Friday, June 30, 2017

АМСТЕРДАМЫН БООМТ

“Амстердамын боомт” гэж дуу миний хамгийн дуртай дуунуудын нэг юм уу даа. Францын дуучин, ая зохиогч, бас минийхээр бол айхтар яруу найрагч Жак Брелийн зохиосон дуу. Зохиосон ч гэж дээ, үгийг нь бичсэн гэвэл дээр юм уу. Мань эр аяыг нь Английн “Greensleeves” гэж ардын дуунаас аваад жаахан өөрчилж сайжруулсан юм билээ. Greensleeves нь энэ дуу:


Энэ дууг анх 16-р зуунд Английн хаан VIII Хенри сэтгэлт бүсгүйдээ зориулж зохиосон гэлцдэг юм билээ. За, тэр ч яахав… Гол нь “Амстердамын боомт” шүү дээ. Нэг их хөвөрсөн, уянгын, хайрын дууны аян дээр Жак Брель ямар шүлэг биччих нь тэр вэ. Дууны хувь заяаг бүтэн эргүүлчих нь тэр. Тэгээд л миний дуртай дуу төрсөн юм даа. Дор энэ дууны таван хувилбарыг тавилаа. Хувилбар тус бүрт өөр өөрийн гэсэн онцлог буй.
Эхнийх нь мэдээж Жак Брелийн “оргиналь” эх. 1964 онд анх олонд хүрсэн. Боомт хот, далайчдын амьдрал, бор бааз, өнгөц харахад их зэвүүн атлаа нэг л хөгжимлөг оршихуй энэ дууны сэдэв. Түүн дээр Брелийн сэтгэл хөдлөл, тасархай мэдрэмжийг нэмчихээр юу болох нь ойлгомжтой.


Хоёр дахь нь Дэвид Боуигийн хувилбар. Брелийн шүлгийг түүний алдрыг хүндэтгэсэн нэгэн мьюзиклд ашиглахаар Морт Шуман анх англи хэл рүү орчуулжээ. Хоёр шүлгийг хооронд нь харьцуулбал олон тоо, ганц тооны /далайчид, далайчин/ гэх мэт бага сагахан л зөрөөтэй. Дууны утга санаа бол огт гажаагүй. Энэ хувилбар нь Дэвид Боугийн дуулсанаар олонд илүү хүрсэн болов уу гэж боддог. Брелийн хувилбараас энэ дууны оргилсон, дэврүүн өнгө аясыг мэдрэх бол Боугийн хувилбар илүү гансармал шинжийг нь мэдрүүлнэ. Ингэхэд дууны үгийг Морт Шуманы англи хувилбараас орчуулаад дор тавьчихъя.


Амстердамын боомт

Амстердамын боомтод
Нэгэн далайчин
Алс тэнгисээс тээж ирсэн мөрөөдлөө
Дуулан сууна.
Эргийн ус хөгшин туулайн бөөр мод руу
Эргэлдэн орж ирэх тэрхэн үест
Ажиг ч үгүй дугжирч байх нэгэн далайчин
Амстердамын боомтод.

Амстердамын боомтод
Нэгэн далайчин
Халгисан дарс, хашгираан орилоон
Халамцуу хотын нударгалцаан дунд
Халуун амьсгалаа хурааж ахуйд
Дүн үүрийн зайцаарх
Аргуу халууны дунд
Дуугаа хадаан төрөх бас нэг далайчин
Амстердамын боомтод.

Хамаг л далайчид цуглардаг
Амстердамын боомтод
Хариугүй өмхөрч унах шахсан ч
Сарыг ч залгиж
Завийг ч өргөчихөж чадах
Шар шүднүүдээ өөдөөс чинь ярзайлгаж
Шарсан загаснаас сүүл толгойг нь л
Шар шар зажилж суух далайчин эр бий.

Тэр бас гараа алдлан
“Нэмээд ахиухан загас авч ирээд
Энээд тавгаар нь шидээд орхи” гэж
Тогооч руу омогтой хашхирна.
Хэхрэх гэвч дэндүү цатгалдсандаа
Хоолой нь тээглээд эс чадна.
Тэгмэгч пар пар инээн босч ирээд
Тэндээс яаруухан гарч одно.

Өмдөө давсан гүзээгээрээ
Үүдний сэхээвч рүү хүүхнүүдийг
Шахан шахан бүжиглэх
Ааг омогтой далайчин эрс
Амстердамын боомтод.
Хөлчүү хоолой нь хэдий нь
Хөгжим, хэмнэлээсээ хадуурсан
Хөөрүү далайчид бүхий л шөнийг
Хүрхрэх дуугаараа урж хононо.

Баян хуурын бор бааз аялгуу
Байдгаа шавхаад зогсох хүртэл
Тэд эргэлдэн, тэд бүжиглэнэ
Тэд инээлдэн, тэд тачаадна.
Тэгээд шөнө дунд нэгэнт болоход
Өмдөн дотрох бахархалаа тэмтчин
Өнөөх хэдэн хүүхнээ чирсээр
Гудамжны гэрэл дор гарч ирцгээнэ.

Амстердамын боомтод
Тэр нэг далайчин
Архи дарсыг ёстой л нэг залгилж
Уугаад л, уугаад л, уугаад л
Хэдхэн халтар зоосны төлөө
Хэв ёсоо арилжиж
Хэрэгтэй бүхнээ гишгэлэн
Өөр мянган эрд аль хэдий нь
Өврөө дэлгэж амжсан
Амстердамын янхануудын эрүүл мэндийн төлөө
Ахин дахин тогтооно.

Тэгээд хариугүй тасрах болохоороо
Тэнгэр лүү хамраа өргөөд
Хээв нэгхэн сарьж зогсох нь
Хэрэггүй хуурамч дурлалд харуусч
Хэзээд миний уйлах шиг ээ.
Амстердамын боомтод
Амстердамын боомтод.

Гурав дахь нь Гэвин Фрайдейн хувилбар. Энэ хувилбар өмнөх хоёр хувилбараа бодвол илүү танхай чанарыг нь мэдрүүлнэ вий. Надад Гэвиний ханцуйгаа шамлаад тамхиа нэг хүчтэй сорчихоод дуулж өгөх нь аюултай таалагддаг. Ер нь ч тамхийг солиотой өөрийнхөөрөө татдаг эрчүүд сайхан харагддаг л даа. /хадуурал/


Дөрөв дэх нь Дэйв Ван Ронкийн хувилбар. Дуучны өөрийнх нь нэг тийм бор бааз төрх, бор бааз хоолой, бор бааз дуулалт.., зэрэг нь яг л нэг согтуу далайчин өөрөө энэ дууг дуулж байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ. Тэр утгаараа өмнөх хувилбаруудаасаа тэс өөр гэж.


Дөрөв нь энэ хүчирхэг эрчүүлтэй зэрэгцээд манай өнөөх Пиаф эгч ёстой ана мана дуулсан бас нэг хувилбар байна. Эгчийн бага зэрэг сөөлөнхий царгиа хоолой, бойд бард байдал энэ дуунд яах аргагүй нэг хувилбар, нэг хөг нэмсээн. Франц хэлээрээ яасан ч хүчирхэг сонсогддог юм, бас.



Эцэст нэгэн сонирхогчийн дуулсаныг саяхан олсон юм. Мань эр энэ дууны хөгжимлөг талыг илүү тод гаргасан юм шиг санагдсан. Сонсоод л “Өө, нээрээ ийм сайхан аятай дуу шүү дээ,” гэж бодсон.



Энэ бүхнээс дүгнэхэд “Амстердамын боомт” бол оргилсон дэврүүн, гансармал, танхай, бор бааз, бас их уянгалаг дуу юм аа.


No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд