
Зуны шөнийн зүүдний тусгал тэр юм…
Үнэн дуу
Хуучин цагийн гоё сайхныг шингээсэн
Хуучин тэр тосгонд би өтөл болтлоо л суухсан
Чулуун дээврийг борооны дуслуудаар нүдэж, удтал бүүдийсэн
Чухам тийм л тэнгэрийн хаяа, хормойд халхлагдан суухсан
Зэрлэг жимээр хонгор найз минь наашлан ирж
Цайвгар үдшээр энэ өдрийн үнэ цэнийг надтай хуваалцана…
…энэ нь ганцхан хувь, хаа нэгтээ давтагтахгүй
Ийм амьдрал энэ өдрөөс өөр аль нэгтээ байж болохыг би итгэхгүй
Аль нэгтээд давтагдах хуучин чулуун дээвэр
Ахиад хаана ч, хэнд ч үзэгдэж харагдахгүй гэж
Хоёул итгэнэ.
Гайхамшигт агшин
Төгс цогцолсон үүлний гоёмсог нь
Өнгөөр чимээд, хураар тэжээх
Төгөлдөр энэ орчлонгийн үүдийг
Өнөө нээгээд маргааш ину
Нэгэн гайхамшиг…
Гунигыг бүрнээ мэдрэхэд
Гуниг минь бутран сарниж, харван арилж өгнө
Гуниг минь хүндэрч, нурууг минь бөхийлгөн, өр голоос минь чангаан зууралдана
Гуниг минь дараагийн мөчид гэгээн сайхнаар тэмтрэгдэж
Гуниг минь цэнгэл болж би мансуурна.
Би ийнхүү мансуурахад эгэл ертөнц диваажин болон хувирч
Амьдрал минь нэгэн хувилгаан зүүд болон үзэгдэнэ
Би гунигыг цэнгэл болгон найруулан ууж согтуурахад
Тарчлаах зовлон бутран сарниж харван одно…
… би ингэж гунигыг эвдэхдээ
Зовлон бүгдийг амтархан ууж дуусгаад
Амьдрах минь нэгэн хувилгаан зүүд гэдгийг үзэж мэдэхэд
Энэ нэгэн хувилгаан зүүд урьдынхаараа хуучнаараа, гэм зэмгүйхэн үргэлжилсээр байх авай.
Цохолсонууд нь:
Чи
Суу ихийнхээ дотор
Адал хүслэнгүй байж
Суу ихийнхээ дотор Чи
Зориг хүслэнтэй байж
Сэхээрч ариуссан цэнгэлийг эдэлнэ.
Энэ л тодхон далавчин дор
Энэхүү гэрлэн бөмбөлөг далбаан дор чинь
Цаг хугацаа хэрхэн сүйрэн унахыг би харж байна.
Зүрхээ хэрхэн хэлбэлзэн түгэхийг би анзаарч байна.
Мөнгөлөг саарлын дунд огторгуй гүн хөх өнгөө түгээж
Мөнх хөхөмдөгийн дотор оддын гялсхийхийг би тэмтэрч үзнэ.
Сүр хүч, жавхлант заль чинь юутай хэтэрхий
Аяа, аяа Чи
Миний зүрхнээ
Гоо үзэсгэлэнгээр тодорно.
Үйлдэл бүхэн
Үйлдэл бүхэн ариуссан сэрлээр өдөгдөж
Үйлдэл бүхэн толины гэрлээр хувилан түгэх болоод
Үйлдэл бүхэн сэтгэлээс өгөгдөж
Үйлдэл бүхэн сэтгэлийн хөдлөлөөр хувилан түгэх бөлгөө.
Мөн дүрээ аваад би нэгэн тийш одоход
Мөнөөхөн түүний хамт арвуул дагалдах болоод
Арвуул тэгээд уралдах, өрсөлдөх тэмцэлдэх болоод
Арван тийш, нэгэн тийш би мөн дүрээр одмуй.
Үйлдэл бүхэн ариуссан сэрлээр өдөгдөн
Ариуссан сэрлээр дамжуулан ариуссан түүнд хүргэнэ
Үйлдэл бүхэн сэтгэлээс агаад оюунаас өгөгдөн гүйцэгдэх болоод
Мөн ертөнц түүнийг даган арван тийш, нэгэн тийш одно.
Ганцаардлыг минь чи улбар шараар будаж
Үүд хаалгаа түгжиж аваад
Ганцхан өөртэйгээ үлдэхийг хүсэхэд чинь
Би дурлах болсон, Мендельсон!
… Үл гүйцэлдэх мөрөөдлийг гүйцэж чадна.
Ганцаардал
Үл хүрэх диваажинд намайг хүргэж өгнө.
Чи!…
Зөвхөн үүнийг шивнэн хэлж
Ганцаархнаа гэж итгэх чамд
Би үнэхээр хайртай, Мендельсон!
Би ухаангүй хайртай.
Чи хаалга үүдээ цуургадаж түгжжээ
Чи минь цонхоо хааж, хөшиг хаалтаар бүрхжээ.
Чи буланд сууж, ширээ тохойлдон шанаагаа тулаад…
Чингээд үл гүйцэлдэх мөрөөдлийг гүйцэлдүүлнэ.
Чи үргэлж нойргүй шөнүүдийг үдэхдээ
Ганцаардлыг хөх саарал гэж бодох юм
Ганцаардлыг бас хүйтэн гэж хэлэх юм.
Зүрх сэтгэлийн чинь дотор би
Дур зоргоороо аашилж
Ганцаардлын чинь дунд би
Ганцаардлаа эвдэхэд
Урилга хүсэлтийг чи надад хүргүүлээгүй ч
Би чамд халдаж зүрхэлхэд
Бид ганцаарлыг эвдэлхэд
Үл гүйцэлдэхүйг гүйцэлдүүлэхэд
Чи дуртай, Мендельсон!
Буланд сууж, ширээ тохойлдон шанаагаа тулаад
Би чамд дурлаж, хаалга үүдээ түгжээд
Би ганцаараа гэж итгэхэд
Урьдын хүйтэн хөх ганцаардал минь улбар шараар гэрэлтэнэ
Үүд хаалгаа түгжиж аваад
Өөрөө өөртэйгээ үлдэхийг хүсэхэд чинь л
Би дурлажээ, Мендельсон!
Үнэнээ өчихөд яг ийм л ганцаардлыг минь хэн нэгэн хуваалцаасай гэж
Үргэлж хүсдэг билээ би…
Галзуугийн эмчид очихоос би үхтэлээ айна
Хийсвэрлэн сэтгэх тусам
Чи агуу гайхамшгаар тодорно, Don!
Улам л хүртэгдэшгүй болгоно
Хийсвэрлэн сэтгэх тусам чи надаас
Үлэмж өндөрт гэрэлтэн байна
Гоо үзэсгэлэн чинь хүнийх биш
Сахиулсан тэнгэрийн хүслээр бүтээгдсэн байна.
Тиймээс л би чамайгаа
Тэвэрч таалж энхрийлэхээс айж байна
Айдас минь гүн гүнзгий бишрэлийнх юм
Айснаасаа болж би чамаасаа үргэлж зугтана
Дурласан дотно харцаар чи намайг ширтэхэд
Эндээс зайлан одохыг би үнэхээр их хүснэ
Сайхан гараа чи надад ойртуулж
Нандин биеэрээ дөхөж ирэхэд
Мансуурлаар үлээх амьсгалд чинь ухаан солиорч
Галзуугийн эмчид очихоос би үхтлээ айна.
Эндээс би ингэж л зугтаж
Ухаангүй хайр дурлалдаа гашуунаар хөөгдөж,
Хүсэл зоргынхоо гянданд харгис хуяг нь болж
Эрүүл саруул ганцаардлынхаа эзэн сахиус болсон юм.
Чиний зүрх сэтгэл намайг хүсэхэд
Чи надад зөвхөн хайрыг илчилж байхад
Өөдгүй хулчгар, айсан дүрээ аваад би
Хэн ч олохооргүйн тийш арилж өгсөн билээ.
Надруу тэмүүлэх чинь ухааршгүй байж
Надад дурлах чинь хэмээс хэтэрсэн билээ, Don!
Гоо үзэсгэлэн чинь хүнийх биш
Сахиулсан тэнгэрсийн хүслээр бүтээгдсэн байна
Тиймээс л би чамаасаа айж байна.
Хийсвэрлэн сэтгэхэд чи минь
Улам ч хүртэгдэшгүй гэрэлтэнэ.
Эрх чөлөөг ганцаархнаа эдлэхийг хүснэ
Чи эгэл жирийн агаад
Эгэл жирийн гэдэгт би итгэнэ!
Энд л сэтгэл оюунаа барьж чадвал
Гүн хавцлын дээгүүр ч дэгдэн харайхаас би эмээхгүй.
Чамайг ердийн бус гэж итгэхээс би дуртайяа татгалзахсан
Ердийн бус гэж хэзээ ч бодохгүйг хичээнэ
Хэрвээ тэгэж бодох хэрэгтэй бол, тэгэж бодсоор байвал
Тийм гүн хавцлыг би хэрхэвч гэтлэн давахгүй билээ
Чамайг эгэл жирийн гэж итгэсэн цагтаа л
Би
Эрх чөлөөг ганцаархнаа эдэлнэ
Чи надаас юу ч хүсээгүй билээ
Ертөнц өөрөө хөгжимгүйгээр
амьсгалж ч чадахгүй байх байлаа
1
Юутай үнэнч сондоно вэ, Мендельсон!
Юунд тэгтлээ найдаж итгэж
Юунд тэгтлээ гунин гутарч
Юутай нугаршгүй хүчээр түүнийгээ хэлнэ билээ, чи
Гоолигхон моддын завсраар хязгаар нутгийн гүн анир үзэгдэж
Хэзээнээс бид зүрх сэтгэлээ хэрхэн хэлбэлзэхийг анзаарах болоо вэ
Нулимс… гэвч гэгээрч ариуссан хүслийн гоо галбир гэж
Хэзээ, хаана би чамдаа ам алдсанаа санахгүй юм
Бүүр түүрхэн санах минь, хаа нэгтээд тааралдсан
Халдаж, харин хэн хэндээ дөхөж очиж чадаагүй билээ
Өвлийн хүйтэн агаарт халхлагдан зогсож байхдаа
Тэрэгчийн ирэхийг хүлээх зуур, агшны туршид хоёул
Харц солилцоод өнгөрснөө одоо санаж байна
Чи надаас юуг ч хүсээгүй билээ
Чамд өгөхөөр халаасаа тэмтрэхэд хуучин цагийн дурсгал гарт минь баригдаж
Гар сунгах тэнхэлгүй өвлийн хүндэд би дарагдаж
Гунигт ганцаардлаа тэгээд өөртөө л үлдээхээр шийдсэн юм
Мендельсон
Бороо орох нь байна, шүхрээ ав
Босоо захтай хүрмээ ч бас мартав…
Урт зам дээр чи
Уйтгар гунигаа тайлж хаяад
Гүйн оджээ.
Урагдаж ноорсон хуучин цамцаа би
Түүгээр сольж өмссөн
Гүн их гунигаа юүлж
Гүц хумхыг дүүргэжээ, чи
Гоёмсог хумхыг би олсон
Түүнээс ууж, даруй хөлчих минь!
…Бороо орох нь байна, шүхрээ ав
Босоо захтай хүрмээ ч бас мартав…
Ингэж чамдаа сануулан хэлээд
Урт зам дээр би хөлчин сатаарч
Уяхан хумхын дотор
Гуниг уйтгараа юүлнэм!
Гагцхүү төгс төгөлдөр
1
Нарийнхан зурвас гэрлээр энэтээх тосгоныг хучиж
Сар хөгжилтэйеэ мандахад
Хөх саарал агаарт ногоовтор судал татуулж
Моддын том навчис чичирхилэн хөдлөхөд
Уйтгарт өдрийн этгээд явдлуудаа
Зүрх сэтгэл чөлөөлөгдөж
Зүүд нойрноос сэрлээ
Зүдэргээт амьдралаас хагацлаа.
Энэ ертөнцөд гагцхүү
Навчсын судал агаарт хөвж
Залуу сайхан Don, хөгжилтэйеэ мандах сар
Эртний үлгэрчийн зүрхэнд төгс төгөлдрийг үлдээнэ.
Gary Joe ба шүлэгч
Ахуй ертөнц, эмх цэгцгүйн тэнд
Залуу нас, дурлал, амтат зүүдний тэнд
Илбн шидийн анирыг үүсгэн
Алдуурах дуун Gary Joy!
Байшинт гудамжнаа үдэш бүрхээд
Шүлэгчийн дээрээс сүүдэр тонгойно
Gary Joe гэнэ.
Ганцаар тэнэмэл шүлэгчийг хааш нь ч юм дуудна.
Бүхий л уйтгар хар гунигыг нь сарниана
Хонхосын хэл хөгжилтэйеэ гараас нь хөтлөх гэнэ
Жингэнэх дуу нь түүнд
Gary Joy гэж шулганана…
Цагийн бурангуйд
Эзгүйрсэн сэтгэл шиг өвөл
Хүйтэн хөлөөрөө гишгэлэн
Энэ орчлон аниргүйд автаад
Эмзэглэгч сэтгэлд түгшүүрийг авчирлаа.
Эргэн тойронд хөшөө чулууд!
Мөрөн дээрх толгой нь гудайжээ
Мэлмэрэх нулимсаа би чимээгүйхэн унагахад
Мөстсөн жим дээр жин жинхийнэ…
Тэр л залуу цагийн авир
Тийм л омголон байснаа хаачив аа
Сэтгэл булаам бадрангуй
Сүр жавхлангаа бас хаана гээчихэв.
Эзгүйрсэн орчлон шиг өвөл
Хүйтэн хөлөөрөө алхлах үес
Мэлмэрэх нулимсаа би чимээгүйхэн унагахад
Мөстсөн зам дээр жин жинхийнэ
Хуучин танил дэлхий ертөнц
3
Ер бусын учралаар энд би ирэхэд
Ертөнц намайг хэмнэлдээ оруулсан
Дуу хоолой, алхаа гишгээ, амьсгал бүхнийг минь хэмжихэд нь
Дурлаж эхлэсээн би гол ус, уулсын жим, эрчүүлд нь ч бас
Хэдийд ирсэнээ үл мэдэх атлаа энд
Харин би удаан амьдрах дуртай
Хачирхалтай ийм л хэмжүүр, амьд явахын хэмжүүр
Хаанаас бас гараад ирэх нь энэ вэ.
Гадаа цас будрах, чулуу гандахыг хэн ч хэмжихгүй
Гандсан навч хийсэн одохыг ч хэмжихгүй
Газар шороо, моддын шуугиан, уулын голыг ч хэмжихгүй
No comments:
Post a Comment