Thursday, June 29, 2017

Аниргүйн дундаас гэрэлтэгч Амарбуянт мину…

Намрын гандуу өвсөн оршихуйн тунгалагаар шаргалтана. Сэрүүн салхийг хөлөглөн хаа нэгтээгээс ирсэн арц хүжсийн нялуун боловч анхилам үнэр сэрэхүйн тунгалагшил бүрийг маань агшнаа бүчин авна. Амандаа зууж зогссон талын шар өвснөөс маань ч мөнөөх арц хүжсийн үнэр анхилан байх шиг. Зуун зууныг дамжсан эргэл мөргөлийн шүншигт энэ л аглагийн дунд хөл тавихуйяа “-Ёстой л амирлангуйн тунгалаг хязгаар юм даа…” хэмээн эрхгүйеэ нэг шүүрс алдмаар.
Засагтхан аймгийн Юн бэйсийн хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг дахь хөдөөх аглагын буйдад Амарбуянт хэмээх нэгэн хийд буй. Хүмүүс энэ нэрийг дуулаад ихэвчлэн “-Амарбаясгалант хийд үү?…” хэмээн лавлана. Монгол орны аглагхан буйдад ертөнцийн амар амгаланг бясалган агч энэ хийд зуун оны буурал түүхээ санаашрал мэт салхинд л шивнэдэг гэлтэй. Хэдийгээр энэ хийд хүн малын хөл тэр бүр очоод байж чадхааргүй төвөг саадтай холхид байх ч Амарбуянтыг зорих сүсэгтэн олны цуваа татарна гэж үгүй. Нутгийн зон олон замын бэдчээнд бүүвэйлэгдсээр шүтээндээ ирж мөргөн, сэтгэлээ ариусгаад буцахдаа… энэ л мөргөлийн газрын ер бусын далд шидтэй гэмээр амьд оршихуйг нь ам дамжуулан хуучилсаар одно. Итгэл бишрэлийн алтанхан зулын гэрэл ийн үргэлжлэхүй Амарбуянт… ер урьдын хэвээр л… амгалан шидийг олсон даяанч лугаа алсын газраас ч дүнхийн цайвалзсаар.
Тус хийд 1650-аад оны үест анхлан Манжийн хааны зарлиг, дэмжлэгээр байгуулагджээ. Тухайн үедээ Амарбуянт байнгын 1500 илүү лам хуврагатайгаар хурал номоо бясалгадаг байж. Гэвч 1937 оны их хэлмэгдүүлэлтийн шуурга аглаг буйдын энэ хийдийг ч тойрсонгүй. Хэлмэгдүүлэлтийн хэрцгий гар Амарбуянтын бүхий л бурхан шүтээнийг нь устгаж, сүм дуганыг нь нурааж орхиод, лам хуврагуудыг нь барьж, хорьсон гэдэг. Гэхдээ тэр цагт буу агссан бурангуй цэргүүд шаагилдан ирэхэд бурхан шүтээнийхээ мэлмийг бурангуйн цусаар будахгүйн тулд эндэхийн лам нар үг дуугүй бууж өгсөн ажээ. Өөрөөр хэлбэл Амарбуянт хэлмэгдүүлэлтийн зэвэргэн жилүүдэд цус үзээгүй цорын ганц хийд ч байж болох юм. Хожим, 1932–1933 оны хооронд эл хийдэд шавилан сууж асан Сурмаажав нэрт лам цагийн дулаан салхи сэвэлзэж эхэлсэн 90-ээд оноос сүм хийдээ сэргээх ажлыг санаачлан, зүтгэсээр энэ хийд 60 гаруй ламтайгаар ахин үйл ажиллагаагаа нээжээ. Түүнээс хойш аниргүйн энэ л цэнхэр хязгаараас арц хүжийн анхил үнэр замхран сарнисан удаагүй...

Амарбуянт хийдийн ойрхи орчмыг “Хүрээний хонхор хэмээн нэрийддэг нь бас их учиртай. Уг хийдэд шавилан сууж байгаад шашны ухаанд суралцахаар алс одсон нэгэн ламыг эргэн ирэхэд нь “-Нутгаа санав уу?” гэж хэн нэг нь асуужээ. Ламтан хариуд нь “-Үгүй ээ. Харин Хүрээний хонхор… сайрын хэдэн бор чулуу л нүдэнд үзэгдээд байдаг юм” хэмээсэн гэдэг. Эл хийд говийн хөх уулсаар хүрээлүүлсэн хонхор газар оршино. Унаатай хүмүүс эгцхэн явсаар гэнэт л мөнөөх хийдрүү тонгойгоод орчихдог хөмөг газар тул тийн “Хүрээний хонхор” хэмээн нэрийджээ. Хийдийн зүүн урд зүгт мушгиран тогтсон урт дэнжийг нутгийнхан аврага могойн шинжтэй хэмээн ярилцана. Харин уг дэнжийн баруун хойхно орших овоо бүхий толгойг “Заан толгой” хэмээн залбиран сүслэнэ. Басхүү Амарбуянт хийдийн зүүн хойдод оршигч Тэвшийн овоог нутгийнхан нь барын шинжтэй овоо хэмээн бахархана. Түүний дээхэнтээ зүмбэрлэх Хуврагын овоог харин нутгийн зон олон нь Арслангийн шинжтэй уул хэмээн ам дамжин хуучилна. Ийнхүү Амарбуянт хийд амгалангийн гэрэлт оршихуйгаа орчлонгийн дөрвөн их хүчтэнээр онцгойлон хамгаалуулсан нь энээ… Өглөөний маналаар номын гэгээтэй золгох хийдийн ойрхи хонхоруудаар нурж эвдэрсэн шавран хашаа, байшингууд элбэг тохиолдох нь эртний их суурингийн ул мөр, туурийг эрхгүй илтгэнэ. Арга ч байж уу дээ… Он цагийн будангуйн дундаас бууралтан тодрох хийдийн туурь юу эсийг хадгалж үлдээ билээ… Хуучин хийдийн туурь, лам нарын гал тогооны яндангийн үлдэц, шороо, элс шавраас сүсэгтэн олон ихэд дээдлэн… дээжлэн авч харагдах нь элбэг. Учир нь олон мянган лам хуврагын цай, цавын дээжийг буцалган хөөргөгч шавар пийшин, хөх галын утаа залгисан өндөр яндангууд, сүмийг тойрсон хашааны туурь зэрэгт их номтой, гэгээнтнүүдийн рид хувилгааны увьдас одоо ч шингээстэй буй гэдэгт сүсэгтэн олон итгэн дээдэлдэг гэнэ.






Буйд аглагын энэ хийд зүүн урд талдаа нэгэн ундны худагтай. Рашаан булгийн зуун найман эхээс ундрагатай хэмээгдэх эл худгийн усанд гэдэс ходоодны үрэвслээс эхлээд л гэтэлгэж анагаахгүй өвчин гэж үгүй. Гийчин мөргөлчдөө тосон авч, хийдийнхээ дэг жаягийг танилцуулахдаа бүсгүй хүн тэр л худагт ойртож болохгүйн учрыг заавал сануулдаг нь эндэхийн ёс. Учир юун хэмээвээс… Дээрхийн гэгээнтэн 13-р далай лам Монголд ирэхдээ анхлан Амарбуянтын хийдэд аяны дөрөө мулталжээ. Энэ үеэр гийчин мөргөлчдийн хөлд дарагдсан хийдийн ариун усан гэнэтхэн л саваа дундраан татарсан гэдэг. Хомтой тэмээ дотор нь уначихаад хөвөн эргэлдэж байсан гэж яригддаг их ундрагатай худгаа тийн голоо таслахад хэн бүхэн л гайхан мэгдэж дээ. Тэгээд ёроолыг нь шүүвээс эм хүний гэзэгний даруулга гарсан гэдэг. Мөнөөхөн даруулгыг авч орхивоос л худгийн усан хувингаа дүүргэн цутгажээ. Тэр явдалаас хойш хийдийн лам хуврагууд догшин сахиуст рашаан усандаа бүсгүй хүн ойртуулахыг цээрлэсэн гэнэ билээ… Амарбуянт хийдийн хашаан дотор мөн 108 лам хуврагын манз цавны томооохон тогоо байх. Ойролцоогоор 1 тонн усны багтаамжтай гэгдэх есөн эрдэнээр чимэглэгдсэн эл тогоо өдгөө он цагийн түүчээнд элэгдэж нимгэрсээр зарим хэсгээрээ хагарч цавтсан харагдана.
Хийдийн дотор лам хуврагууд хийгээд сүсэгтэн олны хүндэтгэл шүтээн болсон нэгэн том сэлэм буй. Энэ сэлэм болвоос уг хийдийн анхны гэгээнтэн гэгддэг Дугар зайсангийн сэлэм юм. Дугар зайсан гэж хэн болох, мөнхүү түүний сэлмээр дамжуулан ямархан сонинг хүүрнэн ярилцдагыг сонирхлоо. Түвд газар Гүүш хаан нэрээр ихэд алдаршсан Дугар зайсан болвоос эл хийдээс төрсөн рид хувилгаан билээ л. Буддын шашин дотроо дөрвөн урсгалтай. Эрт цагт Түвд орноо эл шашны дөрвөн урсгал хоорондоо харшилдан тэмцэлдэх хэрэг гарах болж, Сажавагийн урсгалын лам нар нь Гэлүгвагийн лам нартаа хараал жатга хийх нь гаарч ахул Дээрхийн гэгээнтэн ч эл хэцүү тэмцэлдээнийг дарж эс чадсан гэдэг. Аргаа барсан Далай лам Алтангэрэл судрыг нэгэн хүнд тэврүүлэн Ар халхруу явуулахдаа “-Ар халхад ороод наад судраа өгмөөр санагдсан хүндээ л өгчихөөрөй!” хэмээжээ. Өнөөх хүн ч гэгээнтний хэлсэн ёсоор явсаар Ар халхын баруунтаа ирээд нэгэн айлд орвол хөгшин эхтэйгээ хоёулханаа амьдардаг хижээл эр байв гэнэ. Цайлаад гартал өнөөх судраа яагаад ч юм хижээл эрд өгмөөр санагдаж. Хижээл эр судрыг дуугүйхэн дэлгэснээ “Жаа мэдлээ. Араас чинь очноо” хэмээжээ. Ингээд ар халхаас хараал жатга дардаг аюумшигт шидтэй рид хувилгаан айсуй сургаар Түвдийн хараалч лам нар ч ихэд сандарчээ. Нэг л өдөр өнөөх хижээл эр цагаан тэмээ унаад цахилж айсуйг нь харсан Сажаваагийн лам нар өмнөөс нь хараалын ном уншиж мөндрөөр ниргэжээ. Чингэхүл мөнөөх эр тохшоо буруу харуулан тохоод явав гэнэ. Хараалч лам нар мэргэлж үзээд буруу харсан тохоштой тэмээг “-буцаж яваа нь энэ буй за” хэмээн тайлаад санаа амар суув гэнэ. Тийн байтал мөнөөх цагаан тэмээт хувилгаан тэдэн дээр гэнэтхэн бууж, хараалч лам нарын бүгдийнх нь хар хэлийг хурц сэлмийнхээ ирээр тасар татан хаясан гэдэг. Ийнхүү Дугар зайсан Түвд орноо Гүүш хаан хэмээн алдарсан ба үнэнд улаач түүний сэлмээс үеийн үед адис авах сүсэгтэн олны эргэл мөргөл тасрана гэж үгүй ажээ. Одоогоос хоёр жилийн өмнө эл нутгаас хувилгаан Дугарын 8 дахь дүр тодорсон нь сүсэгтэн олны итгэл бишрэлийн зулыг бурханы ариун мутраар дохин бардаасан хэрэг болжээ. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харъяат, жирийн малчин ардын гэрээс төрсөн эл гэгээнтнийг Балчиндорж хэмээх бөгөөд номын гэрлээ нэмэхээр Энэтхэг орноо одсон даруйдаа авсан хувилгаан нэр нь Дэнзэнчойжийнямаа бүлгээ… Сүсэгтэн олны хүсэлтээр Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам, Монголын бурхан шашны тэргүүн гэгддэг 9-р Богд Жавзандамба /Одоо Энэтхэгт буй/ нар эл гэгээнтнийг тодруулсан гэдэг. Тэрээр өдгөө өмнөд Энэтхэгийн Гомбо дацанд шавилан сууж буй.
Ийнхүү хулан, хавтгай, цагаан зээрийн сүрэг зэрэглээн дундаас нь бидэртэн цахилах домогт Идрэнгийн нуруугаар баруун хаяагаа эмжсэн… дөрвөн хүчтэний дүрс бүхий уулсын хөмөг дэхь их хийдийн туурь үлгэрийн говийн гэрэлт асар болон холхи алсаас ч гийсээр… Баян-Өндөр, Баянцагаан, Шинэжинст сумдын сүсэгтэн олон хийдээс гаргадаг цаг тооны бичгээр аж төрөхийн мянган ухаан цогцлоон… эртнээс үе дамжин гэгээн дүр нь тодорсоор ирсэн догшин сахиуст Дугар зайсангийнхаа хурц сэлэмнээс адис хүртэж, хийдийн унаган тууринаас яндангийн шороо сүслэн өвөртөлж, мал сүрэгтээ өргөн… буян хишиг нь арвижхыг сэтгэл зүрхэндээ шүншиглэн залбирсаар байгаль эхийн хэвлийд наран саранг үдэн оршино. Гэгээнтний гэгээн мөр гэдэг ийм буюу
Шоголтой номоо барьсан шавь жаалуудын үрлэн инээд… ариун номын амирлангуй уншлага… ертөнцийн аглаг буйдын хэлийг хүмүүний зүрхнээ зөөгч хээрийн жижигхэн шувууд… хүрээний энэ л хонхорт юмс бүхэн эгшиг төгөлдөр, нам тайван… Шавар хашаануудын чөлөөгөөр өвс ногоо тарлантан үзэгдэхүйеэ үлэмжийн урт амьдарсан үлгэр мэт энэ л амар амгалан… хүүш сүүдэр болон биежихийг ажин зогсоод л баймаар. Говийн ганц айл тэртээ алсад бөртийх… Замын жолооч нар тэнд бууж цангаа тайлангаа… ороодог тамхиныхаа утааг арц хүж мэт уугиулж орхиод, хээ шаагүйхэн эгэл амьдралыг дуулан дуулан зам хөөн одох мэт ариуслын мянган хүжис хийдийн хонхорт үргэлжид анхилна… Орчлонгийн чимээнээс холхид… номын утгыг бясалган суугч Амарбуянт хийдээ…
/МҮОНРТ-д 2008-2009 оны хооронд ажиллахдаа хийж байсан нэвтрүүлгүүдийн маань нэгнийх нь хар текст. Энэ нэвтрүүлгийг тэр үедээ бол дадлагын оюутан, одоо бол туршлагатай сэтгүүлч Жарантайн Мядагбадамтай хамтран бичүүлж байв. Миний үг гэхээс Мядагаагийн үг илүү давамгайлсан болов уу./

No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд