Миний нутаг мөн байв. Өндөр өндөр уултай, сэрүүхэн, тачирхан боловч гүн ногоон ургамалтай… Тэр нь дов толгодыг бүрхээд яг л ногоон хивс дэвсчихсэн юм шиг харагддаг. Тэнд би юунаас ч болсоныг бүү мэд жаахан гомдолтой, ганцаарханаа тэнэж явлаа. Толгод дамнаад л… Тэгтэл найз минь таарав. Бас нэг тэнэмэл амьтан, миний нутагт юугаа ч хийж яваа юм, бүү мэд. Би дориун ханьтай болоод цааш явж байтал хэсэгхэн зэлүүд газар хэдэн гэр харагдав. Бүрээсгүй, хар гэрүүд… Бид хоёр тийш явж очлоо. Нэг гэрийнх нь үүдэнд хүрээд би найзыгаа ардаа зогсоон үүдийг нь өөрөө сэмээрхэн ярж харав. Дээш өргөгддөг эсгий үүдтэй аж. Тэгтэл гэрийн дотор, баруун хаяанд нь манай нилээд нэртэй зохиолч тэр гэрийн эзэд бололтой ганц хоёр хүнтэй товч хайж байгаа ч юм сан уу, дээс томж байгаа ч юм сан уу бүү мэд, ямартаа ч их л ахуйн ажилтай суух нь үзэгдэв. Тэрээр ард зогсож буй найзын минь хүндэлдэг зохиолч юм. Би найз руугаа эргэн харж “Дотор зохиолч … тэр… сууж байна,” гэж шивнээд, бид хоёр тохиролцон орохоор болов.
Зохиолч найзыг минь танимхайрч ганц нэг үг солиод тэр айлд юу ч гэнэ вэ нэг романаа дуу хоолойгоороо CD-нд бичүүлэх гэж ирсэнээ хэлэв. Тэгтэл найз маань хориглохын завдалгүй намайг “-Хөх мэдрэхүй бүлгэмийнх..,” гээд танилцуулчихлаа. Зохиолч хэсэгхэн бодолхийлсэнээ “-Би тийм бүлгэм мэдэхгүй юм байна. Залуучуудын “Мод Од” гэж бүлгэм байдгийг л мэднэ. Тэд нарыг бол уншдаг,” гэснээ надаас “-Чи тэд нарыг мэдэх үү?” гэж асуув. Би “-Мэдэхгүй ээ,” гэтэл өнөөх зохиолч “-Ээ, та нар ийм л байхгүй юу… Мэдэхгүй гэнэ шүү. Ийм ш дээ,” гээд л ихэд басаж доромжилсон өнгөөр ахин дахин давтан хэлж байна. Би дургүйлхэв. “-Тэд чинь шүлэг бичдэггүй байх аа. Кино урлаг, контемпорари арт чиглэлийн улс шиг санагдаж байна,” гэж намайг хэлэхэд өнөөх зохиолч “-Тийм тийм. Нээрээ тийм шүү. Надад тэдний нэр нь их таалагддаг юм. Эхний үг нь ч нэг их онц биш ээ. Сүүлийн үг нь их АМЬД,” гэлээ. Би дотроо “-Тэгэхээр энэ хүн модыг үхмэл зүйл гэж боддог байх нь!” гэж бодов. Намайг нилээд жийрхэнгүй сууж байтал гэрийн үүд сөхөгдөж төрсөн эгч минь орж ирээд хойморт тухлан суучихлаа. Би түүнийг хөлөөрөө хоёр гурав ёворч “Эндээс гаръя,” гэж битүүхэн дохьсон боловч мань хүн миний найзын адилаар эрхэм зохиолчийн ам руу орчих шахан таг суучих нь тэр. Би гайхаш тасран ганцаараа гэрээс гарлаа. Алсын бараа ширтвэл тэртээ хөтлийн дээгүүр аймшигтай хар утаа савсуулсан галт тэрэг даван ирж айсуй. Харин зүүн тийш харвал тэндэхийн байгаль хачин үзэмжтэй харагдахуйд би тийш явахаар шийдлээ.
Алхсаар очиж, өнөөх үзэсгэлэнт байгаль руугаа нэвтрэн орох гэтэл дундаа дөрвөлжин дөрвөлжин цонхтой тоосгон хашаатай тулчихав. Тэр хашааг л давчихвал хэмжээлшгүй үзэсгэлэнт байгальд нэгдэж болмоор байдаг… Гэнэт бөөн хүн шуугилдаад бага ангийн минь хамт сурагчид том том залуучууд, хүүхнүүд болчихсон ямар нэгэн юмны баяр л тэмдэглэж яваа бололтой гараад ирцгээв. Тэд хашааны цаад талаас, миний орж очихыг хүсээд буй тэр талаас гарч ирж байлаа. Тэгтэл нэг охин намайг дуудаж хашааг нэвтлэн гарч болохоор томхон цонх зааж өглөө. Би түүгээр нь оров. Гэтэл өнөөх нэвтрэн орж уусан нэгдэхийг хүссэн үзэсгэлэнт байгаль минь Орос маягийн шовгор оройтой байшингуудтай жижигхэн тосгоноор солигдчих нь тэр.
Юуны ч юм үйлдвэрийн их л том байшингийн хажуугаар өнгөрөөд би нэгэн “Хоолон зах” руу ороод ирлээ. Ингэж нэрлэхийн учир нь тэнд хүмүүс лангуун дээрээ том том тавагтай маш гоё хоолууд тавьчихсан зогсож байх юм. Эхний хоол гоймон нь л харагдаад байхыг бодоход шпаггети бололтой. Халуун уур савсаад маш сайхан үнэртэж байв. Намайг яг авдагийн даваан дээр худалдагч нь өнөөх том тавагтай хоолоо өөрөө ганцхан долоогоод л ёстой ховх сорчих нь тэр. Би гайхсан ч цааш явлаа. Амттай, том том тавагтай хоолууд. Яг авах гэхээр худалдагчид нь урдаас шүүрэн аваад өөрсдөө ховх сорчихоод байв. Тэгсээр явтал “Хоолон зах” шувтарч би шалбааг ус нь тунарсан бохир гудамжаар ороод ирлээ. Тэр гудамжинд Монгол хэлээр ярих Монгол хүмүүс холхино. Тэгэхдээ тэд над руу хандаж “Энэ бол Орос тосгон. Ийшээ жаахан яваад Достоевскийн амьдарч байсан байшин бий,” гэж тод дуугаар хэлцгээх аж. Миний сэтгэл догдоллоо. Достоевскийн амьдарч байсан байшинг үзсэн гэж найз нартаа ярина гэхээс.., бушуухан түүнийг нь олж очмоор санагдав. Алсын бараа хартал хөтөл даваад аймшигтай хар утаа олгойдуулсан галт тэрэг ирж айсуй. Энэ удаад яг тийм аймшигтай хар утаа олгойдуулсан бас нэг галт тэрэг зөрөн цаашаа одох нь харагдлаа. Би шалбааг туучин Достоевскийн амьдарч байсан байшинг эрэхээр явав.
Тэгтэл арав ч алхаж амжаагүй байтал хаа нэгтээгээс буун дуу тас хийгээд явчих нь тэр. Түрүүн тааралдсан ангийн хүүхдүүдийн зарим нь хажуугаар зөрөн гүйлдэхдээ “-Энэ бол цэрэгжсэн газар,” гэж хэлж амжлаа. Нээрээ л миний давж гарч ирсэн ханан хэрмийн наагуур газар шүргэсэн урт шинельтэй хоёр цэрэг алхаж явах нь харагдав. Гэхдээ тэд буугүй байх аж. Би маш их айж, тэндээс.., Орос тосгоноос зугатахаар шийдлээ. Тэгээд гүйв. Түрүүний хоолон зах нэг ч хүнгүй, хоосон лангуунууд нь ярайн харагдана. Би лангуунуудын дундуур хар эрчээрээ гүйхдээ “-Достоевскийн гэрийг олж үзэж чаддаггүй юмаа гэхэд Орос тосгоныг дурсах ямар нэгэн юм авч амжаагүй нь тоогүй” гэж бодов. Яг тэр бодолтой давхцаад “Хоолон зах”-ын хоосон лангуунуудын нэгэн дээр ганц шилэн аяга үлдсэн байх нь харагдлаа. Би тэр аягыг шүүрэн аваад цааш гүйв. Ашгүй Орос тосгоныг дурсах зүйлтэй болчихлоо… Гүйлтэн дундаа аягаа харлаа. Цав цагаан шилэн аяганы бөөрөнд час улаан өнгөтэй, магадгүй орой дээрээ таван хошуу тэмдэгтэй гэрэлт цамхагийн зураг байх нь тодхон харагдана. Гэрэлт цамхагийн дээр “ФИЛОСОФИЯ” гэж бичсэн байв. “ФИЛОСОФИЯ”… Яг ингэж уншихад гаран дахь аяга минь хачин хүндрээд явчихыг би мэдэрлээ. Тэгээд л сэрчих нь тэр…
Хүний зүүд өнгөгүй байдаг гэж онолдоод байсан чинь хаа байна? Би час улаан өнгөтэй гэрэлт цамхаг зүүдэллээ шүү дээ.
Шинийн нэгний шөнө ийм зүүд зүүдэллээ. Гайхамшиг зүүдэлж сэрээд бүгдийг нь тов тодорхой санаж байсан нь бүр ч гайхамшиг. Надад ямар нэгэн “гайхамшиг” тохиох юм шиг санагдаад байна.
…………………….………….ФИЛОСОФИЯ…………………………………
No comments:
Post a Comment