Friday, June 30, 2017

АФОРИЗМ


Ямагт яруу найрагч бай! Хүүрнэл зохиол дээр ч…
Шарль Бодлер

Яруу найраг бол шатаж буй үгс, амьсгалж буй бодлууд юм.
Томас Грэе

Урлаг бол МЭДРЭХҮЙГ биежүүлэхүй юм.
Аланис Морриссетте

Урлаг бол маш хартай нууц амраг. Хэрэвзээ эр хүн яруу найраг, уран зураг, хөгжим, философи, уран барималд үнэхээр гарамгай авъяастай аваас тэр гарцаагүй муу нөхөр байдаг бөгөөд гэр бүлдээ зөвхөн шаналал зовиурыг л авчрагч болдог.
Ральф Эмерсон

Урлаг нэг бол хуулбарлал нөгөө бол хувьсгал байдаг.
Поль Гоген

Сайн зохиол бидэнд баатрынхаа талаар чин үнэнийг өгүүлж байдаг бол муу зохиол зохиогчийнхоо тухай жинхэнэ үнэнийг өгүүлж байдаг.
Ж.К.Честертон

Уран зохиолд “Авьяасын” гэсэн ганцхан сургууль л байдаг.
Владимир Набаков


Октавиа Паз
/1914-1988/
Уран зохиол бол ямар нэгэн зүйлээр дутагтаад байгаа тэр л мэдрэмжийн илэрхийлэл, басхүү тэрхүү дутаж гачигдаж буй зүйлсийн эсрэг эх булаг. Хэл хэмээх зүйл хүн төрлөхтөнд юу өгсөнийг бодоод үзэхэд ч энэ эсрэгцэл үнэн хэвээр байдаг. Хэл бол ямар ч утгагүй дуу авиануудын эсрэг, басхүү байгалийн болоод түүхийн анир чимээгүйгийн эсрэг эх булаг юм шүү дээ.

*
Яруу найргийг уншина гэдэг түүнийг нүдээрээ сонсож, чихээрээ харахын нэр юм.

Хулио Кортасор (1914–1984)
Уран зохиолын өв санг эвдэлж сүйтгэж чадахгүй бол ямар сайн зохиолч байх вэ дээ. Харин бидний хувьд.., тэрхүү эвдэн сүйрүүлэх ажиллагаанд чадах чинээгээрээ туслахгүй юм бол бидний сайн нь бас юундаа байх вэ дээ…

Утга зохиолын болоод түүхийн ямар ч мэдлэггүй хуульч бол энгийн нэг засварчинтай л адилхан. Харин эдгээр мэдлэгийн зах зухаас бага ч болов эзэмшсэн хуульч бол өөрийгөө уран барилгачины зиндаанд дуудаж болно.
Вольтер Скотт

Испанийн ард түмний суут хүмүүс нь ямар ч сэргэг гойд ухаангүй мөртлөө хэт чамирхуу хүмүүс байдаг юм. Тийм учраас л тэдний уран зохиолд оюун санааны үр шим хомс, харин хошин шог зүйл асар их байдаг юм.
Самуэль Тэйлор Кольриж

Уншигчдаас маань надад ирж байгаа захидлуудын дотроос оюун санааны хувьд тасралтгүйгээр өссөөр байгаа тодорхой хүрээг олж болно. Үүнийг би уран зохиол хийгээд уншигчдын хоорондох харилцаанаас үүдсэн оюуны өсөлтийн шинж тэмдэг хэмээн харж байна.
Херманн Хэссэ

Уран зураг болоод архитектурт, шинжлэх ухаан болоод утга зохиолд, хөдөө аж ахуй хийгээд аж үйлдвэрт гэхчлэн хүний иргэншилд гарсан бүхий л дэвшлүүд нь хэзээ ч төвлөрсөн төрийн удирдлагын дор гарч байгаагүй билээ.
Мильтон Фридман

Уран зохиолын хамгийн хэцүү нь түүнийг бичихэд байгаа юм биш ээ, харин чи яг ямар санаа гаргах гэснээ бичихэд л байгаа юм. Мөнхүү уншигчдаа хэрхэн нөлөөлөх асуудал ч хэцүү биш, харин түүнд яг өөрийнхөө хүссэнээр нөлөөлж чадсан эсэх л хамгийн хэцүү.
Роберт Луйз Стевенсон

Алекса́ндр Солжени́цын (1918–2008)
Би Оросын утга зохиолын ертөнцөд харъяалагдахаасаа илүүтэйгээр Оросын гэмт хэрэгтэн, ялтнуудын ертөнцөд харъяалагддаг гэдгээ ерөөсөө ч цэрвэлгүйгээр хэлчихье. Тэндээс л би өөрийн боловсролоо олж авсан юм. Сурсан зүйлс маань надтай үүрд хамт байх болно.

*
Утга зохиол нь харгис хүчний хатуу хяналтаар тасар татагдсан тэр үндэстний төлөө эмгэнэн гашууднам. Энэ бол зүгээр нэг хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хөндлөнгөөс халдаж буй хэрэг төдийхөн биш ээ. Энэ бол үндэстний зүрх сэтгэлийг боомилж, ой санамжийг нь огтлон хаяж буй үйл явц мөн.

Франсуаза Саган (1935–2004)
Урлаг дахь гарцаагүй нэг төөрөгдөл бол жинхэнэ уран зохиол нь амьдралд туйлын ойр байдаг гэх хандлага. Гэвч энэ бол үнэний эсрэг үзэл юм. Амьдрал бол эмх замбараагүй, ямар ч хэлбэр дүрсгүй зүйл шүү дээ. Харин уран зохиол туйлын хэлбэршмэл зүйл байдаг.

Утга зохиолынх нь мөхөл нь тухайн үндэстний мөхлийг харуулж байдаг.
Йоханн Вольфганг Гёте

Уран зохиол хийгээд сэтгүүл зүй хоёрын дундах гол ялгааг хүмүүс төдийлэн мэдэхгүй юм. Би хэлье л дээ.. Сэтгүүл зүй бол уншууртай зүйл биш, харин уран зохиол бол уншдаг зүйл биш.
Оскар Уайлд

Исаак Зингер (1902–1991)
Уран зохиолын хамгийн гол амин сүнс нь сэтгэл хөдлөл хийгээд оюун ухаан, амьдрал хийгээд үхлийн хоорондох тулаан байдаг. Зохиолыг хэт ухаанаар зодож бичвэл сэтгэлгүй, хөшүүн болдог. Харин оюун санааг орхигдуулаад хөөрсөн сэтгэлээр бялдаж бичвэл энэ нь ямар ч авах юмгүй, мунхаг, үнэндээ бол огтоос утгагүй зүйл болон хувирдаг.

Анагаах ухаан бол миний хууль ёсны эхнэр, харин уран зохиол миний нууц амраг юм. Нэгнээс нь болж ядрахаараа нөгөөтэй нь би шөнийг өнгөрүүлдэг.
Антон Павлович Чехов

Эзра Паунд (1885–1972)

Уран зохиол бол мэдээ чигээрээ үлддэг мэдээ юм.

*
Үндэсний утга зохиол унавал тухайн үндэстэнд оюуны хоосрол нүүрлэж, нийгэм нь ялзралд орно.

*
Уран зохиол бол тусгаарлагдмал орчинд байдаг зүйл биш. Зохиолч хүн зохиол бичих чадамжтайгаа энэ тэнцүү хувиар нийгмийн өмнө хүлээх тодорхой үүрэгтэй байдаг. Энэ бол тэдний хамгийн чухал хэрэглэгдэхүүн юм.

*
Жинхэнэ уран зохиол нь байж болох хамгийн дээд түвшинд утга санаагаа илэрхийлэхийн тулд туйлын энгийн үгээр туурвигдсан байдаг.

*
Уран зохиолын урт удаан жилийн нас нь магадгүй, үргэлжид орчуулгын урт удаан жилийн настай холбоотой байдаг.

Уран зохиол бол энгийн хүмүүсийн тухайд энгийн бус зүйлийг нээн олоод, тэрүхүү эгэл биш зүйлээ эгэл хэлээр илэрхийлэн гаргахуйн урлаг юм.
Борис Пастернак

Америкийн орчин үеийн утга зохиол гээч нь Марк Твэйний “Хаклберри Финн” хэмээх ганцхан номоос л эхтэй юм шүү дээ.
Эрнест Хэмингуэй

Доррис Лессинг (1919–2013)
Уран зохиол бол үйл явдлыг ард нь задлан шинжлэхүй юм.

Уран зохиол нь улс төрд ёс суртахууны хяналт маягаар үйлчилж байх ёстой.
Евгений Евтушенко

Дэвид Хэрберт Лауренс (1885–1930)
Уран зохиол гэдэг бол нөр их хөдөлмөр… Түүнийг бичнэ гэдэг урхинд орсонтой л адилхан зүйл. Энэ бол гүнээ шившигдсэн хараал л гэсэн үг…
*
Ай, уран зохиол оо гэж… Гайхамшигтай урлаг… Чөмгийг маань дундалсан ажил. Биднийг төмөр шанагаар хутган аваад, хажуу тийшээгээ цацчихдаг эд чинь энэ шүү дээ. Ай, халаг гэж…

Уран зохиолын тун өчүүхэн хэсгийг л бичихийн тулд түүхийн асар том судалгаа хийх шаардлагатай болдог.
Хэнри Жэймс

Хүмүүсийн амьдралынх нь дурсамжууд тэдний өөрсдийнх нь бичсэн зохиол юм.
Олдос Хаксли

Тайван амгалан цаг үеийн тухай бүү асуу. Тэнд жинхэнэ уран зохиол төрдөггүй юм.
Рита Мэе Браун

Ном уншдаггүй хүн ном уншиж чаддаггүй хүнээсээ ч дор.
Марк Твэйн

Оскар Уайльд (1884-1900)

Ёс суртахуунгүй гээд ертөнц даяараа нэрийдчихээд байгаа номнууд бол энэ ертөнцийн өөрийнх нь ичгүүр булай бүхнийг илчлээд гаргачихсан номнууд юм.

*
Гурвын гурван боть романыг хэн бичиж чадах юм бэ. Амьдралаа ч, утга зохиолыг ч үл ойшоосон хэрэг болно шүү дээ.
*
Уран зохиол ямагт амьдралыг урьдчилан тааварлагч байсан. Тэр амьдралаас хуулбарладаггүй. Гэхдээ өөрийн гол зорилго руугаа амьдралыг цутгаж орхидог. Жишээ нь арван есдүгээр зуун гэдэг чинь бүхэлдээ Балзакийн бүтээсэн томоохон нээлт л төдий шүү дээ.
*
Сайн эсвээс муу ном л гэж байхаас ёс суртахуунтай юм уу ёс суртахуунгүй ном гэж ерөөс байдаггүй.

Уйльям Фолкнер (1897–1962)

Унш, унш, унш. Хог новшуудыг нь ч, сонгодогуудыг нь ч, сайныг ч мууг ч ялгалгүй бүгдийг нь унш. Тэдний хэрхэн бичигдсэнийг сайтар ажигла. Яг л мужаан хүн дагалдагчаас багш болтлоо суралцдаг шиг уйгагүй унших хэрэгтэй. Уншигтун. Бүгдийг өөртөө шингээ. Тэгээд дараа нь бич. Хэрэв бичсэн чинь сайн болж байвал чи бүхнийг сурчээ гэсэн үг. Харин муу болсон байвал эргэлзэлгүй түүнийгээ цонхоор гаргаад чулуудчих.

Номны сайн бидний уншиж буйд бус биднийг уншиж буйд л байдаг.
Уйнстон Хью Оден

Фрэнсис Бэкон (1561–1626)

Үгүйсгэн няцаах гэж, эсвээс өргөн магтахын тулд номыг бүү унш. Шүүн хэлэлцэхийн тулд ч бүү унш. Гагцхүү ухан ойлгох хийгээд нягтлан шинжлэх гэж л унших хэрэгтэй.
*
Амтагдах төдий зохиол гэж байхад амаар ороод шингэчихдэг зохиол гэж бас байна. Зажилж суумаар зохиол гэж байхад залгиж орхимоор зохиол ч гэж бас байна.

Иргэншлийн гарын үзэг нь урлаг юм.
Бэвэлри Силлс

Урлагийн үүрэг нь хүмүүсийн сэтгэлийг үймүүлэхэд оршдог, харин шинжлэх ухаан тайтгаруулах үүрэгтэй.
Жорж Брак

Хүсэл тэмүүлэлгүй авъяас билиг бол жигүүргүй шувуу юм.
Сальвадор Дали

Уран бүтээлийн эрх чөлөө хэмээгч нь
Сахил хүртэхтэй адилхан зүйл байдаг.
*
Боолууд эхэндээ шудрага ёсыг шаардаж, эцэстээ эзний титэм углахыг хүсдэг.
Альберт Камю

Юу бичих нь чухал биш, яаж бичих нь чухал.
Жек Керуак

Өөрийнхөө жинхэнэ дуу хоолойг олж авахын тулд
өрөөлд хэрхэн сонсогдохыг нь ор тас мартах хэрэгтэй.
Аллен Гинзберг

Хэрвээ Галилей “Дэлхий тэнхлэгээрээ эргэдэг л юм даа” гэдгээ шүлэглээд хэлчихсэн бол яллагчид түүнийг зүгээр орхиод явчих байсан даа.
Томас Харди

ТӨГС АРИУН гэдэг бол амьдралаа үсрэх цусаар бичигдсэн бадаг шүлэг болгож чадаж гэмээнэ л боломжтой.
Юкио Мишима

Би зохиолчдод дандаа л нэгдүгээр биеэс бичихийг зөвлөдөг.
Бичнэ гэдэг чинь өөрийгөө шүтэх үзэл.
Үүнийг та ч хүлээн зөвшөөрөх биз ээ.
Уйлъяам Зинссер

Яруу найраг бол амьдралын нотлох баримт юм. Хэрвээ таны амьдрал сайхан гэгч нь шатаад дуусчээ гэж бодвол яруу найраг үнс нь билээ.
Леонард Коэн

Яруу найраг салхинд савчих хаалгатай адилхан зүйл. Саваад хаагдахын зуурт нь амжиж юу харж авах нь уншигчийн хэрэг.
Карл Сэндбург

Томас Элиот (1888–1965)
Яруу найраг бол сэтгэл догдлолоо уудлан гаргахуй бус харин ч түүнээс зугтахуй юм. Дотоод ертөнцөө илэрхийлэхүй гэхээсээ илүүтэй түүнээс зайлсхийхүй билээ. Гэхдээ зөвхөн дотоод ертөнцтэй, догдлуун сэтгэлтэй хүмүүс л тэдгээрээс зугтах, зайлсхийх гэж юу болохыг ойлгоно шүү дээ.

*
Их уншдаг хүнд бидний зүгээс үзүүлэх хамгийн өндөр хүндэтгэл бол түүнийг хангалттай ихээр магтах явдал юм. Уран зохиолын төлөөд шүү дээ.

*
Шашны хувьд би Англо-Католик, уран зохиолын хувьд би классицизмыг баримтлагч, харин улс төрийн хувьд би хаант засгийг дэмжигч…


No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд