Thursday, June 29, 2017

Жон Чиверийн нэгэн өгүүллэг

Уншигчдынхаа дунд “Хотын захын Чехов” хэмээх нэрээр алдаршсан Жон Чивер /1912–1982/ бол XX зуунд төрөн гарсан хамгийн чухал зохиолчдын нэг. Тэрээр хүмүүсийн уламжлалт амьдралын хэв маяг өдрөөс өдөрт нуран унаж, бие биетэйгээ орон зайн хувьд нягтаршихын хэрээр сэтгэл зүрхээрээ алсран хүнийшиж буй өнөө цагийн байр байдалд сэтгэл дундуур явсаар, энэ л сэдвийг хөндөн бичсэн өгүүллэг голдуу туурвилаараа хүн төрлөхтөний оюун санаанд томоос том анхаарлын тэмдэг нэгийг хатгаж орхиод одсон гарамгай уран бүтээлчдийн нэг билээ.


Эргэж уулзсан нь

/өгүүллэг/

Аавтайгаа би хамгийн сүүлд галт тэрэгний төв буудал дээр уулзаж билээ. Ээж минь Кэйпэд нэг зуслангийн байшин түрээслэн суух болсон тул түүнтэй уулзах гэж Адирондакс дахь эмэг эхийнхээсээ галт тэргэнд сууж холын аянд гарсан нь тэр. Замдаа галт тэргээ солих гэж Нью-Йоркт цаг хагас хэртэй саатах зуураа аавтай хамт хооллочих санаатай урьдчилан захидал бичсэн юм. Нарийн бичиг хүүхэн нь лавлахын бүхээгний дэргэд уулзая гэсэн саналыг нь надад дамжуулж яг 12 гозойж байхад эцэг минь олон хүний дундаас айсуй нь харагдлаа. Эцэгтэйгээ би тийм ч дотно биш. Ээж маань түүнээс гурван жилийн өмнө салсанаас хойш бид хоёр уулзалдаагүй билээ. Гэвч түүний барааг харангуут яалт ч үгүй яс цусан барилдлагаа мэдрэх шиг болж ирээдүй, хувь тавилан минь ч түүнтэй салшгүй холбоотойг эргэн нэг санав. Нас биед хүрээд чухам түүн шиг хүн болж түүний л тогтоосон хязгаар дотор үйл амьдрал минь өрнөнө гэдгийг би мэдэж байлаа. Аав минь биерхүү, сайхан зүс царайтай хүн. Түүнтэй уулзсандаа миний баярласан гэж жигтэйхэн. Тэр нуруун дээр минь алгадан гар атгаад,
-Сайн уу, Чарли? Хүү минь, уг нь би чамайг клуб руугаа аваачих байлаа. Даанч манай клуб хаа байсан Сикстийс-т бий. Эртийн галт тэргэнд суух хэрэгтэй юм бол энүүхэн хавиар хооллох уу даа? гэлээ.

Аавыгаа би ээж маань сарнай цэцэг хэрхэн үнэрлэдэг билээ, яг тэгж үнэрлэлээ. Түүнээс викси, сахлын ус, гутлын тос, ноосон цамцных нь содон үнэр холилдон сэнгэнэж басхүү насанд хүрсэн эр хүний нэг тийм онцгой үнэр үнэртэнэ. Тэр мөчид би ингээд цугтаа байхыг минь хэн нэгэн харж байгаа даа хэмээн итгэж хамтдаа зургаа татуулахсан гэж яарч байлаа. Уулзалтынхаа дурсгал болгож бичлэг хийхсэн гэж хүртэл хүсэв.

Бид хоёр галт тэрэгний буудлаас гарч зоогийн газар орохоор хажуугийн гудамж өөд өгслөө. Өглөө эрт байсан болохоор зоогийн газар нэг ч хүнгүй байв. Эзэн нь бололтой нэг эр захиалга хүргэж ирсэн хүнтэй маргалдан зогсоно. Бас улаан хүрэм өмссөн өндөр настай зөөгч гал тогооныхоо хаалган дор сууж байлаа. Бид нэг ширээнд сууж, эцэг маань өнөөх зөөгчийг чанга дуугаар:

-Келлнер! Гарсон! Гарсон! Алив та! хэмээн дуудав. /Герман, Францаар Үйлчлэгчээ! Зөөгчөө! Зөөгчөө! гэсэн үг. Орч./ Хүнгүй зоогийн газарт тэгж чанга хашхирч буй нь хараажаар зохимжгүй үйлдэл байлаа. Тэгтэл аав:

-Бидэнд үйлчилж болох уу, үгүй юу!” хэмээн ахиад л чанга хашхирсанаа,

-Чоп-Чоп! гэж дугараад хоёр гараа дээш өргөн алгаа ташив. Түүний энэ үйлдэл анхаарлыг нь татав бололтой, өвгөн зөөгч сажилсаар бидний ширээ лүү ирлээ.

-Та надад хандаж алгаа ташаад байна уу? гэж зөөгч асуув. Харин аав өөдөөс нь:

-Тайвшир, тайван бай Соммелир! /Зөөгч гэдгийг Германаар хэлж байна. Орч./ Захиалга өгөх нь таньд хэтэрхий төвөг удсан хэрэг биш бол, бас эрхэлдэг ажлын чинь нэрээр дуудах нь зохисгүй хэрэг болчихоогүй бол бидэнд хоёр хундага Бийф-Ийтер коктейл аваад ирэхгүй юу? гэх нь тэр.

-Намайг алгаа ташиж дуудах чинь тийм ч сайхан санагдахгүй л байна шүү! гэж зөөгч хөгшин сөргөв. Тэгтэл аав:

-Өө хөөрхий. Нэртэйгээр нь шүглээ авчирдаг байж л дээ. Надад хөгшин дөгцөг болсон зөөгчдийн чихэнд таарсан гайгүй чанга дуутай шүгэл бий юмсан. Харин одоо халааснаасаа наад бяцхан дэвтэр, балаа аваад хоёр хундага Бийф-Ийтер коктейл авч ирж чадах эсэхээ шалгаад аль! Намайг дагаад хэл дээ! Бийф-Ийтер коктейл! хэмээн дуржигнууллаа. Аавыг ингэж хэлэхэд өнөөх зөөгч:

-Та өөр газраар үйлчлүүлсэн нь дээр бололтой! гэж намуухан дуугаар хэлэв. Үүнийг сонссон аав:

-Энэ бол…! Энэ бол…! гэж түгдэчсэнээ …миний амьдралдаа сонсож байсан хамгийн лут зөвлөгөөнүүдийн нэг байна. Алив Чарли, энэ чөтгөр шүглэсэн газраас гаръя! хэмээн уурсав.
Би ч эцгийгээ даган тэндээс гарч өөр нэг зоогийн газар луу орлоо. Энэ удаад тэр өмнөх шигээ чанга орилж хашхичсангүй. Уух юмс маань ч ирж тэр надаас бэйсболлын улирлын тоглолтын талаар ар араас нь шалгаана. Тэгж байснаа аав зоогийн хутгаар хундагаа тогшиж “Гарсон! Kеллнер! Камериер! Алив ээ, чи! /Зөөгч гэдэг үгийг Франц, Герман, Италиар хэлж байна. Орч./ Үүнээсээ ахиад хоёрыг авчруулчихвал чамд төвөг удсан хэрэг болохгүй биз дээ! хэмээн чанга хашхирч гарлаа. Тэгтэл зөөгч:

-Наад хүү чинь хэдтэй билээ? гэж асуув. Аав өөдөөс нь:

-Чөтгөр ав гэж. Энэ чиний хэрэг биш! хэмээн унтууцна.

-Тийм байж. Гэхдээ эрхэм ээ, бид хүүд нэмж уух юмаар үйлчилж чадахгүй нь дээ.”

Зөөгчийн энэ үгийг сонсоод аав:

-За яахав, тэгвэл чамд дуулгах тун сонирхолтой нэг зүйл байна. Танайх Нью-Йоркт байдаг цорын ганц зоогийн газар биш юм шүү дээ. Булан тойроод бас нэг зоогийн газар бий. Алив явъя, Чарли!” гэж омогдлоо.

Эцэг маань тооцоогоо хийгээд намайг дагуулан тэндээс гарч өөр нэг зоогийн газар луу явав. Бидний энэ удаад орсон зоогийн газрын зөөгчид нь ангийн цув шиг ягаан өнгөтэй хүрмээр ижилссэн байх агаад тэр газрын ханаар нь дүүрэн морины тах хадаж чимэглэсэн байв. Бид нэг ширээнд сууж эцэг минь ахиад л хашхирч эхлэлээ.

-Хөөе, нохой маллагч аа! Үүхүү, гэдэг билүү, юу ч билээ? Бидэнд аяга тагш юм өгөөч. Хоёр Бибсон Жийфийтер ч болохнээ дөхүүлчих.

Зөөгч инээмсэглээд:

-Хоёр Бибсон Жийфийтер ээ? гэж асуулаа.

-Юу хэлж байгааг минь чи сайн мэдэж байгаа, хараал ид. Би хоёр хундага Гибсонс Бийф-Ийтер авах гээд байна. Түргэлж үзээрэй. Манай наргиантай, хөгшин Англид маш их юм өөрчлөгдөгдсөн гэж миний найз гүнтэн хэлж билээ. Харин одоо энэ англичууд коктейл гэж ямаршуу юм бэлтгэхийг нь харъя л даа. Аавыг ийн уурсахад зөөгч эр:

-Энэ чинь Англи биш шүү дээ! гэж санууллаа.

-Надтай бүү мэтгэлц. Хэлсэнийг минь гүйцэтгэхэд л барав биш үү! гэж аав өөдөөс нь хэдэрлэв.

-Би зүгээр л таныг хаана яваагаа мэдэхийг хүсээ юм болов уу л гэж бодлоо гэж зөөгч учирлалаа. Тэгтэл манай сайхан аав гуай:

-Миний тэвчиж чадахгүй ганц зүйл бол эзнийхээ өөдөөс хэдэрлэдэг шазруун зарц нар! гэж хэлээд,

-Алив Чарли, гаръя! гэж уурлалаа.

Бидний орсон дөрөв дэх газар нь Итал зоогийн газар байв. Аав маань шууд л,

-Buon Giorno! /Италиар “Өглөөний мэнд!” гэсэн үг. Орч/ гэж мэндлээд,

-Per favore, possiamo avere due cocktail americani, forti forti. Molto gin, poco vermut! гэлээ. /Италиар “Бидэнд америк коктейлоосоо хоёрыг өгч болгооно уу. Чангахан шигээс нь. Ахиухан жин. Жаахан вермут,” гэж хэлж буй нь. Орч/. Тэгтэл зөөгч нь:

-Би Итали хэл мэдэхгүй л дээ! гэв.

-За боль доо. Чи Италиар ойлгоно. Тэгээд ч хараал идсэн ажлаа яаж хийхээ хамгийн сайн мэдэж байгаа чинь гарцаагүй. Vogliamo due cocktail americani. Subito. /Бид америк кокmейлоос хоёрыг авмаар байна. Бушуулж үз!”

Аавыг ийн зандархад өнөөх зөөгч цааш яваад ахлагчдаа хэдэн үг хэлэв. Тэгтэл ахлагч нь хүрч ирээд,

-Уучлаарай эрхэм ээ! Энэ ширээ захиалгатай юм аа! гэлээ. Аав минь хэртхийн цочиж,

-Өө тийм үү? Та нарт бидний үзүүлэх санхүүгийн дэмжлэг хэрэггүй болж таарав уу? Ойлголоо. Болих л үгүй юу. Vada all inferno. /Италиар “Тамруугаа тонилж үз!” гэж хэлж буй нь. Орч/ хэмээн цухалдсанаа,

-Явцгаая Чарли! гэлээ. Тэгэхэд нь би:

-Одоо галт тэргэндээ суулгүй болохгүй нь! гэв. Миний үгийг сонсоод аав:

-Уучлаарай жаал минь. Аавыгаа үнэхээр уучлаарай! гэж хэдэнтээ давтсанаа намайг тэврэн биедээ наагаад,

-Галт тэрэгний буудал руу хамт алхая. Уг нь манай клуб руу шурхийгээд ороод гарах байсан юм даа! гэв. Би ч яарч байсан болохоор:

-За, зүгээр дээ аав аа! гэж түүнийг тайтгарууллаа. Тэгтэл тэр:

-Ерөөсөө би чамд сонин авч өгье. Галт тэргэнд гарчиглаад явахгүй юу! гэснээ сонин борлуулах цэг рүү очиж,

-Болгооно уу, эрхэм ээ! Надад энэ арван центийн, хараал идсэн, ямар ч уншуургүй, их үдийн балай сонингоосоо ганцыг өгч гийгүүлэхгүй биз?” гэдэг байгаа. Худалдагч түүнээс нүүр буруулаад нэг сэтгүүлийн нүүр лүү гөлрөөд зогсчихов.

-Чамд тийм хэцүү байна уу? Надад шар сэтгүүлзүйн хөөрхийлөлтэй жишээнээсээ ганцыг зарчих тийм хэцүү байгаа юм биз дээ?

Аавыг ийн давшилах зуур би дундуур нь орж,

-Би явах хэрэгтэй байнаа, аав аа! Оройтчихлоо! гэлээ. Харин аав:

-Хүлээж бай, жаал аа! Би энэ муу дургүй хүргэсэн нусгайтай учраа олоодохъё! гэж хэлээд түрүүчийн хэрүүл рүүгээ шунган орлоо. Аргаа барсан би:

-Баяртай аав аа! гэж сулхан хэлчихээд шатаар уруудан гүйсээр галт тэргэндээ суув. Тэр бол миний аавтайгаа уулзсан хамгийн сүүлчийн уулзалт байсан юм.


Орчуулсан: Батсуурийн БАЯСГАЛАН


No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд