Wednesday, March 28, 2018

UNREAD: БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Эх хэлний өдөр тохиож буй энэ цаг мөчид бид Тагтаа Хэвлэлийн Газрын үүсгэн байгуулагч,орчуулагч Б.Баясгалантай хийсэн ярилцлагаа толилуулж байна. Тэрээр Говь-Алтай аймагт 10 жилийн сургуулиа төгсөж, 2008 онд МУИС-ийг улс төр судлалаар дүүргэсэн бөгөөд Нобелийн шагналт зохиолч Орхан Памукын “Цас” роман, “Аз жаргалтай төгсгөлүүд”, “Аварга том далавчтай өвгөн” зэрэг 10 гаруй зохиолыг орчуулсан шинэ үеийн шилдэг дуун хөрвүүлэгчдийн нэг билээ. Б.Баясгалангийн хамтран байгуулсан Тагтаа Хэвлэлийн Газар нь гадаад дотоодын нийгэм, соёл, гүн ухаан, утга зохиолын чансаатай бүтээлүүдийг сорчлон хэвлүүлж, үнэнч уншигчдын хүрээллийг хэдийнэ бий болгоод амжжээ. Ингээд "чөмөг дундлам" ажил гэгддэг орчуулгын хөдөлмөрийг хэвлэлийн газар удирдах ажилтай амжилттай хослуулж яваа зочныхоо ажлын арга барилтай танилцъя.

Байршил: Монгол улс, Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Тагтаа Хэвлэлийн Газрын үүсгэн байгуулагч, уран зохиолын орчуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhoneX
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Шар шувуу, шөнө чимээгүйд сууж ажлынхаа голыг нугалдаг
Сошиал хуудсууд: www.tagtaa.mnwww.bayasgaland.blogspot.comБаясгалан Батсуурь (фэйсбүүк)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?


Тагтаа Хэвлэлийн Газрыг бид бизнесийн байгууллага гэхээс илүүтэй хайртай дуртай юмандаа цаг, сэтгэлээ зарж буй уран бүтээлчдийн хүчтэй баг байлгахыг эрмэлздэг. Үүгээрээ ч бидний ажлын зарчим, хандлага бусад хэвлэлийн газруудаас өөр. Бидэнд арилжааны ашгаас илүү уран бүтээлээс амсах таашаал чухал. Тиймдээ ч бид ном нэг бүртээ маш урт хугацаа зарцуулж, хэдэн шат дамжуулан уншиж шүүж, одоо л боллоо гэсэн үедээ зах зээл дээр гаргадаг. Хэвлэн гаргаж буй номууд маань мөн л арилжааны ашиг авчрахаас илүүтэй гайгүй уншигчийн хувьд, уран бүтээлч хүний хувиар өөрсдөө эхлээд таашаасан, тэр үүднээсээ бусад залуус ч бас уншаасай, таниасай, сайхныг нь мэдрээсэй, үлгэр аваад энэ зэрэгтэй бичээсэй гэж хүссэндээ сонгон орчуулсан, эмхтгэн хэвлүүлсэн номууд байдаг. Хэвлэлийн газрынхаа үйл ажиллагаагаар дамжуулж бид монгол уншигчдаа орчин үеийн дэлхийн уран зохиолын чухамхүү чансаатай бүтээлүүдтэй танилцуулах, уншигчдынхаа уран зохиолын боловсролыг дээшлүүлэх, сүүлийн жилүүдэд нэлээд унаад байсан орчуулгын чанарыг чадах чинээгээрээ дээш таталцах, ном хэвлэлийн салбарт оюуны өмчийг дээдлэх соёлыг төлөвшүүлэх гэх мэт олон ажил хийж байгаа. Гэхдээ хэвлэлийн газраа данхайтал томруулж ном үйлдвэрлэлийн зогсолтгүй эргэх машин болгох нь бидний зорилго биш. Харин үе үеийн уран бүтээлчдийн дамжин өнгөрдөг, чадал суугаад гардаг урлан байлгахыг хүсдэг. Тиймдээ ч хэвлэлийн газрынхаа дэргэд үндэсний уран зохиолын ирээдүй болсон залуу уран бүтээлчдийг дэмжих, үндэсний уран зохиолын үнэ цэн, чанарыг өргөхөд түлхэц болох утга зохиолын сан, үндэснийхээ уран зохиолыг олон улсад гаргах, сурталчлан таниулах зорилго бүхий утга зохиолын мэргэжлийн агентлаг байгуулахаар ажилдаа шуудраад байна. Товчхондоо бидний ажлын хамгийн гол арга барил бол арилжааны ашиг бус чанар, үнэ цэн, чин сэтгэл юм. Азаар чанар, үнэ цэн, чин сэтгэлээ шингээсэн бүтээлийг таних нүд манай уншигчдад хангалттай байдаг.
Өөрийн арга барилын тухайд, өдөртөө голдуу хүмүүстэй уулзах, санхүү хөтлөх, юм унших, гэрээ гэх мэт бичиг цаасны ажил хийж байгаад шөнө 00 - 04 цагийн хооронд бичиж орчуулах ажилдаа төвлөрдөг. 

ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АПП, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Podcast аппликэйшний үнэнч хэрэглэгч. The Archive Project, BBC-ийн Art and IdeasThe Monocle Arts Review, New Yorker-ийн Fiction гэх мэт байнга сонсдог поскастуудтай. Бас Тагтаагийнхаа “Үлдэх үг” уран зохиолын подкастыг өөрөө хөтөлж явуулдаг. Бусдын бүтээлийг сонсохоос гадна өөрөө энэ апп-д бүтээл нийлүүлэгч учир миний хувьд тун чухал аппликэйшн. Мөн Goodreads-т уншлагын үйл явцаа хөтөлдөг. Уг нь энэ аппликэйшнийг идэвхтэй ашигладаг байсан ч хүмүүс уншиж буй номуудыг минь хараад орчуулж байна уу, хэвлэх гэж байна уу гэхчлэн их шалгаадаг тул мэдээллүүдээ нуух шаардлагатай болсон. Blogspot-ийн байнгын хэрэглэгч. Блог бичээд бараг 15 жил болж байна. Монголын анхны блогчдын нэг байх шүү. Эхэндээ оюутан, дэврүүн охины сэтгэл хөдлөл гол төлөв шингэсэн, хувийн чанартай юмс голцуу бичдэг байсан ч ойрын хоёр жилээс тэр бүхнээ устгаад ажилтайгаа холбоотой, уран зохиол, урлагийн голдуу нийтлэлүүд, орчуулгуудаа үлдээсэн. Програмын тухайд Audacity гэх хялбархан дуу бичлэгийн програмыг чадамгай ашиглаад яриа хөөрөөгөө монтаажилчихдаг, подкастаа хийчихдэг.

ТА АЖЛЫН ОРЧИН, АЖЛЫН ӨРӨӨГӨӨ ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Бид гурван ч оффис сольж байж энд ирж төвхнөсөн. Ерөнхийдөө бидний ажил бизнесийн гэхээс илүүтэй уран бүтээлийн уур амьсгал дор өрнөдөг учраас албан тасалгаа, оффисоос илүү буйдхан урлан төвхнүүлж авах нь зөв шийдэл юм байна гэж ойлгосон гэх үү дээ. Уран бүтээлийн ажил цаг наргүй үргэлжилдэг болохоор ачаалалтай үед хонож өнжин суухад харуул манаа нь хөөгөөд байхааргүй, удаан цаас нухаж суугаад ууц нуруу чилэхэд жаахан ч болов хажуулаад биеэ амраачих буйдан сандалтай, хоол цай, ус кофегоо өөрсдийн тааваар базаачих гал тогоотой тийм нэг гэр орон шиг тав тухтай урланг өөрсдөдөө зэхэж авсан маань энэ.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цагийн менежмент муутай хүн олоод ир гэвэл хамгийн түрүүнд баригдах нөхдийн нэг би байж мэднэ. Гэхдээ би цагаа нарийн зааглаж, төлөвлөж удирддаггүй ч зогсолтгүй ажиллаж байдаг хүн. Ерөөс уран бүтээлийн ажил тийм онцлогтой. Бид чинь айхтар нарийн цаг бариад л гадуур дотуур явж хүн хартай уулзаж, нийгэмтэй харилцаад байх шаардлагагүй ажилтай улс. Харин ажлынхаа ширээний ард ахиухан сууж, булан буландаа бүгэж, бусадтай биш өөртэйгөө л тууштайхан тулж байж ажлаа урагшлуулдаг учиртай. Цаг хэмнэхийн тухайд уйгагүй бөгөөд зогсолтгүй ажиллах, юуг зайлшгүй хийх, юуг эс хийхээ мэддэг байх, үгүй гэж хэлж сурах, товчхондоо хүчээ юунд зарцуулахаа сайн тооцож байх нь чухал. Тал тал тийш савсганаж хамаг хүчээ тарамдуулаад байх ерөөс хэрэггүй.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Гадаад түншүүдтэйгээ харилцах албан имэйлүүдийнхээ цаг нарыг Reminders дээрээ хөтлөөд явдаг. Бусад ажлыг бол толгой дотроо бичээд л болгочихдог доо. Ерөнхийдөө шөнө суудаг давуу талаа ашиглаад гадаад түншүүд рүүгээ дандаа шөнөөр имэйл бичдэг. Цагийн зөрүүнээс шалтгаалаад Европ, Америкт өдөр болж, хүмүүс ажлаа ид хийж байх үе таардаг тул шөнөөр захидлуудаа бичихэд хариу маань тэр дороо л ирээд урамтай, ойлгомжгүй зүйлсээ ч дор нь тодруулаад харилцан ярилцаад явчихад амар байдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Унших, бичих, орчуулах, бусдын бичсэнийг гайгүй редакторлачих нь миний үндсэн чадварууд юм даг уу даа. Зүгээр нэг унших, бичих, орчуулах, үг үсэг засах төдийхөн засварлахаас тэс хөндлөн үйлүүдийн тухай ярьж буйг маань уншигчид ойлгох байх аа. Бас асуудлыг түс тас шийдээд ажлаа шударга сайхан удирдчих чадвартай гэж өөрийгөө тооно.

Ахуй амьдрал дээр гэвэл хүүхэд баярлуулахдаа сайн байх. Хүүхдүүдийн юу хүсэж буйг мэдэрч, ярилцаж, хүссэнийг нь гүйцэлдүүлэхийг хичээдэг. Үүнээсээ ч ихээхэн сэтгэл ханамж авдаг шүү.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ТАНЬ ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бид дэлхийн уншигчдын дунд үнэлэгдсэн нийгэм, соёл, гүн ухаан, утга зохиолын сонгодог болон орчин цагийн бүтээлүүдийг сорчлон орчуулж монгол уншигчдын хүртээл болгохыг зорьдог. Мөн олон улсын хэвлэлийн зах зээлийн нийтлэг зарчим, дэлхийн томоохон хэвлэлийн компаниудын үйл ажиллагааны жишгийн дагуу дотоодын зохиолч, уран бүтээлчдийн ном бүтээлийг өөрсдийн үнэлэмжээр сонгон авч зохиогчтой байгуулсан гэрээний дагуу хэвлэх, олон нийтэд сурталчлан таниулах, худалдаж борлуулах үйл ажиллагааг хариуцах, номын зах зээлд хэвлэл, худалдааны шинэ жишиг тогтоохыг зорьж байна.

Хийж байгаа ажил маань хүний авьяас, мэдрэмж, оюун сэтгэлгээний боловсролд суурилдаг. Байшин барихын тулд тоосго, төмөр, мод, шавар хэрэгтэйн адил бүтээл гаргахын тулд бидэнд авьяас, мэдрэмж, сэтгэх чадамж, боловсрол гэх мэтийн нэн ховор олдоцтой нандин материалууд хэрэгтэй болдог. Энэ л бидний ажлын онцлог юм даа. Тэр ховор материалыг нээх, олоход хамаг бэрхшээл нь байна. Бизнесийн үг хэллэгээр бол бид боловсон хүчний гачланд байнга нэрвэгддэг улс.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Хоёр жилийн өмнөөс ярьсан нэн шинэ үеийн дэлхийн шилдэг өгүүллэгүүдийг эмхтгэн орчуулсан түүврээ эцэслэн боож байна. Уран зохиолын хувьд монголчуудын уншиж буй номууд хөгжилтэй орнуудыг бодвол 50-100 жилийн хоцрогдолтой яваад байгаа. Достоевскийтой гэхэд л бид хэдхэн жилийн өмнөөс танилцаж байх жишээтэй. Танилцах ёстой бүх төлөөлөгчдийг романы түвшинд танилцуулна гэвэл бидний цаг хүрэхгүй. Тиймээс яг өнөөдөр дэлхийн уран зохиолын түвшин хаана явааг, ямар туурвилчдыг унших ёстойг зах зухаас нь харуулахын тулд энэ өгүүллэгийн эмхтгэлийг базааж байгаа юм.

Бас хөдөөх буйдад нутагтай хоёр сайхан найрагч ахынхаа шинэ номуудын нооргийг уншиж тунгаах үүрэг авсан байна. Хотын уран бүтээлчид зохиол бүтээлээ уншиж өгөөч, редакторлож өгөөч гэсэн хүсэлтийг олноор ирүүлдэг ч цаг завны боломж гардаггүй. Харин гайхалтай авьяастай хэдий ч хөдөө орон нутагт мэдээллээс хоцронги байдаг уран бүтээлчдийнхээ хүсэлтэд үгүй гэж хэлж чаддаггүй юм.

Бас өөрийгөө шинэ чиглэлд туршин нэг кино зохиол эхлүүлчихээд аажуухан урагшлуулж байна. Хот хөдөөгийн ялгаа, нүүдэлчин соёлоос суурин соёлд шилжиж буй шилжилтийн үйл явц, хүмүүсийн ойлголцлын асуудлын хөндсөн уянгын драм талдаа зохиол юм. Хажуугаар нь компанийнхаа ажлыг хөтлөөд завгүйхэн л сууна.

АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Шөнө сууж байхдаа хөгжим сонсоно. Бид үгийн хүмүүс болохоор үгэнд мэдрэг, үг, өгүүлбэртэй зүйлд анхаарал өөрийн эрхгүй хандах, хөтлөгдөх гээд байдаг талтай. Тиймээс төвлөрч ажиллаж байхдаа дуу сонсдоггүй. Бас бөмбөрийн цохилготой хөгжим анхаарал сарниулдаг талтай. Миний хувьд ажиллаж байхдаа намуухан аятай сонгодог хөгжим сонсдог. Шопены Ноктюрн 9 №2 ч юм уу…

ТА ОДОО ЯМАР НОМ УНШИЖ БАЙГАА ВЭ?

Энд тэндгүй тавьсан номуудаа арав хориор нь зэрэгцүүлж уншдаг. Хэвлэмлээр, Kindle-ээр уншина, сонсоно. 6000 орчим номтой. Одоо уншиж буй номуудаасаа нэгийг нь онцолж ярья. Нобелийн шагналт зохиолч Ж.М.Күцигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” хэмээх романыг байгаа юм. Барварууд буюу зэрлэгүүд гэхлээр ихэвчлэн иргэншсэн, суурьшмал нийгмийн нөгөө талд үлдсэн примитив омгийнхон юм уу нүүдэлчин амьдралын хэв маягтай, баатарлаг дайчин зан төлөвтэй бидний өвөг дээдсийг хамруулан хэлэлцэх нь их. Тэд л уулгалан довтолж ирээд соёлт ертөнцийнхний бүтээсэн иргэншлийн агуу гайхамшгуудыг сүйтгэчих юм шиг, нийгмийн дэвшлийг дэвслээд үгүй хийчих юм шиг айн ширвээтэж, хий хардаж, тэгсэн мэтээр сурталдан таниулж ирсэн түүх элбэг. Гэтэл хүний түүхэнд гарсан хамгийн аймшигт аллага хядлага, увайгүй булаан эзлэлтүүд, цуст дайнуудыг иргэншлээ, байгуулсан нийгмээ хамгаалж үлдэх нэрийдлийн дор өнөөх соёлт ертөнцийнхөн л үйлдсэн байдаг. Харамсалтай нь ийм жишээ одоо ч үргэлжилсээр буй. Ж.М.Күтци энэ зохиолоороо “Хэн нь чухам зэрлэг юм бэ?” гэж хүний түүхийг сөргүүлэн асуусан юм.

Надад улс үндэстнээ төлөөлж чаддаг, ард иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж чаддаг зохиолчид таалагддаг. Жишээ нь Израйлийн Амос Оз, Туркийн Орхан Памук нар байна. Тэд бол ард түмнийхээ сайныг сурталчилж, саарыг шүүмжилж, улс орноо дэлхий нийтэд ойлгуулах гэж хичээдэг үндэсний том сэхээтнүүд.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Ажлын талбар дээр би аль болох нээлттэй, чөлөөтэй байхыг эрмэлздэг. Ажлын шугамаар шинэ шинэ хүмүүстэй холбоо тогтоохдоо сайн, шинэ санаа турших, шинэ санаачилгыг дэмжих тал дээр бас ч гэж давгүй. Тагтаа Хэвлэлийн Газрыг би өөрийн найз, орчуулагч, кино шүүмжлэгч Ж.Тэгшзаяатай хамтарч байгуулсан. Нэг шувууны хоёр далавч гэх үү дээ. Тиймээс аливаа шийдвэр гаргахад хамтрагчийнхаа саналыг заавал сонсох, санал зөрвөл өөрийн зөвийг нотолж байж урагшлах, тавин хувьд нь бас цаад хүндээ бууж өгч уян хатан байх хэрэгтэй болно. Энэ бүхэнд нээлттэй, тодорхой зан чанар чухал. Харин хувийн амьдрал дээр өөрийн орон зайд маш харамч, өөртөө төвхнүүлсэн тав тухаасаа сугарч гарах дургүй. Ажил, хувийн амьдрал хоёроо ялгаж зааглаж чадаж байвал асуудал гарах нь бага даа.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Шөнийн дөрвөн цагт унтаад өглөөний есөн цагт сэрдэг. Тэгээд 10 гэхэд ажил дээрээ шовойгоод сууж байдаг даа. Ер нь хоногт таван цагаас илүү унтдаггүй. Энэ хэвшил аль 10 жилийн сурагч байх үеэс маань тогтсон.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажиллаагүй үедээ гэр бүлтэйгээ гадуур гарч, чаргаар гулгаж, охинтойгоо тоглоомын газруудаар явж байж мэднэ. Бас ажлынхаа галын өрөөны буйдан дээр ном уншиж эсвэл интернет ухаад хэвтэж байх нь элбэг. Олон цугласан газар, олон нийтийн арга хэмжээнүүд хэсэхдээ тааруу.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Сайн зохиол уншаад их хөглөгдөнө. Сайхан орчуулга уншаад баяр төрнө. Эдний энтэй бичье гэж бодно. Өөрийнхтэй маань төстэй үйл ажиллагаа явуулж буй Paris ReviewNew YorkerGranta мэтийн уран зохиолын томхон сэтгүүлүүдийг үнэ хайрлахгүй захиалж уншина, дотоод уур амьсгал, нийтлэлийн бодлого төстэй томхон хэвлэлийн газрууд, агентлагуудаа ч алсаас хараандаа ямагт байлгана. Бас ТеслаДэвид Боуй, Элон Маск мэтийн ямар ч хяналтгүй галзуу мөрөөдөгчдөөс, мөрөөдлөө бодит үйл хэрэг болгох гэж цөхрөлтгүй тэмцэгчдээс урам зориг авна. Байгалиас, нутгийнхаа өндөр өндөр уулсын сүр бараанаас, хайртай дотно хүмүүсээсээ сэтгэлийн тамир тэнхээгээ сэлбэнэ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Бага байхад аав ээж минь хэлдэг байлаа. “Та нарын хэн болох, ямар мэргэжилтэй, ямархуу хэв маягийн улс болох ер өөрсдийн чинь хэрэг. Бид хоёр тэг ингэ гэж заахгүй. Эцэг эх болсны хувьд та нарыг сурах хөгжих боломжоор чадлаараа хангаж өгөх нь л бидний үүрэг, тэрийгээ биелүүлнэ. Тэрнээс цаашихыг та нар өөрсдөө хийх ёстой” гэж. Нээрэн ч аав ээж минь миний ирээдүйд алсын дэмжлэгээс өөрөөр ер нөлөөлж, эз түрэмгийлээгүй. Өөрийнхөөрөө алдах онох, алдсан бол хариуцлагаа хар толгойгоороо үүрээд гарах чадлыг тэгж суулгасан шиг санагддаг. Бас өөрийнхөөрөө өсөж өндийх, бодож сэтгэх, хүсэж мөрөөдөх эрх чөлөөг бэлэглэсэн нь сайхан. Одоо би өөрөө эх хүн болоод эцэг эхчүүд үр хүүхдэдээ ямар их зүйл зориулж байж хүн болгож авдгийг зах зухаас нь ойлгож байна. Тэр бүх зориуллыг талаар нэг тараагаад хаячихгүй юм сан гэх ухамсар толгойд бат нот суужээ. Амьдралаас авсан хамгийн том сургаал, зөвлөгөө тэр л байна даа.

ЗАЛУУЧУУДАД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Шүлэг зохиол бичиж, орчуулж байгаа бүх хүнд зөвлөхөд туршилтуудаа хүмүүст үнэгүй үзүүл. Тэгэх явцдаа суралц, өөрийгөө хөгжүүл, хүмүүстэй танилц, үг дуул! Энэ технологийн эрин зуун чамд тийм боломжийг ёстой нэг өгөх шиг өгч бий. Блог, фэйсбүүк мэтийн онлайн платформуудыг ухаантай шиг ашиглаад сурчих. Харин хавтаслаж хэвлээд үнэ өртөг шингээгээд олон түмэнд зарж байгаа юм чинь яг л "юм болчихсон" эд байх ёстой. Нооргоо битгий худалд! Хүмүүс чамд 100 хувийн үнэлгээ тавихгүй юм гэхэд ядаж өөртөө 100 хувь болчихсон юмаа үнэлж зар аа! Эргэлзэж буй бол битгий хэвлэ, битгий зар! Энэ ард түмэн чинь тийм эргэлзээтэй юмст мөнгө цацаад байх хангалуун улс биш ээ. Энэ улсад гарын үзүүрээр мөнгө олдог нь хулгайч, авилгач хоёр л байх. Бусад нь бүгд хэр хэрээрээ мачийж байж хэдэн төгрөг олж байгаа. Тэрийгээ лангуу дүүрэн "эргэлзээ", "эргэлзээтэй юмс"-т үрэх хэчнээн хайран. Сүүлдээ нийт нийгмээрээ эргэлзээнд орчихлоо. Уран зохиол гэж ийм л юм байдаг юм байх даа гэх юм уу манай монгол хэл чинь энэ мөн сөн билүү гэж эргэлзсээр, чанаргүй муудаа алгуурхан дассаар байгаа нь хайран санагддаг.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Саяхан ГХЯ-нд зохиогдсон нэгэн хурлын үеэр урлагийн бусад салбарын олон мундаг төлөөлөгчтэй танилцлаа. Тэдэн дундаас 976 уран зургийн галерейн захирал Б.Гантуяа эгчийн илтгэл, яриа ихэд таалагдав. Монголын дүрслэх урлагийг дэлхийд гаргах, дүрслэх урлагийн бүтээлээр дамжуулан эх орноо олон улсад сурталчлах үйлд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа энэ ажил хэрэгч эмэгтэйн ажлын дэг, хийж бүтээж буй үйлстэй илүү гүнзгий танилцуулж өгөөч хэмээн та бүхнээс хүсье!
Гэрэл зургийг: Д. Ганзул
     Эх сурвалж: UNREAD


2018.02.21


1 comment:

  1. Хүн өөрийн сонгосон замаар өөрийн алдаа, оноогоо үүрээд алхах нь л амьдралын жинхэнэ утга учир юм даа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

    ReplyDelete

Их уншсан нийтлэлүүд