Цахилгаан шатны хавхлаг тасхийн хаагдахад би нуруугаараа хана түшээд шат долоон давхараас тачигнан уруудсаар хаалга нь зууран нээгдэхэд түүний алхаа хонгилоор бүдэгхэн дуулдсаар орцны хаалга хяхнан онгойж хяхнан хаагдаад.., тэгээд чимээ алдархыг нь амьсгаа даран чагнаж зогсдогсон. Тэр үед хуучны тоосгон байрны минь орцоор дүүрэн Шубертын “Розамунде” эгшиглэж хоцорно. Бушуухан гэртээ гүйж ороод цонхоор барааг нь хардаг хэрэг… Цас нэвсийтэл дарсан тоглоомын талбайн ундуй сундуй төмөр сараалжнуудыг сүлжин эргэж ч харалгүй алхах тэр. Яаж ийм хүйтэн, хөндий, ихэрхүү байж чаддаг байнаа? Сайн сайхнаа түүнд харуулж, суу алдраа түүгээр бишрүүлэх юмсан. Гайхаж алмайрсандаа өөдөөс минь таг ширтэн гөлөрч бардам хөшингө царайд нь харамсаж бишүүрхсэний шинж зурвас ч болохнээ тодорхыг харах юмсан. Гагц түүгээр л гайхуулж бишрүүлбэл болчих миний суу алдар сургуулийн хонгил, гудамж талбай, автобусны буудал ер түүний явж болох бүхий л газарт аанай л Шубертын Аве Мариа шиг дээд өнгөөр дуурьсаж байх болно. Ийн хүсэхдээ би найзуудтайгаа зогсож байхад гэнэт тэр гараад ирвэл ярианы сэдвийг хэрхэн булааж урлаг, утга зохиол, яруу найраг, гүн ухаан гэх мэт ойшоож сонирхдоггүй ч их л лут юм байдаг байх гэж бодож явдаг сэдэв бүхнээр нь шаргуу агаад тод дуугаар ярьж зогсохыг, автобусанд таарвал мянга уншаад ч ойлгохгүй номыг нь хээв нэг эргүүлж суухыг.., тайзан дээрээс бол түүнийг үзэгчдийн суудалд алмайрч гайхсан төрхтэй алга ташиж суухыг, зурагтаар бол булангийн буйданд шигдээд сувгаа ч сольж чадахгүй хөшч орхисон байхыг нь харахыг мөрөөддөгсөн. Зугатах аргагүй ийм суу алдрыг минь бишрэн дагжихын тулд тэр амьд л байх хэрэгтэй. Ингэж бодохтой зэрэгцэн “Хэрэв тэр үхчихвэл яана?” гэсэн бодол харван орж ирж араас нь залгаад нээрэн ч үхчих юм шиг санагдан сэтгэлд харанхуй татаад ирдэг хичнээн ч олон байв даа.
Одоо тэр үгүй. Хэд гурван лонх шар айрагны ард гарсан хойно шаналант дүр нь тодрон үзэгдэж сэтгэл үймүүлэхээс өөр шидгүй. Тэр үгүй болохоор алдаршин цуурайтаж алмайруулан гайхуулах хүсэлд минь ч утга үгүй. Түүнд шагшигдаж чадаагүй миний суу алдар харин их сургуулийн гудамжны хаа нэг булан тохойд Аве Мариагийнх шиг гасланги агаад цээлхэн өнгөөр эгшиглэж үлдсэн нь хүн зоны аар саар хөөрөлдөөн, машин тэрэгний түчигнээн, холхих олны хөлийн чимээнд дарагдаад золбин нохойн гаслан, муурын гийнаан, хорхой шавьжны царгианаас ялгарах юмгүй болжээ.
Одоо эргээд харахад дуу шуутайхан зарлаж түүний зүрхэнд хадааж орхихыг хүссэн миний “суу алдар” чимээ имээгүйхэн оршоод дурсамж мартагнал хоёрт шингэж одсон түүний суу алдарт бүрнээ ялагдаж.., алга ташч, шүтэн биширч үлдэх ёстой нь тэр бус би болж хувирсан байнам. Заримдаа надад тэр хэтэрхий бардам цэгц болохоороо л энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэлгүй яваад өгсөн юм шиг санагддаг. Гэнэтхэн шийдсэн юм шиг хачин үхлийн суу алдар Битховены Тавдугаар симфони шиг цочир түгшүүртэй эхлэж цог жавхлантай үргэлжилсээр. Хажууд хүмүүс харгитал инээлдэж даргитал ширээ нүдэж байлаа ч чихэн дотор минь Битховены тавдугаар симфони тасалдалгүй эрчээ авч.., тэр хөгжмийн хэмнэл нугалаа бүр нь “Чи юу.., би юу?” гэж эрүүдэн шүүх мэт эцэс төгсгөлгүй асууж байх шиг санагдана. Тэгээд хөгжим зогсоход орчин гэнэтхэн нам гүмд умбаад нэвсийтэл цас дарсан тоглоомын талбай дундуур яаралгүйхэн алхах түүний дүр үзэгдэнэ. Миний сэтгэл одоо Аве Мариагийнх шиг жингэнэн цуурайлсан хэвээр түүний араас харуулдана. Тэгтэл яв явсаар яг булан тойрохынхоо өмнө тэр гэнэтхэн зогтусаад эргэн харах шиг боллоо. Бардам уруул нь тэрүүхэндээ чичвэгнэснээ над руу инээмсэглэж байгааг би сэтгэлдээ хачин тодоор олж үзэв. Яг л цас шиг хүйтэн ч гэсэн цагаахан инээдтэй юм гээч. Бүхнийг цайруулж чадах тийм цагаахан инээмсэглэлийг чинь олж үзэхийн тулд л ийм их хоосныг ууж барлаа би.
No comments:
Post a Comment