Friday, June 30, 2017

БОРХЕСЫН НЭГЭН ШҮЛЭГ...

Хорхе Луйс Борхес (1899–1986)

Бараг л сүүлчийн эргэцүүлэл

Аж төрдөг гудмаараа алхалж, алмай шөнийн нугачаа руу
Алдуурч нэгэнтээ одох шиг үйл бүхэн минь дэмий.
Даамай урт шөнүүд ганцаардлын ёслол билээ.
Далдхан зүрхэндээ өөрийгөө яллаж, өргөмжлөх би лээ.

Энэ хорвоогийн гэрч болж, этгээд гажууг нь улайлаа.
Эргэх гэгээн саран, хайр хүсэмжлэх царайнууд; өнө мөнхийг дууллаа.
Тойрч хөглөрөх хот; алсад орших хөршүүд
Урж биесээ тасчсан тэднийг яруу шүлэглэн дууллаа.

Бусдын хувьд ёс төдий зүйлд сэртхийх гайхширлаа өчлөө.
Бурангуйн жихүүн хоолойг сонсоод жаргах нарнаас дуугаа ноцоолоо.
Цусан нэгт өвөг дээдэс, зүүдэнд ирдэг элэнц хуланцаа
Цугааранг нь өндөрт мандуулж, хэр чадлаараа дууллаа.
Дуулдаг ч, дуулсаар ч байнам.

Эерүү зөөлнийг дааж чадахаар болсон хойно нь мэдрэмжүүдээ
Эвдэршгүй үгсийн хэвэнд цутгаж өнөд батаар дархаллаа.
Усны хаялагаар эрэг дээр шидэгдсэн гуурст хүлгийн хүүр лугаа
Гутаагдсан хөгшиний дурсамжууд зүрх рүү минь эргэлээ.

Одоохондоо гудамжууд, сар миний талд зогссон хэвээр,.
Онгод найраг хөгөө таслаагүй, олгойдох ус ам руу цутгахаа больчихоогүй байна.
Ганцаардлын минь дүүрэн саран намайг өршөөн хэлтрүүлэхийн цагт
Гав дөнгөнд минь үлдээх гэж зүтгэх гоо үзэсгэлэнгийн харгислалыг ч мэдэрч байна.

Орчуулсан Б.Баясгалан

No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд