Sunday, March 31, 2019

GLAMOUR

Хаан банкны урилгаар эмэгтэйчүүдийн бизнес санаачлагыг дэмжих "Glamour" төслийнх нь контентэд Тагтаа Паблишингийн үүсгэн байгуулагчдын хувиар найз, орчуулагч Ж.Тэгшзаяагийн хамтаар өөрсдийн бизнесийн түүх, үзэл бодлоо хуваалцлаа. 



Wednesday, March 6, 2019

Interview: On the Map

Америкт, Айовагийн их сургуулийн Олон улсын зохиолчдын хөтөлбөрт байхдаа тус хөтөлбөрийн байр Шамбау хауст, Олон улсын зохиолчдын хөтөлбөрйн зохицуулагч, Айовагийн их сургуулийн багш Наташа Дуровиковад өгсөн нэг ийм ярилцлага байна. Айовагийн номын яармагийн үеэр болсон нэг уран зохиолын хэлэлцүүлгэд илтгэгчээр суучихаад шууд бороон дундуур ус туучиж гүйсээр байгаад ирж өгсөн ярилцлага юм. Дуртай номоо авч очих ёстой гэхээс өөр ойлголтгүй гүйж очсон болохоор гэнэтийн асуултуудад жаахан тулгамдсан юм бий. БАс бороонд хамаг будаг нь урсаад нүүр нь гялайгаад гоё болжээ, яахав дурсгалтай. Хөл харуулсан бол усны гуталтай сууж байгаа. :)


Tuesday, March 5, 2019

ҮЛДЭХ ҮГ ПОДКАСТ: Г.АЮУРЗАНА "СҮНСНИЙХЭЭ ТОМЬЁОГ БЭДРЭХҮЙ"

Гун-Аажавын Аюурзана хэмээх эл эрхэмийн хэргэм цол, хийсэн бүтээснийг нуршин танилцуулах нь илүүц биз ээ. Бид бүгд түүнийг танина, хийсэн бүтээснээр нь. Зохиолчийн шинэхэн роман "Сүнсний томьёо" нэрээр хэвлэгдэн уншигчдынхаа гарт очоод удаагүй байна. Тиймээс бид зохиолчийг подкаст ярилцлагадаа урьж, шинэхэн романых нь талаар ярилцахыг хүслээ. Гэвч бидний яриа шинэ романаас хальж, бусад уран бүтээлийнх нь талаар, уран зохиол, уран бүтээлийн хөдөлмөрийн талаар, монголчуудын туулсан түүх,  ер монгол хүн байхуйн тухай дэлгэр сайхан хөөрөлдөөн болсон юм. Г.Аюурзана зохиолчийн үнэнч уншигчид, шинэ ном бүрийг нь анаж хүлээж байгаад авч уншдаг шүтэн бишрэгчдэд нь сайхан бэлэг болж буйд итгэлтэй байна. Мөнхүү зохиолчийн ярицлагаас гол санаануудыг түүвэрлэн дор текст хэлбэрээр хамтаргав.

 "ҮЛДЭХ ҮГ" ПОДКАСТ


1. Монгол үндэстний хуваагдал, хэлмэгдлийн тухай
Колоничлол гэдгийг зөвхөн барууныхан африкт юмуу, америкт л хэрэгжүүлж байсан зүйл гэхшүү ойлголтын дунд бид өссөн. Гэтэл жинхэнэ колоничлол яг хажууд, энүүхэн Буриадуудын түүхэнд ч байжээ гэдгийг мэдрэх их гашуун. Буриадууд өөрсдөө ч үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Монгол үндэстэн үнэхээр хуваагдаж сарнисан, тал талаасаа хазуулж залгиулсан юм байна аа гэдгийг харуулахын тулд “Бөөгийн домог”-оо бичсэн. Гэвч тэгээд орхичих нь хангалттай бус санагдсан. Буриадад л ийм эмгэнэл тохиолджээ гээд орхичих юм бол монгол үндэстний хамгийн том хэсэг яг одоо яаж хазуулж залгиулж буйг үл ойшоогоод орхисон мэт болчихно. Тиймээс залгаад “Шүгдэн”-г бичихээс өөр аргагүй болсон. Тэр зохиолыг бичих нь бараг миний үүрэг юм шиг санагдаж байлаа. Ингээд явахаар хүн хийж буй зүйлдээ бүр автчихдаг юм байна. Энэ хоёрыг биччихээд болчихлоо гэж бодтол Байгаль далайгаас Цагаан хэрэм хүртэлх монголчуудаа биччихсэн юм чинь Алтайгаас Хянган хүртэлх монголчуудынхаа тухай бас бичмээр санагдлаа.

Их уншсан нийтлэлүүд