Thursday, June 29, 2017

ОРЧУУЛАГЧИЙН ҮГ

Өгүүллэг хэмээх баргийн хүний санаанд тороод байх хэрнээ хэн хүссэн нь биччихэж чаддаггүй уран зохиолын адармаатай төрлөөр дагнасан, орчуулгын хоёр дахь түүврээрээ уншигч тантай уулзаж буйдаа баяртай байна. Хөгжил дэвшил эрчээ авах хэрээр цаг хугацаа хурдаа нэмсэн энэ үед аль болох түргэн хугацаанд их “мэдээлэл” олоод авчих хүсэл шаардлага уран зохиолын уншигчдыг ч тойрохгүй нь бололтой. Хэд гурван ботиор хэвлэгдэж байж даацтай роман болдог, хэдэн зуун хуудас сунаж байж л дорвитой тууж гэгддэг цаг нэгэнт өнгөрч роман хүртэл “бэсрэг” байхыг эрмэлзэх болж. Чухам ийм л үед хамгийн бага өгүүлэмжид хамгийн их утга санааг багтаах боломжтой өгүүллэгийн ач холбогдол төрөл жанрынхаа хувьд илүү өсч байна уу даа гэмээр ажиглагддаг. Насаараа өгүүллэгийн төрлөөр л дагнан бичиж англи хэлтний уран зохиолын Чехов гэгдэх болсон Канадын зохиолч, хатагтай Элис Мүнрог 2013 онд утга зохиолын төрөлд Нобелийн шагнал авахад нутаг нэгт зохиолч Маргарет Этвүүд нь “Түүний энэ шагнал хойт Америкийн уран зохиолыг бүс нутгаас нь гаргаж дэлхийн тавцанд аваачаад зогсохгүй “өгүүллэг” хэмээх уран зохиолын төрлийн ач холбогдлыг өндөрт өргөсөн үйл явдал боллоо,” хэмээн онцолсон нь буй. Аа, гэхдээ миний л хувьд их зузаан, маш зузаан, асар зузаан романаас татгалзах шалтаг нэг их алгаа.

Габриел Гарсиа Маркез. Гайхамшигт энэ зохиолчийн “Аварга том далавчтай өвгөн” өгүүллэгийг анх уншихдаа би олон жилийн өмнө өөд болсон өвөг эцгээ олж харах шиг болж билээ. Ой дурдатгалын маань хамгийн алсын, хамгийн гэрэлтэй хэсэгт гандуу шар дээл бүсэлж ээтэн гутал жийсэн буурал сахалт өндөр хөх өвгөн нуруугаа үүрэн алхаж явдаг. Өвөө маань намайг ухаа орох үед ная гарсан настай байлаа.
Ой ухаан нь ч нилээд муудаад ганц хүүгээ хүртэл алдаг оногтой танина. Орчлонгийн явдлаас баахан залхсан мэт ахуйгаас аажим аажмаар холбоогоо тасалж амьдралынхаа сүүлийн хэдэн жилийг өөртэйгөө л хүүрнэж өнгөрүүлсэн хүн. Он цагийн баримжаа нь ердөө л мичин жилийн зуднаас өмнө, мичин жилийн зуднаар (1944–1945), мичин жилийн зуднаас хойш гэсэн гуравхан төлөвт хуваагдана. Заримдаа толгой дээрээ эрхиэ ч юм уу аягаа тавьчихсан цомцойж сууна. “Яаж байгаа юм бэ, өвөө?” гэхээр “Аравнайлж байнаа,” гэнэ. Юмсын бузар буртгийг ариулж, дотор нь шид хүчээ оршоож буйгаа л аравнайлах гэдэг байсан юм уу даа. Тэнгэр болсных нь хойно аравнайлж орхисон бүхэн нь ариун дагшин чанарыг олж шид хүчинд хувилсан мэт санагддаг байж билээ. Ариун үнэний мөнхийн бэлгэдлээр сэтгэлдээ сүлдэлж явдаг миний “аварга том далавчтай өвөө” Чойжилын Халтарын гэгээн дурсгалд энэхүү номоо өргөе.

Батсуурийн Баясгалан


No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд