Friday, June 30, 2017

Энэ цаг үе хэдэн орчуулагчаа нэвсийтэл дагуулаад ирсэн байлгүй дээ


Үндэсний шуудан” сонины 2015 оны Дөрөвдүгээр сарын 15-нд сэтгүүлч Б.Ууганбаярт өгсөн ярилцлагаа энд тавилаа. 

Аядуу зөөлөн дуу хоолой, дөлгөөн харц, дулаахан төрхтэй бүсгүй гэж түүнийг тогтож харсан хүн тодорхойлохоор. Харин царай төрхийг огт хараагүй уран бүтээл, яруу найраг, орчуулгын өгүүллэгийг нь уншсан хүн бол эрс тэрс, хурц үгсийг нь уншаад их л шийдэмгүй, хатуу хүн гэж бодмоор. Ийм л эрс тэрс, зөрчлийг илэрхийлэх өөрийн гэсэн өнгө аястай сайхан шүлгүүдтэй, “Аз жаргалтай төгсгөлүүд” /2013/, “Аварга том далавчтай өвгөн” /2014/ Өрнө, Дорнын шилмэл өгүүллэгийн түүврийн орчуулагч, яруу найрагч Алтан Харуул овогт Батсуурийн Баясгалан хэмээх эгэл даруу, хөдөлмөрч бүсгүйтэй утга зохиол тухай болоод түүний дотоод ертөнцтэй нь “танилцах”-аар ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.

Сайхан яруу найрагч, сайн орчуулагч гэсэн тодотголтойгоор таны алдрыг олонтаа сонсч байсан. Хувь хүнийхээ хувьд Баясгалан гэж хэн бэ гэдгийг та манай уншигчдад юуны өмнө танилцуулахгүй юу?

Оюутан үед намайг шүлэг бичдэг охин гэдэг байсан бол одоо орчуулагч гэж их дууддаг болсон байна. Гэхдээ шүлэгч, орчуулагч гэх тодотгол миний зөвхөн нэг талыг тодорхойлох тул ингэж дуудуулмааргүй санагддаг. Зүгээр л Батсуурийн Баясгалан. Эсвэл Говь-Алтай аймгийн Бугат сумын охин гэдэг ч юм уу, нутаг усаараа овоглох сайхан ч юм шиг. Би Говь –Алтай аймгийн Бугат суманд 1986 онд төрсөн. Алтай хотод арван жилээ төгсөөд, МУИС-д элсч Улс Төр судлаач мэргэжлээр төгссөн. Утга зохиолын мэргэжлийн хүн бол биш. Багаасаа шүлэг бичиж, энэ хүсэл, сонирхолдоо хийж буй бүхнээ хандуулж ирсэн.

Шүлэг, яруу найраг, утга зохиол яагаад тухайн үед тэр жаахан охины зүрх сэтгэлийг татаж, өдийг хүртэл энд “уяад” байгаа юм бол?

Би сургуульд орохоосоо өмнө, зургаан настайдаа бичиг үсэг сурчихсан байсан. Нэгдүгээр ангид ортол, хүүхдүүд “А, Б, В…” гээд самбар дээр заалгаж байхад хийх юмгүй би хойхно суугаад цаас эрээчин элдэв зүйл зураад суудаг байснаа сүүлдээ уйдаад ирэхээр нь мөр холбож эхэлсэн шиг санадаг. Би ер нь багаасаа л шүлэг бичиж эхэлсэн. Шүлэг бичиж эхэлсэн гэдэг чинь л энэ салбарт уяатай байх хангалттай шалтгаан болчихож байгаа юм. Хүнээр шүлэг хэлүүлнэ, бичүүлнэ гэдэг бурхан тэнгэрийн зараал юм уу, эсвэл байгалийн өгөгдөл ч юм уу гэдгийг би сайн мэдэхгүй шүү дээ. Яг ямар учраас, ямар сэдэл төрж шүлэг бичиж эхэлснээ бол мэддэггүй.

“Аз жаргалтай төгсгөлүүд” , “Аварга том далавчтай өвгөн” Өрнө, Дорнын шилмэл өгүүллэгийн түүврийг уншигчдын гар дээр хүргэсэн гэдгээр нь таныг андахгүй байх. Шүүмжлэгч, судлаачид нь энэ хоёр түүвэрт “Орчуулга, сонголт их сайн бүтээлүүд болсон” гэж ам сайтай байдаг юм билээ. Та ер нь яагаад анх орчуулга хийж эхэлсэн бэ?

"Аварга том далавчтай өвгөн" /2015/
Би орчинд нь очиж, тансаг байдалд англи хэл сураагүй хүн шүү дээ. Яалт ч үгүй, дуртай юм болохоороо ойлгохгүй ч гэсэн англи ном барьж суусаар байгаад нэг мэдэхэд уншчихдаг болсон байсан. Ном, шүлэг уншаад ирэхээр “Энэ ямар гоё шүлэг вэ” гэж дуу алдахад, эргэн тойрон надтай адил хүлээж авах хүмүүс байхгүй. Тиймээс энэ мэдрэмжээ бусадтай хуваалцах юмсан гэхдээ ганц, хоёр шүлэг орчуулж эхэлсэн. Тухайн үед бид блог их бичдэг байлаа. Блог бол одоогийн фэйсбүүк шиг хүчтэй байсан. Орчуулаад тавьсан шүлгийг “Яасан гоё юм бэ,” гэж үеийнхэн урамшуулна. Дашийн Оюунчимэг гээд орчуулагч, яруу найрагч эгч бий. Тэр хүүхдүүдэд зориулсан ном гаргана гээд надад санал тавьсан. Ингээд “Махабхарата” тэргүүтэй нэлээд хэдэн зохиол орчуулж, хүүхдийн уран зохиолын 108 ботид нь туслалцсанаар ном орчуулах ажилд дөртэй болсон. Бас ганц нэг өгүүллэг орчуулна. Өгүүллэг орчуулах чинь шүлэг орчуулахаас их өөр шүү дээ. Ядаж л тогтож суух тэвчээр шаардана. Ингээд л “Хэл найруулга сайн байна,” гэж хүмүүс хэлэхээр урамшаад л цааш яваад байсан даа. Орчуулахдаа сайн сонголт хийхийн тулд маш сайн уншигч байх хэрэгтэй. Нэг сайн өгүүллэг сонгож авахын тулд 50, 60 өгүүллэг унших хэрэг гарна. Одоо гаргаад байгаа номууддаа Америк, Барууны өгүүллэгүүд давамгайлуулахаас зайлсхийж Өрнө, Дорнын зохиолчдыг бүс нутгаар нь хольж уншиж байж сонголт хийж байгаа. Тэгэхээр маш их унших болдог. Бас дан англи хэлнээс орчуулж байгаа болохоор англи хэл дээр гарсан зохиолуудыг л аль болох олоод уншихыг бодож байгаа. Надад таалагдсан өгүүллэгүүд хүмүүст таалагдаж байгаа бол миний таашаал, сонголт ханатай байгаа юм байлгүй дээ.

Нэг сайн өгүүллэг сонгохын тулд 60 өгүүллэг уншина гэдэг амаргүй даваа шиг сонсогдож байна. Орчуулга хийгээд тодорхой хэмжээний туршлагатай болсон ч гэсэн та одоо энэ хэрээр уншсаар л байгаа юу?

Уран зохиолын хөдөлмөрөөр амьдаръя, уран бүтээлч болъё гэж байгаа бол уншихгүйгээр алхам урагшлахгүй шүү дээ. Төрмөл, байгалиас заяасан мөн чанараараа, огт уншихгүйгээр бүтээл туурвина гэдэг хүмүүс байдаг л даа. Байгадийн өгөгдөдл нь хангалттай бол залуу насандаа ажрахгүй л байх. 30 гараад ирэхээр нөөц нь дуусна шүү дээ. Насан туршдаа шавхагдашгүй авьяастай хүн гэж яруу найрагт л биш юм бол уран зохиолын бусад төрөлд байхгүй. Ялангуяа хүүрнэл зохиолыг уншихгүйгээр бичдэг нэг ч хүн байхгүй. Ядаж л өмнө хэн нэгний бичсэн зүйлийг давтаж бичихгүйн тулд шалгаж үзэх болдог.

Орчуулгын сайн өгүүллэг, номыг уншигчид шимтэн уншихаас биш үүний цаана нь орчуулагч нэг үг, өгүүлбэрийг сонгох гэж хэчнээн хөлс хүчээ гаргаж, толгойгоо ажиллуулсаныг мэдэхгүй. Орчуулгын хөдөлмөр ер нь хүнд үү?

Орчуулгад хөдөлмөр гэхээсээ илүү мэдрэмж чухал санагддаг. Дээр нь хэлээ мэддэг байх. Морио мэддэг Араб шиг гэдэг нэг үг байдаг шүү дээ. Үүн шиг Монгол хэлээ их сайн мэдэж байх ёстой. Миний Монгол хэл хангалттай түвшинд бас хүрээгүй л байна. Хүрэхийн тулд Эртний уран зохиол ч юм уу, хууччуулынхаа бүтээлийг нэг бүрчлэн унших ёстой. Мэдрэмж яагаад чухал вэ гэхээр, уран зохиол гэдэг чинь уур амьсгал. Тэр нэг үйл явдал өрнөж байгаа тухайн мөчийн уур амьсгал, цаашлаад хүмүүсийнх нь сэтгэл санааны байдал ямар байна вэ гэдгийг мэдэрч, үүнийгээ Монгол хэлнээ яруу сайхан буулгах хэрэгтэй. Хоёр хүн ярьж байхад, зүгээр л харилцан яриа хэлбэрээр буулгачихвал, хуурай, мэдрэмжгүй болно. Харин энэ ярилцагч дотроо ямар нууц хадгалаад, ямар өнгө аясаар ярьж байна вэ гэдгийг нь мэдэрч байж үгээ сонгож, сул авиагаа ч тааруулдаг. “Тэгнэ ш дээ, тэгнэ л дээ, тэгнэ байх даа” гэж хэлэх нь бие даасан утга агуулахгүй мөртлөө, авиагаараа өөр утга илэрхийлээд явж байх жишээтэй. Магадгүй, энэ хэрэглээ, уур амьсгалыг маш сайн гаргахад мэдрэмж л хэрэгтэй. Өдөр бүр олон ном орчуулагдан гарч байгаа ч хүний сэтгэлд хүрэхгүй, хуурай болоод байгаа нь мэдэрч чадахгүй, наад зах нь мэдрэмжээр буулгадаг хэлний сул хэрэглэгдэхүүнийг ашиглаж мэдэхгүй байгаагаас л шалтгаалж байгаа юм шиг санагддаг.

Дэлхийн Өрнө, Дорнын шилдэг өгүүллэгүүдийг орчуулах, үүнийг унших хэрэгцээ байсаар байгаа нь манай Орчин үеийн уран зохиол, өгүүллэгийн чансаа хангалтгүй, уншигчдын оюуны цангааг тайлах хэмжээнд хүрч чадахгүй байгаагийн илрэл гэж ойлгож болох уу?

Монголчууд бүгд манай зохиолчид ямар сайн бичиж байна вэ гээд л уулгалаад уншаад байна гэж төсөөлье. Тэр нь яах аргагүй үнэн байсан ч орчуулгын зохиол байж л байх ёстой. Бид чинь дэлхий ертөнц гэдэг том бөмбөрцөг дээр оршиж байгаа болохоос биш ганцхан Монгол гэсэн дэлгэсэн тэрлэг шиг газрын зурган дотор амьдарч байгаа юм биш шүү дээ. Тэгэхээр хоорондоо бие биеээ магтаж, мандуулж суухаас гадна Монголын уран зохиол гээч зүйлийг дэлхийд гаргах амбийц байх ёстой. Харин гадаад ертөнцөө уншихгүйгээр үүнийг хийх ямар ч боломжгүй. Харьцуулалт үгүйгээр хүний оюун ухаан хаана явж байгаагаа мэдэхгүй гэж үг байдаг шүү дээ. Тэгэхээр ядаж өөрсдийгөө харьцуулж харахын тулд орчуулгын зохиол байх ёстой гэж би боддог. Харин одоо яагаад Монголын уран зохиолоос илүүтэйгээр орчуулгын зохиол бүтээлийг уншаад байна вэ гэхээр, нэгдүгээрт сул байгаа байх. Гэхдээ ингэж хэлж буй нь, монголчууд түүхэндээ өгүүллэг бичиж чадаагүй гэсэн үг биш. Манайд Д.Нацагдоржоосоо эхлээд П.Лувсанцэрэн, С.Эрдэнэ, П.Баярсайхан гэх мэтчилэн өгүүллэгийн мастерууд байсан. Харин одоо бичээд байгаа өгүүллэгүүдийг нэг бүрчлэн уншиж чадахгүй байна. Жил бүр болдог “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын бүтээлүүдээр жишээ авч үзвэл маш сул санагддаг. “Ээ чааваас даа, ингэж бичдэг юм бол гадны зохиол руу хошуурахаас яахав дээ” гэж бодогддог. Гэхдээ манайх утга зохиолын сайн өвтэй юм чинь, залуус сайн уншиж, өөрийгөө хөгжүүлбэл боломж байгаа. Ядаж 30 жилийн дараа Монголын зохиолч Нобелийн шагнал авах хэмжээнд очих үндэсний амбийц байх хэрэгтэй болов уу. Ингэхийн тулд дэлхийн сайн зохиолчдын сайн орчуулсан бүтээлийг түүж унших хэрэгтэй юм шиг санагддаг.

Та ойрд ямар ном уншиж байна вэ? Одоо орчуулж байгаа номнууддаа зориулаад тэр талын судалгааны номуудыг уншиж байна?

Фридрих Ницще философийн хялбарчилсан товхимол маягтай нэг номыг орчуулж байна. Үүнийг орчуулахын тулд филисофийн номууд харж эхэлж байна. Дээр нь, Оросын нэрт кино найруулагч Андрей Тарковскийн намтар, ярилцлагуудыг орчуулж нэг ном болгохоор ажиллаж байна. Энэ дагуу кино үзэж байна. Найруулагчийн өөрийн намтар бүтээлийг уншиж байна. Уншина гэдэг орчуулагч хүний хувьд зөвхөн уран зохиолын ном гэлтгүй бүх сэдвийг хамардаг. Зөвхөн газар зүйн атлас шүүрдээд суух үе ч байна шүү дээ.

Орчуулга хийх санхүүгийн хөшүүрэг талаасаа ч цаг зав авах талаасаа ч нэг талаар хүнд ажил шиг санагддаг. Орчуулгын чухам юу нь амттай болохоор таныг татаж, сэтгэлийг тань хөглөдөг юм бэ?

Энэ чинь туршиц юм л даа. Жишээлбэл би Исаак Башевиц Зингерийн өгүүллэгийг орчуулж буй нь түүний бүтээлийг туурвилзүйн хувьд эн тэнцэх хэмжээнд монгол хэлнээ дахин бичиглэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, том зохиолчидтой өрсөлдөн туурвиж буй хэлбэр. Тэгэхээр орчуулга хийнэ гэдэг залуу хүний хувьд, туурвих, бүтээх, бичих найруулах том сургалт болдог. Хамгийн сайн унших арга бол орчуулгах гэсэн үг байдаг шүү дээ. Яагаад гэвэл, уншигчид нэг догол мөрийг нэг минутад л уншихна. Гэтэл би түүнтэй чинь 40 минут зууралдана. Чингэхдээ нэг үг, өгүүлбэр, таслал ямар утга илэрхийлж байна вэ гэдгийг ойлгоод, үүнийг Монгол хэлэнд буулгахын тулд нэг өгүүлбэрийг хэдэн удаа эргүүлж хөврүүлдэг. Тэгэхээр энэ маань надад маш том лобараторийн ажил болж байгаа юм. Би ирээдүйд зохиол бичнэ гэж боддог. Орчуулгын дагуу унших шаардлагатай болдог нь сайн зүйл. Дээр нь хийж байгаа туршилтуудыг минь уншигчид уншаад найруулга, хэлний хувьд ямар байна вэ гэдгийг хэлж байгаа нь эргээд надад үнэлгээ болж ирж байгаа. Мөн дэлхийн шилмэл сайхан өгүүллэгүүдийг найз нөхөддөө, Монголынхоо уншигчдад хүргэж байна гэдэг давхар том таашаал шүү дээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард “Аварга том далавчтай өвгөн” номын нээлтийн тань үеэр Дармын Батбаяр гуай “Энэ хэмжээний бүтээлийг орчуулж гаргаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ одоо өөрөөс чинь өгүүллэг, тууж хүсч байна миний даалгаврыг биелүүлээрэй” гэсэн том даалгавар өгөөд авна лээ. Үүнийг хэзээ биелүүлэх гэж байна вэ?

Хүмүүс надаас өмнө нь ямар шүлэг бичиж байна вэ гэж асуудаг байсан бол одоо ямар орчуулга хийж байна гэх болж. Өөрийнхөө явсан жижигхээн мөрийг эргээд харахаар, “Би уг нь шүлэг, зохиол бичих гэж эхэлсэн хүн шүү дээ. Гэтэл хүмүүс намайг яагаад орчуулагч гэж дуудаад байна аа?” гэж бодож эхэлж байна шүү. Намраас шүлгийн түүврээ гаргах бодолтой байна. Өмнө нь 2009 онд нэг шүлгийн түүврээ гаргасан. Үүнээс хойш зургаан жилийн зай авсан нь хангалттай хугацаа болов уу. Бас нэг өгүүллэгийн ном гаргах бодолтой байгаа. 40 нас дөхөөд ирэхээрээ роман бичиж эхэлчихсэн байх болов уу гэж боддог. Одоо өгүүллэг энэ тэр шоглоод л, тэр хэмжээндээ бяр амтагдаад байгаа. Бичээд хадгалчихсан зүйл ч бий. Ямартай ч даалгавар биелүүлнэ ээ.

Яруу сайхан Монгол хэл улам л ядуурч байна гэж шүүмжлэх болсон. Ийм байдалд юу хүргээд байгаа гэж та хардаг вэ. Муу орчуулга ихэсч байгаа нь ч нэг нөлөө байж болох юм?

Тэр яруу сайхан Монгол хэл чинь дарга нарын хоорондоо шидэлцэж байгаа албан бичиг дээр лав үлдэхгүй шүү дээ. Утга төгөлдөр, уран яруу шинж нь уран зохиол тэр дундаа яруу найрагт шингэж үлдэнэ. Өдөр тутмын хэрэглээний зүйл нь сонин, сэтгүүл дээр үлдэнэ. Тэгэхээр энэ хоёр салбар Монгол хэлнийхээ өмнө маш том үүрэг даалгавартай мэт санагддаг. Гадаад хэлтэй л бол орчуулга хийнэ хийнэ гээд байдаг болжээ. Гэвч үүний өмнө Монгол хэлээ бичгийн түвшинд эзэмших хэрэгтэй шүү дээ. Гадаад хэлний дөртэй ч эх хэлээ бичгийн түвшинд эзэмшээгүй улс янз янзын л ном орчуулан гаргаж байгаа харагддаг. Уг нь Монгол хэл үйл үгэндээ дулдуйдсан, тэр хэрээрээ уян налархай, хөдөлгөөнтэй, сайхан хэл шүү дээ. Гэтэл англи хэлний нөлөөгөөр нэр үгэндээ илүү дөрлүүлэх болж. Жишээлбэл, сагсан бөмбөг тайлбарлаж байгаа хөтлөгч “Таван минутын завсарлага авлаа, Леброн Жеймс ядрал авлаа, тохолт хийлээ” гэж ярих болж. Үүний оронд, завсарлалаа, ядарлаа, тохлоо гэж ярьж болно шүү дээ. Харин үүнийг үзэж суугаа хүүхдүүд яг л тэгж ярьж сурна. Ямар хуучин нийгэм шиг хяналтын хороо нэхэлтэй нь биш. Гэхдээ зах зээлийн нийгэмд Хэвлэлийн компаниуд сайн номын эрхийг худалдаж аваад борлуулалтаа өөрсдөө хариуцаад явдаг тогтолцоо бий. Манайд ийм зүйл байхгүй болохоор хэн дуртай нь, хэн мөнгөтэй нь ном барьж авч орчуулдаг, хэвлэдэг, тэр хэрээрээ чанар мууддаг тал бий. Бавуугийн Лхагвасүрэн гуай саяхан “Цаг үе гэдэг бүх зүйлээ нэвсийтэл дагуулаад ирдэг” гэж сайхан үг хэлсэн. Энэ цаг үе ч бас хэдэн орчуулагчаа нэвсийтэл дагуулаад ирсэн байлгүй дээ. Үүн дотор, Ганбатын Лхагвадулам гэж боловсролтой, их уншдаг, сайхан яруу найрагч, орчуулагч бүсгүй байна. Мөн Нацагдоржийн Энхбаяр гээд Хятад хэлнээс бичгийн тэр дундаа яруу найргийн орчуулга хийдэг залуу бий. Энэ мэтчилэн орчуулагчдын цуваа тасрахгүй байхаа. Хүндэлдэг монгол орчуулагчид олон бий. П.Чойжил гэж хүн бий. Детектив зохиол, чейз их орчуулсан ч бидэнд ямар сайхан яруу тансаг хэл найруулга үлдээгээ вэ. Г.Аким, Ц.Гомбосүрэн, Ц.Цэнгэл, Г. Аюурзана гэх мэтчилэн мундаг орчуулагч олон байна.

Монгол хэлээ би бүрэн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр ямар үедээ Монгол хэлээ бүрэн мэдэж, үгийн ид хавыг нь гайхуулах хэмжээнд очсон гэж хэлж, ярьж болох вэ?
Олон сайхан хуучин үгнүүд хэрэглээнээс шахагдаад гарч байна. Нэг утгыг нэг л үгээр оноодог байснаа болиод түүний тайлбараар нь ярих болж. Энэ бол Монгол хэлнээс гарч буй алдагдал шүү дээ. Дээр нь орчуулагчдын муугаас тэс өөр бүтэц, илэрхийлэлтэй хэлийг махчилж, Монгол хэл рүү шууд оруулж ирээд байгаа нь үндсэн монгол илэрхийллүүд алга болоход хүргэдэг. Орчуулга хийхдээ цаад хэлнийхээ илэрхийллийг бүрэн ойлгочихоод бид монголоороо үүнийг юу гэж хэлдэг билээ хэмээн бодох хэрэгтэй юм шиг санагддаг. Гадны хэлийг Монгол хэлэндээ захируулж орчуулахын тулд Монгол хэлний илэрхийлэл, хөрвөлт, нугалааг сайхан эзэмшсэн байх хэрэгтэй юм шиг. Монгол илэрхийллүүд алга болоод л, хэл улам хөшүүн болоод байвал харамсаж барахааргүй юм болно шүү дээ. Энэ бүхнийг бичгийн хүмүүс уяж тогтоож байх хэрэгтэй.

“Тагтаа” Хэвлэлийн Товчоо гэдэг нэр утга зохиол сонирхогчдод саяхнаас танил болоод байгаа. Цахим хуудас ч ажилуулж байгаа юм билээ. Энэ ажлынхаа талаар ярьж болох уу?

Орчуулагчдын нэг зовлон нь өөртөө таалагдсан номоо барьж аваад орчуулъя гэхээр зохиогчийн эрхийн зөвшөөрөл авахаас эхлээд хууль эрхзүйн хувьд шат дамжлага ихтэй байдаг. Тиймээс Орчуулагч Ж.Тэгшзаяа найзтайгаа хамтарч “Тагтаа” Хэвлэлийн Товчоог үүсгэн байгуулаад ажиллаж байна. Бид бүх номдоо зохиогчийн эрхийг нь хуувь ёсоор авч, зохих журмынх нь дагуу ажиллаж байгаа. Энэ ондоо багтаж Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн “Цас”, Чехийн нэрт зохиолч Милан Кундерагийн “Оршихуйн барин үл тогтоох хөнгөн чанар” романуудыг албан ёсны эрхтэй гаргана даа. Өөр номууд ч гарна. Танайхаас сар бүр утга зохиолын үйл ажиллагаа зохиож эхлэсэн гэж сонссон. Номонд дуртай хүмүүс цугларах оюунлаг сайхан уулзалт болох болов уу гэж хүлээх хүн цөөнгүй байгаа юм билээ? Манайх ном орчуулахаас гадна www.tagtaapublishing.mn сайтыг ажиллуулж байгаа. Энэ сайтдаа өөрсдийн үнэлэмжээр сайн гэсэн номуудаа шинэ хуучин гэлтгүй танилцуулж, монголын төдийгүй дэлхийн утга зохиолын ертөнцийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэж байгаа. Хууччуулын сайн бүтээлүүд худалдаанд гарахаа болиод мартагдчих вий гэхдээ номын идэвхтэй эрэл хайгуулын санг энд бүрдүүлж тэднийгээ эргэлтэд оруулж байна. Саяхнаас бид “9th Art” нэрт урлагийн сантай хамтарч ажиллаж байна. Тэднийх өөрийн харьяаны “Piano lounge” гэх газраа жааз хөгжим, дүрслэх урлаг, керамикийн сургалт, арт кино, уран зохиолын үйл ажиллагаа гэх мэт урлагийн бүхий л төрлийг цогцлоосон төв болгож байгаа гэсэн. Эндээс олж буй орлогынхоо тодорхой хувийг сандаа төвлөрүүлж эргээд уран бүтээлчдийг дэмжих зорилготой. Тэд манайд хандаад сард нэг удаа утга зохиолын үйл ажиллагаа явуулаач ээ гэж санал тавьсан. Бид баяртай хүлээж авсан. Өнгөрсөн бямба гарагт Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркезийн монгол уншигчдад зориулсан “Дурсах цаг” уулзалтыг зохион байгуулсан. Энэ үеэр түүний номнуудыг орчуулсан орчуулагчид хүрэлцэн ирж, уран бүтээл, намтрынх нь талаар сайхан хэлэлцүүлэг болсон. Энэ мэтчилэн утга зохиолын уулзалт сар бүр болж байна.
Яруу найраг гэдэг бол мэдрэхүй, хүүрнэл зохиол гэдэг бол ухаарахуй юм.

Дэлхийн сонгодог бүтээлүүдийг уншиж, орчуулж халуун амьсгаагаар холбоотой багагүй хугацааг туулсан хүний хувьд манай улсын орчин үеийн утга зохиол дэлхийтэй харьцуулахад хаахна явна гэж та боддог вэ?

Хаахна явж буйгаа дэлхийтэй харьцуулж харах шаардлагатай байх даа. бид чинь Нууц товчооноос эхлээд утга зохиолын арвин өвтэй. Ямар гаргуун, гоц гойд бичиж чаддаг вэ гэдгийг маань эртний уран зохиолын бичиг дурсгалууд хангалттай харуулдаг гэж боддог. Тэгэхээр бидэнд нөөц бололцоо хангалттай байгаа. Дээр нь бидний амьдралын хэв маяг, яг одоо амьдарч байгаа байдал маань бичиж чаддаг хүнд бичихээс өөр аргагүй, дэлхий ертөнцийн хувьд сонирхон уншихаас өөр аргагүй цаг үе. Хамгийн сүүлчийн нүүдэлчдийн хотжих үйл явц, эргээд нүүдэлчин ахуй соёлоо санагалзах өнгө төрх нь өөрөө их содон үзэгдэл. Одоо дэлхийд шагшигдаж байгаа зохиолчдыг харахаар ихэнхи нь Хятад, Бангладеш, Энэтхэг, Перу, Аргентин, Чех, Польш гэх мэт улс төр, эдийн засгийн хүч чадлын хувьд дэлхий дахинд нэг их тоогддоггүй улсуудаас гарсан байх юм. Гэвч тэд энэ дэлхийн оюун санааны индэр дээр маш зоригтой гарч ирээд өөрсдийн тугийг хатгаж байна. Харин манайхан тэр зүгт хандсан эхний туршилтуудаа хийгээд л явах шиг байна.

Та ер нь хэр ганцаардмал хүн бэ. Уран бүтээлчид магадгүй аль болох дотогш чимээлж, өөрийгөө сонсох тусам бүтээл нь илүү амьд төрдөг юм болов уу гэж бодогддог?

Хүүрнэл зохиол, яруу найраг гэж уран зохиолын хоёр том төрөл байна. Яруу найраг гэдэг бол мэдрэхүй. Хүүрнэл зохиол гэдэг бол ухаарахуй юм л даа. Аль болох өөрийгөө чагнаж, доторхоо бэдэрч бичдэг яруу найрагт бусад яруу найрагчаас суралцах, туршлага солилцох тухай яригдахаар худал болоод явчих байх. Өөртэйгээ чимээгүй ярилцах тэр цаг хугацаа л яруу найраг байдаг. Тэгэхээр хүнийг таньж мэдье гэвэл шүлгийг нь л унших хэрэгтэй байх. Харин зохиолчдын хөдөлмөр гэдэг тэс өөр. Хүүрнэл зохиол гэдэг бусад зохиолчидтой ярилцах, тэдний ертөнцөд чөлөөтэй нэвтэрч, орж гарч, оруулж гаргаж байх үйл явц.

Та тэгэхээр шүлэг, хүүрнэл зохиол бичиж бас орчуулдаг. Энэ хоёрын харьцааг яаж зохицуулдаг вэ?

Хүнд дотроо л уйлах хэрэгцээ байдаг шиг гадагш нь өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ байна. Сэрэх, мэдрэх хийгээд бусадтай үзэл бодлоо хуваалцах, тэдэнд нөлөөлж би-гээ тунхаглах, тэднээс суралцаж би-гээ баяжуулах хэрэгцээ бас бий. Тэгэхээр энэ хоёр нэг их харшилдахгүй байх.

Та ямар үед илүү шүлэг бичмээр санагддаг вэ?

Ямар ч байсан их аз жаргалтай, баярлаж хөөрсөн үедээ шүлэг бичиж байгаагүй. Ер нь бол дөрвөөс илүү цагийн хугацаанд ганцаараа нэг өрөөнд сууж, өөрийгөө чагнасан тийм үед өөрийн эрхгүй өрөө нэлэхүйдээ жаахан уйтай, гунигтай болоод ирдэг. Ийм үед л юу билээ гээд бодлогошрох, санаанд орж ирсэн зүйлээ буулгах нь бий. Их хүчтэй зовлон, өвдөлт эсвэл баяр хөөрөөс биш.., ямар шалтгаангүй уясал, өөрөө өөртэйгээ байх үеийн сэтгэгдэл л илүү шүлэг бичихэд хүргэдэг байх.

Та өөрийнхөө дотоодод бүхэл бүтэн хот байна гэж төсөөлвөл, тэнд ямар хот байх бол?
Хажуудаа нэлэнхүй байгальтай жижигхэн тосгон байх болов уу. Байгаль гэдэг нь сагсайсан ногооноос илүү чулуу ихтэй, уул нь нүцгэн, дундуур нь хүний амин утас шиг жижигхэн гол урссан, тэнгэр давамгайлсан, ангамал, эл хуль тосгон. Ийм л газар би өсч, төрсөн болохоор. Тэнд чинь баяр хөөртөө сагаж ханасан мэдрэмж цөөн, гуниг ихтэй уур амьсгал ноёлно шүү дээ. Хүмүүс ууланд явж жимс түүгээд л, гол руу гүйж загас бариад л дураадаа дургиад, эрхэлж хөөрөөд байхаас илүүтэй хад асга ихтэй өндөр уулсын сүрэнд баахан дарагдсан, байгалийн эрх сүрийн өөрсдийнхөөсөө давуу мэдэрсэн тийм газарт амьдрал илүү гүн, яруухан урсдаг юм. Манай нутгаас зохиолч, шүлэгчид их төрдөг нь бас тийм учиртай байх.

Урам хугарч, хоосрох үед та яадаг вэ?

Аль болох ганцаараа байхыг хичээдэг. Ганцаараа байх хэрэгцээ маань хүүхэдтэй болсоноос хойш хумигдаж эхэлж байна. Гэнэтхэн шалтгаангүй урам хугарах үед ганцаараа байгаад, хөгжмөө чангалдаг. Бас юу ч хийхгүй дээшээ хараад хэвтэх дуртай.

Та урлагт их дурладаг уу?

Кино, хөгжим хоёрт их дуртай. Уран зурагт бол жаахан нүд муутай. Гэтэл тэр зураач бидэнтэй л адил халгиж, цалгиж бүтээлээ туурвиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр уран бүтээлийг хүндэтгэх үүднээс уран зургийн галерейгаас жаахан тойрч явдаг.

Хамгийн сүүлд сэтгэлд хүрсэн ямар кино үзсэн бэ?

Андрей Тарковскийн кинонуудыг үзэж байгаа. Түүний уран бүтээлтэй холбоотой номыг орчуулж байгаа болохоор. Сүүлд үзсэн кинонуудаас найруулагч Карлос Рейгадасын “Япон” гээд кино их сэтгэгдэл төрүүлсэн.

Та орчуулга хийж байхдаа тухайн цаг уур амьсгалаасаа хөндийрч амсхийхийн тулд юу хийдэг вэ?

Орчуулга хийхдээ, ном уншихдаа ч би нэг ном бариад суух биш зэрэг хэд хэдийг эхлүүлчихдэг. Жишээлбэл, шинжлэх ухааны, шашны, яруу найргийн, роман гэх мэт өөр өөр номуудыг зэрэг эхлүүлчихдэг. Орчуулга ч мөн адил. Тэгээд тухайн өдрийнхөө сэтгэл санааны байдлаас хамаарч аль номоо унших, орчуулахаа сонгодог. Баяр хөөртэй байхдаа гунигтай зүйл орчуулбал гунигийг нь мэдэрч гаргаж чадахгүй гэж ярьдаг даа. Ингэж болгоомжлох нь ч зөв. Тэгэхээр би сэтгэл санаа тааруу байвал гунигтай үе дээрээ зогссон зүйлээ үргэлжлүүлдэг, баяр хөөртэй байвал тийм сэтгэгдэлтэй орчуулгаа хийдэг болохоор дунд нь завсарлага аваад байх хэрэг гардаггүй.

Утга зохиол, шүлэг, яруу найраг гэх мэт оюун санааны ертөнцтэй огт холбоогүй хүн байсан бол ямар хүн байх байсан бол гэж бодож байсан уу?

Амьдрах шалтаг, шалтгаан хүнд томдоно, жижигдэнэ гэж огт байхгүй шүү дээ. Зарим хүн би уран бүтээлч болоогүй л бол хэн ч биш байх байсан гэж ярьдагтай санал нийлдэггүй. Хэрэв би утга зохиол, яруу найрагтай огт холбоогүй хүн байсан бол охиноо тэврээд л цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд, хаа нэг албан газар луу гүйж л байгаа. Хүн утга зохиол, яруу найраггүйгээр амьдарч чадна шүү дээ. Гудамжинд мөрөөрөө алхаж яваа хүмүүс яаж байгаа юм, амьдрахгүй байгаа юм уу. Нягтлан, эмч, цэвэрлэгч хийж байгаа хүн ч бас амьдарч л байна. Тэгээд ч тэр зохиол, кино, жүжгүүдийн чинь гол дүр энэ л хүмүүс байдаг биз дээ. Харин хүн төрлөөс өөр зүйл байсан бол хайлаас л байхсан уу даа гэж боддог. Хайлаас модыг хараад байхаар голын эрэг дагуу, устай газар бараадаж ургадаг. Бас тэд ямар ч хэлбэр захирагдалгүй ургадаг. Зарим нь хэвтчихсэн, эв хавгүй сарайж ургасан, их бие нь газар доогуур явж байснаа гэнэтхэн сэглийгээд гараад ирчихсэн ч юм уу, ямар ч хэлбэрт захирагддагүй нь надад таалагддаг. Ийш тийш явдаггүй, нэг газраа л байдаг мөртлөө өөрийнхөө ургасан тэрүүхэн газарт эрх чөлөөгөө чадах чинээгээрээ, их хүчтэй тунхагладаг хайлаас болох байлаа. /инээв/ Тэгээд ч бид бүгдээрээ л оногдсон жаахан орон зай, ахуйдаа эрх чөлөөгөө тунхаглах гэж хэр чадлаараа л тэмцэж амьдардаг шүү дээ.

Ажлын цагтаа л багтаад ажлаа амжуулчихаад гэртээ хариад гэр бүлдээ бүх цагаа зарцуулдаг халамжит ээж, хань байна гэдэг уран бүтээлч, ялангуяа бичгийн хүмүүсийн хувьд амар биш. Боломж л гарвал өнөө ажилтайгаа зууралдаж, тонгойж суучих гээд байдаг болохоор гэр бүл жаахан орхигдчихдог юм шиг санагддаг. Та энэ тал дээр хэр “хариуцлагатай” байна вэ?

Боломж л гарвал охин, нөхөртэйгээ байж аав, ээж дээрээ очихыг боддог. Хэдэн жилийн өмнө нэг уран бүтээлч ах маань “Жинхэнэ уран бүтээлч хувь заяатайгаа төрдөг юм” гээд намайг их сүрхий загнаж билээ. Би тухайн үед сайн ойлгохгүй. Намайг ядуу гэж байгаа юм болов уу. Жинхэнэ уран бүтээлч хувь заяатайгаа төрдөг гэдэг нь юунд ч санаа зовохгүй боломж бололцоотой байхыг хэлээд байгаа юм болов уу гэж бодож байсан. Одоо бол ойлгож байна л даа. ”Жинхэнэ уран бүтээлч хувь заяатайгаа төрдөг” гэдэг хажууд минь намайг маш сайн ойлгодог хүн байгаад, ажлыг минь тааваар хийлгэдэг, тийшээ өнгийдөггүй, тэр орон зай, эрх чөлөөг байж болох бүх түвшинд хангаж өгдөг байхыг л хэлнэ байх. Азаар тэр хүн нь надад таарсан. Би нөхрийгөө миний өнөөх хувь заяа гэж боддог шүү. Ихэнх уран бүтээлч жаахан хувиа бодсон байдаг. Тэгэхийг ч цаанаас нь шаарддаг юм шиг байгаа юм. Ахуйн асуудлыг хойш нь тавьж, өөрт нь саад болсон зүйлээс зайгаа барьж эхэлдэг. Би өөрийгөө тийм хүн байх вий, болчих вий гэж боддог байсан. Гэтэл охин минь мэндлээд иртэл “Ашгүй би хүний төлөө амьдарч чадах юм байна” гэж бодсон. Юу ч бодож, тооцохгүйгээр, зөнгөөрөө л хэн нэг хүний төлөө амьдарна гэдэг сайхан.

Таныг гадна байдлаас нь өнгөц ажиглавал намуухан дуу хоолойтой, аядуу, зөөлөн бүсгүй шиг харагддаг. Гэтэл шүлгүүд, орчуулгын өгүүллэгүүдийг уншихаар эрс тэрс, хатуу өнгө аяс, өөр нэг Баясааг илэрхийлээд, илчлээд байх шиг санагддаг. Та ер нь хатуу хүн үү?

Намайг дотны найзууд маань даруу гэж хэлэхгүй байх аа. Яахав жаахан буурьтай л хүн байх. Харин эрс тэрс, хатуу гэдэг үгнүүд надад зүй ёсоор оногдож магадгүй. Миний бүх сайхан бас муухай ааш аягийг мэдэх олон жил найзалсан хүн маань хүртэл намайг хатуу хүн гэж дүгнэдэг. Гэтэл би өөрийгөө овоо зөөлөн хүн гэж боддог. Ямар нэг зөрчил байж л тэндээс юм гарах байх. Хатуу зөөлний энэ зөрчил надад хэзээ, хаанаас үүссэнийг би мэдэхгүй. Би их зөөлөн хүн байж байгаад амьдралын туршид хатуу болсон байж магадгүй. Эсвэл их хатуу хүн байж байгаад зөөлөрсөн ч байж магад шүү. Цаашид яахыг мэдэхгүй байна.

Та 40 нас хүрээд ирэхээрээ роман бичнэ гэж дээр хэлсэн. Утга зохиолын салбарт амьдралаа холбосон, цаашид ч салшгүйгээр нэг хэсэг нь болсон гэж таныг ойлголоо. Ирээдүйн бүтээл, туурвилын замаа та яаж харж байна вэ?

Би тодорхой байхыг хүсдэг. Нэг ном эхлүүлсэн бол түүнийгээ тодорхой хугацаанд дуусгах. Одоогоор дөрөв, таван ном эхлүүлчихээд явж байна. Үүнийгээ ойрын хугацаанд дуусгах байх. 30 нас гараад ирэхээрээ орчуулгаа орхино гэж боддог. Тэр хугацаандаа үүнийг л Монголчууддаа хүргэх ёстой гээд дотроо амлаад авчихсан ганц хоёр том романаа орчуулж гаргана. Шүлэг бичих эсвэл нэг хуудас ч, таван хуудас ч оруулга хийсний дараа нэг юмны ард гарчихсан юм шиг сайхан мэдрэмж төрдөг үү? Төрөлгүй яахав. Нэг шүлэг бичих, бичсэнээ унших. Сонин, сэтгүүлд гарсан нийтлэлээ харах, орчуулаад дууссаны дараа хараад суух сайхан л даа. Гэхдээ яг тухайн зохиол, бүтээлээ хийж байхад авч байгаа таашаал зүйрлэшгүй том юм. Түүний ард орж ирэх зарагдсан номын мөнгө, хүмүүсийн магтаал зэрэг нь бичээд сууж байгаа үеийн жаргалыг гүйцэхгүй.

Шүлэг, зохиол бичих, орчуулах, зураг зурах эсвэл шал угаах ч юм уу, ямар ч ажлыг жаргалтайгаар хийнэ гэдэг чинь өөрөө сайхан хэрэг шүү?

Хүмүүс би бичиг номын хүн, бусдаас ангид гэж ярьдаг. Би “Махабхарата”-г оюутан байхдаа орчуулж байснаа хэлсэн. Тухайн үед би өглөө таван цагт босоод орчуулгаа хийдэг байсан. Яг манай хажууд нэг барилга баригдаж байлаа Барилгачид хашаандаа гэрээ барьчихаад өглөө босч ажлаа хийдэг шүү дээ. Тэд өглөө зургаан цагт босоод ажлаа эхэлнэ. Миний насны охид, хөвгүүд тэнд ажиллана. Яг надтай адилхан өглөө босоод нүүр, гараа угааж, том эвшээж, гараа алдалж суниагаад л ажилдаа орно. Би тэднээс юугаараа мундаг гэж. Бид бүгд ижилхэн. Юм бүтээж байна уу, бүтээж байна, адилхан л хөдөлмөрлөж байна. Хийж байгаа ажилдаа сэтгэлтэй л бол тэгээд болоо.

Уран бүтээлдээ зарагдах уу, мөнгөнд зарагдах уу гэсэн сонголт уран бүтээлчдийн өмнө гарч ирдэг юм шиг санагддаг. Таны хувьд тухайлсан орчуулгын компани байгуулаад ажиллаад явж байгаа болохоор бэрхшээлийг нь сайн мэдэх байх. Санхүүгээс болж үнэхээр шантрах үе байдаг уу?

Уран бүтээлчдэд ямар нэг төвөгтэй асуудал байгаа бол тэр нь санхүүгийн асуудал байж таарна л даа. Бидний хувьд ч өдөр тутам энэ асуудал байдаг. Тэглээ гээд төр засгаас мөнгө нэхэх инээдтэй. Ном орчуулахад санхүүгийн хүндрэл их гардаг. Тэр үед хүмүүс надад “ Ийм мудаг зохиол орчуулж байна гэж төр засгаас мөнгө нэхээч, УИХ-ын гишүүн дээр орооч” гэдэг. Би төрөөс юу илүү хийсэн гэж мөнгө авах гэж байгаа юм. Эрх биш номын буян гэж байдаг. Монголчууд цаанаасаа номонд хайртай, бишрэлтэй ханддаг улсууд. Тийм болохоор буянтай хүмүүс таардаг. Миний анхны орчуулгын түүвэр “Аз жаргалтай төгсгөлүүд” –ийг нэг зохиолч эгч маань хэвлэж өгсөн шүү дээ. Энэ мэтчилэн тохиол бий. Нөгөө талаас зохиогчийн эрх авах, хэвлэх гээд нэг ном уншигчдын гар дээр очтолоо урт ч зам туулна, их ч зардал гарна. Бид зээл авдаггүй, хүнээс гуйдаггүй болохоор сонин, сэтгүүлд бичсэн, орчуулга хийсэн таван төгрөгөө нийлүүлж байгаад юм болгоод, өөрсдийнхөө бүтээл болгож гаргахаар үзээд байгаа. Ямартаа л би “Цас” романыг орчуулаад санхүүгийн байдлаас болж гаргаж чадахгүй гурав дахь жилдээ дарж байх вэ дээ. Жижиг номууд бол гараад байдаг, санхүүгийн байдлаас болоод том бүтээлүүдээ гаргаж чаддаггүй учир бий. Гэхдээ одоо яалтай ч билээ дээ. Бидний хэдэн шүлэгч нөхөд үе тэнгийнхээ зураачийн урланд уригдаад яриад сууж байлаа л даа. Зураач бүсгүй зотон, бүдаг, бийр, хүрээ рам гээд л баахан зовлон тоочлоо. Тэгсэн хажууд сууж байсан найз маань “Ямар азаар бид зотон дээр шүлэг бичдэггүй юм бэ” гэж билээ. Гэхдээ бэрхшээлгүй зүйл гэж хаана байхав. Бүх л зүйл бэрхшээлтэй нүүр тулна. Энэ бэрхшээл мөнх үргэлжлэхгүй байлгүй дээ, ард нь гарч л таарна гэж бодоод сууж байдаг юм.

Үг амьтай шүү дээ. Хааяа шүлэг уншихаар үг бүхэн нь амьтай юм шиг цаанаасаа л утга нь амилаад гараад ирсэн юм шиг үг, үгээрээ уншигддаг тохиолдол байдаг даа. Та ямар нэг шүлгийг уншаад ингэж мэдэрч байсан үе хэзээ вэ?

Юуг хэзээ, хаана, ямар сэтгэл санаагаар уншихтай холбоотой байх. Тухайн бүтээлийн чанар чансаа, хүч чадал ч бас нөлөөлдөг байх л даа. Би яруу найраг гэдэг зүйлийг “Болор цом” дээр уншдаг шүлгээр төсөөлдөг, Ренчиний Чойном гуайгаас өөр мундаг яруу найрагч мэддэггүй, аавынхаа шүтдэг найрагчдыг дам шүтдэг охин байлаа. Тэр үедээ нэг хотод ирчихээд Говь- Алтай руу явах гээд онгоцны буудлын худалдааны мухлагт нэг жижигхэн цэнхэр ном 1400 төгрөг гээд байж байхаар авчихсан юм. Тухайн үед миний халаасанд байсанд мөнгөнд таарч байсан болохоор санаандгүй авсан. Тэр ном маань Батжаргалын Одгэрэл ахын “Үл таних зочин” байсан. Онгоцон дотор орсон хүн чинь үүл ажиглаад, газраас өндөр хөөрч байгаадаа догдлох ёстой байтал би юун үүл манатай, өнөө номоо уншаад бөөн догдлол. Ийм тохиолдол ховор болоод их үнэ цэнэтэй. Хэчнээн хүчтэй орж ирнэ, төдий чинээгээр шарх сорви мэт үлдчихдэг. Тэгэхээр хүчтэй уншигдана. Одоо болтол хүүхэд насны тэр итгэл үнэмшлээсээ урваагүй, Батжаргалын Одгэрэл бол хамгийн мундаг яруу найрагч гэж боддог хэвээр байна. Тэр үе чинь надад бараг хувьсгал болсон байх аа. Яруу найраг гэж ийм зүйл байдаг юм байна гэсэн төсөөллийг урвуулсан. Ийм хувьсгалын шинжтэй зүйл чинь хувь зохиолоор л таардаг юм байна лээ шүү.

Одоогийн яруу найрагчдын бүтээлийг та хэр амьтай байна гэж боддог вэ?

Хүмүүс хорвоо ертөнцөд амьдраад л, өвөг дээдэстэйгээ адилхан үйлийн үрээ эдлээд, зовж шаналж, энэрч хайрлаж, туниж гомдоод явж байх үед яруу найраг бичигдэж л байх байлгүй дээ. Манайхан муу бичиж байна гэж би хэлэхгүй. Сайхан бичиж байгаа найрагчид олон байгаа. Х.Нямхишиг, Г. Лхагвадулам, Ц.Дэлгэрмаа, Я. Баяраа, Б.Батзаяа, А.Урантогос. Би бүгдийг нь мундаг гэж боддог. Бүгд л өөрсдийгөө сайхан илэрхийлж, бүтээж, туурвиж байна гэж боддог. Хүмүүс үе тэнгийхнийгээ муулаад би л мундаг гэсэн зарыг түгээх гээд байдаг болчихсон нь харин буруу л даа. Хамтдаа урагшилж байх ёстой. Яруу найрагт стандарт тогтоож, улаан шугамын дээгүүр доогуур байна гэж үзэх боломжгүй. Одгэрэл гэдэг хүн миний хувьд мундаг байхад өөр хүнд ойлгомжгүй яруу найрагч болно шүү дээ. Энэ чинь уншигч болоод яруу найрагч гэдэг хоёр хүний дотоод ертөнц хэрхэн давхцаж огтлолцож байна гэдгээс шалтгаалах асуудал болохоос, миний ертөнцтэй огтлолцоогүй гэдэг шалтгаанаар бусдыг хяргаад байх хэрэггүй. Харин манай яруу найргийн нийтлэг тал нь гэвэл, надад бол хоосон илэрхийллүүд их ажиглагддаг. Энэ нь уран бүтээлчид өөрсдөө хангалттай боловсроогүйн шинж байх л даа. Дуу, шүлгүүдийг хараад байхад ямар нэг хийж үзээгүй юмаа турших юмсан гэсэн агуулгатай, дурлах юмсан, дурлуулах юмсан, тэгэх юмсан, ингэх юмсан гэж -сан, -сэн их давамгайлсан зүйлс бичих юм. Би урлагийг танисан зүйлээ оносон илэрхийлэл гэж боддог. Түүнээс бус өнөө олон –сан, -сэн бол илэрхийлэх биш. Илэрхийлж байгаа юм нь хоосон байхаар нь надад сонин санагдаад байдаг байхгүй юу. Дотоод ертөнцөө таниж чадвал хоосон илэрхийлэл гарахгүй болов уу? Хүн бүхэн төгс биш. Төгс ч байх албагүй. Хамгийн гол нь урлагт чи дутагдалтай, эрэмдэг, зэрэмдэг байсан ч хамаагүй эрэмдэг, зэрэмдэгээ хүлээн зөвшөөрөөд дараа тэр өнцгөөсөө үнэнчээр дуулж чадах нь чухал. Би эрэмдэг, зэрэмдэг, сул доройгоо хүлээн зөвшөөрч байна гэдэг эхний үйлдэл чинь үнэнтэй нүүр тулж чадаж байна гэсэн үг шүү дээ. Тэгээд өөртөө хүлээн зөвшөөрч чадсан юм бол, бусдаас дутагдлаа нууж түүнээсээ ичих хэрэггүй болно шүү дээ. Гэтэл одооны хүмүүсийн уран бүтээлээс нэг л их бүрэн бүтэн, өө сэвгүй, төгс хүний дүрд хувирч, тэр дүрийнхээ өмнөөс сургааль айлдах, гайхуулах, бишрүүлэх, бардамнах хүсэл их ажиглагдах юм. Ийм бүтээлүүд үнэний шалгуурт тэнцэхгүй. Үнэн биш бол үнэ цэнэгүй.

Цаг гаргаж ярилцсан танд их баярлалаа.


No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд