Ус болоод уул
Зэнгийн Хятад мастер Чин-юан Вэй-шин нэгэнтээ:
30 жилийн өмнө Зэнд суралцаж байхдаа би уулыг уул, усыг ус гэж хардаг байсан юм. Дараа нь сайн багшийг дагалдсаныхаа хүчинд би Зэнгийн үүд хаалгаар нэвтрэн орж чадсан бөгөөд уул бол угтаа уул биш юм, ус бол устаа ус биш юм гэдгийг таньсан билээ. Харин одоо, бүх зүйл ямар нэг зүйлэрхүү байдаг баяр хөөр, амар амгалангийн оронд нэвтэрч чадсанаар би уулыг ердөө л уул юм, усыг ердөө л ус юм гэж хардаг болсон доо” хэмээн өгүүлжээ.
Та надад яагаад хэлээгүй юм бэ?
Нэгэн лам Зэнгийн мастер Кассаны дор олон жил суралцжээ. Дараа нь тэрээр багшийгаа орхин, өөр олон газруудаар Зэнд илүүтэй суралцахаар бидэн явжээ. Гэвч тэр лам өөрт нь яг тохирох газрыг эрээд огтхон ч олсонгүй.Түүгээр ч барахгүй явсан газар бүрт нь багш Кассаныг нь Зэнгийн хамгийн мундаг багш, агуу мастер хэмээн магтацгаахыг сонсчээ. Тиймийн учир мөнөөх лам сүмдээ эргэн очоод багшаасаа “-Очсон газар бүрт маань таныг Зэнгийн талаар хамгийн гүн ойлголттой хүн” хэмээцгээж байна. Та энэ тухайгаа яагаад надад хэлээгүй юм бэ?” гэж асуужээ. Кассан хариуд нь “- Чамайг хоол хийх үед би галыг чинь ноцоож өгдөг байсан. Хоолоо аягалах үед чинь би тавгаа өгдөг байсан. Урмыг чинь хугалж байсан нэгээхэн ч удаа байсан гэж үү дээ?” гэв. Багшийнхаа яг энэ үгэн дор мөнөөх лам гэгээрчээ.
Оршин буй бүхэн хоосон хэмээх нь…
Зэнгийн нэгэн залуухан суралцагч Ямаока Тэсшү нэг багшаас нөгөөд дамжин явсаар эцэст нь Шококүгийн Дукон дээр иржээ. Шинэ багшдаа мэдлэг чадвараа гайхуулах гэсэндээ Тэсшү: “Оюун санаа, Будда, бодгалийн оршихуй бүгд нь эцсийн эцэст оргүй хоосон билээ. Үзэгдлийн үнэн дүр ч мөн хоосон юм. Ухамсар, төөрөгдөл гэж үгүй. Мэргэн ухаан, төв үзэл ч гэж үгүй бөлгөө. Өглөг болоод түүнийг хүртэхүй ч бас үгүй юм” хэмээв. Тэсшүгийн энэ үгийг сонсонгоо Дукон дуугүй л тамхиа татаж суув. Тэгсэнээ тэрээр гэнэтхэн ухасхийгээд Ямаокаг хулсан саваагаар хүчтэй гэгч нь гөвөөд авлаа. Багшийн ийн аягласанд залуу хүү ихэд уурссанд Дукон “Хэрэв бүх зүйл оршин байдаггүй юм бол энэ их уур хилэн чинь хаанаас гараад ирдэг байна аа?” хэмээн лавлан асуужээ.
Будда
Мэйжигийн эриний Токио хотод Зэнгийн хоёр эсрэг урсгалын цуутай хоёр багш байжээ. Нэгийг нь Уншо хэмээх бөгөөд тэрээр Буддын сургаалыг чандлан мөрдөгч Шингон сүмийн багштан юм. Уншо багштан согтууруулах ундааны төрлийг ерөөс уудаггүй бөгөөд өглөөний 11 цагаас хойш огт юм иддэггүй ажээ. Нөгөө нэг нэрд гарсан багш нь Эзэн хааны дэргэдэх сургуульд гүн ухаан заадаг Танзан нэрт бөгөөд тэрээр Буддын сургаалийг ерөөс дагаж мөрддөггүй нэгэн билээ. Танзан хэзээ өлсөнө тэр үедээ зоог барьж, хэзээ нойр нь хүрнэ тэр үедээ, өдрийн цагаар ч хамаагүй унтаж амардаг аж.
Нэгэн удаа Уншо Танзаныд зочлон очтол хэдийгээр Буддын сургаальд согтууруулагч ундааны нэгээхэн дуслыг ч болов хэлэндээ хүргэж болохгүй гэж заасан байдаг ч тэрээр жишим ч үгүй гүцтэй сархад сөгнөөд сууж байлаа. Танзан:
Амар морилж явна уу, номын ах минь?. Та сархад зооглохгүй биз? хэмээн асуухад Уншо “-Би ерөөс уудаггүй” хэмээн их л буурьтай хариуллаа. Гэтэл Танзан түүний өөдөөс “Уудаггүй хүн бол хүн биш” гэв. Тэгтэл Уншо “Чи намайг согтууруулагч умдаагаар өөрийгөө зугаацуулаагүйн маань төлөө хүн биш гэж үзэж байгаа хэрэг үү?” гэж их л ууртай хэлээд “Хэрвээ би хүн биш юм бол хэн болж таарах юм?” гэж асуулаа. Хариуд нь Танзан “Та Будда л юм байлгүй дээ” гэсэн гэдэг.
Зам дээрх охин болоод Танзан
Танзан, Экидо хоёр хамтдаа шаварт замаар явж байжээ. Тэдний замд ширүүн бороо цутгаж байв. Явсаар замын нэгэн муруй дээр хүрэн иртэл нь тэнд торгон кимоно, ганган бүстэй дур булаам нэгэн охин уулзварыг гаталж чадахаа болиод зогсож байжээ. Танзан тэр дариу “Алив наашаа!” хэмээн гараа сунгаад, охиныг шаврын дээгүүр гаргаж өгөв. Харин Экидо харуулын сүмдээ эргэн иртэлээ Танзантай нэг ч үг сольсонгүй. Тэгээд бодсоноо удаан хадгалж чадсангүй бололтой “Бид бол сахилтай лам хүмүүс. Эмэгтэйчүүдтэй ойр явах хэрэггүй шүү дээ. Залуухан, дур булаам болвол нь бүр ч хэрэггүй. Энэ чинь аюултай. Тэгтэл чи яагаад үүнийг эс тоомсорлоно вэ?” хэмээн Танзанд хэллээ. Тэгтэл Танзан “Би тэр охиныг тэнд нь хэдий нь орхичихсон шүү дээ. Гэтэл чи түүнийг одоо болтол өөртөө тээсээр яваа юм уу?” гэжээ.***
Аяа Биккус, мунхаг харанхуй хэмээгч нь юу болохыг хэлж өгөөч?
Зовлонгоо үл мэдэх
Зовлонгийнхоо учир шалтгааныг үл мэдэх
Зовлонгоо гэтлэхүйг үл мэдэх
Зовлонгоо гэтлэхүйн арга замыг үл мэдэх
Эдгээр бүгд нийлээд мунхаг харанхуй хэмээгч бөлгөө…
Бүх юм хэмээгч нь юу вэ?
Будда нэгэн удаа Биккуст “Бүх зүйл” хэмээх ойлголтын учрыг таниулан хэлжээ.
- Би чамд “Бүх зүйл”-ийн учрыг нээж өгөмз. Хичээн чагнагтун! Бүх зүйл хэмээгч нь юу вэ?. Энэ бол нүд болоод түүнд үзэгдэгч юм бүхэн. Энэ бол чих болоод түүнд сонсогдогч чимээ бүхэн. Хамар болоод үнэртэгч бүхэн. Бие болоод хүртэгдэгч бүхэн. Оюун ухаан болоод санаа бодол бүхэн. Энэ бол “Бүх зүйл”.
- Тэгтэл хэн нэгэн “Энэ “Бүх зүйл” гээч чинь хангалттай биш байна. Ахиад өөр “Бүх зүйл” байхыг хүсч байна” гэж болох юм. Тэр хүн таны өчсөнөөс ангид, бас нэгэн “Бүх зүйл”-ийг бүтээж чадах болов уу?
Асуугч бээр тэгэж чадна гэдэгтээ итгэж байж болох л юм. Гэхдээ тэр өгүүлснээс минь ангид “Бүх зүйл”-ийг хэзээ ч үзүүлж чадахгүй.
Гуда Му-нан хоёр
Гуда бол өөрийн үедээ эзэн хааны багш явсан хүн билээ. Тийм байтал тэрээр тэнүүлч гуйлгачин мэт ганцаараа хэсэн явахыг илүүд үздэг байжээ. Нэгэн удаа тэр Шогуны засаглалын үеийн улс төр болоод соёлын төв Эдо хотруу явах замдаа Такенака хэмээх жижигхэн тосгонд хүрч иржээ. Орой хэдий нь болж, ширүүн бороо асгаж байлаа. Году тэр чигтээ норсон байх бөгөөд дэрсэн шаахай нь салан ойчсон байв. Харин тосгоны ойролцоох нэгэн жижиг байшингийн цонхны тавцан дээр дөрөв, таван хос шаахай зэрэгцүүлэн тавьсан байхыг тэр хараад хуурай нэгийг нь худалдаж авахаар шийджээ.
Гэрийн эзэгтэй түүнд шаахай авахыг нь зөвшөөрч, шалба норсон байхыг нь хараад энэ шөнөдөө гэрт нь хоног төөрүүлж болно хэмээн урив. Гудо ч зөвшөөрч, бүсгүйд талархалаа илэрхийллээ. Гэрт нь ороод тэрээр бурхан шүтээнийх нь өмнө очин мэгзэм уншив. Гэрийн эзэгтэй ч хүүхдүүддээ түүнийг ямар учиртай хүн болохыг хэлж, танилцуулав. Ажваас тэр айлынхан бүгдээрээ цаанаа л нэг сэтгэлийн зовиуртай байсан тул Гудо болж бүтэхгүй зүйл байгаа эсэхийг нь асуулаа.
“Нөхөр маань мөрийтэй тоглож, архи уудаг хүн. Тоглоомонд хожих юм бол тэр олсон мөнгөөрө архи уудаг, тэгээд их харгис хэрцгий болчихдог. Харин хожигдчихвол өөр хүмүүсээс мөнгө зээлдэнэ. Заримдаа гэртээ ирэхгүй, тэр чигтээ уугаад явчихдаг. Би одоо яах ёстой вэ?” гэж гэрийн эзэгтэй өөрийн зовлонгоо өчлөө. Тэгтэл Гудо:
- Би түүнд туслана. Май энэ хэдэн төгрөгийг авч яваад надад сайн чанарын дарснаас торхыг, идэхэд авттай жаал жуул юмтай аваад ир. Тэгсэнийхээ дараа эндээс холдож болно. Би шүтээний өмнө бясалгах болно” гэлээ.
Шөнө дундын үед гэрийн эзэн шал согтуу харьж ирээд “Эхнээр!. Би ирлээ. Ходоодруу шидчихмээр юм байна уу?” гэж бархирав. Тэгтэл Гудо:
“Надад чамд өгөх бага сага юм байна аа. Бороонд цохиулаад хэцүүдэж явахад маань танай эхнэр надад тун эелдэг хандаж, гэртээ үлдэхийг зөвшөөрсөн юм. Танайд ирэхдээ би идэх загас, уух дарсхан авчирсан билээ. Та одоо наадахаа авч болно” гэлээ.
Согтуу эр баярласан гэж жигтэйхэн, дарсыг нь гударч аваад, шалан дээр годройтоод өглөө. Харин Гудо түүний дэргэд суугаад бясалгаж байв.
Өглөө нь гэрийн эзэн сэрэхдээ урьд шөнийн болсон бүхнээ бүгдийг мартсан байлаа. Тэгээд дэргэд нь бясалгасан хэвээр суугаа Гудог хараад “Чи хэн бэ?. Хаанаас ирээв?” гэж асуув.
“-Би Киотогоос яваа Гудо гэгч байна аа. Эдо орох гэж явна” гэж Зэнгийн мастер маань хариуллаа.
Тэгтэл гэрийн эзэн учиргүй ичиж, улсынхаа Эзэн хааны багшаас бүрнээ өршөөл эрлээ.
Гудо инээмсэглэв. Тэгээд “Энэ амьдрал дахь бүх зүйл түр зуурынх билээ. Амьдрал даанч богинохон. Хэрвээ чи мөрийтэй тоглож, архи уусаад л байх юм бол өөр ямар ч зүйлсийг амжилттай хийхэд хүрэлцэхүйц цаг чамд үлдэхгүй. Тэгээд чи гэр бүлийнхээ бүхий л шаналал зовлонгийн гол шалтгаан болох болно” гэж хэллээ.
Нөхрийн ухамсар зүүднээсээ сэрсэн мэт л тунгалагшин, “-Таны зөв шүү. Энэ гайхалтай сургамжийн тань хариуг би хэрхэн төлөх билээ?. Замын нарийн хэсгээр таны ачаа тээшийг өргөн гаргаж, үдэж өгөхийг маань зөвшөөрөгтүн” хэмээн их уулгахан байлаа.
“-Та хүсч байгаа бол бололгүй яахав” гэж Гудо хариуллаа.
Ингээд тэр хоёд замд гарав. Гурван милл явсаны дараа Гудо эргэн хараад мөнөөх эрд “Ахиад 5-хан милл ачааг маань өргөөд яваад өгөөч” гэлээ. Ингээд тэд цааш явсаар.
“Одоо та буцаж болно оо” гэж Гудог хэлэхэд гэрийн эзэн “Ахиад 10-хан милл явчихъя” гэж хариуллаа. “-Одоо буц даа” гэж 10 милл өнгөрсний дараа Гудог хэлэхэд мөнөөх эр “Би таныг бүхий л амьдралынхаа туршид дагах болно” гэж хариуллаа.
Ийнхүү орчин цагийн Японд зэнгийн ухааныг бататгасан нэгэн томоохон мастер Гудогийн дэмжлэгээр төрөн гарсан бөгөөд түүнийг Му-нан буюу “Эргэж буцаагүй хүн” хэмээн нэрийдэх бөлгөө.
Орчуулсан Б.Баясгалан
No comments:
Post a Comment