Wednesday, September 20, 2017

БАТСУУРИЙН БАЯСГАЛАН: МАНАЙД УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛЫГ ҮНЭЛДЭГ ХҮН БАЙХГҮЙ


“Тагтаа”хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, зохиолч, орчуулагч Батсуурийн Баясгалантай хөөрөлдлөө. Шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцсэн “Аварга далавчтай өвгөн”, “Аз жаргалтай төгсгөлүүд”, "Хар захын гудамжны Спиноза" зэрэг олон сайхан бүтээлийг эх хэлнээ хөрвүүлсэн түүний үг манай уран зохиолын хүрээнийхний хувьд үнэ цэнтэй байх биз ээ. 



ЛХАГВАСҮРЭНГИЙН БАТЦЭНГЭЛ: Өөрөө өрнө, дорнын шилдэг өгүүллэгийн түүврүүд, Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн “Цас” роман зэрэг нэлээд зангарагтай бүтээлүүдийг монголчилсон дуун хөрвүүлэгч. Дэлхийн утга зохиолын чиг хандлагыг тэгэхээр нэлээд гадарлаж байгаа байх. Манай Монголын уран зохиол ямар төвшинд явж байгаа бол?

БАТСУУРИЙН БАЯСГАЛАН: Зохиол бичиж буй хүмүүсийн боловсрол, өөрсдийгөө боловсруулсан түвшин маш зөрүүтэй л дээ. Орчин үеийн зохиолчид маш их судалгаа хийж, цэгцтэй мэдлэг, мэдээллээр зохиолынхоо гол нурууг босгож бичдэг. Боловсорсон бичээчдийн зохиол хий багатай, олон өнцөгтэй, гаргалгаа сайтай, уншигчдад нэг талын бус маш олон талын эргэцүүлэл төрүүлэх чадвартай байдаг. Сайн торго шиг нэхээс нь чигжүү бичлэгтэй зохиолууд зохиолчийнхоо авьяасаас гадна өөрсдийгөө зохиолч болгож боловсруулсан нөр их хөдөлмөрийг бэлхнээ харуулж байдаг. Би нэг их уншаагүй л дээ. Гэхдээ манай зохиолчдын бүтээл мөнөөх торгонуудын хажууд загасны тор шиг нэхээс нь өм цөм, цоорхой ихтэй санагддаг. Байгалиас заяасан авьяасдаа голдуу найдаж, оочин цоочин сонссон юмсаа мухар сүсгийн чанартай бодролуудаар голдуу гөрдөж томсон бичлэгүүд олон таардаг. Мэдээж би бүгдийг нь тэгж муулахгүй. Нийтлэг анзаарагдаж буй зүйлсийг л хэлж байна. Жишээ нь, хөгжмийн зохиолч болохын тулд зөвхөн сонсголтой байгаад л болчихгүй. Том том дуурь, романс, симфони бичихийн тулд заавал мэргэжлийн хөгжмийн сургуульд академик боловсрол эзэмшсэн байх ёстой шүү дээ. Уран зохиолын хөдөлмөр ч бас үүнтэй адил. Гэтэл манайд уран зохиолын боловсролыг үнэлдэг нэг ч хүн байдаггүй. Их сургуулиудад нь мэргэжлийн туурвилч бэлддэг анги байхгүй мөртлөө мэргэжлийн шүүмжлэгчдийг жил бүр хэдэн арваар нь төгсгөдөг. Шүүмжлэгчдээ л мэргэжүүлвэл бүтээгчид нь заяа, заваг хоёроороо болно биз гэсэн хандлагатай байдаг юм шиг. Мэргэжлийн шүүмжлэгчид нь сонирхогчдын бүтээлийг мэргэжлийн үүднээс шүүх юм байх. Би энэ тогтолцоог нь ер ойлгодоггүй л дээ. Энэ мэтээс авахуулаад бидэнд хоцрогдох шалтгаан бишгүй бий санагддаг.

Л.Б: Яруу найргийн хувьд ямаршуухан байх шиг байна?

Б.Б: Яруу найраг хүүрнэл зохиолоос өөр шүү дээ. Ёстой авьяас, мэдрэмж нь хөтөлдөг урлаг байх. Манайхны шүлгүүд сайхан л санагддаг. Зарим талаар илүү ч юм шиг. Илүү санагдаж байгаа нь тухайн шүлгийг би төрөлх хэлээрээ хүртэж буйд байгаа байх.

Л.Б:Сүүлийн үед ямар бүтээлүүд орчуулж байна?

Б.Б:Дэлхийн шинэ үеийн уран зохиолын өнгө төрх, чиг хандлага, шинээр гарч ирж буй авьяаслаг зохиолчидтой уншигчдаа танилцуулах санаатай нэг өгүүллэгийн түүвэр эмхэтгэн орчуулж байна. Дотроо постмодерн эрин үеийнхэн, нэн шинэ үеийнхэн гэсэн хоёр хэсэгтэй. Постмодерн эрин үеийнхэн дотор дэлхийд аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдчихсөн ч манайд төдийлөн танил бус зохиолчид, нэн шинэ үеийнхэн дотор нь дэлхийд цоо шинээр гарч ирж буй, манайд бол бүр огт дуулдаж байгаагүй зохиолчдын шилдэг өгүүллэгүүд орж буй юм. Монгол уншигчдын чихэнд олон шинэ нэр хоногшуулж, хоцорч уншиж буй цаг хугацааг нь нэлээн сайн дөтлүүлчих түүвэр болох байх. Дараа нь Италийн зохиолч Умберто Экогийн “Сарнайн нэр” романыг уншигчдадаа хүргэнэ.

Л.Б: “Болор цом” ч юм уу, яруу найргийн наадмууд ер нь хэрэгтэй юм бол уу?


Б.Б: Хэрэг болоод сүйд болдоггүй юм гэхэд гай тариад хаа холдох вэ дээ. Хүмүүс дуртай бол уншиж, сонсож л байг л дээ. Гоё сайхан санагдсан шүлгэн дээрээ оноо тоолж байгаад шагнаж л байг. Надад бол нэг их ач холбогдол өгөөд, сүр бадруулаад байх зүйл биш санагддаг. Сэтгэл татах ямар нэг юм байгаа болохоор хүмүүс тийшээ хошуурдаг байлгүй дээ. Шүлгээ тайзнаас унших үзэгдэл ер нь нийтлэг л дээ. Ялгаа нь манайх шиг шүлгүүдийг наана цаана нь оруулан шалгаруулж бай шагнал олгодог нь цөөн байх. Хүмүүс зүгээр л нэг жижигхэн уушийн газарт цуглаад бие биедээ шүлгээ дуудах нь хаа сайгүй байдаг зүйл.


Л.Б: “Урлаг бол золиос” гэсэн нэг үг бий. Уран зохиолын гал дөлд эрвээхэй мэт үйх зоригтнууд үеийн үед л байсан санагддаг. Энэ талаар ямар бодолтой байна?

Б.Б: Урлагийн төлөө юугаа золиослох вэ гэдгээс их зүйл шалтгаална л даа. Уран зохиолын төлөө бүх амьдралаа зольсон хүн гэхээр аль арвантавдугаар зууны үеийн Франсуа Вийон шиг гудамжинд гарч, арван есдүгээр зууны Рембо, Верлин шиг хөлчүүрч, Пушкин шиг халз буудалцаанаар үхэх ёстой юм шиг мөрөөдөлтгүй. Тэдний амьдарч байсан нийгэм, цаг үе, итгэл үнэмшил, үнэт зүйл өөр. Бидний цаг үе бүр ч өөр. Цаг үе минь биднийг дэмий хийсч цамнаж явахын оронд бичгийн ширээний ард тогтож суугаад өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байхыг шаарддаг. Тэдэнд одоогийнх шиг ийм олон номын сан, номын дэлгүүр, түүгээр нь пиг дүүрсэн уншигчид, ийм олон хэвлэлийн газрууд, сонин, сэтгүүл, ариутган шүүгчид, шүүмжлэгчид, шагнал зэрэг, шүүмжлэл, хайр найргүй цавчилтууд байгаагүй. Байсан бол тэд яг одоогийн зохиолчид шиг толгой өөд татахгүй уншиж, алхам бүрт өөрийгөө сорьж, хэвлэлийн газрууд, шүүмжлэгчдэд тоогдчих гээд гар хуруугаа мойнийтол болсон болоогүй юм бичиж байгаа. Юун архи, юун буу. Үүнийг л жинхэнэ уран зохиолын гал дөлд эрвээхий шиг үйх гэж нэрлэнэ байх даа.

Л.Б: Танай “Тагтаа” паблишинг шинэ үеийн уншигчдыг төлөвшүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж байгаа. Цаашид ямар бүтээлүүдийг уншигчдад өргөн барих гэж байна?

Б.Б: “Тагтаа” хэвлэлийн газрынхны хувьд ажил ундарсан намар болж байна. Бид философийн урсгал чиглэлүүд, гол төлөөлөгчдийнх нь үзэл санааг хялбаршуулсан зурагт хөтчүүд цувралаар гаргаж байгаа. Модернизм, Сартраар эхэлсэн эл цуврал маань удахгүй Германы их сэтгэгч Ницшегээр бүл нэмэх гэж байна. Философийн хүнд хүчир төвөгтэй санаануудыг энгийн ойлгомжтой, бас ч гэж зугаатай тайлбарласан, орчин үеийн завгүй уншигчдыг олон арван боть ном тэвэрч суух нүсэр ажлаас аварсан, тэгсэн атлаа тун ч цэгцтэй мэдлэг олгочих цуврал юм. Утга зохиолын бүтээлүүд маань Канадын зохиолч Янн Мартелын “Пигийн амьдрал” хэмээх романаар намрын нээлтээ хийлээ. Англи хэлтний уран зохиолын шилдэг номын шагнал “Man Booker” хүртсэн эл ном хүмүүст хувь тавилангийн өмнө хүчин мөхөстсөн ч дотоод итгэл найдварынхаа хүчээр тэсээд үлдэх тамир өгнө гэдэгт итгэж байна. Ерөнхийдөө шинэ үеийн уран зохиолын хэв шинжийг илтгэсэн сайн бүтээл. Бас бүх насныхан уншаад дурлахаар ном гэх үү дээ. 
Харин удахгүй гарахаар төлөвлөж буй номуудын тоонд Орхан Памукийн “Миний нэр Улаан” роман, мөн зохиолчийн “Истанбул” дурсамжийн ном, Салман Рушди хэмээх дорнын том сартваахийн “Шөнө дундын хүүхдүүд” роман, Умберто Эко гэж италийн нэрт зохиолч, семиотикчийн “Сарнайн нэр” роман, францын зохиолч Франсуа Саганы “Сайн уу, гуниг минь!” роман, сонгодгуудаас Жэйн Остины “Ихэрхэл ба эндүүрэл” романууд уншигчдын гар дээр очихоор бэлтгэгдэж байна. Салман Рушдигийн “Шөнө дундын хүүхдүүд” л гэхэд англи хэлтний уран зохиолын шилдэг номын шагнал “Man Booker”-ийг 1981 онд хүртэж, 1993 онд 25 жилийн ойгоо тэмдэглэж асан тус шагналын хамгийн шилдэг буюу “Booker of Booker” шагналыг, 2008 онд 40 жилийн ойгоор нь тус шагналыг хүртсэн дөчин романы хамгийн шилдэг нь ахиад л болсон юм. Харин Умберто Экогийн “Сарнайн нэр” бол постмодерн уран зохиолын гол үлгэр жишээ болсон бүтээл юм.

Л.Б: Өөрөө “Хөх мэдрэхүй” утга зохиолын бүлгэмийн гишүүн. Танай бүлгэмийнхэн уран бүтээлийн ямар олз омогтой явна даа?

Б.Б: Энэ бүлэгт найман хүн бий. Уран зохиолыг ширээ тойрч суугаад нийлээд биччихдэггүй болохоор тус тусынхаа зам мөрийг хөөгөөд амьдарцгааж байгаа. Бүгд хувь хувьдаа уран бүтээлийн олз ихтэй байгаа гэж итгэж байна.

Лхагвасүрэнгийн Батцэнгэл 
("Өдрийн сонин"-ы 2017.09.19-ний мягмар гарагийн №201(5768)-д хэвлэгдэв)




No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд