Thursday, June 29, 2017

СИМУС ХИНИГИЙН НЭГ ШҮЛЭГ


Яруу найрагт үнэн зүрхнээсээ дурласан л бол гучтайдаа бичих, далтайдаа бичихийн ялгаа гэж үгүй.

Симус Хини


Малтлага
Эрхий долоовор хоёрын минь дунд
Намхан үзэг минь буу шиг амарна.
Эцэг минь цонхны дор
Элс чулуутай хөрсөнд ган хүрзээ хавируулан
Эцэж цуцахыг мэдэхгүй газар хагалж зогсоно.
Энэтээх өрөөнийхөө цонхоор би түүнийг ширтэнэ.
Хорин хэдэн жилийн турш энэ л газартаа
Холхиж, төмсний шуудуу нэг л хэмээр ухсаар
Тэнийх нь үгүй болсон нуруу нь цэцгийн мандлын дунд
Тэрэгний дугуй шиг нумарч харагдана. Тэр харин ажилласаар л.
Бахим гутлаараа хүрзэн дээрээсээ жийгээд
Тахим нугалан байж ишийг нь гөжинө.
Өндөр навчнуудыг нь зулгааж хаяад хүрзээ лавхан гишгэж
Өнөө бидний алган дээрээ тавиад болц сайтайг нь магтах
Төмсний үрийг ширхэг ширхэгээр нь цацна.
Бурханы айлдвараар бол аавууд хүрз жоотуундаа хэзээний сайн.
Буурал эцэг нь бас тийм л байгаагүй юу.
Өдөрт хагалсан газрын хэмжээгээрээ
Өвөөг минь гүйцэх жаатай эр
Тонерийн намагт лав гардаггүйсэн.
Нэг удаа би түүнд цаасаар хайнгадуухан тагласан
Лонхтой сүү аваачиж өгөхөд мань эр
Бөглөөг нь газар шидэж сүүгээ тэр дор нь хөнтөрсөнөө
Хүрзээ авч мөрөн дээгүүрээ шороо давуулан цацалж
Угтай хөрс гаргахын тулд улам ч гүнзгий ухсаар үлдсэнсэн.
Төмсний талбайн хүйтэн үнэр,
Нойтон хүлрийн шал пал дуу,
Ургаж буй үндэснүүдийн захаарх
Ухаж нуруулдсан намхан шороо.
Тархи толгойд минь ийм мэдрэмж сэргэвч
Та нар шиг сөстэй эрсийг дагаад алхах
Гартаа барьсан хүрз надад алгаа.
Эрхий долоовор хоёрын минь дунд
Намхан үзэг минь амарна.
Энэ л миний хүрз болог дээ.
Орчуулсан Батсуурийн БАЯСГАЛАН

No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд