![]() |
Жон Анри Фабр (1823-1915) |
Франц, сэтгэгч, гоц яруу найрагч
Фабр… хуучин муу бүрх, нарны хаалт
Тосгоны чанадахь муухай шарилжны төгөлд
Тоос хүртэлтийг судалж мундартай өвгөн хэвтэнэ
Дүрсийн үүсэл, зүйлийн хувирал
Үүрийн хийц, үл үзэгдэх шавьжны ертөнц
Авиа үнэрийн нэрт мастертай
Ахан дүү мэт дотнохон яагаад санагдана вэ?
Загалмайд нь хавирган сар өеөдсөн муу урцандаа
Залуухан хүүхэн тэвэрсэн мундартай өвгөн
Өт хорхой гозгоносон хөлдүү шороо дэрлээд
Өвчтэй, зовхи нь буусан, шагнал хүндэтгэлгүй зүүдлэгдэнэ
Хөгшрөөд өтөж үхсэн үнэнч нохой шиг
Хэцүү урт насалж, ертөнцийг орхисон өвгөний
Хэвцгий, ганцаардмал, нийцгүй амьдралдаа хийсэн
Гэрэлт нээлтүүд, гоц сэтгэлгээг нь харахаар
Өөрийнхөө дотрох сорогчийг тэжээх гэж хүмүүс бид
Амьдарч байгаа шиг санагдах юм
Өвчнийхөө дотрох шимэгчийг хооллох гэж
Ажил хийдэг шиг л бодогдох юм даа.
Яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж
“Гайхамшигт өдрүүд” номын 12 дахь тал
No comments:
Post a Comment