Saturday, July 21, 2018

ЭНЭ МИНИЙ "ЭДГЭРЭЛ"

Яруу шүлгээс илүү зузаан роман сэтгэлийг минь дэнсэлгэн татдаг. Хүний авьяасыг өөрөөс нь хүнийшүүлж, илүү бүтээлчээр ажиллахыг шаарддаг болохоор тэр. Харин шүлэг миний хувьд илэрхийлэл болохоос эрэлхийлэл биш. Наминчлал болохоос тунхаглал биш. Тайтгарал болохоос ялалт биш. Чухам тиймдээ л анхны шүлгийн түүврээсээ даруй есөн жилийн дараа, өөрт байгаа бүх шүлгээ эмхлэн хэвлэсэн минь нэг ийм нимгэхэн ном болж таны урд дэлгэгдлээ.
Хорин насанд бол хорвоог яруу найраггүйгээр туулахгүй мэт сэтгэж явлаа. Гуч хүрээд л хүмүүс авьяас нь дундрахаараа (яагаад ч тэгж бодсон юм) хүүрнэл зохиолоор хөөцөлдөөд эхлэдэг, харин чи тэгж болохгүй шүү, шүлэгтээ л үнэнч үлдэнэ шүү гэж өөртөө байн байн сануулдаг байв. Тэгж хөөрч явахдаа нэг ном хэвлүүлээд амжсан ч барагтайхан хавтас, алдаа мадагтай өрөлт, хайнгадуу хэвлэлтээс нь ичихдээ дэлгүүрт сар болгоод л хайрцаглаад тагтан дээрээ хураачихаж билээ.
Эхний номон дээрээ тэгж бүдэрсэн хүн удаах номын тухай бодох ч дургүй байлаа. Харин дараагийн түүвэр чинь хэзээ вэ гэж байнга шавдуулдаг хүмүүсийн нэг нь яруу найрагч дүү Д.Нямдорж байв. Баахан гунигтай шүлэг бичиж хэдэн жил явсны эцэст жаргалтай гэр бүл зохиогоод жаахан байрших аядаад ирсэн намайг охиноо хүлээн хөл хүнд байхад Нямка маань Хойд америкт оюутан байлаа. Энэ хүн ингээд л “тайвширчихна” гэж санаа зовсон уу, эсвэл эр нөхөр нь ямар ч хүн билээ, элдэв шүлгээ чөлөөтэй хэвлүүлэхийг нь зөвшөөрөө ч үү, үгүй ч үү гэж хаширласан уу, нэг өдөр дүү маань над руу оюутны жаахан стипент магадгүй ажлын багахан хөлсөөсөө илүүчилж байгаад 300 доллар шилжүүлчихсэн байж билээ. Номоо гарга гэж. Нямкагийн минь тэр холоос илгээсэн мөнгө шүлгийн түүвэр болж уншигчдад хүрэхээсээ өмнө хөөрхөн хөөрхөн зурагтай дулаахан живх болж охиныг минь олон сар тарвалзуулсан даа.

Танд хүрч буй энэ номд энэ мэтчилэн олон хүний сэтгэл, зүтгэл, нөмөр, нэмэр орсон билээ. Хамгийн түрүүнд Д.Нямдорж дүүгийнхээ халуун сэтгэлд баярлаж явдаг аа. Ер Нямкадаа тийм нэг сэтгэлийн өртэй үлдээгүйсэн бол энэ түүврийг эмхлээд суухгүй ч байж мэдэх. Англи хэл рүү хөрвүүлсэн шүлгүүдийг минь ариутган шүүсэн ноён Эндре Тот, эрхэм найз Т.Бэхцэцэг нарт гүнээ талархая. Испани хэл рүү шүлгүүдийг минь гайхам сайхан хөрвүүлсэн ноён Омар Перезийг бахдая. Гунигтай голдуу хэдэн шүлэг маань танд нартай өдөр мартагдаж, бүрхэг өдөр санагдаж л байвал тавилангаараа болж буй нь тэр ээ.
Б.Баясгалан

***
Хурууны минь үзүүрээс уяатай алтан утасны
Хурмаст руу цойлсон нөгөө үзүүрээс чи атган суугаа.
Би итгэдэг, энэ орчлонд
Биднийг холбосон ямар нэгэн шижим бий гэдэгт.
Хуруугаараа би тэнгэрээс дүүжигнээд
Нуруугаа амьдрал руу харуулчихаад агаарт хөвөөд л байгаа
Бодит амьдралдаа эргэн ирээч гэсэн
Богинохон үгтэй захидлууд надад ирээд л байгаа
Би итгэдэг энэ амьдралд
Бидэнд зориулсан ямар нэгэн орон зай бий гэдэгт.
Галт тэрэгнүүд урдаа тийм урт шат тавьчихаад
Газар дээгүүрээ л мөлхөөд байхаар заримдаа би цухалддаг ч
Үүл болоод нар, тэдний дэргэд чи минь байхад
Өчүүхэн төдий салхи дэгдэхэд л хөөрч чадах юм шиг санагддаг.
Тэгээд л би ямагт инээж, дээшээ ширтэж
Тэндээс чи гараан сунгаж, намайг татаад л авах өдрийг
Тэсгэлгүй ихээр хүлээж, хүлээн хүлээхдээ
Тэнгэр болоод газрын хооронд
Тэгийн төдий ч зай үгүй дээ гэж боддог...
Би итгэдэг, энэ орчлонд
Бидэнд зориулаагүй ямар ч зүйл үгүй гэдэгт...
2009.12.18

***
Тэсч туулна л гэж эхэлсэн бидний замд
Тэгсгээд чиний гэрэл бөхчихлөө.
Үлээгээд чамайг хөөргөддөг
Үгдэрсэн салхи ч цээжинд намжчихлаа.
Харанхуйд чиний тухай бодох
Хар нүд, инээмсэглэлийг чинь харах
Хачин байлаа.
Барьцгүй хийсгэлэн тэр сэтгэлээс
Барьж зогссоноо мэдэхээс
Хоосон агаарт тогтоод
Хоёулаа алхсан гэж бодохоос
Нүд сохлом их гэрлийн дунд
Нүүр нүүрнээсээ бусдыг харахгүй байснаа санахаас
Аймшигтай байтал,
Итгэмээргүй байтал
Ашгүй чиний гэрэл бөхчихлөө.

***
Амьдрахыг үнэнхүү хүссэн ахын минь нүдийг
Алгаараа дарж байгаад мандсан энэ өдрийн нар...
Хорвоогийн бэртэгчин өдрүүдэд хоргодож үлдэхдээ
Хол замын дууг үүд үүдэндээ гөвөөд орох бидэн...
Орой нь гунигтай сууж хоёр нэгийг бодолхийлнэм.
Оршуулгын дуун яруухан, амьдрал минь ягуухан...
Хүнийрхэж явсан өдрүүдэд зам гэдэг олон.
Хүрзний дуу ноёлох цагт жам гэдэг ганц.
Модод найгана
Одод гялалзана
Монголоор шивнэсэн хагацлын үгс
Огторгуйд тулаад сарнина...


1 comment:

  1. wow ойрд шүлэгнээс дөжирчихсөн байсан юм. энэ гэхдээ өөр байна. номыг чинь заавал авж уншинаа

    ReplyDelete

Их уншсан нийтлэлүүд