Thursday, June 29, 2017

БИ ... учраас бичдэг

…Би төрөлхийн хэрэгцээ надад байгаа учраас л бичдэг! Би бусад хүмүүс шиг жирийн ажил хийж чадахгүй болохоор бичдэг. Би бичиж байгаа шигээ ном уншихыг хүсдэг учраас бичдэг. Би та нарт, хүн болгонд л бухимдаж байдаг учраас бичдэг. Би өдөржин нэг өрөөнд бичээд сууж байх дуртай учраас бичдэг. Би бодит амьдралыг гагцхүү өөрчлөх замаар л түүнд оролцож чадах учраас бичдэг. Би бусдыг, бид бүгдийг ямаршуухан амьдралтай байгааг мэдээсэй гэж хүсдэг учраас, цаашид Туркэд, Истанбулд амьдрахыг хүсдэг учраас бичдэг. Би цаас, үзэг, бэхний үнэрт дуртай учраас бичдэг. Би утга зохиол, романы урлагт юунаас ч илүү итгэдэг учраас бичдэг. Бичих нь зуршил, дур хүсэл учраас би бичдэг. Би мартагдахаас айдаг учраас бичдэг. Би бүтээлийн авчирах алдар цуу, үр ашигт дуртай учраас бичдэг. Би ганцаараа байхын тулд бичдэг. Би яагаад та нарт, хүн болгонд ингэж маш их бухимдаж байгаагаа ойлгоно гэж найддаг учраас бичдэг байж магадгүй. Миний зохиолыг уншихад би дуртай учраас бичдэг. Би нэг роман, нэг эссе, нэг хуудас нэгэнт бичиж эхлэсэн бол түүнийгээ дуусгахыг хүсдэг учраас бичдэг. Хүн болгон намайг бичээсэй гэж хүлээж байгаа учраас би бичдэг. Номын сангууд үхэшгүй гэдэгт, мөн миний номууд тавиур дээр байгаа байдалд хүүхдийн гэнэн зангаар итгэдэг учраас би бичдэг. Амьдралын бүх гоё сайхан, баян тансагийг үг болгож хувиргах нь сэтгэл гөхөлзүүлэн догдлуулдаг учраас би бичдэг. Ямар нэг явдлыг ярих гэж бус ямар нэг явдлыг зохиомжлох гэж бичдэг. Би заавал очих ёстой газар байгаа ч зүүдэнд тохиолддог шиг би тэнд очиж чадахгүй байгаа совингоос ангижрахыг хүсдэг учраас бичдэг. Би амьдралыг аз жаргалтай байхаар хэзээ ч зохицуулж чадахгүй байгаа учраас бичдэг. Би аз жаргалтай байхын тулд бичдэг!!!
“Нобелийн шагналтнуудын айлдвар”

номын 241–242-р тал

No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд