Friday, June 30, 2017

ХУГАЦААН ДОТОРХ ХУГАЦАА буюу Андрей Тарковский монголд...

"Урлаг гэдэг уг чанараараа үхлийг үгүйсгэгч юм. Тийм ч болохоор уран бүтээлч нь гашуудаж байхад ч урлаг өөдрөг хэвээр оршдог."
                                                                                                               Андрей Тарковский.


Кафка, Кундера, Памук, Феллини, Тарковский... Сэтгэл зүтгэл, ур ухаанаа шингээн байж монгол уншигчдадаа, залуучууддаа толилуулж буй бүтээл бүрээ бид өнөө маргаашийн ашиг орлого бус үндэстний минь хувьд өнө ирээдүйд биднийг тосч буй сэргэлт, сэхээрэл, сэтгэлгээний тэсрэлтийг зөгнөн түүнд бага ч болтугай бэлтгэл, өдөөлт болуужин хэмээн сүслэж хийдэг.
Чухам энэ л сэтгэлийн үүднээс бид уншигч таны гарт XX зууны Оросын төдийгүй, хүн төрөлхтөний түүхэнд төрсөн суут найруулагч Андрей Тарковскийн амьдрал, уран бүтээл, дотоод ертөнц, шаталт, шаналал цөхрөлийн дуун болсон нэгэн номыг өргөн барьж байна. Польшийн нэрт найруулагч Кшиштоф Зануссигийн тодорхойлсончлон Тарковский бол хагас зуухан жил наслахдаа угаас зуу хүрэхгүй жилийн түүхтэй кино хэмээх шинэ тутам урлагийн түүхэнд өөрийн арилшгүй мөрийг үлдээж чадсан цөөхөн суутны нэг билээ.
Бид энэхүү номоо Андрей Тарковскийн өдрийн тэмдэглэлээс бүтсэн нэг ном, ярилцлагын бас нэг номыг нэгтгэн түүвэрлэж бүтээлээ. "Хугацаан доторх Хугацаа" номыг Пүрэвдоржийн Номинбилэг өдрийн тэмдэглэлүүдийг нь орос хэлнээс, ярилцлагуудыг нь англи хэлнээс (ихэвчлэн гадаадын сэтгүүлчидтэй ярилцсан байх тул) түүвэрлэн орчуулав.
Мөнхүү бидний номд чин сэтгэлээсээ туслаж, өөрийн сэтгэгдэл, орчуулгаа хуваалцсан кино найруулагч Сахьяагийн Бямбаад маш их баярлалаа.
Номын ивээн тэтгэгч, кино урлагийн хөгжлийн төлөө харамгүй сэтгэл гаргаж бидний ажлыг ямагт дэмжин ажилладаг IFI продакшн, жүжигчин Балжиннямын Амарсайхан, продюссер Сайнбилэгийн Уран нарт чин сэтгэлээсээ баярлалаа.
Бидний бүтээл ирээдүйн мянга мянган залууст ямар ч цагийн буулган дор хүзүүгээ тавин бууж өгөхийг үл хүлцэх хүчирхэг хувь хүн болон төлөвших дотоод эрчмийг харамгүй бэлэглэнэ гэдэгт итгэл дүүрэн байна!

No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд