Monday, August 7, 2017

М.Чимэдцэеэ: Хятад хүнээс бэргэх биш, илүү сайн таньж мэдэх нь чухал

"ӨНӨӨДӨР" сониныхны хүсэлтээр "Уншигч-сурвалжлагч" булангийнх нь уншигч-сурвалжлагчаар нэг өдөр ажиллаж МУИС-ийн багш, хятад судлаач, орчуулагч, Күнзийн институтийн монгол талын захирал, МУСГЗ Мэнэрэлийн Чимэдцэеэ гуайтай ярилцлага хийлээ. Сонины багтаамжаас болоод хасагдсан хэсгүүдийг нь оруулсан ярилцлагын бүрэн эхийг энд нийтлэж байна.



БАТСУУРИЙН БАЯСГАЛАН: “Өнөөдөр” сониныхон намайг уншигч-сурвалжлагч болооч гэсэн юм. Би уран зохиолын хүн учраас утга, уран зохиол, орчуулгын хүнтэй ярилцвал дөхөм байна гэтэл М.Чимэдцэеэ багштай ярилцаж өгөөч гэлээ. Таны нэрийг сонсоод би их баярласан. Учир нь надад танаас асуух юмс мундахгүй их байна. 

Юун түрүүнд би хятад судлаач хүний тань хувьд танаас хэдэн асуулт асуух гэсэн юм. Наадмын өмнөхөн бид төрийн тэргүүнээ сонголоо. Энэ сонгуулийн үеэр монголчуудын хятад монголоороо дуудалцдаг, угсаа гарлаа ярьж хэрэлдэж хэлцдэг нь нийгэмд нэлээн өргөн хүрээг хамарсан юм уу гэж ажиглагдлаа. Гадны хэвлэлүүд ч монголд төрийн сонгууль нь хятадаас айх айдас дор болдог гэж бичсэн байна билээ. Та хятад судлаач хүний хувиар энэ бүх үйл явдлын талаар ямар үзэл бодолтой байна вэ? 

МЭНЭРЭЛИЙН ЧИМЭДЦЭЕЭ: Гагц ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч биш, ер нь манайд хятадын эсрэг үзэл их хүчтэй байгаа шүү дээ. Түүхэн учир шалтгаан бий, цаг үеийн учир шалтгаан ч бий байх. Үүнийг нь зориуд дэвэргэдэг хэсэг бүлэг улс ч байх шиг байна. Бас учрыг нь төдийлөн сайн мэдэхгүй ч хий таамналаар харддаг хэсэг бий. Буруу юм биш ээ. Ялангуяа том гүрний дэргэд орших бага улсын хувьд ийм үзэгдэл байж л байдаг. Дэлхий нийтээрээ л тийм байдаг шүү дээ. Энэ нь саяын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хүчтэй илэрлээ.
Харин би хятад судлаач, монгол хятадын харилцааг судалдаг хүний хувьд өнөөдөр монгол хятад хоёр улсад ноцтой зөрчил үгүй, ялангуяа улс төрийн салбарт ямар ч маргаан байхгүй гэж үздэг. Ахуйн хүрээнд янз бүрийн зөрчил гарах нь бий. Аливаа хоёр улс харилцах явцад хүмүүсийнх нь хооронд ахуйн түвшний янз бүрийн маргаан гарах нь байдаг л үзэгдэл. Харилцаж буй учраас асуудал үүсэх нь зайлшгүй. Тэр бүхнийг аль болох зөв шийдээд явах учиртай. Харин төр засгийн түвшинд БНХАУ-ын удирдлагууд улс төрийн үйл ажиллагааны бүх түвшиндээ Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дээд зэргээр дээдэлнэ гэсэн байр сууриа байнга илэрхийлдэг. 

Б.Б: Бидний их гүрнээс айх, бэргэх зөн хүчтэй байна. Тэр айдсыг олон янзын хардалт дагах юм. Таны удирдаж буй Күнзийн институтыг ч бас яг ямар учиртай байгууллага юм бэ, чин зорилго нь юу вэ, яагаад бүр улсын их сургуулийн дэргэд ийм институд байгуулагдах болов гээд л хардах нь их. Танай институт яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ? 

М.Ч: Аливаа хардлага урьд ч байсан, одоо ч байх зүйл. Хятад улсын дэлхийд явуулж буй зөөлөн хүчний бодлогын нэг том илрэл нь Күнзийн институт юм. Күнзийн институт нь хятдын эртний сэтгэгч Күнзтэй шууд хамааралтай зүйл биш. Улс орнууд өөрийнхөө хамгийн алдартай, ард түмнийг нь дэлхий дахинаа төлөөлж чадах хүнийхээ нэрээр боловсрол, соёлын байгууллагаа нэрлэдэг жишиг дэлхийд бий. Орост Пушкины, Германд Гётегийн, Энэтхэгт Индра Гандийн, Испанид Сервантесийн институт байх жишээтэй. Энэ жишгээр л байгуулагдсан институт шүү дээ. Одоогийн байдлаар дэлхийн 140 оронд Күнзийн 510 институт байна. Америк, Япон, Герман мэтийн том улсуудад хорь, гучаараа бий. Монгол улсад МУИС, МУБИС, Ховд Их Сургууль дээр энэ институт байгуулагдсан. Манай институт хятад хэлний дипломын бус сургалт явуулах, хятад судлалын ажил эрхлэх, хоёр орны хүүхэд залуучуудын дунд соёлын солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадуур ямарваа үйл ажиллагаа эрхэлдэггүй. Хятадын талаас эл институтаар дамжуулан төр засгийн бодлогоо хэрэгжүүлдэг зүйл ерөөс үгүй.

Б.Б: Та сая Күнзийн институтийн үйл ажиллагааны нэг чиглэл нь хятад судлал гэлээ. Хятад судлал монголчууд бидэнд яг ямар ач холбогдолтой юм бэ?  

М.Ч: Хятад судлал монголд их эртнээс уламжлалтай. Бүр 13-р зуунаас эхлээд бид хятдын ном судрыг авчран орчуулж, тэр орчуулгууд нь өдийг хүртэл хадгалагдан уламжилж ирсэн байх жишээтэй. Шинэ цагийн хятад судлалд бол хятдын төрийн бодлого, хоёр орны харилцаа, түүхийг судлах тал нь давамгайлж байна. Харин бид хятад хүн судлалыг түлхүү урагшлуулах зорилготой. Монгол Хятад хоёр улс өнө мөнхийн хөршүүд. Тиймээс хөрш орныхоо хүнийг зөв таньж мэдэх нь их чухал. Хятад хүний сэтгэлгээний онцлог юу вэ, дэлхий ертөнцийг үзэх үзэл нь ямаршуу юм бэ, ерөөс хүний мөн чанарыг юу гэж таньдаг улс вэ гэдгийг судлаад мэдчихвэл бидний харилцаанд зөв ойлголтууд тогтож эхлэх юм. Ялангуяа монгол орны цаашдын оршин тогтнолын дархлаанд ийм мэдлэг нэн чухал. Үүнийхээ дагуу би “Бидний мэдэх хийгээд мэдэхгүй Хятад орон: Сэтгэлгээ, соёл” нэртэй ном бичиж хэвлүүлсэн. Мөн МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтээс “Монголын хятад судлал” нэртэй сэтгүүл гаргаж эхлэсэн. Энэ сэтгүүлээрээ дамжуулж Монголын хятад судлаачдын бүтээлүүдийг олонд хүргэх ажил хийж байна даа. 

Б.Б: Тэгвэл манай төр засгийн бодлогын болон дипломат харилцааны түвшинд хятад судлалын ололтыг авч ашиглан та бүхний санаа бодлыг сонсож хятад хүнийг таньж мэдсэний үндсэн дээр зохистой бодлого боловсруулж эл улстай харилцаж чадаж байна уу?

М.Ч: Миний бодлоор хятад судлалын ололтыг улс орны бодлогод авч ашиглах явдал туйлын бага, хангалтгүй байна. Урьд ч, одоо ч тэр. ШУА-ын дэргэдэх Олон улс судлалын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Хэлний хүрээлэнгийнхээ судалгааг авч ашигладаг байх л даа. Гэхдээ эрдэмтдээрээ бодит судалгаа хийлгэж, дэмжиж, үр дүнг нь авч ашиглах асуудал хэзээд хангалтгүй байдаг. Ноднин бид МУИС-ийн Социологийн тэнхимтэй хамтран “Хятад орон монгол хүний нүдээр” сэдэвт социологийн судалгаа хийсэн. Шинжлэх ухааны үндэслэлтэй, их сайн судалгаа болсон. Бид судалгаагаа хийгээд үр дүнг нь хэвлэн олон нийтэд түгээсэн. Гэвч зохих газрууд нь энэ судалгааны үр дүнг хэрхэн авч ашиглаж буйг мэдэшгүй. 

Б.Б: Бид ийм байгаа юм байж. Тэгвэл хятад улсад монголчуудыг хэр судалж, судалгаагаа бүтээлчээр хэрэглэх нь хэр юм бол? Хятад улс дахь монгол судлалын хөгжил өнөө ямар түвшинд байна вэ? 

М.Ч: Хятад бол монголыг бодохнээ харьцангуй том гүрэн. Хэдэн тэрбум хүнтэй болохоор тэр дотор монголын тухай огт мэдэхгүй амьдарч буй хүмүүс ч бий. Хажуугаар нь монголын тухай бүрэн ойлголттой хүмүүс байлгүй яахав. Гэхдээ дээд түвшиндээ монголыг маш сайн судалж буй нь ойлгомжтой. ӨМӨЗО-д Монгол улсыг судалдаг төв ажиллаж байна. Бээжин хотноо Бээжингийн их сургуулийн дэргэд монгол судлалын төвүүд байдаг. Өөр олон их сургуульд түшиглэсэн ийм төвүүд бий. Монголыг судалдаг эрдэмтэд бас олон. Монголын ном зохиолууд Хятадад хэвлэгдэх нь сүүлийн үед их элбэгшсэн. Судалгааны бааз суурь томтой, хөрөнгө мөнгө сайтай нь ч үүнд хүч нэмдэг. 
Харин монголын судлаачид судалгаа хийе гэсэн ч хөрөнгө мөнгөний бэрхшээл ихтэй, судалгааг нь үнэлж аваад хэрэглэдэг тогтолцоо бүрдээгүй байна. Гэх мэтчилэн манайд засууштай юм их бий л дээ. 

Б.Б: Төр засгийн түвшиндээ хоёр орны харилцаа ямар буй талаар та сая ярьсан. Харин жирийн ардуудын нийтлэг үзэл хандлага хятад орныг нэлээн харлуулж хардаг, бэргэх, дургүйлхэх тал руугаа даялсныг бид олон жишээгээр ярьж болно. Үүнийг нэг талаас харвал үндэстний өөрийгөө хамгаалах зөн, дархлаа ажиллаж байгаа юм байна гэж болохоор. Ер нь айдас гэдэг зүйл дархлаа мөн үү? 

М.Ч: Үндэсний дархлаагаа бататгахын тулд бид эхлээд хөрш улсаа маш сайн судлах ёстой. Хоёрдугаарт хүнийг нь маш сайн таниж мэдэх учиртай. Чингэхийн тулд хэлийг нь судлах хэрэгтэй. Хэлээр нь дамжуулж соёлыг нь судлах нь чухал. Бид хятад орныг хэдий чинээ сайн танин мэдэж, харилцаж чаддаг болно үндэсний дархлаа маань төдий чинээ батжих ёстой.
Харин манайд өнөөдөр ийм дархлаагүй хүмүүс дур зоргоороо ярьдаг үзэгдэл давамгайлсан. Нөгөө талаар дархлааны сулралыг нь далимдуулж ашиг хонжоо хийдэг хүмүүс ч олширсон. Бид айж бэргэх биш таньж мэдэх, тэгсний үндсэн дээр энэ улстай өргөн хүрээнд харилцаж тэндээсээ өөрсдөдөө ашигтай юмсыг олж авах нь л чухал.
Хоёр орны хүмүүсийн хоорондын харилцааны түвшинд хятадаас чанаргүй бараа орж ирлээ, хятад ажилчид олноороо ирж байна гэсэн асуудлууд нэн тэргүүнд яригддаг. Гэтэл энэ асуудал монголчууд бидний өөрсдийн үйл ажиллагаатай илүү холбоотой. Бид чинь төртэй, хуультай, хилтэй улс. Манай улсын хилээр зүгээр нэг хар ажилчин, тариачин хятад дур зоргоороо орж ирээд сэлгүүцээд байх боломж үгүй. Манайхны бизнес эрхлэгчид л хятадуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр ашиг харсандаа хямд хөлсний ажилчид оруулан ирж хамаг бичиг баримтыг нь хурааж аваад хар ажил хийлгэдэг. Ямар ч бичиг үсэггүй, боловсролгүй тийм хятдууд нь эргээд хэрэг тарих, муу үйл хийх тохиолдлууд гарна. 
Мөн зөвхөн монголд зориулж чанаргүй бараа үйлдвэрлэдэг гэсэн яриа их элбэг дуулддаг. Гэтэл зөвхөн монголд зориулж үйлдвэрлэл явуулдаг тогтолцоо хятдад үгүй. Бид л тэдний хамгийн хямд, чанаргүй бараануудыг өөрсдөө очиж авчирдаг. Би хятад руу ажлаар их явдаг хүн. Тэгж явахад гаднаас нь харахад яг адилхан бараа тэнгэр газар шиг ялгаатай үнэтэй байхтай олон таарсан. Зөвхөн чанараараа л ялгаатай. Нэг нь хуурамч муу, нөгөө нь чанартай сайн гэсэн үг. Бид өөрсдөө чанартайг нь оруулж ирээд байвал ийм асуудал ер гарахгүй шүү дээ. Тэгэхээр монголчууд өөрсдөө эх оронч сэтгэлтэй байх юм бол эх орон минь сайхан байна гэсэн үг.

Б.Б: Хэдхэн хоногийн өмнө Хятадын ардын чөлөөлөх армийн 90 жилийн ой болж дэлхий дахиныг гайхшируулсан цэргийн сүрт их жагсаал боллоо. Гэтэл энэ жагсаал заавал яагаад Өвөр Монголын нутагт болов, цаад санаа нь юу байв гэж ахиад л өнөө хардах сэрдэх яриа хөөрөө дэгдсэн. Та үүнд юу гэж хэлэх вэ?

М.Ч: Тэгсэн. Хятадын ардын чөлөөлөх армийн 90 жилийн ой саяхан тохиолоо. Тэгш ой болохоор том хүрээнд тэмдэглэж буй байх. Томоохон ой, тэмдэглэлт баярыг дашрамдуулж улс орныхоо цэргийн хүчийг дэлхий нийтэд үзүүлэх явдал хаа ч бий. ӨМӨЗО-ны нутагт тэр жагсаал нь болсонд ноцтой учир шалтгаан байхгүй биз дээ. Би цэрэг армийн талын судалгаа хийдэггүй болохоор тоймтой юм ярьшгүй нь. Гэхдээ өнөөдөр монгол, хятад хоёр орны харилцаанд хамгийн өндөр төвшинд хүртлээ хөгжсөн нь хоёр орны батлан хамгаалахын салбар гэж хятадын элчин сайдын яамныхан ч, манай батлан хамгаалах салбарынхан ч ярьдаг. 

Б.Б: Хятадын үе үеийн удирдагчид өөр өөрсдийн гэсэн томоохон бодлогыг тодорхойлж улс орноо удирддаг. Ши Жинпиний тухайд “Нэг бүс-нэг зам” гэсэн бодлого тодорхойлон үүнийхээ дагуу эрчимтэй ажлууд өрнүүлж байна. Тэдний барьж буй шинэ торгоны замыг монголоор дайруулах уу, яах вэ гэж бид дотооддоо их маргасан. Гэтэл өдгөө шинэ торгоны зам монголыг тойроод баригдчихлаа. Та Ши Жинпиний “Нэг бүс, нэг зам” бодлогын талаар бидэнд тайлбарлаж өгөөч?  

М.Ч: Тийм ээ. “Нэг бүс-нэг зам” бол хятад улсын шинэ удирдлагын дэвшүүлсэн стратегийн том зорилт гэж тодорхойлж болох юм. Эртний торгоны зам, цайны замыг ахин сэргээж энхийн зам, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын зам болгоё гэсэн уриатай анх гаргаж ирсэн бодлого. Ази Европыг холбосон хамтын ажиллагааны асар том бүс байгуулахад зорилго нь оршино. Өнөөдрийн байдлаар “Нэг бүс-нэг замд” БНХАУ-тай нийлээд 65 орон буюу дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь хамрагдчихаад байна. Тэдгээр орны нэг нь монгол улс яах аргагүй мөн. Олон улсыг хамарсан стратегийн энэ том зорилтын сайн үр ашиг нь муугаасаа илүү гэж хятад судлаачид үзэж байна. 
Мэдээж Хятадын хувьд дэлхий ертөнцөд улсынхаа нөлөөг ихэсгэх гэсэн хэтийн том зорилт тавьж энэ ажлыг эхлүүлж байгаа. Гэхдээ энд хамрагдаж буй улсууд бүгд ашиг хүртэх боломжтой. Хятад улсын дарга Ши Жинпин “Бид урьд нь харилцан ашигтай хамтын ажиллагаа гэж ярьдаг байсан. Харин “Нэг бүс-нэг зам” дотор бид бүгд адилхан хожно гэж зорих хэрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл чи багыг би ихийг авна, чи мууг нь би сайныг нь авна гэсэн үг биш, бүгд адилхан хождог байх нөхцлийг энэ зорилт хангах учиртай. 
Ийм том зорилтод Монгол улс их хүчтэй оролцох ёстой. Гэвч өнөөгийн байдлаар бидний оролцоо тун хойрго байна. Яагаад гэвэл монголчууд аливаад их удаан хөдөлдөг. Манай бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх тогтолцоо Орос, Хятадын хурдыг гүйцэхгүй байна. Монголоор дайрах олон боломж манай талын удаан хойргоос болж их хоцордог, Орос Хятад нь хүлээж суулгүй хоорондоо ярьж шийдээд цааш хөдөлдөг. Ер нь заавал монголыг хамруулах, бүх ажлынхаа цар хүрээг монголоор дайруулах нь тэдний эцсийн зорилго биш шүү дээ. 
Мөн монголын төрийн бодлого тогтвортой бус. Нэг нам хүчин гарч ирээд нэг бодлого тодорхойлдог. Нөгөө нам нь гарч ирээд өмнөх бүх ажлыг үгүйсгэдэг. Гэтэл хэдэн зуун жилээр бодлого нь тодорхой бөгөөд тогтвортой явж ирдэг Хятдуудад бидний энэ байдал тун ойлгомжгүй санагддаг л даа. Монголчууд бол дандаа төсөөллөө ярьдаг ард түмэн. Харин хятад хүн зөвхөн бодит төлөвлөгөө, тодорхой тоо ярьдаг. Басхүү монголчуудад үндэсний нэг том зорилго үгүй, дарга бүр дор дороо өөр өөр юм ярьж суудаг зовлон бий. Харин хятдууд улсаараа нэг зорилго өмнөө тавиад түүнийхээ төлөө бүгд цуцалгүй явдаг чанартай. Энэ мэт сэтгэлгээний онцлогийн зөрүүгээс болоод биесээ ойлголцохгүй байх, ойлголцож чадаагүйгээс ажил явахгүй байх олон төвөг, чирэгдэл гардаг л даа.

Б.Б: Сураагүй биш, хоёулаа ч бас төсөөллөө ярья л даа. Манай улс “Нэг бүс-нэг зам” бодлогод маш идэвхитэй оролцоод өгсөн бол юу юу хожих байсан гэж та төсөөлж байна вэ? 

М.Ч: Юун түрүүнд Монголын эдийн засаг сэргэхэд маш том үр нөлөө өгөх төсөл юм л даа. Ази Европыг холбож буй энэ харилцаа монголоор дамжих юм бол улс төрийн гэхээс илүүтэй, эдийн засгийн маш том үр ашиг бидэнд ирэх байлаа. Дэд бүтэц дагаад хөгжих учиртай. Мөнхүү улс орнуудын хүн ард хоорондын харилцан ойлголцох сайжрах боломж бас байлаа. Гэвч энэ том боломжуудыг бид ашиглаж чадахгүй алдаж байна.
Мэдээж энэ том бүтээн байгуулалтыг дагаад сөрөг юмс гарна. Гэхдээ юун төлөө бодлого тодорхойлогчид байдаг билээ, гарч болох эрсдэлүүдийг урдаас тооцоод хамгаалалтаа бэлдэж бэхжүүлсний үндсэн дээр аливаа зүйл рүү ордог байх нь чухал. Нөгөөтэйгүүр “Нэг бүс-нэг зам”-аас Монгол улс ангид байх ямар ч боломжгүй. Үүнд бид оролцохгүй гээд хил гаалиа хаагаад суучихаж чадахгүй. Тиймээс зорилгоо тодорхойлоод бодлоготой, тооцоотой оролцохоос өөр аргагүй.
“Нэг бүс-нэг зам” бодлогод эртний хятадын их сэтгэгч Күнзийн сургаал номлол тулгуур болсон гэж эрдэмтэд бичиж байна. Күнзийн сургаалд “Өөрөө чи алив зүйлд нэвтэрхий болъё гэвэл өрөөл бусдыг ч бас нэвтэрхий болго. Өөрөө чи хөл дээрээ бат зогсохыг хүсэх аваас өрөөл бусдыг ч бас хөл дээр нь босго” гэсэн санаа бий. Энэ санаа нь “Нэг бүс-нэг зам” бодлогын гол үндэс ч гэж үздэг л дээ.
Дашрамд дурдахад “Ши Жинпин: Төр улсыг засах тухай” гэж БНХАУ-ын даргын хэрэгжүүлж буй ойрын арван жилийн гадаад дотоод бодлого, улс орнуудтай харилцах харилцаа, стратегийн чухал зорилтуудыг тайлбарласан том ном гарсан. Дэлхийн арваад хэлнээ орчуулагчдсан эл номыг хятад улсын бодлогыг ойлгоход нь монголчуудхд хэрэг болох болуужин гэж би хоёр нөхрийн хамт орчуулж хэвлүүлсэн. Удахгүй БНХАУ-ын элчин сайдын яамнаас тус номын нээлтийг зохион байгуулж олонд хүргэх байх. 

Б.Б: Ингэхэд олон улсын хятад судлаач эрдэмтдийн хамгийн түгээмэл судалдаг сэдвүүд юу вэ?  Дэлхий ертөнц хятад улсыг ер нь аль талаас нь шинжиж, сонирхож байна вэ?

М.Ч: Хятад улсын 1978 оноос хойш хэрэгжүүлж ирсэн шинэчлэлийн бодлогыг түлхүү судалж байна. Хятад улсын хөгжлийн загварыг бас их судалдаг. Зүн гүө мө шь (中国模式) буюу Хятадын хөгжлийн загвар гэж тусдаа ойлголт бий. Тийм туйлын хоцрогдсон, ядуу орон сүүлийн гучаадхан жилийн дотор яаж дэлхийн хоёр дахь том гүрэн болтлоо асар хурдан өсч өндийж чадав аа гэх асуулт их сонирхолтой байгаа хэрэг. Хятад улсын хөгжлийн хэв загвар бол олон улсын түүхэнд өмнө нь ер гарч байгаагүй, цоо шинэ зүйл юм. Учир нь хятад улс ардчилсан орон биш. Үзэл суртлын хувьд капиталист биш, коммунист орон ч биш. Улс төрийн тогтолцоо нь харьцангуй хуучны, социалист арга барилаар яваад байх мөртлөө чөлөөт эдийн засагтай. Холимог ч гэмээр дэглэмтэй улс л даа. Тэгсэн атлаа улс орон нь цэцэглэн хөгжсөөр магадгүй 2020 он гэхэд дэлхийд хөгжлөөрөө нэгт тооцогдох орон болчих төлөвтэй байна. Тийм зорилт ч тавьсан байна лээ. Олон улсын эрдэмтдэд хятдын энэ амжилт их сонирхолтой сэдэв болж байгаа харагддаг. 

Б.Б: Хятадын энэ загвар олон улсад яах аргагүй шинэ туршлага л даа. Төвлөрсөн удирдлагыг чөлөөт эдийн засагтай хослуулаад ийм амжилтад хүрнэ гэдэг хэний ч санаанд ороогүй байх. 

М.Ч: Тийм шүү. Хятад улсын төрийн бодлогод “Бид дэлхийн улс орнуудын хөгжлийн хэв загварыг хуулбарлан дуурайхгүй. Өөрсдийнхөө хөгжлийн хэв загварыг ч бусад улсад хүчээр тулгахгүй” гэх утгатай үг байдаг л даа. Төрийн бодлогынх нь үндэс ч гэдэг. 
Хоёрдугаарт хятад улс сүүлийн жилүүдэд инноваци гээч зүйлийг маш чухалчлан хөгжүүлдэг болсон. Хуучин цагт хятад улсад үйлдвэрлэв гэсэн шошготой бараа бүтээгдэхүүнүүд маш элбэг байлаа шүү дээ. Харин одоо тэд “Бид бараа бүтээгдэхүүн дээрээ хятад улсад үйлдвэрлэв гэдэг үгийг үүнээс цааш бичихгүй. Харин хятад улсад бүтээв гэж бичих болно” гэж ярих болсон. Өөрөөр хэлбэл урд хөрш маань үйлдвэрлэгч орноос бүтээгч орон болж байна. Нөгөөтэйгүүр тэд “Бид өчигдрийн хүний бүтээлээр маргаашаа гоёхгүй” гэж төрийн бодлогодоо тодорхой бичсэн байдаг. Бусдын бүтээснийг хуулж дуурайлгаад хийх бус өөрсдөө цоо шинээр хийнэ гэсэн санаа л даа. Энэ бүхэн нь хятдын эрчимтэй хөгжлийн гол хүчин зүйлсийг бүрдүүлж, хятад судлаач эрдэмтдийн анхаарлын төвд орж ирж байна.

Б.Б: Та хятадтай харилцахын тулд хүнийг нь таньж мэдэх хэрэгтэй гэсэн. Ер нь хятад хүний мөн чанар утга соёл, уран зохиолоос нь харагдах уу? Улс орныг утга соёлоор нь дамжуулж танин мэднэ гэдэг хэр ончтой арга вэ?

М.Ч: Ер нь хятад хүнийг таньж мэдэх туйлын бэрх гэдэг. Гадны та байтугай хятад хүн хятад хүнтэйгээ ярилцаад дотоод сэтгэлийг нь бүрнээ нээж чадахгүй ч гэдэг. Өрнийн хүний сэтгэлгээ ямагт гадагшаа чиглэдэг. Харин хятдууд бол машид дотогшоо хүмүүс. Өрнийнхөнд төвөөс зугатах хүсэл хүчтэй бол хятад хүн үргэлж төв рүүгээ тэмүүлж байдаг. Өрнийнхний зан авир их шулуун, тодорхой байхад хятад хүний араншин маш тойруу. Өрнийн хүн нэг зорилго тавиад түүн рүүгээ шууд явж хүрдэг бол хятад хүн зорьсон зорилгодоо алгуур тойруу замаар хүрнэ. Манайхны хятад хүн дотуур тамиртай, манж зантай, муу санаатай гэлчдэг нь ч цаад хүнийх нь энэ мэт дотоод мөн чанартай холбоотой. Хятад хүний сэтгэлийг нээхэд ийм бэрх ч нэгэнтээ ойртон нөхөрлөж итгэлийг нь олж чадвал энэ хүн бусдын төлөө өөрийгөө золиослоход бэлэн байдаг ч гэдэг. Энэ нь харилцааны нэлээн дээд түвшинд очиж байж илэрдэг байх нь. (Инээв.)
Ер нь аливаа үндэстнийг таньж мэдье гэвэл анх түрүүнд утга зохиолыг нь сонирхож унш гэсэн үг бий. Тиймээс бид хятдыг сайн таньж мэдье гэвэл утга зохиол, кино, урлаг, соёлтой нь илүү ойр танилцах хэрэгтэй. Учир нь хүний сэтгэлгээ хэлээр дамжин илрээд соёлыг үүсгэн бүрдүүлж байдаг зүйл. Харамсалтай нь манайд хятадын утга зохиолыг орчуулах явдал туйлын хангалтгүй байна. 1950, 1960-аад оны үед Хятадын утга зохиолыг сонирхон орчуулж тун эрчтэй хэвлэдэг байж. Олон мундаг орчуулагчид төрөн гарч багагүй бүтээл бидэнд үлдээсэн байна. Гэвч 1970-аад оноос хоёр орны улс төрийн харилцаанд үүссэн таагүй уур амьсгалаас болж энэ ажил тасарсан. Чингээд 1980-аад оноос хоёр орны улс төрийн уур амьсгал жаахан эерэхтэй зэрэгцэн орчуулгын үйл алгуурхан сэргэсээр одоо хятадаас утга соёлын бүтээл орчуулдаг цөөхөн ч гэсэн чамлахааргүй хэдэн орчуулагчтай болжээ. Би бас хятадын хамгийн нэртэй эмэгтэй зохиолчдын богино өгүүллэгүүдийг түүвэрлэн орчуулж уншигчдад хүргэсэн.

Б.Б: Таны дурдсан ном “Хятадын орчин үеийн эмэгтэй зохиолчид” гэсэн нэртэй байсан. Ер нь хятадын орчин үеийн уран зохиолын хөгжил ямархуу түвшинд байна вэ? Та заавал яагаад эмэгтэй зохиолчдыг нь сонгож түүвэрлэсэн юм бэ? 

М.Ч: Хятадын уран зохиол их том л доо. Зохиол бичдэг хүмүүсийнх нь тоо хэдэн зуун мянгаар яригдана. Тэр дундаас тодорч гарч ирнэ гэдэг их хэцүү. Хуучин цагт манайд зохиолчдын бүтээлийг дүгнэн цэгнэж, шалгаруулдаг тогтолцоо байлаа шүү дээ. Одоо бол хэн дуртай нь юучиг хамаагүй бичээд хэвлүүлдэг болж. Харин Хятадад одоо ч тэр тогтолцоо нь байна. Хятад зохиолчид тодорхой шалгуур давж байж ном бүтээлээ хэвлүүлж олонд танигддаг. Тийм ч болохоор зохиолчдынх нь чансаа сайн байдаг биз. 
Хятадын уран зохиолыг өрнө дахиныхан ихээр сонирхож англи, герман, орос, франц гэх мэт түгээмэл хэлүүд рүүгээ идэвхитэй орчуулдаг болсон. Монголд бол хятад зохиолчдын бүтээлийг орчуулах нь бага. Манайд уран зохиолын орчуулагчид цөөн, гол нь орчуулга хийх хөшүүрэг байхгүй. 
Хятадын зохиолчдын хорооноос “Дэлхийн хятад утга зохиол орчуулагчдын их хурал”-ыг хоёр жил тутамд зохион байгуулдаг. Би энэ хуралд монголоо төлөөлж хоёр ч удаа оролцсон.  Эмэгтэй зохиолчдыг дагнан орчуулсны тухайд би Хятадын зохиолчдын хорооны дарга Те Нин (铁凝)-тай ажил хэргийн харилцаатай. Тэр шугамаар Те Нин хатагтайн хэдэн өгүүллэгийг орчуулсны дашрамд бусад алдартай эмэгтэй зохиолчдын бүтээлүүдийг нэмж түүвэрлээд ном болгосон. Ер нь эмэгтэй хүмүүс юмыг их нарийн гярхай ажигладаг, аливаад их мэдрэг ханддаг гэлцэх нь бий. Тэгээд ч манайд танигдсан хятад зохиолчдын дунд эмэгтэйчүүдийнх нь бүтээл бараг байхгүй шахуу л даа.

Б.Б: Уран зохиолын орчуулга ярьсных та залуу орчуулагчдадаа өөрийн арга барилаас хуваалцаж зөвлөгөө өгөөч? Би бол англи хэлнээс орчуулдаг хүн. Харин ханз буюу дүрс үсэгтэй хэлнээс уран зохиол орчуулна гэдэг илүү хэцүү, нарийн хөдөлмөр шиг санагддаг.

М.Ч: Амархан хэл гэж огт байхгүй л дээ. Англи, франц, орос, хятдын аль аль нь хэцүү хэл. Тэр нь хэцүү, энэ нь хялбар гэх бол харьцангуй ойлголт. Хятад хэл төгс сайн эзэмшсэн хүндээ амархан санагдах байх. Тухайн хүн аль түвшинд сурсан бэ гэдгээс л шалтгаалах зүйл. 
Хятад хэлийг бусад хэлнээс ялгаж буй зүйл нь ханз буюу дүрс үсэг нь л дээ.  Ханз бүр өөрийн гэсэн утга илэрхийлж байдаг болохоор бид “Утга бичиг” гэж нэрлэдэг юм. Тэгэхээр ханз бүрийн утгыг таних нь мэдээж чухал. Хоёрдугаарт хятад зохиол бүхэн хятад хүний ертөнцийг үзэх үзэл, мөн чанар, соёлыг дотроо тээж буй болохоор тэр соёл, сэтгэлгээ рүү нэвтэрч байж орчуулах ёстой. Бусад хэлнээс зохиол орчуулахад ч адилхан.
Басхүү гадаад хэлийг сайн эзэмшихээс гадна эх монгол хэлээ дээд зэргээр эзэмших нь орчуулгад нэн чухал. Монгол хэлээрээ зөв зүйтэй ярьж, яруу сайхан найруулан бичиж чаддаггүй хүн хичнээн гадаад хэл сураад ч нэмэргүй. Өнөөдөр гадаад хэлийг сайхан сурсан залуус олон болж буй ч эх хэлээрээ яруу сайхан найруулан бичих чадвар үгүйн улмаас сурсан эрдмийнхээ хэргийг гаргаж чадахгүй байна. Орчуулга гэдэг ойлгох хийгээд илэрхийлэх гэсэн хоёр талтай зүйл. Хичнээн яг таг ойлгоод байвч түүнийгээ илэрхийлж чадахгүй бол өрөөсөн далавчтай шувууны үлгэр болно. Их эрдэмтэн Бямбын Ренчин “Эх хэл, гадаад хэл хоёрыг эн тэнцүү эс сурваас элэг доог болохын зовлон буюу” хэмээн онож хэлсэн байдаг шүү дээ.

Б.Б: Ханз бол дүрсээр утга илэрхийлдэг үсэг. Ханзаар бичдэг хэлээс орчуулга хийхэд зарим тохиолдолд дүрсээр илэрхийлж буй утга нь гээгдэж үлдэх эрсдэл байдаг уу?

М.Ч: Байлгүй яахав. Утга үсэг бүр өөрийн гэсэн утгыг дотроо агуулж байдаг. Нэг ханз давхар олон утга илэрхийлэх нь ч байна. Тиймээс тухайн ханз яг ямар утга илэрхийлж буйг хам сэдэвтээ тохируулан яг таг оноох их хэцүү. Ялангуяа эртний хятад хэлнээс орчуулж буй үед ийм бэрхшээл элбэг тохиолдоно. 
Ерөөс орчуулга хийхэд үндсэн гурван зарчим бий. Манай эрдэмт мэргэд бүр 1740-өөд онд үүнийг тодорхойлчихсон. Мөнхүү зарчмаар бол орчуулга нь нэгдүгээрт утга төгс байх ёстой, хоёрт мэдэхүйеэ хялбар байх ёстой, эцэст нь яруу сайхан байх ёстой аж. Өөрөөр хэлбэл бид эх зохиолд хүндэтгэлтэй үнэнч хандаж утгыг нь гуйвуулалгүй зөв буулгах ёстой. Мөнхүү орчуулсан тань уншихад ойлгомжтой уран яруу байх учиртай. Академич Ц.Дамдинсүрэн гуай “Үгийг нэмж хасах нь бага хэрэг. Утгыг нэмж хасах нь гэмт хэрэг” гэж хэлсэн нь ч бий. Тэгэхээр бид эх зохиолын утгыг нарийн чанд гаргаж, түүнээс хөлбөрөхгүй орчуулах нь их чухал. 

Б.Б: Хятад хэлнээс орчуулга хийх тухай ярьж буй болохоор ийм зүйл асууж буй юм шүү. Сүүлийн үед манай нэр бүхий орчуулагчид хятад хэлнээс өөрсдөө орчуулах бус, өвөрмонголын бичгийн мэргэдийн олон арав, зуун жилийн өмнө орчуулаад монгол бичигт буулгачихсан бүтээлүүдийг крилл бичигт хөрвүүлсэн төдий болчихоод өөрсдийнхөө нэрийг тавин хэвлээд байна гэх гомдол чих дэлсэх юм. Энэ үнэн бол ах дүү өвөрмонголчуудынхаа оюуны бүтээлийг булааж буй нэг хэрэг, энд буй уншигчидаа ч хуурч буй хоёр хэрэг биш үү? Ер нь орчуулагч хүний ёс зүй гэж юу байлтай вэ? Та энэ талаар юу хэлэх вэ?

М.Ч: Миний бодлоор нэг зохиолыг хэдэн ч хүн, хэдэн янзаар ч орчуулж болно. Сая бид хоёрын ярьж өнгөрсөн орчуулгын зарчмууд орчуулгад нь төгс илэрч байх нь л эцсийн зорилго шүү дээ. Нэг хүний дутуу орчуулсныг нөгөө хүн нөхсөн байж болно. Арай дулимаг муу орчуулсныг нь сайжруулсан ч байж болно. Гагцхүү хуулж тавих бол ёс зүйгүй зүйл мөн. 
Манай өвөрлөгч эрдэмтэд хятад хэлийг биднээс илүү төгс эзэмшсэн хүмүүс байдаг. Хар багаасаа сурсан, унаган шахуу хятад хэлтэй хүмүүс ч их бий. Гэхдээ манай өвөрлөгч эрдэмтдэд саяын миний ярьсан яруу сайхан найруулах чадвар дутмаг санагддаг. Монгол хэлний мартагдсан хуучны үгсийг их сайн мэддэг ч найруулан бичихийн тухайд дутуу дурдуур юм их. Харин монгол улсын зохиолч, сэтгүүлч, эрдэмтдийн хэл найруулга тэднийхтэй харьцуулахад хол тасраад явчихсан юм уу гэлтэй анзаарагддаг. Гэхдээ энэ зааг өдрөөс өдөрт ойртож байгаа. 1980-аад оны үед шүлэг зохиол туурвиж байсан өвөрмонгол зохиолчдын хэл найруулгыг одооны зохиолчдынх нь хэл найруулгатай харьцуулах аргагүй муу шүү дээ. Орчуулагчдынх нь хэл найруулга ч биднийхтэй ойртож байгаа.
Тэгэхээр өвөрмонгол орчуулагчдын хятад хэлний гарамгай мэдлэг, утга тайлах чадварыг нь манай орчуулагчдын яруу тансаг найруулан бичих чадвартай хослуулвал үнэхээр гарамгай бүтээл төрнө. Бид бие биенээ давах гэх бус хүчээ нэгтгэн зүтгэх ёстой юм шиг санагддаг. Би олон хурал зөвлөгөөн дээр энэ санаагаа дэвшүүлж байсан. Уржнан бид “Монгол, хятад хэлний орчуулагчдын холбоо” байгуулсан. Энэ холбоо маань ар, өвөрмонголын бичгийн мэргэд, орчуулагчдын хүчийг нэгтгэх олон чухал ажил хийж байгаа. 

Б.Б: Орчуулагчийн ёс зүй гэж ярьсных ер нь судлаач хүний ёс зүй ямар байх ёстой талаар яримаар санагдлаа. Сүүлийн үед хятадын засгийн газрын тэтгэлгээр манай орны маш олон залуус урд хөршид очиж сурч байна. Оюутнууд бакалавраас докторын түвшинд их бага хэмжээгээр бүгд судалгааны ажил хийн диплом хамгаалж байгаа. Гэвч манай оюутнууд судалгаа хийхдээ яг тань шиг монгол хүний нүдээр хятад улсыг судлах бус, хэл усны бэрхшээлээ давж чадаагүйгээс болоод амар хялбараа боддог уу монголын холбогдолтой сэдвүүд авч судлан тэнд хамгаалж төгсөх нь элбэг гэх. Ялангуяа сүүлийн үед манай батлан хамгаалах салбар, хилийн цэргийнхнээс алба хаагчид, оюутнууд зуу зуугаараа тийш очиж сурч байна. Чингэхдээ судалгааны ажилдаа монголынхоо батлан хамгаалал, хил орчмын аюулгүй байдал, хамгаалалтай холбоотой нарийн мэдээллүүдийг авч ашиглаж, улсын нарийн ширийн нууцийг урд хөршийн их сургуулиуд, судалгаа шинжилгээний институтууд руу зөөгөөд байна гэх мэт сэтгэл хэртхийм яриа чих дэлсэх юм. Ер нь олон улсын түвшинд судалгаа шинжилгээ хийж буй хүний ёс зүйн хил хязгаар хаа тулаад зогсох ёстой юм бэ? 

М.Ч: Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Тийм зүйл гардгийг үгүйсгэхгүй. Өөрөө нүдээр үзэж хараагүй. Би бол хүмүүнлэгийн ухааны салбарын судлаач хүн. Миний шавь нар тэнд очоод ихэвчлэн соёлын болоод хэл шинжлэлийн судалгаа хийдэг. 
Ер нь манайх бол төр ёстой, хууль журамтай орон. Энэ мэдээлэл нь хаалттай, тэр нь нээлттэй гэж ангилж зааглаж өгсөн дүрэм журам бий шүү дээ. Тэр хууль дүрмээ хүн бүр чанд баримтлах ёстой. Тэгвэл ийм асуудал ер гарахгүй. Мэдээж хятдын судлаачид монголын аль болох хаалттай сэдвийг олохыг л чармайна. Манайхан ч ялгаагүй хятдын аль болох нууц, хаалттай юмыг олж судлахыг хичээнэ. Үүнийг зохицуулдаг ганц зүйл нь хууль, дүрэм шүү дээ. 
Минийхээр судалгаагаа үнэн зөв байлгах нь судлаачийн ёс зүйн гол шалгуур. Тоо, баримтууд нь дандаа бодьтой байх учиртай. Мөнхүү судалгаа нь нийгэмд ашиг тусаа өгч байх ёстой. Аливаад сэтгэлийн хөөрлөөр хандах, бусдыг гүтгэн гүжирдэх зэрэг нь судлаачийн ёс зүйд харш зүйл. Энэ бүхний цаана улс орныхоо эрх ашгийг дээд зэргээр эрхэмлэх нь аль ч орны судлаачийн ёс зүйн чухал үнэт зүйл. 

Б.Б: Бидэнд хятад хэл сурах, тэгснээр тэдний соёл, мөн чанарыг таних, таньсаны үндсэн дээр тэгш сайхан харилцах хэрэгцээ захаас аван байна. Гэхдээ хятад хэлийг хэн хэн маань сурах вэ, хэд хичнээндээ сургах вэ гэдэгт бас их учир байх ёстой гэж би муйхарлан боддог. Монголчууд бид хавтгайдаа хятад хэл сураад л бүх хүн хятадуудтай харилцаад эхэлбэл өнөө олон хүнд уусан алдрах аюул зайлшгүй хөндөгдөнө. Гэвч бид чөлөөт улс болохоор чи хятад хэл сур, чи боль гэж зааж дүрэмдэх аргагүй. Та энэ талаар юу гэж боддог вэ?

М.Ч: Таньтай санал яг таг нийлж байна. Би бол хүүхдүүдэд хар багаас нь хятад хэл заахын эсрэг үзэл бодолтой хүн. Энэ талаар би олон жил ярьж хэлж байна. Яагаад гэвэл хүүхдэд багаас нь гадаад хэл заахаар сэтгэлгээ нь дагаад ондоошчихдог юм. Жишээ нь монгол хэлэнд “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана” гэсэн үг байдаг. Харин хятадууд “Зайсан хүний цээжинд завь онгоц багтдаг” гэж хэлдэг. Гэтэл манай толь бичгүүдэд хятаын энэ үгийг “Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг” гээд шууд утга дүйлгээд тавьчихаж байна. Үүнийг хятад хэлний сургалтад тэр чигээр нь заагаад явчихдаг. Гэтэл манай юу ч мэдэхгүй балчир хүүхдүүд энэ үгийг уншаад “Аан, хятад хүн бас эмээлтэй хазаартай морийг эрхэмлэдэг байх нь. Монголтой адилхан юм байна” гэж бодно шүү дээ. Ингэж тэдний сэтгэлгээг харь соёлд ээнэгшүүлж, төрөлх сэтгэлгээнээс нь ондоошуулах үйл ажиллагааг хэлээр дамжуулж хийгээд эхлэвэл аюул болно шүү дээ. Тиймээс үнэхээр гадаад хэл заах бол 7, 8-р ангиас нь эхлэх хэрэгтэй. 
Үүнийг монголд байтугай хятадад ч ярих болсон. Хятадад англи хэлийг хүүхдүүдэд багаас нь заахыг эсэргүүцсэн, тэр чигт нь хориглохыг ч шаардсан шүүмжлэл, санаачлагууд их гарч байна. Их дээд сургуулийн түвшинд хүн ямар ч хэл сонгоод үзэж болно. Харин бага, дунд сургуулийн гадаад хэлний сургалтад хаа хаанаа учир зүйтэй хандах ёстой. Мэдээж даяарчлалын энэ эрин үед бүхнийг хана хэрэм босгоод хааж боох арга үгүй. Тиймээс төр засгийн маш нарийн судалгаатай мэргэн бодлого хэрэгтэй. 

Б.Б: Одоо та ямар бүтээл орчуулж байна вэ?

М.Ч: Одоогоор Күнзийн шавь Мэнзийн сургаалыг орчуулж байна. Күнзийн сурталын дөрвөн ном бий. Бид гурвыг нь монгол хэлнээ орчуулсан. Одоо Мэнзийн сургаалийг орчуулчихвал энэ дөрвөн ном эх хэлэнд маань бүрэн буучихаж буй нь тэр. Мэнзийн сургаалийн гурван орчуулга монгол хэлнээ бий. Арван наймдугаар зууны сүүлээр Түмэдийн Галсан гүүш хэмээх нэртэй орчуулагч анхлан монгол хэлнээ буулгасан байдаг. 1990-ээд оны дундуур Өвөрмонголын нэрт эрдэмтэн Зулчин овогт Т.Содбилиг Мэнзийн сургаалийг монгол хэлнээ ахин буулгасан байдаг. Гурав дахь нь миний орчуулга. Энэ гурван орчуулга тус тусын онцлогтой, өөр өөрийн цаг үеийн онцлог бүхий хэл найруулгатай, зарим талаар утга тайллын ч ялгаа гарна. Хойчийн мэргэн дүүс энэ гурван орчуулгыг харьцуулан судалбал их сонирхолтой судалгаа болох биз ээ. Мэнзийг орчуулчихвал миний том зорилго биелж буй юм.
Ер нь хятдын төр засгийн бодлогоос авахуулаад жирийн иргэдийн амьдрал ахуй ч күнзийн сургаал дээрээ үндэслэгддэг. Тиймээс күнзийн сургаалийг уншиж танивал бид урд хөрштэйгээ улам илүү ойлголцож харилцдаг болно. Түүнээс биш бидэнд күнзийн сургаалийг сурталчлан дэлгэрүүлэх, шүтэн бишрэх өчүүхэн ч санаа үгүй. Учир нь хятад бол газар тариалан дээр боссон суурин соёл иргэншилтэй улс. Тэдний үнэт зүйл, үзэл баримтлал нүүдэлчин соёлтой манай ардад огт таарахгүй. Монголчууд түүнийг уншиж ойлгоод өнгөрнө үү гэхээс, амьдралдаа хүлээж авахгүй. Мөнхийн хөрш энэ орныг таньж мэдэх нь л бидний эцсийн зорилго. Хятад хэл сурах нь чухал биш, хятад хэлээр дамжуулж энэ улсын хүн ард, соёл, үзэл санааг таних нь л чухал шүү дээ.

No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд