Friday, June 30, 2017

УСНЫ ШУУГИАНД ЗАМХАРЧ ҮЛ ХАНАНА...


Асаалттай лаа хаа ч юм савчина,
Амьдрал харанхуй биш, Бүдэг…

Тийм ээ. Амьдрал харанхуй биш. Гэхдээ бүдэг. Хаа нэгтээ чимээгүйхэн давтаж, голоосоо шатсан асаалттай лаа шиг хүмүүс үгүй бол амьдрал үнэндээ авралгүй харанхуй зүйл байхсан. Заримдаа амьдрал гэрэл гэгээг эрэх уртын урт аян шиг, тэр эрэл нь явж явж хүн хүнээ эрэхүйн, хүн хүнийхээ гэрэл гэгээг нээхүйн, хүний гэрэлд хэсэгхэн гийх, дулаацах, тайтгарахуйн нэр юм шиг санагдана. Өөрөө гэрэлтээд бусдыг гийгүүлэгч хүн ч өөр хэн нэгний гэрлээр дутаж л явдаг сонин зүй тогтол энэ амьдралын галыг бөхөөчихгүйн төлөө юм уу даа.

Тийм нэг гэрэлтэй хүнийг дурсах гэж, тэр дурсамжаа хөглөх гэж сонгон байж эгшиглүүлсэн Вивальдийн хөгжим түүний тухай бодлыг хөгжөөвч надаар гэрэл гэгээний тухай бичүүлсээр байна. Гэрэл гэгээ, гэрэл гэгээт хүмүүн, тэдэнгүйгээр энэ амьдрал харанхуй, тас харанхуй. Бидэнд гэрэл гэгээ хэрэгтэй. Би энэ Вивальдийг яг одоо болиулах хэрэгтэй юм байна…

Анх түүнтэй танилцахад өрөөнд нь Жанцанноровын хөгжим намуухан эгшиглэж угтсансан. “Цагаан суварга” юм уу, “Мандухай” байсан санагдана. Бямба гариг. Би маш сайн санаж байна. Албан хаагчид бүгд амарчихсан тийм нэг эль хуль өдөр “Хөвсгөл Аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтэс” гэсэн дан байшингийн үүдийг эргэлзэнгүй татаж, сахиулынх нь зааж өгсөн өрөөний хаалгыг нээхэд урдаас Жанцанноров эгшиглээд л, тээр цаана, том цонхны нээлхийгээр нэгэн эр тамхи татан зогсож байлаа. “Улаанбаатараас ажлаар явна. Уулзах хэрэг…” гэх мэт утга учиргүй хэдэн үгний ард зүгээр л шүлгийн номыг нь уншаад таалагдсан тул нутагт нь саатсаных танилцах санаатай ирсэнээ хэллээ. Амралтын өдөр яг л албандаа ирсэн мэт цардмал захтай цамц, хослол өмссөн ахын баахан түгшүүртэй, төв царай гэнэтхэн зөөлрөөд их л уриалгахан сандал дөхүүлж.., уран зохиол, яруу найраг, түүний үүний шүлэг, тэдэн онд гарсан түүвэр гэх үгс тайлан баланс, төсөв төлөвлөгөө, өргөдөл хүсэлт гэсэн гарчигтай албан бичгүүдийн хураалган дээгүүр бишүүрхэнгүй нисэлдэнэ.


Уг нь би түүнийг үе насны залуу гэж, уулзаж танилцаад Мөрөнгөөр баахан тэнэнэ гэж бодож байсан юм. Тэгтэл тэр надаас яг арван насаар ах, тэнгэр минь, энэ тийм хол тоо биш боловч дуу цөөтэй, буурьтай, бодлогошронгуй, даамай түүн шиг хүний арав илүү жил амьдарсан нь ямар хол, ямар хүнд, за ямартаа ч “Алив ээ, явж ууя,” гэж хэлэхэд ам эвлэхээргүй том санагдсан гэх вэ. 2008 оны тэр уулзалтаас хойш ах маань тасралтгүй найман хавар шинэ номоо цүнхэлсээр хотод ирж, бид ч тасралтгүй найман хавар түүний шинэ шүлгүүдийг тосон баярлав. Ном бүр нь хуучин П.Майнбаярт хөтлүүлсээр ирж шинэ Майнбаярыг бидэнд танилцуулна. Ах удахгүй шүлгийн 11 дэх түүврээ цүнхэлсээр хаврыг бэлэглэхээр бидэнд ирнэ. Хавар-Майнбаяр-Шүлэг гэдэг үгс хамтдаа л заяасан юм шиг санагдах болжээ.

-Жинхэнэ авьяас хөдөө төрж Парист ясаа тавьдаг гэдэг дээ. Гэтэл та хөдөөх буйддаа шигдсээр л. Хөдөө сууж бүтээл туурвихын сайхан нь юу юм бэ?

-Санах сэрэх юм нь дэргэд байгаа нь л сайхан юм даа. Салхи нь энд тууштай. Хана хэрэм хашиж боохгүй. Манан нь энд зүрхнээс манарч байгаа юм шиг л…

-Тэгвэл сул тал мэдрэгдэх юм уу?

-Мэдрэгдэлгүй яах вэ. Би хэтэрхий дураараа, хүний үг авдаггүй хүн болж байх шиг байна.

-Таньд хүмүүс үг их хэлж байна уу? Ихэвчлэн юу гэцгээх юм?

-Хэлж байгаа. Одоо битгий бич гэж байна.

Саяхан бидний дунд ийм яриа өрнөв. Жил бүр ном гаргалаа гэж хүмүүс бичихийг нь хорьсон бололтой. Харин тэр “Хүмүүс надад санаа тавьж буй нь сайхан юм даа,” гэнэ. Гэвч би түүнийг жил бүрийн хавар шинэ номынхоо эхийг цүнхлээд л ирээсэй гэж хүснэ. Ирэхээр нь “Алив, энэ жил Май ах ямаршуухан зүйлстэй учирч, юу мэдэрч вэ?” гээд л номыг нь хуудас алгасахгүй уншиж суух дуртай.

Тэр нэг жилийн хавар Май ах ирэлгүй их удсан юм. Анхны бороо орж, цэцэг ногоо дэлгэрч, хотынхон хувцасаа нимгэлж, наймаачид гудамжиндаа гарч ирсэн ч Май ах ирэхгүй л байлаа. Аав нь чилээрхээд сахиж байгаа гэнэ. Аль хэдий нь ирчихсэн хотод байгаа л гэнэ. Их урт хавар болсон шиг санагдана. Тэгээд зуны эхэн сартай золгодгийн даваан дээр ах гэнэтхэн гарч ирээд “Номоо аваарай,” хэмээн утас цохиж билээ. “Өвсний шувуу” /2012/ нэрт тэр номд:

“…Ойрын хэдэн сар санаа сэтгэл нэг л гүн болсныг
Ойлгох хүн үгүй ч сансрын хөдөлгөөнөөс эрхгүй мэдэрнэ.
Аавыгаа сахиж суусан сартай, саргүй олон шөнүүдийн
Аль нь чухам нартай өдрүүдийн үргэлжлэл гэдгийг хэн мэднэ”

гэсэн шүлэг багтсан байсан юм.Би лавлаж асуугаагүй. Асуух ч хэрэг үгүй мэт. Угаасаа л яруу найраг гэдэг, яруу найрагч, яруу найрагчийн амьдрал, зовлон, жаргал, сэрэхүй, мэдрэхүй гэдэг ийм юм. Ил агааддалд, хүсвэл номыг нь дэлгээд л хүрч, үнэртэж, мэдэрч, зүүдэлж болно.

Ахуй талаас нь би түүнийг төдийлөн сайн мэддэггүй ч байх. Ямархан амьдрал туулсаныг нь, хэрхэн аж төрдөгийг нь, ажил албандаа яажшуу зүтгэж ар гэртээ ямархан үүрэг гүйцэтгэдгийг нь мэдэхгүй. Түүний шүлгүүд бидний мэдэх энгийн ахуй амьдралаас их өөр л дөө. П.Майнбаярын шүлгээрээ дэлгэж харуулсан орчилд аньсны бутнаас бороо шивэрч, эрвээхэйс хайрын тухай ярилцаж, цөөрмийн эрэг дээр суугаа бүсгүйн бодол агаарт хөвөх нь үзэгдэнэ.

Зүүднээс илүү амьдралыг хүмүүс бидэнд
Зүслэж өгсөн өгөөмөр бурханд талархая!
Тиймгүйсэн бол цэцэгт нуга гэгээ татаж
Цэл залуухан бүсгүй бүлээхэн горхинд
Өлмийгөө дүрэн суухыг харахгүй байхсан.
Усны мандалд жараахай цүлхийхийг
Уйтгарлах мөчдөө сонсохгүй л байхсан.
Эргийн галуу хачин уярмаар ганганахад
Элэг зүрхэнд минь хөнгөн өд сэрвэлзэхгүй байхсан…

Уншигч та анзаарсан бол П.Майнбаярын шүлгэнд навчсын сэрчигнээн, галуудын дуу, царцаахайн царгиа, гол усны хоржигноон, үүлсийн хөдөлгөөн, цагийн хэм хачин тод. Байгаль эхийн амьд халуун оршихуй, дотоод эрчим, хайр энэрэл, залбирал нигүүлсэл, цөхрөл гомдол, улангасал шийтгэл ч түүний шүлгүүдэдэс тоох, үл анзаарахын аргагүй том. Харин тэр өөрөө энэ бүхний дунд хадан дээр завилсан бясалгагч, модон дунд цамнасан зайран шиг анир чимээгүй агаад нөр цуурайтай оршиж үйл бүхнээрээ, үг нэг бүрээрээ байгаль эхийн өмнөөс бидэнд учирлана. Учирлал нь заримдаа талаар болдог бололтой, ах их гунигтай, эсвэл баахан цухалдуу байна уу даа гэж мэдрэгддэг юм. “Зовиур, эмзэглэл тань юунд илүү их сэдэрдэг вэ? Үе үе их бухимдсан байгаа тань анзаарагддаг,” гэж намайг асуухад тэр “Харин тийм ээ. Уг нь цээжин цаана минь юунд ч халирахгүй нам гүм бий юмсан.Юунд ч халирахгүй, юунд ч цочихгүй нам гүм цээжинд минь байдаг юм.Тэр нам гүм л намайг тэтгэдэг шүү. Харин хамгаас нандин зүйлсийг маань эвдэж нураагаад, өр зүрхний минь билэг тэмдэг болсон юмсыг үгүйсгэж эхлэхээр эрхгүй бухимдах үе гардаг юм байна. Өвөг дээдсийн ой санамж бидэнд бий шүү дээ. Буга согоо бууж мараа долоодог, усандаа хүрдэг уулын минь энгэр бэлээр төмөр зам тавина гэнэ. Тэгмэгц л тэсгэлгүй дуугармаар санагдах. Уг нь бол надад дуугүй суух нь илүү амар. Дуугүй суух миний хамгийн дуртай амьдрал шүү, дүү минь. Надад агуу их амар амгалан байгаа. Тэнд үүрээ зассан шувуунд, үсээ самнаж буй бүсгүйд, үүлсээ дэрлэж буй тэнгэрт хайртай. Миний бухимдал тэгээд яах вэ дээ. Тэнгэрт замхрана,” гэж хариулсан юм.

Бурханаас бидэнд өгсөн бүхэн буй чигээрээ байхад, юмсын бүтэн байдалд, алив зүйлсийн бүтэж бүрэлдэх шалтгаанд сүслэж тайтгарч явдаг хүн юм уу даа, гэж би түүнийг боддог. Түүндээ ч тэр үү, П.Майнбаярын шүлгүүд хагацалд нэн цочир, эмзэг. Хагацалд түүн шиг сэтгэл сэмэлж, зүрх дэнсэлтэл шүлэглэсэн найрагч ховор.

…Араатан мэт архирч
Газар шиншлэн гүйвч
Дүү минь алга.
Ангал, байц, хаддын дундуур
Цуурай давтавч
Дүү минь алга.
Сэрээх гэж оролдсон хэн нэгний
Сэмхэн гар зулайд нь хүрэхгүй.
Ах нь араас чинь дуудсан, чи гомдсон,
Ахиж би арван наймтай дүүгийнхээ
Ширүүн боловч дулаан гарыг
Шивэрсэн бороонд атгахгүй…

Энэ шүлгийн мэдрүүлсэн энэлэн илаарьшиж амжаагүй байтал тэр ахиад:

Хүйтэн салхины үзүүрээс хөтлөөд 
Хөтөл давсан ах минь 
Энд байгаа миний 
Энгэрийн товчийг чичрүүлнэ

хэмээн шүлэглэжээ. “Үнэхээр л ясанд янгинаж буйгаа бичнэ. Бусад нь худлаа. Уянга энэ тэр гэж өргөөд ч нэмэргүй,” гэх шүү үг тэр нэгэнтээ хэлж байсан санагдана. Тэгж бичсэн шүлгүүд нь нээрэн л ясанд янгинана. Эртний Сүмбэ улсын үеийн нэгэн найрагчийн энэлэн шүлэглэж үлдээсэн “Ахын дуу”-нд:

Ахан минь явчаад эргэж ирсэнгүй, 
Салан хагацах амархан 
Ахин бие биетэйгээ уулзах хэцүү. 
Адуу ноцолдоно, хүн ноцолдохгүй. 
Дайсагналцах нь хүмүүст ч буй 
Дайсагналцах нь адуунд ч буй. 
Та Байгаль уулан тийш явсан, 
Түмэн газар надаас холдсон. 
Лүн уулын өндрийг ээ! 
Инь уулын хүйтнийг ээ! 
Энд ах минь үзэгдэхгүй нь 
Элэг зүрхийг шимшрүүлнэ.

хэмээн өгүүлнэ. Алив зүйл яс маханд шингэхээрээ ой дурсамжинд хамгийн тод үлдэнэ. Тэр ой дурсамж нь харин үеэс үед дамжин хадгалагдсаар байх. Нээрэн л өвөг дээдсийн ой дурсамж бидэнд бий шүү дээ. Нэгэн элгэмсүү дотны найрагч ах маань саяхан ажлын өрөөгөөр минь халамцуухан орж ирэхдээ “Чамайг харахаар бид их эртний танилууд юм шиг, бидний дунд маш их дурсамж бий мэт санагддаг. Үнэн байх аа.Сүнс чинь их эртнийх. Ийм нэг хөгшин сүнстэй охин байгаад байдаг юм, энд” гээд л баахан ярьж билээ. Надад их сайхан санагдсан. Харин тэнд, тэр хол Хөвсгөлд Май ах гэж бас нэг хөгшин сүнстэй хүн:

Энд би таван мянган жил амьдарсан ч
Усны шуугианд замхарч үл ханана

хэмээн бичнэ. Таван мянган жилийн өмнө амьдарч байсанд нь би хувьдаа эргэлзэхгүй. Хаа байсан 285 онд “Ахын дуу”-г бичиглээд ганьхарч явсан Монгол шүлэгч одоо энд Май болж төрчихөөд.., гэж мэтгэвэл би л хувьдаа итгэнэ.

П.Майнбаярын шүлгүүдэд байгаль хийгээд түүн дотор оршигч өөрийнх нь бясалгал, шаналал, тайтгарал нэн тод, хүчтэй ч нэг л дүр байж боломгүй бүдэгхэн, учир битүүлэг, нууцгайг би ажигласан юм. Энэ тухай нь асуухад “Чи гярхай харжээ. Ил гаргана гэдэг далд зүйлээ л хөнөөхийн нэр,” гэх аж. Тэр нь БҮСГҮЙ ХҮН. Ихэнхнайрагчийн шүлгүүдээс уулзсан бүсгүй, учирсан амрагуудыг нь нэр усаар нь юу юм гэхэд дүр төрх, намтар түүхээр нь шүүгээд гаргачихам ил байдаг. Харин П.Майнбаярын шүлгийн хүүхнүүд сайхан зүүдний бүдэгхэн дурсамж шиг там тумхан үзэгдэж, хаа нэгтээ горхины усанд хөлөөн дүрж суух юм уу, их галын дэргэд санаа алдах нь сонсогдох, эсвэл хажуугаар зүгээр л зөрөөд өнгөрцгөөх аястай. Харин тэр өөрөө тэдний гоё сайхныг холоос харж дотроо бясалгаад л ямар ч үйлдэл эс үзүүлэн байгальдаа үлдэх маягтай.

Таны гэнэхэн хонгор аалинд татагдана
Та бидний хооронд амьдрал инээмсэглэнэ
Хайртай гэдгээ арван долоотой үеийнх шигээ
Харцаараа л би ойлгуулах гэж хичээнэ.

Хайр хүслээ хүртэл харцаараа л ойлгуулахыг хичээдэг хүнээс илүү юуг ч хүсэхсэн билээ. Тэгээд ч тэр өөрөө “Бүдэг нууцлаг байх нь надад таалагддаг. Тэндээс их сайхан дуу чимээ, өнгө гэрэл ирдэг,” гэсэн юм. Бүсгүй хүний тухай түүний төсөөлөл ахиад л байгаль руугаа эргэж буйг та анзаарав уу.

…Жиндсэн болжморын далавчны чимээнд аяс цаг Жирсхийн шарлаад буй ертөнц эл хуль болоход Жимсний нүд бүлцийгээд, өрөвдөн илмээр л санагдана Жигтэйхэн тунгалаг дусал нь өвөр дээр подхийнэ…

Жинхэнэ П.Майнбаяр байгальдаа л, Хөх Цавынхаа өвс, ус, салхины үзүүрт завилж суухдаа л хамаг мөн чанараа илчлэн, бурхан хийгээд хүний ертөнцийн өмнө зохист чанараараа оршиж чаддаг юм шиг санагддаг. Ах номоо хэвлүүлэх гэж л жилдээ ганц удаа нийслэлд ирнэ.Хотод орж ирмэгц хоёр шанаагаар нь хөлс бөмбөрөөд л, том алчуур гаргаж ирээд зогсоо зайгүй хөлсөө шудраад л.., энэ иргэншил, хүн зоны шуугиан цухал, хөл хөгсөөнд их л түүртэж тээршааж буй нь харагддаг юм. Заримдаа би бүр өмнөөс нь “Болохоо байх нь ээ. Хурдхан л ном нь хэвлэгдээд нутаг буцаасай,” гэж бодохыг яана. Харин хөдөөдөө бол П.Майнбаяр их л уужуу алхаатай, цэх эр харагдана. Тэгээд намайг хамгийн сүүлд нь:

“Таны шүлгэн доторх, магадгүй таны доторх байгаль асар баялаг өнгө төрх, маш нарийн зураглалтай. Тэр бүхнийг анзаарч бичсэн тань ч гайхмаар нарийн, торгон. Тэр байгаль, дуу авиа, өнгө долгис, зураг дүрсүүд хаанаас ирдэг юм бэ?” гэж асуухад тэр 

“-Тэрийг сайн онож хэлж мэдэхгүй байна. Хаа нэг газраас ирдэг л байлгүй дээ.Энэ чинь одоо ямар хэцүү асуулт вэ? Би бүр бодоод нэлээн суулаа,” гэж хариулсан юм.


No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд