Өнөөх л “Очирт уулын бичиглэл”… Өглөөжин уншиж хэвтээд сая л орноосоо өндийж байгаа миний сэтгэгдэл… Тийм өндөрөөс тийм өндөр лүү дуулчихаад, тийм догшин, тийм хүчтэй дуулчихаад, тийм эрчимтэй, тийм цуцашгүй дуулчихаад .., яаж өнөөдөр өөдөөс минь жишим ч үгүй харж суугаад “Би шүлэг бичихээ больсон,” гээд тас тас инээж чадаж байнаа? Бурхан минь, тэр бол ХАРГИСЛАЛ…
ГАЛЛЮЦИНАЦИ
“Хөх цэнхэр гэзэгтэй-еэ-еэ”
Хоёр, гурав, дөрөв-дээсэн дээр
Дээсэн дор-хоёр, гурав, дөрөв.
Хархан үс нь хийснэ. Хөнгөн
Хормой дэрвэнэ. Хоёул гурвуул
Дөрвүүл хөөрөн дүүлнэ. Дуулна:
“Дандаа тэр ганцаа-раа-раа-раа”
Дэвхрэн хөөрнө, охид. Дээсэн
Дотор эргэнэ. Дүрсгүй, төрхгүй, алиа-
Дэмий саналгүй дуулна: “Хоёрын хоёр
Далавчтай. Хурмастаас харин уйджээ.”
Хашааны голд, хашааны голд
Халцарсан модон сандалын тэнд
Жигүүрээ хумисан жаал охин
Жишүү харан уйтгарлан сууна.
Хаврын тэнгэр шиг гэзгэн дотор нь
Харин охид наадан дуулна.
***
Аймшигт бурангуйн цаг үүд хаалгыг минь тогшиж
Алман сүхний зэвт ир хүзүү хоолой тэмтэрнэ
Аюулхай юугий минь давчдуулж, хар ханцуйгаараа боомилж
“Агаараар биш ширээгээр амьсгал-амьсгал-амьсгал” гэнэ.
Шаргин хяхтнах алхаа нь нүсэр болоод төмөрлөг,
Шонгийн оройд савчих тэр цогцосны сүнсэн мэт
Чөлөөт тэрсүүд бүхнийг гав гинж шиг мөрдөнө
Час улаан сүүдэр ханан дээгүүр мөлхөнө.
Араатны дунд амьдрахсан, айсуй өдрийн оршихуйг
Аясын салхинд даатгаад, ойн гүнд ганцаараа
Адсага дэвсэж, аянчны түүдэг өрдөн
Алтан харганын галаар цай чанаж уухсан.
1996.09.03
***
Таг дуугүй би сэтгэл бөхийсөн хэвээр
Та харцан дээгүүр минь удаан явж өнгөрлөө
Тэмтрэн сэрээх салхи хийлийн цэнхэр аялгуутай,
Тэсэхүй бэрх шаналанг надаар тоглох нь гайхалтай.
Намайг танихгүй харцыг удаан харж чадсангүй
Үсэн үзүүр бүхнээс минь нэгэн аяз уянгалаад
Нэрийг чинь шивнэхүй цээжинд огторгуй багтахыг
Өчүүхэн ч анзааралгүй та удаан явж өнгөрлөө.
1996
За за, бусдыг нь би өөртөө хадгалъя даа. Гуравдугаар ангийн сурагч Тагтаа “Раамын үлгэрийн цоморлиг” гэсэн нэртэй навсархай ном сугавчилчихаад орчлонг олчихсон юм шиг хөөрөн гүйж явахад эгч ийм шүлгүүд бичээд, хожмын Тагтаад хор бэлдэж суусан байгаа юм даа.
“Очирт уулын бичиглэл” гэж ном нь энэ байна…
Дашийн ОЮУНЧИМЭГ бол манай цаг үеийн хамгийн харгис эмэгтэй.
Еэ еэ, бөөвөө, еэ еэ бөөвөө…
No comments:
Post a Comment