Түүхэн гарваль:
Хуучин англи хэл дээр бичигдсэн Биөвульф нэрт туульсийн яруу найраг нь Германы туульсийн зохиолын хамгийн эртний олдвор бөгөөд, Англо-Саксоны эртний уран зохиолоос үлдэж хоцорсон дөрөвхөн гар бичмэлийн нэг билээ. Хэдийгээр уг туулийг нэр нь үл мэдэгдэх Англи хүн хуучин англи хэлээр тэрлэж үлдээсэн ч туулийн үйл явдал нь Германы омог аймгуудын Англи руу нүүж явах замдаа нутаглаж асан Скандинавын газар нутагт өрнөдөг юм. Биөвульф өөрөө Житландаас /Одоогийн Швед улсын зүүн өмнөд хэсэг/ гарсан баатар. Харин Данийн хаан Хротгар одоогийн Дани улсын нутаг дэвсгэр дээрх Зиланд нэрт томоохон арал дээр орших Лайр хэмээх газарт амьдардагаар уг туульд дүрслэгддэг. Тууль Биөвульф баатрын тухай гурван том түүх болон Германы үлгэр, домог, аман зохиолын баялаг өвийг тусгасан хэд хэдэн жижиг домгоос бүрддэг.
Биөвульф туульсийн баатрууд нь хүрэл болоод төмөр зэвсэгийн үеийн аль алинд нь хамаарна. Дайчдын суух байр сууц нь хүрэл зэвсгийн үеийн чинээлэг амьдралтай умардынхны байдал төлөвийг илэрхийлдэг бол тулаанд барьдаг модон бамбай, модон иштэй жад, хүрэл бариултай сэлэм зэрэг нь тэднийг хүрэл зэвсгийн үед хамааруулах нотолгоо болдог. Гэвч тэд бас төмөр хуйтай жад барих ба хамгийн гойд сэлэм нь төмөр буюу төмөр иртэйгээр дүрслэгдсэн байдаг. Мөн луутай тулалдах үедээ Биөвульф төмөр бамбай авч ирэхийг тушааж буй хэсэг ч гардаг. Төмөр нь аливаа зүйлийг таслах огтлох чадал бүхий хурц иртэй зэвсэг хийх боломж олгосон учраас хүрлийн орыг эзлэж чаджээ. Умардынхан МЭӨ 500-гаад оны үеэс төмөр дархлах аргыг эзэмшсэн гэдэг. Тэд хүрлээр зэвсэг хийхдээ Европын Кельтүүдийг дагуулахгүй гарамгай байсан ч чухамдаа Кельтүүд л умардынханд төмөр боловсруулах, дархлах аргыг зааж өгсөн билээ. Скандинавт төмөр маш элбэг байсан бөгөөд ихэнхидээ байгаль дээрх хүлрийн дээгүүр бүрж тогтсон төмрийн хольцтой бодис маягаар олддог байжээ.
Биөвульфийн туульсад зохиогчийнх нь аж төрж байсан цаг үетэй давхцан Англид амьдарч асан Англо-Саксончуудын амьдралын сонирхолтой талуудыг тусган харуулсан байдаг. Англиуд, Саксонууд мөн Жүүтүүдийг багтаасан Германы овог аймгууд манай эриний 450-аас 600 оны хооронд Англи руу халдлага довтолгоо хийх болжээ. Харин Биөвульфийн туульсийг туурвигч нэр нь үл мэдэгдэх яруу найрагчийн амьдарч асан цаг үед Англи дахь Англо-Саксончуудын байгуулсан нийгэм балар эртний ч бус, соёлгүй бүдүүлэг ч бус болсон байжээ.
Хэдийгээр Биөвульфийн туульс манай эриний 1000-аад онд зохиогдсон ч 17-р зууныг хүртэл олдож танигдаагүй байсан юм. Эрдэмтэд уг туульсийг Англо-Саксоны уран зохиолын цэцэглэлтийн үеийн бусад агуу туульсад ч өөрийн нөлөөгөө тусган, мөн тэр үеэс ганцаар үлдэж хоцорсон туульс уу эсвэл тухайн цаг үедээ ч хамгийн хосгүй туульсад тооцогдсоор байсан уу гэдгийг таамаглан хэлж чадахгүй байгаа юм. Олон эрдэмтэд уг туульсийг 7-р зууны сүүл, 9-р зууны эхэн үе хавьцаа бичигдсэн гэж үздэг. Хэрэв тэдний зөв бол Биөвульфийн эх бичмэл нь 9-р зууны үед Викингүүд Англи руу халдан довтолж ахуйд Даничууд Англо-Саксоны бүхий л сүм хийд, агуу гайхамшигт номын сангуудыг шатаах үеэр устаж үгүй болсон байж болох юм. Мөнхүү бусад эрдэмтэд зохиогчийнх нь Даничуудад элэгтэй хандах байдлыг харгалзан үзээд уг зохиолыг Викингүүдийн халдлагаас бүр хойно, 11-р зууны үед бичигдсэн байх талтай гэж үздэг.
Туульсийн туурвигчийг тодорхой танихад ч их бэрх. Ямартаа ч өвөг дээдсээс нь уламжлалтай тэрслүү баатруудын тухай үүх түүхэнд үнэнхүү дуртай, Христийн шашинт нэгэн байсан бололтой. Чингээд өөрийнх нь улс орон болон цаг үед нь ноёлож асан Христийн шашны үнэт зүйлсийг тэрслүү баатруудын үүх түүх, үнэт зүйлстэй нэгтгэн бичсэн байж болзошгүй. Мөн Англиан аялгаар зохиолоо бичсэнээс нь дүгнэвэл тэрээр сүмийн санваартан юм уу Темза мөрний хөвөөнд орших Англо-Саксоны хааны ордны яруу найрагч байсан ч байж магадгүй байна.
Уг туулийн сонирхол татах тал хийгээд үнэт зүйлс нь юунд оршино вэ?:
Биөвульф орчин үеийн уншигчдын сонирхолыг маш олон шалтгаанаар татдаг. Нэн түрүүнд энэ бол хамгийн алдартай адал явдалт түүх. Энэ туульс Грендел, Гренделийн эх болон аврага луу зэрэг маш гайхамшигтай дүрүүдтэйн дээр тулаан бүр нь ахин давтагдашгүй, адал явдалаар дүүрэн, онц сонирхолтой байдаг билээ. Хоёр дугаарт Биөвульф өөрөө маш сэтгэл татам баатар. Тэр бол өгүүлшгүй их хүч чадал, эр зориг, үнэнч шудрага занг цогцлоосон төгс дайчин юм. Геркулесын нэгэн адилаар тэрээр энэ дэлхийг амар амгалангийн орон болгохын төлөөд бүх амьдралаа зориулан тэмцэнэ. Басхүү бусдад туслахын тулд үхэлд ч хүргэх аюултай замыг сонгож, зайлшгүй үхэлтэйгээ баатарлаг агаад нэр төртэйгээр золгодог. Гуравт Биөвульфийг туурвисан яруу найрагч бээр хүмүүсийн үйл байдлын сэтгэл зүйн талыг маш сонирхолтойгоор гаргасан байдаг. Жишээ нь Данийн хүлэг баатрын найрсаг үгсийн ард Биөвульф-д атаархах атгаг сэтгэлийг нь нууцхан гаргасан байх нь таарна. Мөнхүү баатар дайчид луутай тулалдаж байгаа үйл явдлын ард тэдний аймхай хулчгар занг гарган үзүүлсэн нь бий. Баатарлаг үйлсийн төлөө тэмцэх Биөвульфийн дүрээс дайчин эрийн хувьд бүрэн боловсорч, дадлагажсан чанарыг олж харах бол амьдралын төлөө тэмцэх Данийн хаан Хротгарын зан байдлаас нас тогтсон язгууртаны хашир догь шинжийг олж харж болно.
Эцэст нь хэлэхэд Биөвульфийн зохиогч хүмүүний охорхон амьдралдаа хүрч болох их амжилтын сайн сайханыг талархалтайгаар үзүүлсэн юм. Олон соёлын нэгдэл дор бүтээгдсэн Биөвульф туульсийн баатарт бол аюул заналд өртөх үүд нь бүх талаасаа нээлттэй, орчлонгийн богинохон амьдралаа утга учиртай өнгөрүүлэх нь зайлшгүй шаардлага байсан биз ээ. Тэрээр аюул заналын дунд арга мухардаж суухын оронд өөрөө өөртөө итгэж, шантралгүй зүтгэсээр зорьсон хэргээ бүтээн, хүн хоорондын харилцааны үнэ цэнийг өндөрт өргөдөг билээ.
/Хичээлийн журмаар орчуулж байсан зүйлээ тавьлаа. Хүнд хэрэг болж юуны магад./
No comments:
Post a Comment