Friday, June 30, 2017

НОХОЙ

Ба Жин (1904–2005)

/өгүүллэг/

1.
Би хэдэн настайгаа ч, ямар нэртэйгээ ч мэдэхгүй. Яг л нэг өдөр энэ дэлхий рүү шидэгдээд унасан газраасаа амилан өндийсөн ширхэг чулуу шиг амьтан билээ. Эцэг эх маань ч ямархуу улс байдгийг мэдэх юм алга. Би бол хэн ч тоож өлийдөггүй хаягдсан эд зүйл шиг хүн. Бие минь тагжгар, туранхай. Шар арьстай, хар нүд, хар үстэй, намхан хамартай. Үймсэн олны дунд хаягдаж, тэдэнтэй л эвлэрч зохицож амьдрахаар заяагдсан хүн юм даа.

Сайхан дурсамжаар дүүрэн хүүхэд нас хүн бүрт буй. Надад ч бас өөрийн гэсэн хүүхэд нас бий. Харин минийх бусад хүнийхээс тэс өөр. Би дулаахан, гэдэс цатгалан байхыг, бусдаар хайрлуулж энхрийлүүлэхийн сайхныг огт мэдэрч байсангүй. Миний мэддэг юм гэвэл ердөө л хүйтэн, өлсгөлөн хоёр.

Нэг өдөр — яг ямар өдөр гэдгийг нь санахгүй байна — нүүр дүүрэн үрчлээ болсон нэгэн туранхай, өндөр өвгөн өмнө минь ирж зогсоод “Чиний насны хүү сургуульд явж байх ёстой шүү дээ. Сайн боловсрол эзэмшинэ гэдэг амьдралд хамгийн чухал зүйл,” гэж чин сэтгэлээсээ хэлж билээ.

Түүнийг ингэж хэлсэнээс хойш би өлсөж даарахын зовлонгоо ч умартаад сайн боловсрол олж авах эрэлд гарав. Хаа сайгүй явлаа. Сүр жавхлантай том том барилгуудаас авахуулаад ердийн нэг шавар тагзанд хүртэл очлоо. Бүгдээрээ л сургууль юм байх. Би боловсрол эзэмших гээч нь амьдралын хамгийн чухаг зүйл гэдэг тэр үгийг санан санан өнөөх байшингуудын үүдээр толгойгоо өргөн явж орно.

Ердийн нэг байшин эсвэл хээ хуар болсон тансаг өргөө байсан ч, эхэлж үүдэн дээр тосох улс нь эелдэг зөөлөн эсвэл адын муухай харьцсан ч тэр сургуулиудаас би нэг л янзын, хөдөлбөргүй хариу сонсож байв. “Явж үз! Энэ чиний байх газар биш!” Биеийг минь чивчиртэл ташуурдах шиг хатуу үгс. Хамаг бие минь шархирах шиг санагдана. Би толгойгоо унжуулаад үг дуугүй тэндээс гарах ч сургуулийн дотрох хүүхдүүдийн шуугин инээлдэх нь чихэн дотор минь хонх мэт жингэнэж үлдэнэ. Ингэж л би анх удаагаа үнэхээр хүн эсэхтээ эргэлзэж эхэлсэн юм.

Эргэлзээ маань өдөр ирэх тусам нэмэгдсээр. Энэ тухай аль болох бодохгүйг хичээвч дотоод дуу хоолой минь “Чи үнэхээр хүн мөн үү?” гэж тасралтгүй асуусаар байлаа.

Орхигдсон сүмийн голд шүтээн бурханы шуумал дүр байх. Бурхдад чадахгүй зүйл үгүй шүү дээ. Ингэж би дотроо бодлоо. Шүтээнийг халхалсан хөшиг сэлт юу ч үгүй болохоор мөн дүр нь нэн сүртэйгээр нүдний өмнө илхэн харагдана. Өнгөн тал нь зулгарч, нэг мутар нь хугараад уначихсан ч шүтээн л бол шүтээн шүү дээ. Тэр л хагарч цавтсан шүтээний өмнө би өвдөг сөхрөн суугаад “Ариун шүтээн минь! Би үнэхээр хүн мөн үү? Мөн бол ядаж дохио тэмдэг ч болохнээ үзүүлээч!” гэж залбирлаа.

Тэр миний залбиралд ер хариулсангүй. Зүүдэнд ч болохнээ дохио тэмдэг үзүүлсэнгүй. Гэвч эцэст нь би тэр асуудлаа өөрөө шийдэхээр боллоо. “Яг энэ байдлаараа би хэрхэн хүн гэгдэж болох билээ? Миний энэ санаархал хүн гэдэг үгийн ариун дагшин чанарыг доромжилсон хэрэг биш байгаа?” гэж би бодов. Ингэж бодохуй над шиг амьтан үнэхээр ч хүн байх боломжгүй юм шиг санагдаж, амьдарч ирсэн амьдрал минь гэнэтхэн л утга учиртай болоод ирлээ. Нэгэнт л хүний тооноос хасагдсанаас хойш яг л нохой шиг хоолны шавхруу эргүүлдэж явдаг болов оо. Би ер нь чоно нохойрхуу л амьтан болж таарав.

Нэг өдөр надад “Нэгэнт л би хүн биш, төрөл буруу амьтанаас хойш өөрийгөө зарж худалдаж болох юм. Өөрийн хүчээр олигтой амьдралтай залгаж чадахгүй бол надад анхаарал халамж тавих хэн нэгний гарт очих нь дээр. Намайг авч гэмээнэ буулганд зүтгэдэг мал нь болсон ч яахав,” гэсэн бодол орж ирлээ. Ингэж шийдсэнийхээ дараа би “Зарна” гэсэн утга тэмдэглэгээ бүхий пайз хийж нуруундаа бариад худалдан авагчдад тоогдчих санаатай, хар захын гудмуудаар хэрэндээ л толгойгоо өндөрт өргөөд алхалж гарав. Өөртөө хатуу үнэ тогтоохыг ч хүссэнгүй. Намайг авч, хэмлэх яс шидэж өгөөд байх хэнд ч болов би бүх насаараа яг л нохой шиг үнэнч зүтгэх болно.

Гэвч нар ургахаас нар шингэх хүртэл зогсоход эвгүйцэж ярвайсан хүмүүс л өмнүүр хойгуур зөрж, ганц нэг хүүхэд нуруун дээрх пайзыг минь оролдон даажигнасан уу гэхээс өөр хэн ч намайг тоож сонирхсонгүй.

Би эцэж ядарч, маш их өлссөн байлаа. Чингээд өнөөх хуучин сүм рүүгээ буцахаас өөр аргагүй болов. Замын хажуугаас хэн нэгний хаясан ганц мантуу оллоо. Шороотой холилдож чулуу шиг хатсан байх ч яаж ийж байгаад идэж орхив. Ходоод минь яг л нохойнх шиг юуг ч шингээж чадах юм байна гэж бодоод хэрэндээ жаахан баяслаа.

Хуучин сүмд хэн ч байсангүй. Өөрийгөө зарах гээд чадаагүй маань намайг хүний тоонд багтахгүйгээр зогсохгүй түүнээс ч долоон дор, ямар ч хэрэггүй амьтан болохыг баталж өглөө. Ингэж бодоод би уйлж эхлэв. Гэвч хүний нулимс үнэ цэнэтэй байдаг бол над мэтийн хэрэггүй амьтаны нулимс ямар ч үнэгүйг ухаарсан юм.

Би шүтээнийг залсан зандан ширээний өмнө бохирч суугаад уйлаад л байлаа. Сүүлчийн дусал нулимсаа барагдтал уйлахыг хүссэн минь биед үлдсэн бүх нулимсаа шавхаж гаргах гэсэндээ бус харин надад хар нулимснаас өөр юу ч байхгүй болохоор тэр билээ. Сүмд нүдээ бүлцийтэл уйлсаны эцэст бүр орь дуу тавин хашхирмаар санагдаж нэгэн сүрлэг сайхан өргөөний үүдэнд гүйн очив. Гэвч хэтэрхий даарч өлссөн болохоор юун хашхирах манатай.., урд үүднийх нь нэгэн буланд нуугдаж суухаас өөр аргагүй болов. Нулимсаа залгилан уйллаа. Мэгших дуунд маань ходоодны хоржигнох нь дарагдана.

Тэгэж байтал барууны сайхан хүрэм өмссөн зүс царай сайтай нэгэн залуу гарч ирлээ. Тэр над руу нүднийхээ булангаар ч харсангүй. Бас ганган хар нөмрөгтэй, дунд хэр насны эр дотогш явж орлоо. Тэр ч мөн намайг тоож харсангүй. Тэнд байгааг минь үл хайхарсан үй олон хүн орж гарна.

Гэтэл өндөр, бадриун биетэй нэгэн эр гарч ирлээ. Тэгсэнээ над руу алхаж ирээд “Зайл! Чам шиг амьтанд уйлах мухар ч олдоно вий!” гэж хараав. Түүний үгс аянгын дуу шиг толгой ниргэлэн цуурайтлаа. Тэр эр намайг яг л нохойгоо жанчих мэт өшигчин зодов. Надад өөдөөс нь хэлэх үг ч олдоогүй тул толгойгоо гараараа хаагаад бушуухан тэндээс зайлж одлоо. Тэгээд өнөөх сүмдээ эргэн очиж, газар дээр тэрий хадан унаад яг л шархадсан нохой шиг гаслан орь дуу тавив. Сүмийн шүтээн зовхио буулгаж зодуур болсон зовлогыг минь харцаараа илбэлэх аж.

Нулимс минь барагджээ. Би шүтээний өмнө сөхрөн унаж “Над шиг амьтанд хүн заяа ногдохгүй нь. Гэвч энэ хорвоод төрсөнөөс хойш үхэх хүртэлээ яаж ийгээд амьдардаг л байх даа. Эх эцэг ч үгүй, орхигдсон, гонь бие гозон толгой надад эцгийн оронд эцэг болж өгөөч, ариун шүтээн минь. Над шиг амьтанг тоож хардаг нь энэ хорвоод таниас өөр хэн байх билээ,” хэмээн царайчлан гуйлаа.

Шүтээн чив чимээгүй дүнсийж, ганц ч үг үл хэлнэ. Гэвч өрөөсөн мутар нь хугарч, цавтаж хагарсан энэ шүтээн одоо миний эцэг болжээ.


2.
Би өмнөхийн адил хэмлэх яс гуйхаар хэрэн хэсч явавч ходоод руугаа шидчих жаахан юм олов уу үгүй юу өнөөх сүм рүүгээ яаран буцдаг боллоо. Учир нь би одоо бусдын адил ард хүлээх аавтай болсон шүү дээ. Тэр нурж унах шахсан сүм миний гэр болж, тайтгаруулах ганц ч үг унагаж үзээгүй бурханы шуумал миний эцэг болсон нь эргэлзээгүй үнэн билээ. Тэглээ ч тэр бол намайг орхин явахгүй энэ хорвоо дээрх цорын ганц зүйл юм. Тэр бол миний гэр бүл.

Өлсөж даарах зутруу амьдралын дунд цаг хугацаа мөн ч хурдан өнгөрөв. Тэгтэл хачин жигтэй хүслүүд дотор минь үндсээ суулгаж эхлэлээ. Би хүн биш гэдгээ хангалттай мэдсэн. Гэвч түүнийг эс харгалзан чухам хүнд л байж болох хүсэл шуналууд дотор минь ургаж өндийсөөр байв. Би сайхан хоол идэн сүрлэг том байшинд сууж гоё хувцас өмсөн дулаахан хөнжилд шургалж бусад хүн шиг л амьдрахын хүслэнд автан байж ядаж байв.

Тийм адгуу хүслүүд дотор минь оргилох бүрт би “Энэ бүхэн чинь хүний хүсэл. Харин чи хүн биш атлаа юунд ийм юмсад шунана вэ?” гэж өөртөө сануулдаг байлаа. Гэвч нохойн биед минь халдан эрхшээх хүний хүслүүдийн довтолгоо зогссонгүй. Энэ бүхэн зөвхөн гай зовлон л учруулна гэдгийг мэдэж байсан ч би тэр адын хүслүүдээ хэрхэн хорьж тогтоох аргаа мэдэхгүй байлаа.

Гудамжны дагуух дэлгүүрүүдийн цонхон дээр дэлгэж тавьсан эд зүйлс шохоорхлыг минь хачин их татах нь жигтэй. Нэгэн удаа явган зам товшин алхах хоёр сайхан хөл дээр харц минь өөрийн эрхгүй тусав. Үгүй ээ, үнэндээ алхах бус гудамжны уруу бүжин явах шиг сайхан хөл. Өндөр хос багана шиг тэр хоёр хөл үргэлж л миний харцыг татах болов. Заримдаа тэр хөл гудамжин дахь хүн тэргэн дотор нэг нэгэн дээрээ давхарлаж, суудалд налах нь үзэгдэнэ.

Тэр хоёр хөлийг холоос олж харах болгондоо би өөрийн эрхгүй араас нь дагана. Харц минь тэдний хойноос нэхэж очихын үед, оюун ухаан минь гэнэт “Мэдээтэй байгаач, чи чинь хүн биш шүү дээ!” хэмээн сануулж, ингээд л хамаг эр зориг минь замхарч оддог байлаа.

Бас нэг өдөр өнөөх хоёр хөл.., хажууд нь нэг цагаан хав хэвтэж байх нь харагддаг юм байна. Тэр хав өнөөх сайхан хөлийг толгойгоороо налан хэвтэж, бүр өвдөг дээр нь цоройн гарна. Надад итгэл төрлөө. Учир нь энэ бол тэр сайхан хөлөнд зөвхөн хүн л дөхөж болно гэсэн үг бишийг харуулж буй хэрэг. Нохойнд хүртэл иймэрхүү нялуурал зөвшөөрөгддөг аж. Ингэж бодоод би өнөөх хоёр сайхан хөл рүү харайлган, яг хүрдэгийн даваан дээр хаанаас ч юм нэг гар гарч ирээд ар шилнээс минь зууран авлаа.

“Нүд чинь сохорчихоо юу?” гэх хэн нэгний дуу чихэнд хадаад би хөсөр чулуудагдав. Тэгтэл дотор муухайрч, тархи толгой дүйнгэтэн, одот тэнгэр нүдний өмнө нэг цэлмээд ухаан балартах нь тэр.

Намайг арайхийн өндийхөд, эргэн тойронд элэглэж тохуурхсан улсын нүүр царай шавчихсан, харин өнөөх хөл алга болчихсон байлаа. Тэдний хачин жигтэй инээлдэх дуу чихийг минь огтчих шиг өвтгөх аж. Би ч хоёр чихээ дараад тэндээс ум хумгүй зугатав.

Чухам тэгэж л би өөрийнхөө байр байдлыг бүрэн ойлгосон юм. Өнгөрсөн жилүүдэд би өөрийгөө нохой гэж итгэн, нохойн амьдралаар амьдрах гэж улайран зүтгэж байжээ. Харин одоо л би өөрийгөө хэтэрхий өндөр үнэлж байснаа ухаарав.

Шалбаагт хутгасан зүрх сэтгэлээ арайхийн даах би хуучин сүмдээ эргэн ирж голын шүтээний хөл дор бодолд дарагдан суулаа. Нүдэнд минь өнөөх үзэсгэлэнт хоёр хөл рүү цоройн эрхлэх цагаан хав үзэгдсээр. Түүний тансаг харшид сайхан хоол идэж, дулаахан хэвтэрт бусдын хайранд хөлбөрч хэвтээ нь төсөөлөгдөж атаархал голыг минь орооно. Би газраар мөлхөн толгойгоо шидэлж, бөгсөө шарвалзуулан хав хав хуцлаа. Нохой байж тэнцэх эсэхээ үзэх гэж хамаг байдгаараа хичээж буй минь тэр.

Хуцах дуу минь яг л жинхэнэ нохойнх шиг сонсогдож байлаа. Ямартаа ч энэ удаад нохойн төрөлд тэнцлээ гэж өөртөө итгүүлэв. Ухаангүй баярлах ч шиг. Тэгэх тусам газар шиншлэн дөрвөн хөл дээрээ мөлхсөөр л байлаа.

Гэвч удалгүй хөл минь бадайрч, толгой дүүрээд босохгүй бол горьгүй болов. Гутрал гуниг минь намайг нохойн заяанд ч тэнцэхгүй амьтан болох бодит үнэнтэйгээ нүүр тулахыг шаардах ахуйд би шалан дээр ахин хөрвөөгөөд цөхөрсөндөө гангинан гасаллаа. Тэгсэнээ голын шүтээний өмнө өвдөг сөхрөн суугаад нулимс мэлтэлзүүлэн байж “Ариун шүтээн минь, авралт эцэг минь! Намайг яг өнөөх цагаан хав шиг нохой болгоод өгөөч!” хэмээн царайчлан гуйв.

Тэр надад хариулсангүй.

Өдөр бүр би дөрвөн хөллөн мөлхөж улин хуцавч нохойн заяанд унах аз дутсан хэвээр ажээ.


3.
Би шар арьстай, хар үс, хар нүдтэй, навтгар хамартай, туранхай атлаа давжаа биетэй нэгэн билээ. Гэвч гэрэлтсэн цагаан арьс, шаргал үстэй, маргадын ногоон нүд, өндөр хамартай, бие бялдараар сүрлэг сайхан хүмүүс энэ хорвоо дээр бас байх. Тийм хүмүүс ганцаараа, хоёулаа, гурвуулаа гудамж уруудан эсвэл явган замаар толгойгоо бардам гэгч нь өргөөд ийш тийш харц шилбүүрдэн алхана. Тэд өргөн гудамж бүхэлдээ тэднийх аятай дураараа хашхиран дуулж, хөгжин инээлдэж явдагсан. Тэдний хажуугаар бусад хүн их л зүрх алдан зөрөх юм уу тэр дороо зогсоод хажуугаараа өнгөрөөж харагддаг юм.

Нээлт. Бидний хүн гэж нэрлэгсэд ч дотроо өөр өөр төрөлд хуваагддаг аж. Миний өдөр бүр харж байдаг хүмүүсээс илүү дээд төрлийн хүмүүс бас байдгийг олж мэдсэн нь надад ёстой цочир сонин зүйл болов. Тэд бол цагаан малгай духлуулан хөх эмжээртэй, цагаан дүрэмт хувцас өмсөж үсэрхэг цээжээ ил гарган энгэрээ ярсан хүчирхэг эрс билээ. Хоёулаа, гурвуулаа, дөрвүүлээ явж буй энэ төрлийн аварга хүмүүстэй гудамжинд би дандаа тааралдана. Тэд үргэлж л дуулж, инээлдэж, хашгиралдаж, эсвэл барьж явсан лонхоороо хүмүүсийг балбаж, хүүхнүүдийн нүүрийг илээд авах нь харагддаг юм. Заримдаа тэд өвөр дээрээ өнөөх үзэсгэлэнт хөлнүүдийг суулгачихсан хүн тэргэнд заларч явах нь үзэгдэнэ. Бас миний мэдэхээс хэтэрхий харь хэлээр ярихыг яана.

Хүмүүс тэднээс аль олох дөлсхийнө. Тэд бусад хүмүүсээс ч дээгүүр төрлийнх учраас би ч бас дөхөж очихоос халгана. Над шиг амьтан тэднийг холоос харж, нууцхан биширхээс өөр яаж ч чадах билээ. Би дотроо тэдэнд сайн сайхныг хүсч, энэ хорвоо дээр тийм хүмүүс байгаад бага ч болохнээ уужрах шиг болдогсон. Чухам тэднийг л харж би өөрийн шаналал зовлонгоо түр ч атугай мартдаг байв.

Уг нь би тэднийг далдхан биширч, сэтгэлдээ адислахын зэрэгцээ тэдэнд дөхөн очиж, бузар буртагаа халдаахгүй юм шүү гэж өөртөө үргэлж сануулдаг юм. Гэвч нэг удаа тэдэнтэй тун ойр таарчихав аа.

Нэгэн үдэш би цааш алхах ямар ч тэнхээгүй болтлоо сульдсан амьтан замын эсрэг талын хана налаад хир дайр, цус нөжинд халтартсан нүцгэн хөлөө барьмаглан сууж байв. Хэт өлссөнөөс зүрх дэлсэнэ. Нүд сүүмийн манарчээ. Эргэн тойрны бүх зүйл бүдэгрээд явчихав. Өнөөх дээд төрлийн хүмүүсийн нэг нь хажуугаар өнгөрч явсаныг ч анзаарсангүй. Эцэст нь нэг юм түүнийг харж арайхийн босоод зугатахаар завдсан ч хэтэрхий оройтсон байлаа.

Шөвгөр үзүүртэй гутлын хоншоор зүүн гар дээр минь тасхийн буух нь тэр. Гар минь салаад уначих шиг болж тэсгэлгүй өвдсөндөө би газарт ойчоод дэвхцэн хөлбөрлөө.

Тэгтэл өнөөх эрхэм хүн маань “Нохой!” гэсэн ганцхан үгээр над руу нулимах нь тэр.

Би хөндүүрлэсэн гараа базлан базлаж “Нохой!” гэсэн өнөөх үгийг нь амандаа ахин дахин давтана. Тэндээс би хуучин сүмдээ эргэн ирээд өвчнөө шүд зуун тэсч байгаад газраар мөлхөн, толгойгоо хаялж, бөгсөө шарвалзуулан байдгаараа хуцав. Жинхэнээсээ нохой болчихсон юм шиг санагдахуй баяр хөөрөөр зүрх булгилж, тачигнатал инээн залгаад хацар дээгүүр нулимс бөмбөрлөө. Энэ удаад би жинхэнээсээ нохой болчихсоноо мэдэрсэн хэрэг.

Би голын шүтээнийхээ өмнө сөхөрч суугаад ““Ариун шүтээн минь, авралт эцэг минь! Таньдаа хэрхэн талархах учраа олохгүй байна. Одоо би нохой болсон. Учир нь өнөөх хүршгүй дээд хүмүүсийн нэг нь өмнө минь гарч ирээд намайг “Нохой!” хэмээх эрхэм нэрээр адислалаа шүү дээ,” хэмээн баяр талархалаа өчив.

Ариун шүтээн надад ганц үгээр ч хариу дугарсангүй.

Харин би яг л нохой шиг энэ тэрүүгээр мөлхөн, их дуугаар улин хуцаж гарлаа.


4.
Тэгэж байтал өнөөх үзэсгэлэнт хоёр хөлтэйгээ ахиад л таарчихав. Над руу чиглэн ирж явах нь тэр. Хажууд нь өнөөх цагаан хав дагажээ. Тэднийг ойртон ирэхийг би тэсэн ядан хүлээж байлаа. Зүрх минь баяр хөөрөөр булгилна. Учир нь одоо би ч бас нохой шүү дээ.

Арьсан гутлын шав шавхийх дуу улам ойртсоор. Хав нь хуцаж байна. Гэнэтхэн тэр над руу дайрч, хувцасны тамтагийг маань хүү татаж эхлэлээ. Би ч газарт үсрэн буугаад өнөөхтэй чинь ноцолдож, хурц шүдээрээ хазахад нь хариу хазан ярдаглаж гарав.

Гэнэтхэн “Муу нохой! Наадахаа тавь!” гэх цээлхэн дуу хадаад өнөөх үзэсгэлэнт хөл дээш өргөгдөн толгой дээрээс минь цавчин буулаа. Би өнөөх нохойтой нь зууралдсан хэвээр газрын уруу өнхрөв. Энд тэнд бөөн дуу шуу хадаад явчихлаа. Тал талаас хүмүүсийн гар гарч ирээд намайг зодож цохивч би өнөөх хавыг нь тавихгүй тас зууралдсаар байлаа.


5.
Нэг сэрэхнээ би хаа нэгтээ харанхуй агуйд хэвтэж байв. Эргэн тойронд хэн ч алга. Агаар хэтэрхий бүгчим байх тул амьсгалахад улам хүнд болно. Хаа хэвтээгээ мэдэхгүй ч нохойн үүрэнд лав биш бололтой. Газраар мөлхөн чанга хуцахыг хүссэн ч хамаг бие шархираад дуу гарахтай манатай. Хөдлөх гэтэл дээсээр баглуулсан болж таараад чадсангүй.

Тэгтэл бодолд хийдийн горломдоо завилан суух, нэг мутар нь тасарч унасан бурхан, эцгийг минь орлосон эцэг минь үзэгдлээ. Тэр намайг хүлээж байгаа. Би харих ёстой. Юу болдог байлаа ч хийддээ эргэн очих учиртай. Хичнээн өвдөж байсан ч би нохой хэвээрээ байгаа. Улин дуулж, хуцан хэмхчихийг хүснэ. Тэгээд өнөөх муу хүлгийг нь тас хазаж хаячихаад эзгүй сүмийнхээ зүгт давхиж одлоо.

Орчуулсан Батсуурийн БАЯСГАЛАН

No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд