Thursday, June 29, 2017

ЭНЭ ЭГЭЭРЭЛ БИДНИЙХ...

Сайхан ном хэвлэгдэн гарчээ. “Туркийн яруу найргийн дээжис-I” нэртэй. ХХ зууны Туркийн яруу найргийн гол төлөөлөгчдийн сонгомол шүлгүүдийг эх хэлнээ унших сайхан завшааныг яруу найрагч, орчуулагч Дашзэвэгийн МӨНХТӨР ах маань бидэнд олгожээ. Орчуулагч номынхоо өмнөтгөлд:
“-Манай авьяас билигт Ж.Лхагва асан нэгэнтээ их Алишер Навойн шүлгийн орчуулгынхаа оршилд яруу найргийн орчуулгын зовлонг “Яруу найргийн орчуулга бүсгүй хүн хоёр адил. Үзэсгэлэнтэй бол үнэнч биш, үнэнч бол үзэсгэлэнтэй биш,” гэсэн сонирхолтой зүйрлэлээр илэрхийлсэн байж билээ. Үнэхээр ч бууж буй өөрийн хэлэндээ гайхалтай сонсогдох уншигдах талыг барихлаар цаад эхээсээ “урвачих” гээд, эхээ ягштал барих гэхлээр өөрийн хэлэнд наалдаж, “үзэсгэлэнтэй” бууж өгөхгүй байх ийм хоёр талын зовлон яруу найргийн орчуулгын гол зовлон байдаг.Тэгээд би, үзэсгэлэнтэй атлаа үнэнч бүсгүйчүүд амьдрал дээр тийм ч цөөнгүй байдгийг мэдэхийн хувьд өөрийн хөрвүүлсэн шүлгүүдийг ч мөн тийм байлгах юмсан гэсэн чин хүслэнг өвөрлөн чармайсан минь энэ. Хэрхсэнийг эрхэм уншигчид болгоох буй за,” гэжээ.
Яруу найрагч Д.Мөнхтөр
Гэрэл зургийг Ө.Эрдэнэбулган

Мөнхтөр ахын орчуулсан үзэсгэлэнтэй болоод үнэнч шүлгүүд өчүүхэн уншигчийг Туркийн ард түмний яруу үгсийн чуулганд илүүхэн шиг саатахын хүслэнд унагалаа. Тиймээс ч “Туркийн яруу найргийн дээжис-II” -ыг үнэнчээр хүлээх л үлдэв. Дор эл номоос өөрт таалагдсан шүлгүүдээсээ цохолж тавыг тавьлаа. Чингэхдээ орчуулагчаас огт зөвшөөрөл авалгүй дур зоргоор загнаснаа нууж хаах юун.
Д.Мөнхтөр ах горхины урсгал шиг яруухан, энгүүн, юунд ч торох юмгүй гүймэг ярьдаг хүн. Орчуулгад нь тэр л чанар нь нэвт шингэснийг олж хараад өөрөө ч бас шүлэг найраг орчуулах гэж шүлэнгэтэж явдаг хүн мөний тул баахан цагаан атаархал төрж л байлаа. Элдэв чимэггүй, гүжирмэг, нээрэн ч “үнэнч” гэж итгэж болохоор түүний орчуулгуудын шүдэнд торох юмгүй гүймэг сайхан уянга, хэлэхүйд таацах чанар нь мөнөөхөн “үзэсгэлэнтэй, яруу” шинжийг нь бас агуулнам бус уу.
Д.Мөнхтөр ах маань эл номоороо энэ жил утга зохиолын салбарын шилдэгүүдэд олгодог “Алтан өд” шагналыг орчуулгын төрөлд гардсан сурагтай. Мөхөс дүү сонин хэвлэл, телевиз, радиогоос хол тул биеэр очиж номыг нь тосон авахдаа ч баяр хүргэлгүй гараа даллаад одсон гэм нэг байна. Үүндээ ихэд хүлцэл өчиж номын ахад чин сэтгэлийн баяр хүргэе!

Сабахааттин Күдрэт Аксал /1920–1993/

Хачин юм шүү
Амьралын эцсээ хүртэл
Үг үсэгтэй зууралдах минь,
Модноос илүүтэй мод гэсэн үгэнд
Тэнгисээс илүүтэй тэнгис гэсэн үгэнд
Дуртай байдаг минь
Хачин юм шүү.
Гэхдээ өглөө эртээ сэрчихээд
Тагтан дээрээ гарах ч сайхан шүү.


Наазым Хикмэт Ран /1901–1963/

Хорих газраас бичсэн захидал
3.
Өнөөдөр бүтэн сайн.
Өнөөдөр намайг анх удаа нарлууллаа.
Насандаа анх удаа тэнгэр надаас ийм хол,
ийм цэнхэр,
ийм хязгааргүйд гайхсандаа би
хөшиж орхив.
Дараа нь би хүндэтгэлтэйгээр газар бохироод
Хана наллаа.
Яг энэ мөчид юун тэнгэсийн давалгаа,
Яг энэ мөчид юун тэмцэл, юун эрх чөлөө, юун эхнэр.
Газар, нар, тэгээд би…
Жаргал минь энэ ээ…
1938.

Дунайн хөвөөнд

Тэнгэр цэлмэг
Уд модод л бороотой
Улаанаараа эргэлдэх
Дунайд тулж ирлээ.
Хөөе, Хикмэтийн хүү, Хикмэтийн хүү чи
Дунайн ус байсан ч болоосой
Харанхуй ойгоос ундарсан ч болоосой
Хар тэнгист цутгасан ч болоосой
Тунарсаар тунарсаар тунарсаар
Босфорын хоолойгоор урссан ч болоосой
Мандалд чинь Истанбулын агаар ханх тавиад
Кадыкөйн боомтыг дэлдсэн ч болоосой
Мэмээтийг ээжтэйгээ усан онгоцонд сууж ахуй үес,
Дэлдсэн ч болоосой, дэлдсэн ч болоосой.
Вена орчимд
01.06.1958

Уриалга

Холын Азиас довтолгон ирээд дөрвөн туурайн хурдаар
Цагаан тэнгис рүү морин толгой мэт шааж орсон
энэ нутаг биднийх.
Шилбэ бугуй нь цусанд хутгалдсан, шүдээ зуусан, хөл нүцгэн
торгон хивс шиг энэ газар шороо, энэ диваажин,
энэ там биднийх
Харийн үүд хаагдаг, дахин бүү нээгдэг
хүн хүнээ боолчлохыг үүрд устга,
энэ уриа биднийх,
Амьдрах гээч мод мэт цор ганц болоод эрх чөлөөт
ой мод мэт тэгээд олуул найрсах
энэ эгээрэл биднийх.


Орхаан Вээли Канык /1914–1950/

Хагацал

Харан харсаар хоцорном, хөлөг онгоцны араас
Хаяж өөрийгөө чадахгүй байна тэнгист, хорвоо хичнээн сайхан
Хажууд нь тэгээд эр хүн шүү юм болохоор уйлж бас чадахгүй байна.


No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд