Wednesday, September 20, 2017

БАТСУУРИЙН БАЯСГАЛАН: МАНАЙД УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛЫГ ҮНЭЛДЭГ ХҮН БАЙХГҮЙ


“Тагтаа”хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, зохиолч, орчуулагч Батсуурийн Баясгалантай хөөрөлдлөө. Шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцсэн “Аварга далавчтай өвгөн”, “Аз жаргалтай төгсгөлүүд”, "Хар захын гудамжны Спиноза" зэрэг олон сайхан бүтээлийг эх хэлнээ хөрвүүлсэн түүний үг манай уран зохиолын хүрээнийхний хувьд үнэ цэнтэй байх биз ээ. 



ЛХАГВАСҮРЭНГИЙН БАТЦЭНГЭЛ: Өөрөө өрнө, дорнын шилдэг өгүүллэгийн түүврүүд, Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн “Цас” роман зэрэг нэлээд зангарагтай бүтээлүүдийг монголчилсон дуун хөрвүүлэгч. Дэлхийн утга зохиолын чиг хандлагыг тэгэхээр нэлээд гадарлаж байгаа байх. Манай Монголын уран зохиол ямар төвшинд явж байгаа бол?

БАТСУУРИЙН БАЯСГАЛАН: Зохиол бичиж буй хүмүүсийн боловсрол, өөрсдийгөө боловсруулсан түвшин маш зөрүүтэй л дээ. Орчин үеийн зохиолчид маш их судалгаа хийж, цэгцтэй мэдлэг, мэдээллээр зохиолынхоо гол нурууг босгож бичдэг. Боловсорсон бичээчдийн зохиол хий багатай, олон өнцөгтэй, гаргалгаа сайтай, уншигчдад нэг талын бус маш олон талын эргэцүүлэл төрүүлэх чадвартай байдаг. Сайн торго шиг нэхээс нь чигжүү бичлэгтэй зохиолууд зохиолчийнхоо авьяасаас гадна өөрсдийгөө зохиолч болгож боловсруулсан нөр их хөдөлмөрийг бэлхнээ харуулж байдаг. Би нэг их уншаагүй л дээ. Гэхдээ манай зохиолчдын бүтээл мөнөөх торгонуудын хажууд загасны тор шиг нэхээс нь өм цөм, цоорхой ихтэй санагддаг. Байгалиас заяасан авьяасдаа голдуу найдаж, оочин цоочин сонссон юмсаа мухар сүсгийн чанартай бодролуудаар голдуу гөрдөж томсон бичлэгүүд олон таардаг. Мэдээж би бүгдийг нь тэгж муулахгүй. Нийтлэг анзаарагдаж буй зүйлсийг л хэлж байна. Жишээ нь, хөгжмийн зохиолч болохын тулд зөвхөн сонсголтой байгаад л болчихгүй. Том том дуурь, романс, симфони бичихийн тулд заавал мэргэжлийн хөгжмийн сургуульд академик боловсрол эзэмшсэн байх ёстой шүү дээ. Уран зохиолын хөдөлмөр ч бас үүнтэй адил. Гэтэл манайд уран зохиолын боловсролыг үнэлдэг нэг ч хүн байдаггүй. Их сургуулиудад нь мэргэжлийн туурвилч бэлддэг анги байхгүй мөртлөө мэргэжлийн шүүмжлэгчдийг жил бүр хэдэн арваар нь төгсгөдөг. Шүүмжлэгчдээ л мэргэжүүлвэл бүтээгчид нь заяа, заваг хоёроороо болно биз гэсэн хандлагатай байдаг юм шиг. Мэргэжлийн шүүмжлэгчид нь сонирхогчдын бүтээлийг мэргэжлийн үүднээс шүүх юм байх. Би энэ тогтолцоог нь ер ойлгодоггүй л дээ. Энэ мэтээс авахуулаад бидэнд хоцрогдох шалтгаан бишгүй бий санагддаг.

Л.Б: Яруу найргийн хувьд ямаршуухан байх шиг байна?

Б.Б: Яруу найраг хүүрнэл зохиолоос өөр шүү дээ. Ёстой авьяас, мэдрэмж нь хөтөлдөг урлаг байх. Манайхны шүлгүүд сайхан л санагддаг. Зарим талаар илүү ч юм шиг. Илүү санагдаж байгаа нь тухайн шүлгийг би төрөлх хэлээрээ хүртэж буйд байгаа байх.

Л.Б:Сүүлийн үед ямар бүтээлүүд орчуулж байна?

Б.Б:Дэлхийн шинэ үеийн уран зохиолын өнгө төрх, чиг хандлага, шинээр гарч ирж буй авьяаслаг зохиолчидтой уншигчдаа танилцуулах санаатай нэг өгүүллэгийн түүвэр эмхэтгэн орчуулж байна. Дотроо постмодерн эрин үеийнхэн, нэн шинэ үеийнхэн гэсэн хоёр хэсэгтэй. Постмодерн эрин үеийнхэн дотор дэлхийд аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдчихсөн ч манайд төдийлөн танил бус зохиолчид, нэн шинэ үеийнхэн дотор нь дэлхийд цоо шинээр гарч ирж буй, манайд бол бүр огт дуулдаж байгаагүй зохиолчдын шилдэг өгүүллэгүүд орж буй юм. Монгол уншигчдын чихэнд олон шинэ нэр хоногшуулж, хоцорч уншиж буй цаг хугацааг нь нэлээн сайн дөтлүүлчих түүвэр болох байх. Дараа нь Италийн зохиолч Умберто Экогийн “Сарнайн нэр” романыг уншигчдадаа хүргэнэ.

Friday, September 8, 2017

ХҮН ТӨРӨЛД ТЭНЦЭХГҮЙ

“Би их ичгүүр сонжуургүй амьдрал туулжээ. Жир хүний амьдралаар амьдарсан бол бүр ямар байх байсныг төсөөлж ч чадахгүй нь.” Ингэж бичихдээ манай баатар өөрийгөө жир хүн бус, ер нь хүн ч бус…, хөл алдаад хүний ертөнцөд ирчихсэн сахиусан тэнгэрт тооцож байсан бололтой. Нэгэн бүсгүйн хамтаар амиа егүүтгэж…, цогцос нь Токиогийн ус зайлуулах сувгийн дэргэдээс олдохын өмнөхөн хэвлүүлсэн хоёр романы нэг нь “Баяртай”, нөгөө нь “Хүн төрөлд тэнцэхгүй нь”. Энэ бол 1948 он.
Япон орон Номхон далайн дайны хөлд /1941-1945/ бүхэлдээ цөхөрч туйлдаад байлаа. Дайны гашуун утаан дунд залуу нас нь уугьж өнгөрсөн нэгэн үеийг “Алдагдсан үеийнхэн” гэнэ. Алдагдсан үеийнхэн шаралхуу, ууртай ч зориг зүрх муутай, хүсэл мөрөөдөл нь мохсон ч хүлээмтгий, шинэ хуучны зөрчил дунд ёс суртахууны уналтанд орсон, түүндээ ямар нэг зөвтгөл хайсан, товчхондоо бол хуучин үнэлэмж, үнэ цэн бүхэн нь нуран унаснаас барих барьцгүй болж хөл алдсан тийм л хүмүүс байлаа. Дайны дараах японы утга зохиолд алдагдсан үеийнхний дуу хоолой үлэмж хүчтэй тусчээ. Ясунари Кавабата, Жуничиро Танизаки, Эдогава Рампо, Масужи Ибүзэ, Фумико Хаяаши, Шусаки Эндо, Рёотаро Шиба, Кобо Абэ, Юкио Мишима гээд ид бүтээн туурвих нас нь дайны хүнд жилүүдийг дайран өнгөрсөн зохиолчдын уран бүтээлээс уламжлалт нийгмийнхээ үнэт зүйлс болоод өрнийн соёлын түрэлтэн дунд хавчуулагдсан, зөрчилтэй, тэвдэнгүй, уламжлалаа хадгалах гэж оролдсон, шинэ зүйлс турших гэж адгасан зүсэн зүйлийн өнгө аяс маш тод анзаарагддаг. Манай баатар бол японы уран зохиолын яг энэ үеийн хамгийн том төлөөлөл билээ.
Шүжи Цушима 1909 оны зургадугаар сарын 19-нд Японы хойд хязгаарын Аомори мужийн нэгэн бөглүү тосгонд нутгийн хамгийн чинээлэг түшмэлийн 10 дахь хүүхэд болон мэндэлжээ. Аав нь эзэн хааны итгэлт түшмэл байсан тул гэртээ бараг тогтохгүй, сав л хийвэл нийслэлийг зорьж уртын албанд сууна. Харин ижий нь 11 хүүхэд төрүүлж, бие нь ихэд дордсоноос хүүхдүүдээ асарч тойлох бүхий л ажлыг гэрийн үйлчлэгчдэдээ даатгасан хэвтрийн шахам хүн байв. 1917 онд Орост Октъябрын хувьсгал ялж, шинэ дэлхийн үзэл санааны индэр дээр Марксизм ялалтын тугаа намируулж байх үед угсаа залгамжилсан чинээлэг иргэний хүү Цушима хэтэрхий баян, хэтэрхий хүйтэн гэр бүлээсээ жигшиж, шороо тоосонд хутгалдсан ч инээд хөөрөөр дүүрэн ядуу тариачдын хүүхдүүдэд сэмхэн атаархан өсч байлаа. Тэр өөрийгөө ядуу тариачны хүүхэд байсан ч болоосой гэсэн бодолдоо заримдаа гүн итгэхээрээ “Би үнэхээр энэ айлын хүүхэд мөн үү? Ядуу айлаас үрчлэгдсэн юм биш биз?” гэж үйлчлэгч эгч нараасаа шалгаана.

Их уншсан нийтлэлүүд