Friday, June 30, 2017

ГАШУУН

Уэльсийн их яруу найрагч Дилан Томас

“Үгэнд дурласан учраас би яруу найрагч болсон" гэж тэр нэгэнтээ өгүүлжээ. Тэр бас “Эхэндээ надад үгсийн дуудлага, хэмнэл, хоорондоо хоршин дуулдах уянгалаг сайхан нь илүү таалагддаг байлаа. Үгсийн дотоод мөн чанарыг танин мэдэхээсээ өмнө би гадаад гоо сайханд нь илүүтэй дурласан юм. Харин дараа нь тэдний араншин, нэг хэлбэрээс олон утгад салаалах гайхамшигт чанартай нь улам дотносч.., тэр хэрээр үлэмжийн гоо сайхнаараа намайг даллан дуудах үгсийн шидийг эрхшээгч байхыг…, яруу найрагч болохыг хүсч эхэлсэн юм даа” хэмээн дурссан нь бий.

Хүүгээ бичиг үсэг нүдлэхээс өмнө олон янзын үлгэр домог, сонгодог шүлэг, Шекспирийн сонетуудаас уйгагүй дуудан өгдөг байсан эцэг нь жаалхүүгийн “анхны дурлалын” буруутан билээ. Тосгоны сургуульд уран зохиолын багшийн ажилтай, өөрөө бас ч гэж муугүй шүлэгч гэгдэх Дэвид Жон Томас rap дээр нь сарвалзах улаан нялзрай хүүдээ Дилан буюу Тэнгисийн хүү хэмээх нэр хайрлахдаа хожим хүү нь үгэнд тэгтлээ дурлах, үнэнд тэгтлээ автах юм гэж төсөөлж байсан эсэхийг бүү мэд. Магадгүй тэр хязгааргүй тэнгист дуугаа хадаасан аварга хүлгийн ахмадыг тэвэрч зогсоогоор бодож байсан байх. Эсвэл зүгээр л Хунт нуурын эрэгт төрсөн хүүгээ тэнгис далайн хүү гэж “дөгөөж” нэрлэсэн биз ээ.

Эцгийнх нь хайрласан нэрийг гуйвуулах нь хаашаа юм. Гэхдээ л Диланы амьдрал мэлтэлзэж цэлэлзсэн их усан дунд өнгөрсөн юм. Тэнгис далайнх шиг гашуун усан дунд. Товч намтар нь ердөө л “Дилан Марлайс Томас. Яруу найрагч, жүжгийн зохиолч, радио нэвтрүүлэгч. 1914 оны аравдугаар сарын 27-нд Уэльсийн Свонсид төрж 1953 оны арваннэгдүгээр сарын 9-нд Америкийи Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо нас нөгчсөн” гээд л болчихдог. Гэвч хүний амьдрал ийм хялбар өгүүлэгдэхгүй. Ялангуяа Диланы амьдрал. Энэ л хоёр огнооны хоорондох түүний цадиг нулимс бөмбөрүүлж, хоолой зангируулам гашуун юм. Жаалхүү Дилан бүрэг ичимхий, бусдаас дөлөмхий, ганцаараа хаа нэг булан тохойд шигдэн ном уншихаас өөрийг мэддэггүй хүү байлаа. Хүүгийн хаалттай зан бичвэрүүдээ сургуулийнхаа сонинд нийтлүүлэх болсон цагаас нь бага зэрэг задарчээ. Дилан бүр сургуулийнхаа сонины эрхлэгч ч болов. Ингэсээр 16 насныхаа нэгэн өдөр сургуулиа орхиж, сонины сурвалжлагч болохоор шийджээ. Хүүгийнхээ сургуульд уран зохиолын багшийн ажилтай эцэгт нь энэ мэдээ цочир байсан нь мэдээж.

Гэвч Дилан няцсангүй. Өөрийн шийдсэнээр тас зөрөөд Өмнөд Уэльсийн Өдрийн сонинд хоёр жил сурвалжлагчаар ажиллажээ. Хоёр жилийн дараа юу болсон нь тодорхой. Сургуулиас тэр нэг л өдөр уйдчихсан шигээ сонины ажлаасаа бас нэг л өдөр гарчихсан юм. Тэгээд юунд ч сатаарахгүй бүтэн цагаар шүлэг зохиолоо туурвидаг чөлөөт уран бүтээлч болохоор шийдэв. Хажуугаар нь амь зогоох хэрэгтэй тул ганц нэг сонин сэтгүүлд гарын мөнгөөр бага сага зүйл бичиж, бусад үед нь хий сэлгүүцэж шүлэг бичихээс өөргүй 18 настай сөөсгөр хүү тэр үед Свонсигийн чулуун гудмаар хүлхгэр пальтоныхаа халаасанд гараа шургуулж, буржгар үсээ салхинд хийсгээд нүдэндээ хачин хийсгэлэн юмс төсөөлчихсөн алхаж явав аа. Дэмий сэлгүүцсэн дөрвөн жилийнхээ хугацаанд тэр бүхий л амьдралынхаа туршид туурвиж бүтээхийихээ бараг тэн хагасыг бичсэн байдаг. Энэ бол 1930–1934 он юм.

Сэлгүүцэн ахуй хугацаандаа тэрбээр орон нутгийнхаа жижигхэн театрт цаг заваа зараад бас амжжээ. Тэнд Дилан сайн дурын жүжигчин байлаа. Хожим Английн алдарт BBC радиод нэвтрүүлэгч болсон нь магадгүй бага залуу үеийнх нь театрын ажлын туршлагаас үүдэлтэй биз. Ямартаа ч манай буржгар толгойт Свонсигийн бүх уушийн газрын хаалгыг савчиж, бүх дэн буудлын үүдээр шагайж дуусаад сэтгэл ханачихав бололтой, нэг л өдөр бас төрөлх нутгаа орхиж алсын Лондонг зорихоор шийджээ. Лондонд тэрбээр утга зохиолын хүрээлэлд орж, уран бүтээлийнхээ цар хүрээг тэлэхийг хүсч байв.

Лондон түүнд хүсч зорьсон бүхнийг нь харамгүй өгсөн юм. Нэмээд бас хүсээгүй, зориогүй зүйлсийг нь ч өгөхөөсөө татгалзаагүй билээ. Тэнд Дилан нэр хүндтэй олон сэтгүүлд шүлгээ хэвлүүлж Томас Элиотоос эхлээд нэр нөлөө бүхий зохиолч, яруу найрагчдын анхааралд зүй ёсоор өртөж чадсан юм. Чухам тэдний л дэмжлэгтэйгээр анхны ном нь “18 шүлэг” нэртэйгээр 1934 онд хэвлэгдэж, шүүмжлэгч Дэсмонд Хаукинсын цохон тэмдэглэснээр бол тухайн үедээ Английн уран зохиолын ертөнцөд ойрын гурван жилдээ гараагүй их тэсрэлтийг хийж чаджээ. Хүмүүс түүнийг амаа олохгүй магтан дайлж цайлж, тэр их магтаал шуугианы дунд манай жаалхан Уэльс хүү толгой эргэн мансуурч, баярлаж бахадсандаа өргөсөн хундага бүрийг нь шулуухан татаж явав аа. Цэлэлзээд л, мэлтэлзээд л ирсэн амьдралын тэр хэмнэлээсээ Дилан сүүлчийн амьсгалаа татах хүртлээ толгой өргөж, биеэ чөлөөлөн авч чадаагүй юм.

Яг энэ үед бас л нэг бүтэлгүй яруу найрагч эцэгтэй жаалхан ирланд охин Изодора Дункан шиг гайхалтай бүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөн хаа холын Ирланд дахь төрсөн гэрээсээ оргоод Лондонг зорьж иржээ. Охины намтар тийм ч хиргүй цагаан биш. Эцэг нь гэж гэртээ тогтдоггүй, энд тэндэхийн улс орон хэсч авгай хүүхэн эргүүлээд, шүлэг уншаад алга болчихдог “нөхөр” байж л дээ. Гэрийн эзний эзгүйд аавынх нь найз нөхөр гэх нэрээр орж гарах улс мундахгүй.

Тэдний нэг нь өсвөр насны охиноор онгодоо хөглөх гэсэн зураач Августус Жон байлаа. Яруу найрагч Йэтсийн нэг их сайхан хөргийг зурсан тэрхүү зураачийг тийм булай юм сэдэж явна гэж хэн мэдэх билээ. Ингэж л Кэйтлин Макнамарагийн хэтэрхий эртэдсэн бэлгийн дарангуйлалт амьдрал эхэлсэн юм. Харин Лондонд очихдоо тэрбээр Августус Жоны нууц амраг нэрээр хүмүүстэй танилцаж байлаа. Тэр нэгэн үдэш Лондонгийн баруун захын уушийн газарт Дилантай танилцахдаа ч бүсгүй нууц амраг Августусыгаа сугадаж явсан гэдэг.

Дилан, Кэйтлин хоёр, 1938 он.
Бие бие рүүгээ нууцхан харц шидэлцэж, битүүхэн татагдаж зогссон тэдний харилцаа хэдхэн хоногийн дараа шал согтуу Дилан бүсгүйн өвдгийг дэрлэн унаад “Августынх биш, минийх болооч!” хэмээн гуйснаар албан ёсных болжээ. Тэд ийн танилцсанаасаа жилийн дараа буюу 1937 онд гэрлэлтээ батлуулж, 1938 онд Диланы анхны хүү Ллевелли мэндэлсэн юм. Тэгтэл олон арван шүлэг зохиол нь төвийн хэвлэлүүдийн нүүрийг дүүргэж, алдар нэр нь амтай бүхний үгийг барж байсан Томасын амьдралд гэнэтийн цохилт иржээ. 1939 он гарч дэлхийн II дайн эхлэв. Тэнгэр бүрхэж, үхэл ханхалсан тэр цагт шүлэг уншаад сууж байдаг улс гэж хаа байх вэ. Томасын эрүүл согтуу бичсэн шүлгүүд хэрэгцээнээс гарч, сонингууд уран зохиолын хуудсаа урж хаяад, оронд нь нүүр дүүрэн фронтын мэдээ нийтлэх болов. Томас, Кэйтлин хоёр мөр нүцгэн, гэдэс хоосны эрхээр найз нөхдөөсөө мөнгө царайчилж, наашаа гэсэн айлд хоног төөрүүлж явлаа.

Яруу найрагчийн амьдралын чухам тэр л үеийн тухай нэгэн сайхан киног британийн найруулагч Жон Мэйбьюри “Хайрын хязгаар” /The Edge of Love/ нэртэйгээр 2008 онд дэлгэцнээ амилуулсан байдаг. Кинонд аргаа барсан хоёр маань Лондонгийн нэгэн клубийн дуучин, Диланы багын найз Вера гэдэг хүүхэнтэй нийлж аваад гурвуул нутгийн зүг жолоо залж буй тухай гарна. Вера Томас хоёр хүүхэд ахуйдаа бие биеэ бяцхан шохоорхож явсан байж магадгүй юм. Тэр л шохоорхол нь гүнзгийрэхүйд нэг нь эр, нөгөө нь эм хүн болоод салцгаасан гэлцэх нь ч бий. Ямартаа ч тэр хоёрын дунд ямархан нэг нууц түүх байсан бололтой. Верагийн дүрд жүжигчин Кира Найтли, Кэйтлиний дүрд жүжигчин Сиена Миллер, харин Диланы дүрд Уэльсийн жүжигчин Мэтью Рис тоглосон байдаг. Дайнд мордсон цэргийн офицер нөхрөөсөө жирэмсэн хоцорсон Вера нөхрийнхөө цалинг хуу хамж аваад, хоёр найзаа дагуулан нутагтаа очиж, нуурын эрэг дээрх зэргэлдээ хоёр байшинг түрээслэн сууцгаана.

Эр хүйстэй бүхэн дайнд мордож, эцэг нь хүртэл эх орныхоо төлөө тулалдахаар фронтыг зорьж асан тэр үед багаас уушгины ужиг багтраа өвчнийхөө улмаас цэргийн данснаас хасагдсан Дилан хуучин янзаараа уушийн газруудын хаалга савчин зэлүүд хотдоо ганцаар шахам үлджээ. Үнэндээ тэр цэрэгт тэнцээгүйдээ, дайнд яваагүйдээ төдийлөн шаналахгүй байв. Угаасаа Дилан тийм ч үндэсний үзэлтэй, эх оронч хүн биш. Тэрбээр өөрийг нь Уэльсийн яруу найрагч гэж цоллох оролдлого бүрийг няцаадаг байжээ. “Би уэльс хэлээр бус англиар шүлгээ бичдэг болохоор яахин уэльсийн яруу найрагч байх вэ?” гэж тэр мэтгэнэ. Үнэхээр ч эцэг эх хоёр нь өөр хоорондоо дандаа уэльсээр ярьдаг байхад Дилан, түүний эгч хоёр уэльс хэл огтхон ч сураагүй гэдэг. Өөрөө ингэж эрс няцаагаад байхаар нь шүүмжлэгчид хүртэл түүний талд орж “Диланы уран бүтээлд уэльсийн гэх юм үгүй ээ. Шүлгүүд нь Уэльстэй газар зүйн хувьд л холбогдоно уу гэхээс мөн чанарын хувьд хамааралгүй,”гэцгээж байв.

Магадгүй, Уэльсийн гэгдэхээс тэгтлээ нүүр буруулж байсан нь орон нутгийн яруу найрагч байхаас илүүтэй дэлхийн яруу найрагч байх гэсэн хүсэлтэй нь холбоотой биз ээ. Нэгэнтээ тэр “Уэльс бол миний эцэг өвгөдийн нутаг. Эцэг өвгөдийн минь нутаг эцэг өвгөдөд минь л үлдэг дээ,” хэмээн хэлж байсан удаатай. Тиймдээ ч Уэльсийн төлөө байлдаж алтан амиа өргөх шаардлага түүнд байсангүй. Гэвч эр бүхэн дайнд мордож байхад гэр сахиж үлдсэн түүнийг асуух мэт ээрэх бусдын сониуч, жигшингүй харц л юу юунаас илүүтэй бухимдуулж. ганцаардуулж, гашуун усаар сэтгэлээ хуурч явахаас өөр аргагүйд хүргэж байжээ. Ядаж байхад эх орныхоо төлөө цусаа урсгаж яваа офицерийн ардаа үлдээсэн жаахан мөнгөөр нь амин зуулгаа залгуулж байдаг…

Жон Мэйбьюригийн бүтээсэн мөнөөх романтик кино руу эргэн очьё. Кинонд Верагийн нөхрийг дайнд явсан хойгуурх хөрш зэргэлдээ, үнэндээ бол хамтын гэж хэлж болох амьдралынхаа дунд Кэйтлин Дилан хоёрын харилцаа хэрхэн бүдгэрч, харин нөхрөө хүлээж ганцаардсан Верагийн сэтгэлд Дилантай ургуулсан урьдын учир нь хэрхэн тодорч байгааг харуулна. Дилан Кэйтлинийг өөрийнхөө дэлхий, харин Вераг онгодынх нь тэнгэрт гялалзах од гэж тодорхойлох нь бий. Нэгэн цагт Изодара шиг бүжигчин болох гээд Диланаас ч дутуугүй мөрөөдөж явсан шаргал үст бүсгүй одоо хэн нэгний газар дэлхий, ертөнцийн амьдрал, орон сууц, энгийн ахуй нь болж хувирсандаа бачуурч “Би Диланы хүүхдийг гаргаж, хоолыг нь бэлтгэж, орон савыг нь цэвэрлэж, онгод авьяасыг нь дэмжээд л явж байх ёстой аж. Тэгтэл миний мөрөөдлийг хэн тэтгэх болж байна вэ? Миний авьяас тэгээд яах юм бэ?”хэмээн гомдоллож харагддаг.

Тэдний энэ зөрчилтэй, түгшүүртэй, гунигтай гурвалсан амьдрал Верагийн нөхрийг дайнаас ирснээр төгсгөл болно. Дайны талбарт үзсэн харсан бүхнээсээ улбаалан сэтгэцийн хэт дарамтад орсон залуу эр цусаа урсган байж олсон мөнгөөр нь уэльсийн “архичин”-гийн гэр бүлийг тэтгэж байгаад ихэд цухалдана. Басхүү эхнэрээ Дилантай битүүхэн хардсандаа тэдний байшин руу гал нээдэг. Бууны сумнаас азаар амьд үлдсэн Диланых удтал үргэлжилсэн шүүх хурал, хэрүүл заргын төгсгөлд тэндээс нүүж байгаагаар кино төгсдөг. Киноны энэ түүх үнэн байх магадлал ихтэй. Учир нь, уг киног Диланы намтраар бичсэн “Нэг ферм, хоёр байшин, нэг харш” номоос сэдэвлэн бүтээсэн юм. Ямартаа ч энэ явдлын дараа эхнэр нөхөр хоёрын хэн хэн нь сэтгэлийн хүнд шарх өвөрлөн Лондонд эргэн иржээ. Лондонд тэдний эх адаггүй хэрүүл хараал, зодоон нүдээн, хөлчүүрэл мансууралтай шинэ амьдрал эхлэв. Дилан BBC радиогийн эфирээр эрүүл согтуу олон уншлага цацаж, үхэл амьдралын хооронд тэлэгдсэн эрс тэс шүлгүүд, эрдүү уянгалаг хоолойгоороо төдхөнөө нэр алдарт хүрчээ. Энэ хооронд тэдний хоёр дахь, гурав дахь үр хорвоод мэндэлж, эцэг эхийнхээ ширүүн тэмцэл, эцэс төгсгөлгүй архидалтын дунд эвээ олоод амьдрахад суралцаж байлаа.

Дилан Томасын бичгийн өрөө.
Тэгж байтал тэдний тарчиг амьдралыг аврах шинэ аврагч гарч иржээ. Жон Бриннин гэгч америкийн яруу найрагч. Товчхондоо бол Дилан Томасын үнэнч шүтэн бишрэгч. Тэрбээр Диланыг насан туршийнх нь мөрөөдөл болсон Америк оронд урьж “Урлаг соёлын төвүүд болон их сургуулиудаар зочилж, хүлээн авагчийн цаанаас хүн зоны сэтгэлд хоногшсон сайхан дуу хоолойгоороо шүлэг найргаа дуудаж, уншлага лекц талбиж өгнө үү?” хэмээн санал тавьжээ. Эхний аяллаараа тэр мянган хүн цугларсан танхимд шүлгээ уншиж, их сургуулиуд, соёлын төвүүдээр зочлон гурван сарын лекц, уншлага хийжээ. Сурвалжлагч түүнээс “Та Америкт яах гэж ирсэн бэ?” гэж асуухад мань эр “Мэрилин Монро, Чарли Чаплин хоёртой уулзах гэж, бас шаргал үст америк үзэсгэлэнтүүдийг амтлах гэж ирсэн дээ,” гэж хариулжээ. Энэ чухам үнэн бол Дилан зорьж очсон зорилгоо тултал нь гүйцээгээд буцсан юм. Бүр Чаплины гэрт уригдаж оччихоод. хамаг архийг нь хамж уугаад салж өгөхгүй болохоор нь залхсан жүжигчин “Ямар амьтан ийм байдаг байна аа?” гэж дуу алдсан гэдэг.

Нөхрийнх нь тэр их архидалт, хүүхэн шуухантай орооцолдсон дуулиан шуугиан Кэйтлиний чихний хажуугаар өнгөрсөнгүй. Шаралхуу эхнэр Америкт уригдсан хоёр дахь аяллаар нь нөхрийгөө дагаж иржээ. Энэ удаагийн аялал Томасын гэр бүлийнхний том архидалт нэртэйгээр өндөрлөлөө.

Дараа нь Дилан аанай л Бринниний урилгаар Америкийг тойрон уншлага хийхээр гурав дахь, дөрөв дэх удаагаа айлчлахдаа ганцаараа ирэв. Найрагч удаан хугацаагаар ууснаас болж уушгиных нь багтраа сэдэрч, ихэд цонхигор царайтай байжээ. Сүүлийн аяллынхаа үеэр тэрбээр Харвардын их сургуульд уригдан лекц уншиж, олон олон муж хэсэн ярилцлага өрнүүлэхийн зэрэгцээ Америкийн театртай хамтран бүтээж буй жүжгээ бичиж дуусгах төлөвлөгөөтэй байв. Нэг уулзалтаас нөгөө уулзалтын дараах хөлгүй найрын дунд алжааснаа ч эс ухааран хөлчүүрч явсан түүнээс залхсандаа ч тэр үү, өнөөх шүтэн бишрэгч Бриннин нь мань эрийг нарийн бичиг хүүхэн Лиз Рейтэллээрээ харгалзуулчихаад, зохиолоо бичих нэрийдлээр алга болоод өгчээ.

Тэрхэн богино хугацаанд Дилан Лиз хоёр учир ургуулаад амжив. Тэд найрагчийн буусан зочид буудлын өрөөнд хамт амьдарч байжээ. Ер нь л тэдгээр өдрүүдийг Дилан буудлынхаа өрөөнд архидан согтуурах маягтай өнгөрөөж байлаа. 1953 оны арваннэгдүгээр cap. Нью-Йоркт агаарын бохирдол хэвийн хэмжээнээс хэд дахин их, Дилан шиг уушгины архаг үрэвсэлтэй хүмүүст тэсэхийн аргагүй хүнд нөхцөлтэй байлаа. Сарын эхээр л гэхэд Нью-Иорк хотын оршин суугч 200 гаруй иргэн агаарын бохирдлоос болж нас барсан байв. Байдал ийм байхад Дилан уухаа зогсоохгүй л байлаа. Арваннэгдүгээр сарын 3-ны шөнө тэр гадуур ууж ууж зочид буудлынхаа хаалгаар орж ирээд өрөөсөн гараа гозолзуулан их дуугаар “Би өнөөдөр 18 хундага хуурай виски татчихлаа. Рекорд тогтоосондог шүү!” хэмээн зарлажээ. Маргааш нь бие нь улам дордсон ч гарч Рейтэлл хүүхэнтэй үргэлжлүүлэн ууж байгаад бие нь дийлэхээ болингуут буудалдаа эргэн иржээ.

Рейтэлл түүн рүү өөрийн эмч Фэлтенштейнийг гурван ч удаа явуулж биеийг нь үзүүлсэн байдаг. Сүүлийн удаа үзэхдээ эмч өвчнийг нь намдаахад тус болно гэж их тунгаар морфин өгөөд явжээ. Гэвч Диланы бие улам дордсоноор ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нар түүнд архаг хуучаа архиар сэдрээсэн гэсэн онош тавив. Дээрээс нь Фэлтенштейний өгсөн морфины тун хэтэрснээс найрагч комад орж, сэхээний орон дээр бие нь улам л муудсаар байлаа. Нөхрийнх нь бие гэнэт муудан эмнэлэгт хүргэгдсэнийг дуулангуутаа Кэйтлин онгоцоор нисэн Америкт ирсэн юм. Ар гэрээ тэжээх мөнгө олох гэж Америк явсан нөхөр нь архинд толгойгоо мэдүүлж, сэхээний өрөөнд шинэхэн амрагаараа сахиулан хэвтээг зөнгөөрөө мэдэрсэн эзэгтэй “Муу чөтгөр шүглэсэн хог үхээгүй л байна уу?” хэмээн хашхичсаар эмнэлгийн хаалгаар орж иржээ. Эхнэрийг нь ирэнгүүт Рейтэлл хүүхэн Томасын орны хажуугаас сэмхэн зайлж, харин найрагч гурав дөрвөн хоног ухаан орохгүй байсаар 1953 оны арваннэгдүгээр сарын 9-нд энэ ертөнцөөс үүрд одсон юм. Томас нас барахдаа дөнгөж 39-тэй байлаа. Насан туршийн ганц ханиа алдсандаа итгэж чадаагүй Кэйтлин орь дуу тавин бархирч, эмнэлгээр нэг дуу хадаасаар номхотгогч цамцанд хүлүүлж, сэтгэцийн эмнэлэгт хүргэгджээ. Ингэж Томасын гэр бүлийн Америк дахь аялал төгссөн билээ.

Өөрийг нь хуурч мэхэлсээр эцэст нь орхиод явчихсан нөхөртөө олон жилийн дараа ч гомдож дуусаагүй Кэйтлин”Бид хоёрын харилцаа бол хайр сэтгэлийн биш, архины л харилцаа. Бидний жинхэнээсээ хайрласан цорын ганц зүйл бол архи л юм. Гүйцээ!” хэмээн шүд зуун, хоолой зангируулан хэлсэн гэдэг. Нөхрөөсөө хойш олон жил Италид амьдарч, даруухан гэрлэж, бүр 50 насандаа бас нэг хүүхэд төрүүлж, ур муутай хоёр ном бичсэн Кэйтлин хараал ерөөл шидэлцэж, гар хөлөө зөрүүлж, хайрлахдаа хайрлаж, үзэн ядахдаа үзэн ядаж явсан эр нөхрийнхөө дутуу амьдралыг гүйцэд ухаартлаа амьдраад 1994 онд 80 насандаа өөд болсон юм. Түүний нүдэн дээр эр нөхрийнх нь бараан амьдрал гэрэл гэгээгээр дүүрэн цагаан түүх, ялгуусан цадиг болон хувирч байлаа. Ийнхүү тэрбээр 41 жилийн дараа хайрт хүнийхээ дэргэд иржээ. Кэйтлинийг нас барахад Уэльсийн Лохарн дахь Диланы булшны дэргэд оршуулсан юм.


2014 онд Дилан Томасын мэндэлсний 100 жилийн ой тохионо. Дэлхийн уран зохиолын томоохон төвууд, Английн BBC радио ойн бэлтгэлээ хэдийнэ базаагаад эхэлчихжээ. Саяхан Уэльсийн хунтайж яруу найрагчийн төрөлх тосгонд зочилж, төрсөн байшинг нь эргэн хүндэтгэл үзүүлээд, түүний 100 жилийн ойг дэлхий даяар өргөн тэмдэглэж, яруу найргийн хамгийн том тэмдэглэлт баяр болгоно гэдгээ мэдэгдсэн юм. Үнэхээр ч Дилан Томас хэмээх энэхүү уэльс найрагчийн туулсан хар бараан амьдрал өдгөө бүрэн цагааджээ. Бичиглэж үлдээсэн үг бүрийнхээ мөрөөр биднээс гэрэл нэхэх ийм нэгэн хүн орчлонд амьдраад буцжээ. Хэдийгээр тэр сюрреализм, экзистенциализм, пост-модернизмын шуурга ид хүчээ авч байсан цаг үед амьдран туурвиж явсан ч уламжлалт яруу найраг, романтизмын нөмөр дор олон гайхалтай шүлгээ бичсээр, хэнийг ч дагаад давхичихалгүй, өөрийнхөө орон зайд зөвхөн өөрийнхөөрөө оршиж чадсан ховорхон уран бүтээлч билээ.

Түүний шүлэг найраг нэгэн үеийн англи, америк залуусын зүрхний өвчин болж байв. Битлз, Боб Дилан гээд л дэлхийн хөгжмийн урсгалд цахиур хагалсан дараа үеийн хөвгүүд мөнөөхөн согтуу уэльс “ахыгаа” шүтээний сэнтийдээ залж явсан түүхтэй. Шуүмжлэгчид түүний шүлгүүдийг хэтэрхий явцуу сэдэвт эргэлдсэн гэх нь бий. Тэр үхсэн хүний мэдрэмжээр амьдралыг дуулж, амьд хүний сэрлээр үхлийг онож бичдэг байлаа. Хэт эртэдсэн үхэл нь түүний олон олон шүлгэндээ урин дуудсан хар зөн ч байсан байж болох юм. Ямартаа ч Дилан Томас хэмээх энэхүү хөлчүү найрагч шиг онцолж шигтгээгүй энгийн үгсээр онож бичихийг үзүүлж өгсөн найрагч дахин нэг мэндэлж, энэ хорвоог баахан сандаачиж хаячихаад явахыг харъя гэвэл бид нэлээд удаан хүлээх болно вий.

2013 он.

Саран дээрх салбадай

Нулимс минь шидэт сарнайн дэлбээнээс
Тасран урсах намуухан урсгалтай адил
Зүрхэнд минь үлдсэн цастай тэнгэрийн ан цаваар
Зүсрэн буух нь миний гансралын буулга
Дор эргэлдэгч дэлхийд хуруугаа хүргэвээс
Дорхноо тэр бутран унана
Төгсгөл нь хэчнээн гашуун болоод үзэсгэлэнтэй байхыг
Төсөөлөн бодохоос зүүд адил түгшүүртэй.

Тэнгэр заримдаа дэндүү цэлмэг

Тэнгэр заримдаа дэндүү цэлмэг, эсвээс
Тэндэхийн үүлс, шувууд бачуурам их.
Алсрах нарны өөрийгөө сануулах гэж
Асан дүрэлзэх нь ч хэтэрхий хурц.
Нүднийхээ өмнөх бүхнийг хэрчихэд
Нүцгэн гар минь яасан мохоо,
Нүүр дүүрэн инээмсэглэлийг дарахад
Нүгэлт төрх минь юутай хангалттай,
Амталж үзэхийг хүссэн уруулдаа
Аяар хөнгөнөөр шүргэхийн төдийд
Ахин салмааргүй ч яахин чадах,
Сахиусан тэнгэрийн дүртэй албингууд
Санаашрал гансралыг надад шивнэж
Алд биеийг минь тамын зовлон руу
Асуулгүй шидэх нь юутай гачлантай.
Аяа тэднийг хориглож дийлшгүй тул
Урссан нулимсны хатсан цэгт
Урин инээмсэглэлийг хатгаж тогтооном.
Тэнгэрсийн орхисон шаналал тэмтрэгдэхэд
Улигласан үгс нь шатаж замхарнам.
Хүүхний зүрх заримдаа давс шиг шорвог
Хүрэн цусаар дүүрэн авс шиг санагддаг
Хэнхдэг цээжийг нь би урж тасдаад
Хэний ч биш, өөрийнхөө цусыг л тэнд
Хэмжээлшгүй халуунаар оргилон байхыг олж үздэг.
Тэгэхэд л, тэнгэр дэндүү цэлмэг байна уу даа? гэж
Тэсгэлгүй бодогддог
Цустай гараа хараад
Цухалдаж дальдичдаг
Гараараа тарьсан өвдөлтийг мэдрэвч
Үл шархирдаг.


No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд