Friday, June 30, 2017

Б.БАЯСГАЛАН: БИ ӨӨРИЙГӨӨ АРАЙ ӨӨР ЗҮЙЛД БЭЛТГЭДЭГ

"OPEN DOOR" сонины сэтгүүлч, яруу найрагч Б.Алтанхуягтай ярилцсан ярилцлагаа хуваалцлаа.

  Эх СУРВАЛЖ: NER.MN


Анх удаа Индиан хүний гойд сайхан зохиол уншиж үзсэн минь Шерман Алекси хэмээх зохиолч байлаа. Одоог хүртэл уншсан бүтээлүүд дотроос хамгийн урт нэртэй өгүүллэг бөгөөд цаашдаа ч тийм байж магад гэж хааяа санагддаг юм. Ямартай ч “Эцэг минь өөрийгөө Вүүдстокт Жими Хэндрикс “Одод гялалзсан далбаа”-гаа тоглож байхыг харсан цорын ганц индиан гэж ярьдаг байсан учраас...” гэх нэртэй уг өгүүллэгийг “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрын тэргүүн Батсуурын Баясгалан орчуулсан билээ. Уншигчид нь түүний орчуулсан олон сор бүтээлүүдийг андахгүй мэдэх учраас дахин шилмэл түүвэр орчуулан гаргавал сонголтонд нь эргэлзэлгүй итгэж дэлгүүрийн лангуун дээрээс даруйхан шүүрч авах биз. Орчуулсан номыг нь уншиж байсан хэдий ч өөртэй нь ярилцахыг хүсдэг, танилцаж амжаагүй уншигчид олон буй гэдэгт үл эргэлзэнэ. Тэгвэл та нээлттэй хаалгаар орж түүнтэй танилцагтун.
*** 

-Бид яг хоёр улирлын зааг дээр уулзах шиг боллоо. 11 дүгээр сард өвөл ч юм шиг, намар ч юм шиг өдрүүд ээлжлэн хөвөрөөд л... Ийм өдрүүдэд та орчуулга хийхээсээ ном уншиж суухыг илүүд үздэг байх, тийм үү?

-Улирал харгалзалгүй хийх юмаа хийж, бас улирал харгалзалгүй л уншихаа уншиж суудаг даа. Гадаа юу болж байгааг нэг их анзааралгүй урдахаа хийгээд сууж байна.

-“Тагтаа паблишинг” хэвлэлийн газрын хамт олон яг одоо орчуулгын ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Ikon Books” хэвлэлийн газраас эрх авсан философийн зурагт хөтөчүүдийнхээ орчуулгын ажлыг амжуулж байна. Энэ сард Орхан Памукийн “Миний нэр Улаан” роман гарчих байх. Тэгээд ар араасаа номууд маань хэвлэгдсээр байх болно.

-Аливаа зүйлийг тодотгож нэр өгнө гэдэг хэцүү. Яагаад хэвлэлийн газраа “Тагтаа” гэж нэрлэх болсон бэ?

-Ж.Тэгшзаяа бид хоёр компаниа анх “Завь” гэж нэрлэх гэж байсан юм аа. Тэнгис далайг гатлаад л хүмүүст оюуны ачаа тээж ирдэг бяцхан завь. Тэгсэн бүртгэл дээр очсон чинь тийм нэртэй ачаа тээврийн компани байдаг юм байна. Тэгээд л сандраад түвд судлаач Г.Ням-Очир ах руу утасдаж “Сонин сайхан нэр юу байна” гэвэл “Галбингаа, Бирга” гээд л баахан нэр хэлж өглөө. Бүгд давхцаж байна. Тэгсэн ах нэлээн залхсан бололтой “За за, тэгвэл Тагтаа л гэчихээч дээ. Чамайг тэгж дууддаг биз дээ” гэж байна. Уран зохиолын хүрээний найз нар маань намайг тэгж нэрлэдэг юм л даа. Гэхдээ одоо Тагтаа гэдэг үг миний нэр гэхээс илүү Тэгшээ л гэж байгаа юм шиг сонсогдоод байдаг болчихож. “Тагтаа”-ын ажил бодохоор дандаа Тэгшээгийн дүр нүдэнд харагддаг болохоор тэр байх.


-Мэдээж байгуулагдсанаас хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулж, өөрсдийн гэсэн уншигчидтай болоод амжсан. Магадгүй тус хэвлэлийн газар байгуулагдсанаас хойш уншигч залуус орчуулгын уран бүтээлд хандах хандлага, орчуулагчийн хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж нэмэгдсэн гэж би боддог. Харин таны зүгээс үүн дээр ямар бодолтой байдаг вэ?

-Тэгшээ бид хоёр сав л хийвэл нуруу чиллээ, хүзүү хөшлөө гэж зовлон тоочиж байдаг болохоор манай уншигчид орчуулагчдын ажлын хүнд хүчрийг ойлгож, өрөвддөг болчихсон юм болов уу? /инээв/ Юутай ч асар богинохон хугацаанд өөрсдийн гэсэн үнэнч уншигчдын хүрээтэй болсондоо маш их баярладаг. Тэд маань манай номуудыг алгасалгүй уншиж, дараа дараагийнхыг нь байнга нэхэж байдаг. “Гадаадад байдаг хүүхэд маань “Тагтаа” гэсэн логотой бүх номыг аваад явуул гэсэн” гэх эцэг эхчүүд байнга утасддаг. Тэр их итгэлийг бид дааж явахыг хичээх болно. Бид бас залуучуудын амьдралын хэв маягт ном гээч зүйлийг шигтгэж өгөхийг хүсдэг. Тэр зорилгодоо тодорхой хэмжээгээр хүрч яваа гэж боддог.

-Өрнө дорнын шилмэл өгүүллэгүүдийг сорчлон орчуулсан хоёр ч ном гаргаж байсан. Өгүүллэгийн сонголт, орчуулгын чанараараа уншигчдаас өндөр үнэлгээ авч байсан. Цаашид энэ хэлбэрийн орчуулгын бүтээл гарах уу? Эсвэл та илүү том зохиол дээр ажиллаж байна уу?

-“Аз жаргалтай төгсгөлүүд”, “Аварга том далавчтай өвгөн” гэж хоёр түүвэр эмхтгэн орчуулж гаргасан. Худалдаанд дууссан ч уншигчдын эрэл сурал тасрахгүй байсан болохоор энэ хоёрыгоо нэгтгээд “Хар захын гудамжны Спиноза” нэрээр хэвлэсэн байгаа.  Одоо нэн шинэ үеийн уран зохиолыг өнгөлж байгаа, яг одоо л мандаж байгаа, Монголчуудад төдийлөн танил бус зохиолчдын шилдэг өгүүллэгүүдийг эмхтгэж байна. Залуучууд дэлхийн уран зохиол яг одоо ямархуу өнгө төрхтэй байна вэ, хэн хэн гэдэг зохиолч цолгорч байна вэ, юугаараа шинэ содон байгаа бол гээд л асуудаг. Тэр олон асуултад бага ч болов хариу болох ном гаргахыг хичээж байна.

-Өмнө нь цахим ертөнцөөр мэдэгдэж байсан даа. Прүстийн “Алдагдсан цагийн тэнгис” долоон дэвтэр романыг орчуулна гэж. Та ажлаа эхэлчихсэн байгаа юу?

-Эхлүүлээд орхисон. Таньдаг америк бүсгүй докторын ажлаа Прүстийн романы орчуулагдсан туршлагаар хамгаалмаар байна гээд, намайг докторын дессертацитай нь орчуулгаа зэрэг явуулаач гэж гуйсан юм. Тэр өөрөө унаган Франц хэлтэй болохоор орчуулгын явцад гарах хүндрэлүүдийг шийдэхэд бас тусална гэсэн тохироотой. Одоо францад нэг сэтгүүлд ажиллаж байгаа. Ирэх жилээс докторын сургалт нь эхэлнэ гэсэн. Тэр маань одоохондоо яараагүй болохоор би бусад ажлуудаа хийгээд явж байна.

-Нэг сайн өгүүллэг олж орчуулахын тулд маш олон ном унших хэрэгтэй болдог гэсэн. Тиймээс асар их цаг хугацаа шаардлагатай байдаг юм шиг ээ?

-Өгүүллэгийн түүвэр эмхтгэж орчуулах нь роман орчуулахаас хэцүү. Унших, шилэх орчуулах гээд л маш их ажил бий болдог. Дээрээс нь өгүүллэг тус бүр өөр өөр дүр, үйл явдал, өөр өөр уур амьсгалтай байдаг болохоор тэр болгонд сэтгэл санаа, хэл найруулгаа бэлдэх хэрэгтэй болдог. Тэгээд зохиолчид руу нь захидал бичиж зохиолчийн эрх хүснэ. Яггүй шүү. Энэ зуныг л гэхэд би ганц түүвэр гаргах гэж баахан өгүүллэг уншиж өнгөрүүллээ. Роман барьж авсан бол аль хэдий нь орчуулаад хэвлэчих хугацаа.

-“Тагтаа”-гаас ямар нэг сонгодог зохиолыг Монголд орчуулж гаргахдаа тусгай зөвшөөрөл авч ажилладаг. Гэтэл манайд энэ талаар огтхон ч төсөөлөлгүй хүмүүс байсаар... Ер нь зохиогчийн эрхийн асуудалд санаа тавих ёстой юм шиг. Та энэ талаараа ярихгүй юу. Орчуулах зөвшөөрөл авахад хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Энэ бол бидний мундагтаа хийгээд байгаа ажил биш. Ерөөс мөрдөх л ёстой хэвийн хэм хэмжээ юм. Бид бусдын оюуны өмчийг хүндлэхгүй байж өөрсдийнхөө оюуны бүтээлийг яаж хадгалж хамгаалуулах юм бэ. Нийгэмд өөрчлөлт хийхийг хүсч буй бол жижиг гэлтгүй зүйл дээр ч өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй гэж боддог. Удахгүй бид монгол зохиолчдынхоо оюуны бүтээлд мөнгө төлдөг болно. Энэ тал дээр бидэнд төлөвлөгөө, ярьж буй ажил бий. Зөвшөөрлийн тухайд өмнө нь хэн хэнийг орчуулж хэвлэж байснаа хэлэхэд л нэг их олон юм ярилгүй өгчихдөг болчихож дээ. Гол нь санхүүгийн асуудлуудаа л нарийн тохиролцох нь чухал байдаг.

-Жаахан байхаасаа л уран зохиолд дурласан тухайгаа та ярьж байсан. Балчир охиныг уран зохиолын юу нь тэгтлээ их дурлуулсан юм бэ, орчуулга ч ялгаагүй?

-Байгалиас жаахан авьяас аваад төрчихсөн, тэр нь л хатгаад суулгахгүй байсан байх. Нэг их салхитай өдөр сумынхаа огт ажилладаггүй номын сангийн санчийн гадаа очоод хашааных нь хаалгыг балбасаар гаргаж ирээд “Би номын сангаас чинь ном авч уншмаар байна” гээд дагуулж явж ном авч байснаа санадаг юм. Номын санч эгч “Шороон шуурган дунд хаалга балбаад, ном уншина ч гэх шиг. Баян айлын хүүхдүүд ийм муухай дээрэлхүү” гээд л замын турш үглэж билээ. Аав минь сумандаа жижигхэн лааны үйлдвэртэй, тог цахилгаангүй таг харанхуй байсан үед баруун аймгуудын олон сумыг гэрэл гэгээтэй залгуулж байсан хүн болохоор манайх баянд тооцогдоно. Тэгж үглүүлж явсаар хоёр ном авсаны нэг нь “Раамын үлгэрийн цоморлиг” байсан юм. Би тэр шуургатай өдөрт ямагт талархдаг.

-Өдөржин бодоод ч тухайн нэг гадаад үгийг монголчлох гэхээр тохирох үг олдохгүй байх үе танд тохиолдож байв уу?

-Ганц үг оноох гэж тэгтлээ гацаж удаж байсан удаагүй ээ. Яруу найрагч Б.Одгэрэл ах нэг удаа “Чи хэр хурдан орчуулдаг вэ?” гэж байна. “Гайгүй ээ. Нэг их удаад байдаггүй. Яасан?” гэтэл “Үгүй яахав, хэтэрхий удаад байвал чадахгүй л байна гэсэн үг л дээ” гэж билээ. Тэр яриа санаанаас гардаггүй юм. Хааяа ургамал, амьтан, эд юмсын оноосон нэрийг Монголоор олж тавихад хүндрэл гарах нь бий. Яаж ийгээд дор дор нь шийдээд л явдаг.

-Ер нь шуудхан нэг зүйлийг асуучихъя. Орчуулга хийхэд хамгийн хүнд, бэрхшээлтэй зүйл нь юу вэ?

-Нуруу өвдөж, хүзүү хөших. /инээв/

-Та тухайн орчинд нь очиж, хүмүүстэй ярилцаж, зайлшгүй шаардлага, хэн нэгний шахалтаар англи хэл сураагүй. Яалт ч үгүй уран зохиолын ном унших, хүсэл тэмүүллээрээ сурсан байх. Гэхдээ уран зохиолын орчуулгын хэмжээнд бие дааж сурна гэдэг хэцүү. Өөртөө хэр их цаг зав гаргаж, хэдий хэр хугацааг хэл сурахад зориулсан бэ?

-Би англи хэлийг одоо ч сурсаар л байгаа. Монгол хэлээ ч бүрэн мэднэ гэж хэлж зүрхлэхгүй. Тийм байж хүний хэлийг сурчихлаа гэх хаашаа юм.

-Тэгээд ч олон гадаад үг мэддэг, сайн найруулгатай байлаа гээд хүн бүр орчуулга хийж чадахгүй гэдэг шүү дээ. Давхар уран зохиолын өндөр мэдрэмжтэй хүний хийх ажил гэж зарим нь ярьдаг. Энэ талаар...

-Орчуулга гэдэг бол хоёр хэлний асуудал. Залуус маань гадаад хэл гадарладаг болонгуутаа орчуулчихъя гээд байдаг. Гэтэл дотоод хэлээ би хэр мэдэх билээ гэж өөрөөсөө асуудаг нь ховор. Өсөхөөс сурсан, төрөлх хэл болохоор мэдэхгүйн зовлонгүй гэж ойворгон бодохдоо чухам эх хэлнийхээ ханыг л мөргөж “духаа шалбалж” байгаа нь олон харагддаг. Зарим нь түүнээ мэдэхгүй, анзаарах ч үгүй, сэжиж зүтгэхдээ эх хэлнийхээ духыг шалбалаад байна уу даа гэж бодогдож байна. Тиймээс монгол хэлээ бүгдээрээ яруу сайхан суръя. Орчуулга олон янз ч уран зохиолын орчуулга гэдэг авьяасын үйл мөн гэдэгт би гүнээ итгэдэг. Авьяас гэдэг нь мэдрэмж юм. Мэдрэмжийг сурах хэцүү. Төрөлх өгөгдөл ч байж мэднэ.

-Хамгийн анх зохиолч, орчуулагч Д.Оюунчимэг эгчийн санаачилсан хүүхдийн уран зохиолын 108 боть орчуулах ажилд туслалцаж “Махабхарата” сургаалийн шинжтэй үлгэрүүдийг монголчилсон байдаг. Түүнээс хойш энэ салбар луу эргэлт буцалтгүй орчихсон, өөрийн ажилдаа дурласан уу?

-Хүмүүс намайг уран зохиолын орчуулагч гэж л хардаг байх. Харин би өөрийгөө арай өөрөөр харж, арай өөр зүйлд бэлтгэдэг. Орчуулагчийн ажил маань эргэлт буцалтгүй биш, харин ч буцалттай. Хүсвэл би одоо ч болилоо гээд зүгээр суучихаж чадна. Надад юу ч үгүйлэгдэхгүй. Мэдээж би хийж буй ажилдаа дурласан. Гэхдээ хайрлаагүй. Миний жинхэнэ хайр арай өөр, би түүнийгээ мартаагүй, дотроо байлгаж, хамтдаа туулах ирээдүйн амьдралдаа бэлдсээр байгаа.

-Орчуулсан бүтээлүүдээ ном болгож уншигчдийн гар дээр тавихад санхүүгийн асуудалтай тулгардаг. Үүнийгээ хэрхэн шийдэж байна вэ. Хүмүүсийн дэмжлэг туслалцаа авдаг уу, хувиасаа юу. Сүүлийн үед танай хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлж байгаа номууд дизайн, хавтас зэргээс харахад орчин үеийн ном товхимолын чанар чансаанд нийцсэн бүтээлүүд гарч байгаа. Өртөг нэлээд өндөртэй юм шиг санагддаг.

-Өмнөх номуудаа яаж ийгээд өөрөө л болгоод хэвлүүлж байсан. “Цас” романыг би 24-тэйдээ орчуулаад зохиогчийн эрх, хэвлэлийн зардал зэргээс болж хэвлүүлэлгүй таван жил дарсаны эцэст хэвлэсэн. Эгч, хүргэн ах, нөхөр маань нийлж хэвлүүлж өгсөн. Одоо харьцангуй гайгүй болчихлоо доо. Номууд маань өөрсдийнхөө хэвлэлийн зардалыг олоод ар дахь номуудаа бас чирээд байхтайгаа болсон. Хэвлэлийн чанарын тухайд “Мөнхийн Үсэг” ХХК биднийг дэмжиж чанартай, олон талын хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг. Тэдний хамт олонд бас баярлаж явдагаа илэрхийлье.

-Ном орчуулаад эхэлсний дараа өдөр тутмын аж төрөхүй болоод сэтгэл зүйд тань тодорхой хэмжээний өөрчлөлт бий болдог уу. Жишээ та Орхан Памукын “Цас” романы нээлтэн дээр сэтгэлдээ маш том шаналал тээж яваа харагдсан. Тухайн романы үйл явдалтай холбоотойгоор сэтгэл эмзэглүүлсэн зүйл дэлхий нийтийг олон удаа цочролд оруулж байсан. Тухайн үед та бас цочирдсон байсан уу?

-Яахав, уран бүтээлч хүний зөн совин, ёр билгийн мэдрэмж их хүчтэй байдаг байх. Америкийн Дэвид Лэйман гэж хүний хоёр ихэр цамхаг нурж буй тухай шүлгийг орчуулж байснаа санаж байна. Яг л дэлхийн худалдааны төв нурж байгаа тухай тэр шүлэг хачирхалтай нь 1992 онд бичигдсэн байсан. Түүн шиг Орхан Памук ислам шашинтны ертөнц хийгээд өрнөдийнхний хооронд ямар нэг юм болох гээд байгааг уран бүтээлчийн хүчтэй зөнгөөрөө мэдрээд л “Цас” романаа бичсэн байх. Роман хэвлэгдээд удаагүй хоёр ихэр цамхаг жинхэнээсээ сүйрсэн. Түүний дараах олон үйл явдлыг надаар тоочуулалтгүй хүн бүр мэдэж байгаа. Энэ роман монгол хэлнээ буучихаад яагаад ч юм дарагдаж дарагдаж, яг л өнөөх үйл явдлуудын тэсрэлт оргилдоо хүрч, Сири хэмээх орон нүдэн дээр сүйрч, ард иргэд нь Европын улс орнуудын хилийн тортой хашааны цаана үерийн ус шиг цутгаж очсон аймшигт явдлын ид үед хэвлэгдсэн. Бүтээл гэдэг цаг үеэ тэгж олж, тэгж мэдэрч төрдөг байх нь.

-Оюутан ахуй цагаасаа л таныг шүлэг орчуулдаг байсныг мэдсэн. Орчуулга хийхэд үргэлжилсэн үгийн зохиол, яруу найраг хоёрын аль хүнд байдаг вэ?

-Шүлэг орчуулах амархан шүү дээ. Гол нь авьяастай л байх хэрэгтэй. Үргэлжилсэн үг бол наанадаж тэвчээртэй сууж сурахыг, цаанадаж олон талын юманд өргөн мэдлэгтэй байхыг шаардана.

-Борхесийн шүлгийн түүвэр орчуулах санаа байдаг гэж та ярьсан даа. Үнэхээр Аргентиний суут зохиолчийн шүлгийн номыг уншигчдын алган дээр тавих болов уу?

-Манай Ж.Тэгшзаяа л Борхесийн баахан түүвэр өгөөд намайг орчуул гэсэн хэрэг. Тэгээд өөрт нь зориулж хэвлэж гарга гэсэн. Борхесыг орчуулахын тулд эхлээд Испани хэл сурчихвал зүгээр юм уу. Нөгөөтэйгүүр Борхесын шүлгийн метафоруудыг ойлгохын тулд орчуулагч Эртний Грекийн домог туульсыг нэвт мэдэхээс эхлээд эртний Норвеги, наанадаж зургаан зуун жилийн өмнөх англи хэлний давгүй мэдлэгтэй, үгүйдээ л тийш өнгийх баялаг эх сурвалжтай байх хэрэгтэй. Манай хүний яруу найраг түүгээрээ илүү алдартай юм чинь.

-Боб Дилан Нобель хүртэхэд жаахан сэтгэл дундуур байх шиг байсан. Яагаад тэр вэ?

-Тэр том шагнал хүндэтгэлийг хүлээн зөвшөөрөгдсөн, мундаг уран бүтээлчид өгч байхад би энд, Монголд дургүйцээд хаа холдох вэ. Тухайн үеийн бяцхан гайхшралаа хувийн хуудсаараа дамжуулж илэрхийлсэн хэрэг. Даамжруулаад л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүртэл зарлаад байх зүйл биш байх.

-Борхес, Боб Дилан гээд нэгэнт дэлхийн сонгодог зохиолч, дуучны тухай ярьсан юм чинь үргэлжлүүлье гэж бодлоо. Олон ном зохиол уншсаны хувьд дэлхийн утга зохиолын тухай чамгүй мэдлэг боловсрол хуримтлуулсан байх. Бид өнөөдөр Достоевский, Жойс, Маркес зэргээс авахуулаад алдартай сонгодог зохиолчдын бүтээлүүдийг шимтэн уншсан хэвээрээ л байгаа. Гэвч яг өнөөдөр дэлхийн уран зохиолд ямар сонгодог уран бүтээлчид төрөн гарсан бэ. Манай орны уншигчдийн мэдэхгүй бестселлерүүдээс нэрлэж өгөөч.


-Бестселлерүүд гэвэл Харри Поттероос авахуулаад Мянганы цуврал, Кингийн адал явдалт романууд, Жоди Пикольт, Ли Чайлд, Патрисиа Корнвелийн триллерүүд гээд л арай өөр төрлийн уран зохиолын тухай яриа болох байх. Жойс, Достоевский, Маркес гэдэг бол цаг хугацаагаар харьцангуй шалгарчихсан нэрс. Тэгтэл одоо цаг гэдэг зүйлд өөрийгөө шүүх, өмгөөлөх боломж байдаггүй. Тэр утгаараа би нэрлэх хүмүүсээ бүгдийг нь маргаашийн Достоевский гэж хэлж чадахгүй. Миний л олж уншсанаар одоогийн дажгүй авторууд дотор хятадын Мо Ян, Ха Жин, Бэй Дао, Эми Тан, Юиюүйн Ли, Энэтхэгийн Арундати Рой, Салман Рушди, Жумпа Лахири, Японы Харуки Мураками, Рью Мураками, Ёошимото Банана, Казуо Ишигуро, Доминиканийн Хунот Диаз, Нигерийн Чимаманда Нгузи Адиче, Английн Жулиан Барнес, Зади Смит, Ирландийн Колм Тойбин, Израйлын Амос Оз, Канадын Маргарет Этвүүд, Элис Мүнро, Янн Мартел, Америкийн Жеффри Евгенидес, Филип Рот, Шерман Алекси, Норвегийн Жон Фоссе, Карл Уве Кнаусгард, Туркийн Орхан Памук, Элиф Шапак, Францийн Милан Кундера, Аргентинийн Цезарь Айра гээд нэрлээд л байвал нэлээн урт жагсаалт болно. Харин эдний дотроос зуун жилийн дараа хэд нь уншигдаж хоцрохыг одоохондоо хэн ч мэдэхгүй.

-Монголын уран зохиол энэ бүхний хаана явж байна вэ. Бид өөрсдийгөө дэлхийтэй харьцуулж харах шаардлагатай байх, тийм үү. Эртний гойд сайхан бичвэртэй уран зохиолын их өвүүдийг уншиж судлан сэтгэлгээний цар хүрээ, бичлэгийн тансаг байдлын талаар шагшин ярилцдаг. Тиймээс бидэнд дэлхийн уран зохиолтой хөл нийлүүлэн алхах, цаашилбал даваад гарчихаж болохоор хангалттай нөөц бололцоо бий биз дээ?

-Монгол Улс дэлхийн газрын зургийн хаана яаж зурагдсан байдаг уран зохиолын хөгжил нь тэр дотор л “явж” байгаа байх даа. Эхэнд ч биш, адагт ч биш. Хүрээн дотроо л байгаад байна уу даа гэж бодогддог. Дэлхийтэй нэгдэж байна гээд учир утгагүй, аймшигтай харь хөндий юмс бичнэ. Эсвэл монголоороо үлдэнэ гээд зөвхөн монгол хүн ойлгох юм бичнэ. Уг нь хаанаас нь ч харсан хачин гоё монгол, зөвхөн монгол хүний л санаж сэрж бичиж чадах, тэгсэн хэрнээ Австралийн хоньчин, Африкийн уурхайчин, Вьетнамын тариачин ч ойлгож мэдэрч чадахаар, ерөөс хүн гээч амьтны сэтгэлийн хэлээр бичигдсэн, бичигдэхдээ мэдээж ур ухаантай, нягт бичигдсэн зохиолууд гараад ирвэл гадагшаа сонирхол татах л байх. Харин утга зохиолын өвийн тухайд бид юм, юмтай ард түмэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

-Сүүлийн үед нүүр номондоо оруулсан зургуудаас тань харахад ихэвчлэн гадаад зохиол уншиж байгаа ажиглагддаг. Монголын уран зохиолоос хэр их уншдаг вэ. Та унших ёстой ном зохиолуудаа уншчихсан уу?

-Хэцүү асуулт байна. Монгол зохиолуудаас зориуд тойроод байсан юмгүй. Сайн зохиолч, сайн зохиол гараад ирвэл шүүрч аваад унших л байх. Хуучны зохиолуудыг бүгдийг нь биш ч цохлоод боломжоороо уншсан. Монгол зохиолуудаас их сайхан хэл найруулгатай ном юу байна гэж асууж сурч байгаад уншдаг. Тэгтэл нөгөө талд нь дэлхий байна шүү дээ. Нэг итали зохиолч уншмаар болдог, ахиад нэг энэтхэгийг ч мэдчихмээр юм шиг, тэнд шуугиулаад байгаа нэг Аргентинийг, энд бужигнуулаад байгаа нэг хятадыг ч юм уу. Тэднийг зайлшгүй сонирхож унших болдог. Тэгтэл манайхан юу ч уншихгүй байж бид нар агуу, одоо дэлхийд гоц гойд юм байхгүй, манай тэр зохиолчийн тэр романыг орчуулаад гаргавал шууд Нобель, муусайн орчуулагчид жулдаад байна л гэдэг. Өөрсдөө уншаад үзвэл ялгаа зааг нь маш тодорхой болоод ирнэ л дээ. Би өөр юу гэх вэ.

-Уншигчдаас танд шүүмж, магтаал хоёрын аль их ирдэг вэ?

-Магтаал голдуу ирдэг дээ. Миний мундагийнх биш, манай Монголчуудын сэтгэлгээний онцлог байх. Залуу хүн юм хийж байхыг хараад хөгшин хөвөөгүй хөл дороос нь ивээд л, аль болох урам өгөхийг боддог. Магадгүй би одоогийнхоосоо гуч дахин их бүтээл ном хэвлүүлчихсэн далан настай эмгэн болчихоод залуугийнх шигээ их магтуулж, сайшаалгахгүй байх.

-Маш хатуу шүүмжлүүлж байсан удаа танд бий юу?

-Айхтар шүүмжлүүлж байгаагүй ээ. Саяхан гадаад яамны нэг ахтай танилцахад “Монгол орчуулгуудыг цаад хэлтэй нь тулгаж уншихад уурлаж байгаад хэлсэн юмыг инээж байгаад хэлсэн юм шиг, гомдож хэлсэн үгийг зүв зүгээр хэлчихсэн юм шиг сэтгэл хөдлөлийн их зөрүүтэй орчуулчихсан байдаг. Чиний орчуулга тэр тал дээр их гайгүй болсон байна лээ” гэж магтсан. Гэхдээ би тэр “гайгүй” гэдэг үгэнд их ач холбогдол өгч, бас л дутуу дулимаг мэдэрсэн юм байж магадгүй байх нь, улам л чамбай, нягт хандахгүй бол болохгүй нь гэж бодсон. Тэр хүний үг л их том магтаал, бас их том шүүмжлэл байсан даа.

-Хүн ер нь урмаар тэтгэгдэж амьдардаг гэдэг шүү дээ. Яруу найрагч, судлаач Л.Нямаа гуайтай уулзахад өөрт таалагдсан гадаадын зохиолчийн роман, өгүүллэгийг Монголд орчуулах юмсан гэж их ярьдаг. “Би ч чадахгүй байх. Баясгалан гэж охин бий. Чи танина биз дээ. Тэр л чадах байх” гэж хэлж байсан.  Мөн яруу найрагч Л.Өлзийтөгс сүүлд өгсөн ярилцлагандаа танд хандаж “Сайн байна охин” гэж хэлсэн байсан, та ч уншсан байх. Та энэ бүхэнд хэр их хөөрч догдолдог вэ, зүгээр л тайвнаар хүлээж авдаг уу?

-Дурдсан хоёр хүний үгийг магтаал гэхээс илүү надад хүлээлгэсэн итгэл гэж хүлээж авна. Хүндтэй, сайхан уран бүтээлчид. Харин би өөртөө харьцангуй бодитой ханддаг. Тэнгэрт тултал магтуулсан ч хөөрч давхиад байхгүй, газарт ортол дэвсүүлсэн ч унаж шалчийгаад байх юмгүй. Өөрийнхөө юу чаддаг, юу чадах, юуг чаддаг болох ёстой, юуг хүсээд ч чадахгүйгээ мэдэх, багцаалдах болохоор хэр хэмжээгээ тодорхойлуулах гэж бусдын амыг харж суух хэрэг байхгүй. Зүгээр л урдахаа чанартай хийгээд явахад хангалттай.

-Өнөөг хүртэл нэлээдгүй ном орчуулж гаргасан. Тэр болгон дээр дандаа онож явсан гэвэл үгүй байх. Юун дээр хамгийн том алдаж, бас онож байсан бэ?

-Оюутан байхдаа хөлсөөр, ганц нэг компанид гэрээгээр орчуулсан номууд нэлээн хэд бий. Надад том туршлага болсон бүтээлүүд болохоор хүндэтгэж явдаг. Яг одоо өөрөө эрхлэн гаргаж буй номуудад алдаа гэчих юм байхгүй. Харин хааяа таалагдсан шүлгүүдээ цохолж орчуулахдаа сонголтын алдаа гаргасан юм бий. Жишээ нь Аллен Гинсберг, Чарльз Буковскийн хурц хурц, магадгүй хэт задгай, бүдүүлэг ч гэмээр илэрхийлэлтэй шүлгүүдийг орчуулсан нь алдаа байж гэж боддог. Залуучууд их сонирхдог л доо. Гэхдээ тэдний хүлээж авч байгаа байдал, хариу үйлдэл нь миний төсөөлснөөс ихэнхидээ тэс өөр байдаг болохоор би буруу зүйл хийсэн юм шиг санагддаг. Эмхтгэж, ном болгож гаргахгүй байгаагаараа л тэр алдаагаа цайруулах гэж хичээж байна.

-Та өөрөө шүлэг бичдэг. Сүүлийн жилүүдэд орчуулга хийгээд уран бүтээлээсээ хөндийрсөн үү, чимээгүйхэн туурвиад л явж байна уу?

-Шүлгүүдээ дангаар нь гаргачихъя гэхээр арай нимгэдээд хэдэн өгүүллэгтэйгээ нийлүүдээд гаргачихъя гэхээр зузаадаад учраа олохгүй л сууж байна. Удахгүй эвийг нь олоод хэвлэнэ дээ.

-Ер нь уран зохиол ч гэлтгүй урлагт их хайртай юм шиг санагддаг.

-Би уран зохиолыг урлагаас салгаж ойлгодоггүй, урлагийг ч уран зохиолоос салгаж төсөөлөх боломжгүй. Нэг олонлогийн гишүүд шүү дээ. Ямартаа ч жил бүрийн есөн сард болдог урлагийн ажилтны баярыг өөрийнхөө баяр гэж үзээд тэмдэглэнэ гэтэл манай хүн “Миний найз чинь уран зохиолын хүн болохоос урлагийн хүн биш шүү дээ!” гэж байна. “Хүүе, юу ярина вэ” гэж заргалдаж байж хоол хийлгэж идсэн. Хөгжмийн гайгүй сонсогч, киноны айхтар хорхойтон биш ч боломжийн үзэгч, театр, жүжгийн идэвхитэй үзэгч, уншигч. Уран зураг, бүжиг хоёроос л жаахан хол доо.

-Алдарт найруулагч Федерико Феллинийн “Зүүд бол цорын ганц бодит зүйл” номыг Г.Лхагвадуламын орчуулгаар “Тагтаа паблишинг”-аас эрхлэн гаргасан. Цаашид энэ цуврал үргэлжлэх мэдээлэл гарсан байсан. Номууд маань хараахан орчуулагдаж дуусаагүй байна уу, хэвлэл дээрээ гацчихаад байна уу?

-Дан уран зохиолын ном орчуулж гаргадаг шинэ залуу компанийн хувьд кино урлагтай холбоотой ном гаргана гэдэг огт таньж мэдэхгүй уншигчдын хүрээ рүү алхаж үзэж буй хэрэг л дээ. Одоохондоо бид эхний номынхоо борлуулалтыг ажиглаж байна. Бид үүгээр ашиг олохыг бодоогүй ч алдагдал хүлээж болохгүй биз дээ. Анзаарсан юм гэвэл киноныхон маань ном бага уншдаг юм байна. Феллиниг авч буй хүмүүсийн ихэнхи нь аанай л манай уран зохиолын уншигчид байх юм. Уншигчдад амласан болохоор гаргахдаа л гаргана. Гэхдээ хэвлэлтүүдийн хооронд тодорхой зай авах бодол байна.

-Та ер нь ямар найруулагчийн кинонуудыг үзэх дуртай вэ?

-Би тийм ч айхтар киночин биш болохоор найруулагчаар нь хөөж кино үздэггүй. Этон Коэн, Жоэл Коэн гэж ах дүү хоёр  найруулагчийн “No country for old men”, “Barton Fink” гэх кинонуудад дуртай. Микеланжело Антонионигийн “L’Avventura”, “Blow-Up” хоёрт, Карлос Регайдесын “Japan”, “Battle in Heaven” хоёрт, Андрей Тарковскийн “Сталкер”, “Андрей Рублев” хоёрт, Луйс Бунуэлийн “Discreet Charm of the Bourgeoisie”, Коэн Мортьегийн “Ex Drummer”-т дуртай.  Эднийг нэг өнгө аяс нэгтгэж байгаа. Тэр нь л миний киноны таашаал байх даа. 

-Уншигчийн хувьд зохиолчдоос яг юу хүсдэг, уран бүтээлийг ямар байгаасай гэж төсөөлдөг вэ?
-Зохиолч хүн уншигчиддаа нэг бол замч, үгүй бол замын хань нь болох хэрэгтэй байх аа. Түүнээс ард аахилж хоцорчихоод хүлээлгээд байж болохгүй.

-Цаашдаа ямар номнууд орчуулж гаргахаар төлөвлөсөн байна вэ?
-Дээр дурдсан өгүүллэгийн түүврээ гаргана. Оросын найруулагч Андрей Тарковскийн өдрийн тэмдэглэл, ярилцлагууд гарна. Араас нь нэг романы нэр цээжинд яваа. Тэрийгээ орчуулчих бодол байна. Тэгээд өнөөх Прүст. Тэрнээс цааш юм орчуулах тухай бодоод ч хэрэггүй байх.

-Орчуулсан бүтээлүүдээс тань өөрийг тань эвгүйцүүлж, хүнд байдалд оруулж байсан уур амьсгалтай зохиол байсан уу? Хэрэв тийм бол яаж давж гарсан бэ?

-Нобелийн шагналт, хятад зохиолч Мо Янын “Дом” гэж өгүүллэгийг орчуулахад л жаахан эвгүйцэж, дотор зарайж байсан. Сохор эхийгээ эмчлэх гэхдээ Соёлын хувьсгалчдын хүн цаазлан хороодог газар хүүтэйгээ очиж нуугдаж байгаад буудуулж үхсэн ялтнуудын хүүрийг өвчин цөсийг нь авч буй эрийн тухай, их хүнд өгүүллэг л дээ. Нэг найз маань заавал ийм өгүүллэг номондоо оруулах хэрэг байсан юм уу гэж хүртэл асууж байсан. Уран зохиолын бас л нэг өнгө шүү дээ. Давж гарахын тухайд гайгүй дээ. Би юмыг шинжилж, шиншилж уншдаг болохоос нэг их автаж уншдаг хүн биш. Сэтгэл хөдөлгөж, дэнсэлгэсэн юм тааралгүй яахав. Тэр нь аймшиг, адал явдлын зохиолоос илүү Чехов, Хэмингүэйнх шиг эгэлийн эгэл атлаа цаанаа нэг сэтгэл гогдох юмтай бичвэрүүд байх нь их.

-Сүүлийн үед орчуулагдаж гарсан бүтээлүүдээс ямар ном уншив аа... Хэл найруулга, орчуулгын чанар, сонголтоороо таны сэтгэлд бүрэн нийцдэг зохиол гэвэл сүүлийн үеийн орчуулгын бүтээлүүдээс хэр олныг нэрлэж чадах бол...

-Орчуулгын ном сөхөж хараад эхний хоёр гурван өгүүлбэрээс л түг таг хийгээд эхлэвэл “За за, Англиар олоод уншчихъя!” гээд хаачихдаг. Залуучуудаас Г.Лхагвадулам, Ж.Тэгшзаяа, Н.Энхбаярын орчуулгуудыг магтах хэрэгтэй байх. Найз нөхөд болохоор тэгж байгаа юм биш. Ер нь л эрс ялгарч байгааг залуу уншигчид сайн мэдэж байгаа. Манай ахмадууд үнэхээр чамбай, сайхан орчуулна шүү дээ. Сүүлд уншсанаас “Адмон ХХК”-д орчуулагч хийж байгаа Ч.Баатар гуай их сайхан орчуулгатай хүн юм гэж санагдсан. А.П.Чеховын “Хонгорхон Вера” гэж өгүүллэгийг Д.Цахилгаан гуайн орчуулгаар уншлаа. Чеховын маш эгэл бор атлаа хиртэй гараар ч хүрэмгүй нандин, энхрий бичлэгийг юутай гоё мэдэрч орчуулаа вэ. Д.Цахилгаан гуайг дипломат албанд биш орчуулгад л түлхүү зүтгэх байж дээ гэж бодогдсон. Ж.Нэргүй ахын орчуулгаар Владимир Войновичийн “Цэрэг Чонкины адал явдал”-ыг уншсан. Бас л паагиулж байна лээ. Мундаг мундаг.


No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд