Thursday, June 29, 2017

ХӨГЖИМ, ЯРУУ НАЙРАГ, ОРЧУУЛГА



Орчуулгын хөдөлмөрийг хөгжим, яруу найргийн хэлээр үзүүлсэн тунчиг хөгжимлөг, яруу найраглаг баримтат кино нэгийг үзэв. 
Кинонд Италийн хамгийн мундаг бололтой 10 орчуулагч оролцож өөрсдийн туршлага, зовлон жаргалаа ярьж байна. Дурдвал: Erri De Luca, Fulvio Ferrari, Anna Nadotti, Nadia Fusini, Maurizia Balmelli, Luca Scarlini, Donato Feroldi, Elisabetta Bartuli, Rita Desti, Enrico Canni.
Erri De Luca нь орчуулагч төдийгүй Италидаа нилээд нэртэй зохиолч гэнэ. Эртний Еврей, Идиш хэлнээс орчуулдаг аж. Тэр ингэж ярьж байна:

- Эртний хэлүүдээс орчуулахдаа би өдөрт ганц мөр л явуулдаг. Би толь бичиг хэрэглэдэггүй юм. Бараг 5000 орчим үг нь л бидэнд үлдсэн эртний хэлэнд толь бичиг хэрэглэх ч хаашаа. Харин орчуулж буй зүйлээсээ нэг үг аваад түүнийгээ дараа дараагийн мөрөнд давтагдсан эсэхийг нямбай гэгч нь ажиглаж, тэр давтагдмал үгсийн дундуур удаахнаар алхан явахдаа утгыг нь өөртөө нээдэг юм. Тиймээс орчуулгадаа барьдаг хамгийн гол зүйл маань ЗҮЙ ЗОХИС — ыг олох.
- Би орчуулгыг баатар эрийн ялгуусан үйл гэхээсээ түүний унасан хүлэг морьтой нь зүйрлэнэ. Яг л Дон Кихотын жижигхэн сайвар морь шиг. Аян замыг хамт туулна, тулалдаанд оролцоно, /магадгүй бүх ачааг үүрч гарна. Б.Б/.
- Орчуулагч хүн орчуулж буй зүйлдээ зүрх сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Түүндээ үнэнхүү дурлаж байж орчуулах ёстой.
- Надаас хүмүүс “Яавал сайн зохиолч болох вэ?” гэж их асуудаг юм. Би тэдэнд “Дуртай зохиолчийнхоо хэлийг сур аа. Орос, Герман, Испани алин ч бай тэр зохиолчийнхоо хэлийг сураад, үг өгүүлбэрт нь нэвтэрч, дараа нь түүнийг нь өөрийнхөө хэлээр хэрхэн буулгаж болох вэ? гэдгийг эргэцүүлж бод,” гэж хэлдэг. /Энэ нь туурвилзүйд суралцах талаасаа ач холбогдолтой юм болов уу гэж би таасан./
- Нэг хүн Пушкиний нэг шүлгийг орчуулаад аваад ирлээ. Би түүнийг нь уншиж үзээд шууд засч эхлэсэн. Учир нь тэр хүн Пушкиний баримталж бичсэн үе хоорондын цохилго, ритмийг огт хүндлээгүй байсан. Орчуулагч хүн түүнийг нь хүртэл орчуулах ёстой.
За нэг иймэрхүү зүйлс ярьж байх юм. Энэ хүмүүс аргагүй мундаг орчуулагчид бололтой юм. Толь ашигладаггүй гэхээр. Бас нэг эмэгтэй “Би толь бичиг ерөөсөө ашигладаггүй. Толь бичиг үгийн утгыг хязгаарлаж хайрцагласан байдгийн сацуу ойролцоо утгын “шоглоом”-оор иж бүрэн тоноглогдчихсон байдаг юм,” гэж байх юм. Үүнийг сонсоод над мэт нь шууд “Ай, мөн мундаг аа,” гэж дуу алдлаа. Өөрөө толь бичгийн хөхүүл хүүхэд болохоор аргагүй шүү дээ. Жишээ нь надад компьютер дээрээ нэг арааманд зангидаад тавьчихсан яг 43 толь байна. Англи-Англи, Англи-Монгол, Монгол-Англи, Монгол-Орос, Орос-Монгол, Монгол-Монгол, Англи-Франц, Франц-Англи, Англи-Испани, Испани-Англи… гээд л явж өгнө. Дээрээс нь Oxford, Webster, Concise, Longman, Britannica, төрөл үгийн, этгээд үгийн, ижил үгийн, эсрэг үгийн, хэлц үгийн, нэвтэрхий гэж нэмэгдсээр яг 43 болж байгаа юм. Нэг үг бичээд enter дарахад багадаа л 15–20 орчим толиор утга нь шүүгдэж гарч ирнэ. Түүнийгээ “ёстой супер” гэж бодоод баярлаад байсныг яана. Тэгтэл мундагаас мундаг орчуулагчид толь бичиг хэрэглэдэггүй гэнээ. Нэг үгэн дээр гацчихлаа гэхэд гудамжаар алхаж явахад нь л сэрхийгээд ороод ирдэг гэнэ. Ер нь хэлийг гудамжаар алхаж явахдаа сурдаг юм гэж байна.
Бас нэг орчуулагч нь “Хэлний хязгааргүй боломжоос энэ зохиолч яагаад заавал тэр үгийг биш, энэ үгийг сонгосон юм бэ? гэдгийг маш сайн анзаарч бодож үзэх ёстой,” гэсэн бол нөгөө нэг нь “Энэтхэгийн зохиолч Amitav Gosh “Үг бүхэн амины үнэтэй,” гэж хэлсэн байдаг. Тиймээс цаад зохиолчийнхоо үг нэг бүрийг хүндэтгэж, яг тохирох үг эрж олохын тулд мэрийдэг байх ёстой. Орчуулагчийн нүдээр уншихад нэг их чухал биш юм шиг үгнүүд гарч ирнэ. Гэхдээ ямар нэг үүрэгтэй болоод л тэнд тэр үгнүүд байгааг бодолцох хэрэгтэй,” гэж байх юм. Над мэтийн том толгойтой хүүхдэд сурах зүйл шүү.
Өөрт минь хамгийн их таалагдсан зүйрлэл нь энэ байна. “Орчуулга бол цонхны шилтэй адил. Цонхны шилэнд учир дутагдал их бий л дээ. Бороо цасанд дайртана, элс шороонд халтартана. Гэхдээ л цаанаа байгаа зүйлийг яг тэр чигээр нь харуулж чаддаг. Орчуулга ч бас тийм л байх ёстой.” Нээрээ бодоод байхад тохирох үг олдохгүй үе таарна, хэл хоорондын сэтгэлгээний зай завсарыг гэтлэх гэж зүдэрнэ. Түмэн бэрхтэй тулгарлаа ч эцсийн мөчид цаад зүйлээ тэр чигээр нь харуулж чаддаг байх нь их чухал аж. Гэхдээ орчуулагч өөрөө аль болох тунгалаг шил шиг орчуулахын төлөө мэрийдэг байх ёстой биз ээ.
Тэр кинонд гардаг хамгийн араншинтай яриатай, их хүчтэй байрын нэг эгч ингэж ярив. “Орчуулагч бол илбэчний тоног хэрэгсэлийг хөшигний араас хараад зогсож буй хүн юм. Дамар утсуудыг нь бэлээхэн харж байгаа болохоороо бүсгүйг үнэнээсээ хөөргөж чадахгүйг нь мэднэ. Гэвч илбэ биелэлээ олох яг тэр агшинд мөнөөх дамар утаснууд хаашаа ч юм алга болчих нь тэр. Ийм мөчид л орчуулагч хүн зохиолчийн шившсэн шидэт тарнийн золиос болж хоцордог юм даа.” Аймаар яриа байгаа биз? Тэр бас ингэж ярьсан. “Дьюрасыг орчуулж байтал түүний өөд болсон тухай мэдээ факсаар ирсэн. Ямар аймшигтай байсан гэж санана. Би түүнтэй хамт үхчих шиг л болсон.”
Бас нэг орчуулагч нь ингэж ярив. “Нэг зохиолчийн зохиолыг 2, 3-н жил бодоод явчихаар аажимдаа түүний үгс тархин дотор минь амилж, үгсийнх нь цаад мөн чанар луу нэвтэрч эхлэдэг. Elias Khuri — г орчуулж байхдаа би түүний зургийг ханандаа наачихаад “Надад хэлээч. Чи юу хэлэхийг хүсээ вэ? Хаашаа яваад байгаа юм? Яагаад ингэж хэлэх болов?” гэхчлэн шалгааж, түүнтэй яриилцдаг байлаа.” Хүмүүс ингэж орчуулдаг байхад түүний хөдөлмөрийг яруу найраг, хөгжимтэй зүйрлэхгүй байхын арга алга. Бас нэг нь “Би тэр зохиолд дуу хоолой өгч байна гэж бодож орчуулдаг” гэж байна.
Нэг орчуулагчид бэрхшээл гарч ирж гэнэ. Тэгээд хянан тохиолдуулагч дээрээ явж очоод “Асуудал гарлаа. Өнөөх зохиолч чинь өнгөрсөн цагаас өнгөрөн төгссөн цаг руу ямар ч утгагүй шилжилт хийчих юм. Би логикийг нь олохгүй байна,” гэж л дээ. Тэгтэл хянан тохиолдуулагч нь “Чиний асуудал наадах чинь шүү дээ. Чи хэтэрхий их логик хөөж, хэтэрхий логиктой сэтгэх гээд байна..,” гэжээ.
Орчуулагчдын хувьд хамгийн хатуу самар нь мэдээж том зохиолчид. Гигант, сартваахи, юу юу гэдэг билээ? Аливаа том зохиолч бол хэлийг эвдэгч бас шинээр бүтээгч байдаг. Тиймээс тэднийг орчуулна гэдэг нь дагаж эвдэж, дагаж бүтээх үйл. Дээр өгүүлсэн жишээ ч үүнтэй холбоотой юм.
Бас нэг орчуулагч нь ингэж хэлсэн. “Зохиолоос егөөтэй, хошин мэдрэмжийг нь олж харах, түүнийг нь буулгах нь хамгийн хэцүү.” Үүнтэй бүр хоёр гараа өргөн санал нэгдэж байна. Би анх Англи ном уншиж эхлэхдээ уйдахгүй байхыг бодолцож тухай дээрээс нь “хошин мэдрэмжтэй, егөөтэй, ёжтой,” гэсэн үгсийг хайж байгаад тийм зохиолыг нь олж уншдаг байсан юм. Харин уншихаар зүгээр л шулуухан явчихна. Уншиж дуусчихаад “Өнөө яриад байсан хошин өнгө аяс нь хаана байнаа?” гэж өөрөөсөө асуудаг байв. Тэгээд ахиад уншина. Ахиад уншина. Ерөөсөө л нэг хуурай тэкстүүд байгаад байдаг. Уйлах бол яах вэ, тодорхой зүйл. Хүн гэдэг чинь инээхдээ хамгийн элдэвтэй, хувирамтгай, илбэтэй байдаг бололтой юм билээ. Тиймээс гадаад хэл дээр зохиол уншихдаа зохиогчийг наргихад нь хамт наргиж, хөнгөхөөн егөөд өнгөрөхөд нь ч хамт егөөдөж чадаж байвал “Би гадаад хэлтэй,” гэж хэлмээр юм шиг байгаа юм шүү. 


No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд