Friday, June 30, 2017

Мүракамгийн "Эрэг дээрх Кафка" романы хэсгээс...



Харуки Муракамигийн “Эрэг дээрх Кафка” нэрт романаас жижигхэн хэсгийнх нь орчуулгыг тавьлаа. 

“Эрэг дээрх Кафка” роман.
13-р бүлэг. /143–145 тал./

…“Би жаахан хөгжим сонсчихвол чи дургүйцэхгүй биз?” гэж Ошима асуулаа.

“Яалаа гэж дээ,” гэж би хариулав.

Түүнийг CD тоглуулагчийнхаа товчийг дарахад ямар нэгэн сонгодог хөгжим эгшиглэж эхлэлээ. Тэр аязынх нь дотор орохыг хичээн хэсэг сонсов. Битховен юм уу , Шуманн биш гэдгийг нь мэдэж байлаа. Магадгүй тэр хоёрын дундах нэгэн бололтой.

“Шуберт уу?” гэж би асуув.

“Сайн тааж байна шүү,” гэж тэр өчөөд над руу харсанаа “Чи Шубертэд дуртай юу?” хэмээн асуулаа.

Тэгэхэд нь би “Нэг их ч биш л дээ,” гэж хариулав.

“Жолоо барьж явахдаа би Шубертын сонатуудыг эцэс дээр нь тавиад сонсох дуртай. Яагаад гэдгийг мэдэж байна уу?”

“Мэдэх юм алга.”

“Яагаад гэвэл Шубертын төгөлдөр хуурын сонатуудыг тоглоно гэдэг энэ дэлхийн хамгийн хэцүү зүйлсийн нэг. Ялангуяа D мажор дээрх сонат нь уу. Хамгийн гарамгай бүтээл нь гэж болно. Зарим төгөлдөр хуурчид ганц хоёр бүлгийг нь гайгүй тоглочихож магадгүй. Гэвч чи дөрвөн бүлгийг дөрвүүлэнг нь нэгтгээд сонсвол хэн ч яг таг тоглож чадаагүй байх вий. Ихэнхи алдартай төгөлдөр хуурчид Шубертаар өөрийгөө сорьдог ч ямар нэг зүйлийг нь дутаасан мэт л санагдаад байдаг юм даа. “Тийм ээ, тэр чаджээ!” гэж чамайг дуу алдуулах хөгжимчин нэг ч гарч ирэхгүй шүү. Яагаад гэдгийг нь мэдэж байна уу?


“Үгүй ээ.”

“Яагаад гэвэл тэр сонат нь өөрөө төгс төгөлдөр эд биш байхгүй юу даа. Роберт Шуманн мань эрийн сонатуудыг маш сайн ойлгодог байж л дээ. Тэгээд тэр энэ сонатыг “Тэнгэрлиг уйсал” гэсэн ангилалд оруулсан юм даа.

“Хөгжмийн зохиол нь өөрөө төгс төгөлдөр биш юм бол яагаад тийм олон төгөлдөр хуурч түүгээр нь өөрийгөө сорих гэж зүтгэцгээдэг юм бэ?”

“Сайхан асуулт,” гэж Ошима хэлээд хөгжмийн аяс намсахтай зэрэгцэн хэсэг азнав. “Надад нэг их тайлбарлаад байх зүйл алга л даа. Гэхдээ нэг юм хэлж чадах байна. Тодорхой хэсэгтээ учир дутагдалтай бүтээлүүд их олон шалтгаанаар бусдын сэтгэлийг татаад байдаг шиг байгаа юм. Үгүй ядаж л тодорхой хэв маягийн хүмүүсийг татна. Яг л чиний Соосэкигийн “Уурхайчин”-д татагддагтай адилхан шүү дээ. Түүний хамгийн ихээр алдаршсан роман болох Кокоро эсвэл Санширогоос нь илүүтэй чамайг татах ямар нэгэн юм тэнд байнаа даа. Тэндээс чи зүрх сэтгэлийг чинь эзэмдэх ямар нэгэн юм нээсэн хэрэг. Магадгүй бид тэр зохиол чамайг нээж гэж ярих нь зөв байх. Шубертын D мажор дээрх сонат түүнтэй чинь ялгаагүй.”

Ошимаг ингэж өчихөд би “Асуултандаа эргээд ороход, та яагаад заавал Шубертын сонатуудыг сонсдог юм? Ялангуяа жолоо барьж байхдаа?” гэж шалгаалаа.

“Хэрвээ чи Шубертын сонетуудыг, ялангуяа үүнийг яг тэр чигээр нь тоглож орхивол тэр чинь урлаг болж чадахгүй. Шуманнын цохон тэмдэглэсэнчлэн энэ сонат хэтэрхий урт, хэтэрхий хөдөөлөг, техникийн хувьд ч дэндүү хялбарчлагдсан эд шүү дээ. Шууд тэр чигээр нь тогловол нэг л хөггүй, амтгүй, тоосонд дарагдсан эртний эдлэл шиг эд. Тийм болохоор үүнийг тоглосон төгөлдөр хуурч бүхэн өөрийнхөө онцлогийг харуулсан ямар нэгэн зүйл нэмж хачирласан байдаг юм. Яг үүн шиг — яаж тодотгож байгааг нь сонсов уу? Рубато нэмж байгаа биз. Ахлам, гишгэдэл, юу байдаг юм тэр бүхнийг нь таацуулаад л. Ингэхгүйгээр үүнийг бүхэлд нь тоглоно гэж байхгүй. Гэхдээ болгоомжтой хандахгүй бол хачир нь хэтэрчихвэл үндсэн зохиолынхоо эрхэм сайхныг баллаж орхино. Тэгвэл юун Шубертын хөгжим манатай юм болно шүү дээ. Шубертын D мажор дээрх сонатыг тоглож буй төгөлдөр хуурч бүр яг ийм зөрчилтэй нүүр тулдаг юм.”

Тэр хөгжмөө чагнан аялгууг нь даган аялж байснаа яриагаа цааш үргэлжлүүллээ.

“Тийм болохоор би жолоо барьж явахдаа Шубертыг сонсох дуртай байдаг юм. Түрүүн хэлсэнчлэн зохиол нь бүхэлдээ төгс биш учраас тэр л дээ. Хамгийн тэнэг нь, урлагийн төгс биш байдал ухамсарыг чинь өдөөж, сэрэмжийг чинь сэрээж өгдөг юм. Хэрвээ би жолоо барьж явахдаа ямар нэг өгүүлшгүй төгс зохиолын төгс тоглолтыг сонсох юм бол нүдээ анин мансуурч яваад тэр дороо үхэх байлгүй. Харин D мажорыг сонсож байхдаа би хүний чадвар чадамжийн хил хязгаарыг мэдэрч, тодорхой төгс төгөлдөр гээч нь зөвхөн төгс бусын хязгааргүй хуримтлалаас биелдэгийг ойлгох шиг болдог юм. Тэгээд мэдээж, хувь хүнийхээ хувьд урам зориг олно. Намайг юу яриад байгааг чи ойлгож байна уу?”
“Алдаг оног.” …


Орчуулсан Б.Баясгалан

No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд