Яруу найрагч Пүрэвжалын Майнбаяр. “Шар навчны сүнс” 1996, “Сарны бичээс” 2006, “Шинэ улирал” 2007, “Сая жилийн намар” 2008, “Бясалгагч мөчир” 2009, “Огторгуйн нугаас түүсэн шүүдэр” 2010, “Сүүдэргүй манан” 2011 зэрэг яруу найргийн номтой. Энэ жилийнх нь ном “Өвсний шувуу” нэртэй өчигдөрхөн хэвлэлтээс гарав. Май ах жил бүрийн хаварт шинэ номоо хэвлүүлэхээр Хөвсгөл нутгаас ирдэг, хавар болохоор л Май ахыг номтой нь хүлээдэг билээ.
Май ах ирнэ гэдэг хавар ирж буйн дохио, ирэхгүй байвал хавар болоогүй л гэсэн үг гэх мэт… Тэгтэл мань хүн энэ жил хавар биш зун ирлээ. Хавар болсон эсэхийг мэдэхгүй өнгөрөөжээ.
…Аавыгаа сахиж суусан сартай саргүй олон шөнүүдийн
Аль нь чухам нартай өдрийн үргэлжлэл гэдгийг хэн мэднэ.
Яг л үүн шиг…
Номыг нь өчигдөр шөнөжин, бас өнөө өглөөжин уншиж хэвтлээ. Тэгээд энд ишлэж, салгаж ярьмаглах аядвал юун түрүүнд миний тасдаж тавьсанаар Майнбаяр гэж хүнийг барагцаалж ойлгох ямар ч боломжгүй шүү гэдгийг сануулж хэлэхийг хүслээ. Яагаад гэвэл бид хоёр орчлонгоос олж хүртэх мэдрэмжээрээ тэс өөр хүмүүс юм. Надад бол түүний:
Хөггүй гитар шиг өдрүүдийг
Зүрхэндээ үүрээд алхаж явна
Хөгжим юм болохоор нь
Шидчихэж бас чадахгүй байна… гэх мэт мөрүүд нь илүү мэдрэгдэнэ. Гэтэл жинхэнэ Майнбаяр бол:
…Жиндсэн болжморын далавчны чимээнд аяс цаг
Жирсхийн шарлаад буй ертөнц эл хуль болоход
Жимсний нүд бүлцийгээд, өрөвдөн илмээр л санагдана
Жигтэйхэн тунгалаг дусал нь өвөр дээр подхийнэ…
гэж мэдэрнэ. Тэгэхээр минийх шиг бүдүүн тойм, байгалиасаа холдсон, өөрөөсөө өөрийг бясалгадаггүй хүнд Май ахыг бүрнээр нь ойлгож нээх бяр дутаад байдаг юм аа. Ойлголт дутаад гэвэл илүү үнэн ч юм уу.
Тэр зэрвэс уншихын төдийд хүртэгдчих шүлэгтэй хүн яавч биш. Тэр голын тухай бичсэн бол уншигчаа усны хөвөөнд хараад сууж байхыг бус дотор нь ороод шалба норохыг шаардана. Өөрөө харин эрэг дээр юу ч болоогүй юм шиг завилаад сууж байхаар хүн. Тийм өнцгөөс бичигдсэн шүлгүүд… Тиймдээ ч П.Майнбаярыг урьд ч хожим ч уулгалан олноороо уншиж чадахгүй биз ээ. Ганц нэгээрээ, хоёр гурваараа нандигнаж унших найрагч юм шүү.
***
Миний цус судсаар чинь гүйж байгаа тул
Хэний ч өмнө чи толгой гудайх ёсгүй шүү!
Өмнөдөд ч, умардад ч
Өршөөл гэж байхгүй
Хэнд ч чи төлөөсгүй
Хэтдээ чи минь алзахгүй
Эцэг чинь гэж хүн
Эхнээсээ ер байгаагүй
Ороолтоор чинь бурхан чамайг танина,
Ойртох гэж битгий яараарай хүү минь!
Дөлсхийх мэт л зогсож бай,
Дөрөв, гурав, хоёр.., битгий тоол
Чиний дотор тоймгүй олон онгод буй
Чихний чинь хэнгэрэгийг тэд үргэлж нүдэх болно
Аймшигтай шуугина, тэсэшгүй мэт санагдана
Амсхийх цаг иртэл тэвч,
Аавынхаа хэлснийг бүү март!
Би чиний зүүднээс цааш зүүд
Бичээд ч түүнийг гүйцэхгүй болсон
Надад хүрэхгүй байгаа чинь л
Чамд олдсон аз жаргал!
2011.10.23
“Өвсний шувуу” /2012/ номын 81 дэх тал
***
Эхлээгүй шүлгийн төгсгөл шиг
Энэ амьдрал
Бичсэнийг минь үгүйсгэнэ.
Бэлдэж тавьсан бэхэнд
Ядмагхан бийрээ дүрсэн
Арван дөрвөн насандаа
Амиа хорлочихсон юм шиг…
Одоо зөвхөн миний сүнс л
Ороо хурааж, өмдөө индүүдэж яваа юм шиг
Яагаад ч уншигдахааргүй
Үг үсэгтэй болжээ
Тэгсэн мөртлөө цэг … таслалтай,
Таслал бүрт нь /та-с-ал-д-анги/
Битүүлэг утгатай, хэмхэрсэн гитар шиг
Би өөрийгөө танихаа болиод удлаа.
Энэ амьдрал
Элс хийгээд жимс
Туйлдсан сэтгэлийн ёроолд
Тунаран буй цагаан ус…
Цангасан адуу
Цаг нь болохоор туучна биз ээ.
Шинэ номноос нь ийм хоёр шүлгийг шилж тавьлаа. Ахиад л миний сонголт таны олж мэдрэх ёстой Майнбаярыг төлөөлөхгүй гэдгийг хэлэмз.
Асаалттай лаа хаа ч юм анивчина
Амьдрал харанхуй биш, Бүдэг…
Тэр бас ингэж бичжээ. Бүдэгхээн амьдрал дундах асаалттай лаа шиг хүмүүст би хайртай.
Батсуурийн Баясгалан
2012 он
Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ...
ReplyDelete(1) Бүх төрлийн хайрыг илбэ. (2) салахаа болих. (3) үржил шимгүй болох.