Thursday, June 29, 2017

АЙЗИМОВ "ДЭЛХИЙН ҮЗЭСГЭЛЭН"-ГЭЭР ЗОЧИЛСОН НЬ...


Айзак Айзимов /1920–1992/ бол хорьдугаар зууны хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэг юм. Айзимов голдуу шинжлэх ухааны- уран зөгнөлт зохиол бичдэг байсан бөгөөд энэ төрөлдөө загалмайлсан эцэг байв. Тэрээр ганц зөгнөлт зохиолч бус биологийн шинжлэх ухааны нэр хүндтэй эрдэмтэн байсан билээ. Дорх нийтлэлээ тэр 1964 онд Нью-Йоркт зохион байгуулагдсан Дэлхийн Үзэсгэлэнг үзээд төрсөн сэтгэгдэлээ өөрийн уран зөгнөлөөр баяжуулж бичжээ.
Улс орнуудын соёл, шинжлэх ухааны ололтуудыг өөртөө цуглуулан дэлхийн ирээдүйн хөгжил гэсэн нэгэн зорилгын дор нэгтгэн танилцуулдаг Дэлхийн үзэсгэлэн нь бүр 1928 оноос эхлэлтэй. Уг үзэсгэлэнг Олон Улсын Үзэсгэлэнгийн хорооноос ойролцоогоор 2–3 жил тутамд зохион байгуулдаг. Айзимовын зөгнөсөнчлөн 2014 онд уг үзэсгэлэн хараахан зохион байгуулагдаагүй ч ирэх жил буюу 2015 онд Италийн Миланд зохиогдохоор тов нь тодроод байгаа билээ.

2014 оны “Дэлхийн Үзэсгэлэн”-гээр зочлохуй

Нью-Йорк хотноо 1964 онд зохиогдож өнгөрсөн Дэлхийн Үзэсгэлэнгийн гол санаа нь “Энх Тайвнаар Ойлголцохуй” байлаа. Харин ирээдүйд энэ дэлхийнхэн нийтээрээ халуун цөмийн дайнд мордоцгоохыг үгүйсгэх аргагүй. Үгүй гэж үү? Үнэхээр тэр халуун цөмийн дайн нь үнэхээр дэгдэж гэмээнэ ирээдүйн тухай яриад ч хэрэггүй биз. Тиймээс цэнэглээтэй пуужингуудаа суурин дээр нь өнөд нойрсуулж орхиод анхнаасаа л атомын хор уршиг нүүрлээгүй дэлхий ерөнцийн ирээдүйн талаар жаахан ярилцах гээд үзвэл ямар вэ.

Юу болохыг ядаж өнөөх үзэсгэлэнгийн нүдээр харахад л гайхамшигтай санагдана. Манай Эриний 2012 он., өдгөөгөөс 50 жилийн дараа амьдрал ямар байх бол гэж үү? 2014 оны Дэлхийн Үзэсгэлэн ямаршуу болох бол? Мэдэх юм алга, гэхдээ таамаглах гээд оролдоё.

Ямартаа ч хүн төрлөхтөн өөрсдийнх нь тав тухад илүү сайн нийцэх орчныг бүрдүүлэхийн тулд унаган байгалиасаа холдох “үйлсээ” үргэлжлүүлсээр байх болов уу. 2014 он гэхэд электролюминесцент хавтангууд /поспоржуулсан хавтанд өндөр давтамжит цахилгаан гүйдэл өгөх замаар онцгой маягийн гэрэл, дулаан, дуу гаргаж авах физик аргачлал/ нийтийн хэрэгцээнд нэвтэрчих биз ээ. Байрны адар, хананууд товч дарахын зуурт л солигдох төрөл бүрийн өнгөтэй зөөлхөн туяагаар тунараад л.

Харин нарны шууд тусгалаас хамгаалах санаа бодож оллоо ч одоогийн энэ цонхнуудад нэг их өөрчлөлт орохгүй биз дээ. Яахав, гадар дээр нь тусгай гэрэл тусгаад нарны тусгалыг бууруулах арга сэдэж мэдэх юм.

Тэр үеийн үзэсгэлэнд тавигдах газар дорх сууц ирээдүйн хөгжил дэвшлийн хамгийн том гарын үсэг болох биз ээ. Байшингийн цонхыг нарны тусгалаас бүрэн тусгаарладаггүй юм гэхэд мөнөөх л тусгай гэрлүүдээр тунгалагшил хийгээд гэрлийн бууралтыг зохицуулсан байх ёстой. Томоохон хотуудын байшин барилгууд газар доогуур баригдах нь түгээмэл болсон байх вий. Чингэхдээ агаарын солилцоог нь тогтмолжуулж цаг уурын өөрчлөлтөөс салгаж гэрэл гэгээг нь ч цаанаас нь бүрэн тохируулсан байх нь мэдээж. 2014 оны Нью-Йоркийн үзэсгэлэнд General Motors-ынхон ногоон байгууламжийг нь хүртэл цахилгаан гэрлээр ургуулсан газар дорх хотуудын бүрэн дүүрэн загварыг танилцуулна байх. Харин газрын хөрсөн дээрх орчныг хүмүүсийн суурьшилд гэхээс илүү газар тариалан, ногоон байгууламж, бэлчээрт ашиглана гэж л манай General Motors-ынхон үзэх болов уу.

Хүн төрлөхтөнийг аар саар ажлын дарамтнаас чөлөөлөх багаж хэрэгслүүдийн цуваа тасрахгүй нь мэдээж. Айлуудын гал тогоо “автохоол” хийж гар дээр тань тавих элдэв тоног төхөөрөмжүүдээр дүүрнэ гэж мэд. Ус халаагаад л кофе болгочихдог машин, талх шарагч, өндөг хутгагч гээд л. Өглөөний цайгаа урьд орой нь захиалаад цаг заагаад өгчихөд л хангалттай болно. Үдийн хоол, оройн хоолыг тань хүртэл автоматаар бэлтгээд чанаж болгох цаг нь болтол хүртэл хөргөгчинд нөөж байх болно. Харин 2014 он болчихоод байлаа ч, гал зуухны чинь нэг буланд онцгой тохиолдолд өөрийн гараар хоолоо хийж болох багахан хэсэг үлдсэн л байх болов уу даа.

Роботууд 2014 онд тийм боловсронгуй, түгээмэл болохгүй ч оршин тогтнолоо хадгалсаар байх вий.I.B.M-ийнхэн энэ удаагийн үзэсгэлэнд робот бус, харин маш олон төрлийн гүйцэтгэлийг өөртөө цогцлоосон компьютерийг танилцуулсан билээ. Бүр Орос хэлнээс Англи руу орчуулж ч байх шиг. Машинууд өнөө ийм ухаантай байгаа юм бол үүнээс тавин жилийн дараа ямар болох бол? Хэлбэр хэмжээ нь маш авсаархан болсон иймэрхүү компьютерүүд л ирээдүйд илүү өргөн цар хүрээтэй ашиглагдаж байх болов уу даа. Харин 2014 оны Дэлхийн Үзэсгэлэн дээр манай I.B.M-ийнхэн илүү шинэлэг зүйл дэвшүүлэх үүднээс робот гэрийн үйлчлэгч танилцуулж болох юм. Гэвч тэр нь нүсэр том биетэй, болхи, удаан хөдөлгөнтэйн дээр юм хүм зөөж тавих, цэгцлэх, цэвэрлэх гэх мэтийн ерөнхий зүйлс л хийх чадалтай байх болов уу. Харин үзэсгэлэнг сонирхогчдод бол шалан дээр тарааж хаясан хогийг нь мөнөөхөн робот хэрхэн түүж “шууд хаях” хийгээд “түр хадгалах” гэх мэтээр ангилан савлахыг нь харах нилээд хөгжилэй байх нь мэдээж. /Ингээд бодохоор цэцэрлэгийн зүлэг ногоо услах, тэгшлэх ажилд ч бас роботуудыг ашигладаг болчихсон байж мэдэх юм шүү./

Харин General Electric-ийн хувьд 2014 оны үзэсгэлэн дээр ирээдүйн роботуудын тухай 3D киногоо толилуулах болов уу. /Тэдний зөгнөсөн роботууд овор хэмжээ багаай, шаламгай, ямар ч даалгаврыг хоромхон зуурт гүйцэтгэх чадалтай байх нь мэдээж./

2014 он гэхэд ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд цахилгаан утсан залгуураасаа бүрмөсөн салчихсан байна. Түүний оронд радио-изотопийн тусламжтайгаар удаан хугацаанд цэнэгээ барьдаг зайнуудыг бүтээсэн байх болно. Ийм маягаар хүн төрлөхтөний цахилгаан хангамжийн бараг тавин хувийг шийдсэн байх бөгөөд мөнхүү зайнуудыг зөвхөн үйлдвэрлэгчдийн бүрэн эрхэт төлөөлөгчдөөр дамжуулж тараана гэдэгт эргэлзэшгүй. Үүнээ дагаад үнэ өртгийн хувьд ч боломжийн байх биз ээ.

1964 оны үзэсгэлэн дээр General Motors-ынхон зам барилгын үйлдвэрүүдийн санаагаа бас танилцуулсан. Тогтсон шугамаар явах урт урт автобусууд, багширсан олон хүнтэй гол замууд, гэр оронд чинь илүү ойртон очсон туслах замууд гээд л ирээдүйн бүтээн байгуулалтын нилээд гол хэсгийг замын барилгын ажил эзлэх бололтой. Ямартаа ч газрын хөрснөөс аль болох өндөр авсан тээврийн хэрэгсэлүүд ирээдүйд төрөл зүйлээ нэмэх болно. 1964 оны үзэсгэлэнгийн үеэр хүмүүс дөрвөн тулгуурынхаа ачаар усны мандлаас хуруу дээр өргөгдсөн тээврийн хэрэгслээр зугаалж байсан бол 2014 он гэхэд мөнхүү тээврийн хэрэгсэлүүд дөрвөн тулгуурынхаа оронд асар хүчтэй хийн тийрэлт ашигладаг болох тул усны мандал болон газрын хөрснөөс эгнэгт тасраад агаарын сэлүүнд шунган одох нь мэдээж.

Тийрэлтэт хөдөлгүүрийн ачаар хурдны замнаа давхих машин техникүүд хүртэл агаарт гарчих тул хүн төрлөхтөн цаашид заавал олон мянган километр урт зам тавих гэж зүдрэх шаардлагагүй болно. Нэгэнт л нисдэг машинтай болчихвол гол мөрнийг хөндөлсүүлж тавьсан аварга том гүүрнүүдийн ч ач холбогдол үгүй болно.

Их хичээвэл нисдэг машинууддаа “роботын тархи” суулгаж ч амжих л хугацаа. Чингэвэл машиныг заавал хүнээр жолоодуулах хэрэггүй болох бөгөөд 2014 оны үзэсгэлэнгийн үеэр лавтайяа ийм машинууд танилцуулагдаж ямар ч жолоочгүйгээр бие биенээ сүлжин давхилдаж үзэгдэх вий.

Харилцаа холбооны тоног төхөөрөмжүүд илүү амьд болж өөрчлөгдөнө. Та утсаар ярьж буй хүнийхээ дүр байдлыг дэлгэцээр харж бас болно гээд бод доо. Тэр дэлгэц нь гагц хүмүүсийн царайг харуулах бус, зураг авах, бичиг баримт судлах, ном уншихад ч ашиглагдаж мэднэ. Дэлхийг тойрон эргэлдэгч хиймэл дагуулуудын тусламжтайгаар та газрын хаанаас ч утсаараа залгаад ярих боломжтой болно.

2014 он гэхэд дэлхийн хүн ам 6,500,000,000 хүрэх тун ч магадгүй байгаа бөгөөд энэ үед АНУ-ын хүн ам 350,000,000 болж өсөх болно. Чингэвэл Бостоноос Вашингтон хүртэлх дэлхийн хамгийн өндөр нягтшилтай хот суурингуудын хүн ам ойролцоогоор 40,000,000 давах биз ээ.

Хүн ам өсөхийн хэрээр суурьших нутгаа тэлэх шаардлага гарч говь цөл, туйлын бүс нутгуудыг хүмүүс эзлэн сууна. Хамгийн түгшүүртэй нь 2014 оноос тивүүдийн шилжилтэнд тулгуурласан колоничлолын шинэ давалгаа эхлэх болов уу. Усан дорх барилга байгууламжууд нь усан спортын хорхойтнуудын гол орогнол болж үүнийгээ дагаад далай тэнгисээс хүнс, эрдэс баялаг олборлох үйл явц эрчимжих нь дамжиггүй. 1964 оны үзэсгэлэнд General Motors-ынхон усан доорхи зочид буудлын төслийг танилцуулсан бол 2014 онд далайн ёроолд сүндэрлэх аварга том хотуудын загварыг танилцуулах болно.

Хөдөө аж ахуйн салбарт маш том хүндрэл учирна. Үүний сацуу илүү ашигтай микро-организмуудыг үржүүдэг “ферм-“үүд бий болно. Боловсруулсан хөрөнгө, хиг замган бүтээгдэхүүнүүд төрөл бүрийн амт шимттэйгээр зах дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэлнэ. 2014 оны Дэлхийн үзэсгэлэнгээр нээгдэх Замагны Бараар орвол “хиймэл цацагт хяруулын мах”, “дуурайлгаж үйлдвэрлэсэн гахайн мах” худалдаалагдаж байх вий. Муу юм биш л дээ. Жинхэнэ байгалийн бүтээгдэхүүний үнийг дийлэхгүй бол иймэрхүү юм олоод идэхэд буруу нь юу байхав. Гэвч энэ мэт нээлтүүд эхэндээ сэтгэл зүйн хүчтэй эсэргүүцэлтэй тулах нь дамжиггүй.

Хүн амын өсөлтөөс үүдэх эдгээр асуудлуудыг шийдэх хоёрхон зам бий: (1) Нас баралтын тоог ихэсгэх; (2) Төрөлтийн тоог багасгах. Гэвч анагаах ухааны салбарт өвчилсөн зүрх, бөөрийг шинээр сольчихдог, хатуурсан судсыг эмчилчихдэг аргууд нэвтэрсэнээр хүн төрлөхтөний дундаж наслалт даруй 85 болж нэмэгдэх ч магадтай.

Тиймээс ч дэлхий нийтийг хамарсан хамгийн том суртал ухуулгууд зөвхөн төрөлтийг хянах аргуудын тухай байх бөгөөд тэр нь ч тодорхой нөлөөгөө өгч төрөлтийн тоо багасах ч мэдэгдэхүйц хэмжээнд хүрээгүй л байх болно.

Ингээд бодохоор 2014 оны Дэлхийн Үзэсгэлэнгийн хамгийн хариуцлагатай хэсгүүдийн нэг нь “Дэлхийн Хүн Амын Хяналтын Төв” нэртэй байх бөгөөд тэнд нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдсан боловч /ялангуяа өсвөр насныханд/ гэсэн жич хаягтай цуврал илтгэл, кино, баримтат кинонууд зогсоо чөлөөгүй хөвөрч байх юм аа даа.

Бүх юм автоматжихын хэрээр хүн төрлөхтөний аж төрөлд ч чанарын өөрчлөлт гарна. Ихэнхи ажлыг автомат машинууд гүйцэтгэх болохоор хүмүүст зөвхөн машин гүйцэтгэж эс чадах, зөвхөн хүн л хийж чадах ажлууд үлдэнэ. Тэгэхээр хүн төрлөхтөн машинтайгаа уралдах хэрэгтэй болох нь ээ дээ. Сургуулиуд нь чухам л хүнд үлдсэн тэр ажлуудад сургалтаа чиглүүлнэ. General Motors-ын танилцуулж буй зарим нэг санаанд сургалтын үйл явцад ТВ, тусгайлан боловсруулсан бичлэг зэргийг ашигладаг болох тухай яригдаж буй ч миний бодлоор боловсролын шинэчлэл харагдах байдал гэхээсээ илүүтэй агуулгын хувьд эрс шинэчлэгдэх болов уу. Ахлах сургуулийн сурагчид бүгдээрээ компьютерийн технологийн суурь ойлголтуудыг судлаж, компьютерийн хэлийг ахисан түвшинд эзэмших шаардлагатай болно бий.

Басхүү хүн төрлөхтөнийг хамгийн их зовоох зүйл нь эдүгээ ч цар хүрээгээ тэлсээр буй-амьдралаас уйдах, бүх зүйлийг учир утгагүй мэтэд санагдах өвчин. Байдал даамжрах тусам оюун санаа, сэтгэл хөдлөл, нийгмийн ухамсарын ноцтой өвчлөлүүд гарах болж 2014 он гэхэд анагаах ухааны хамгийн чухал салбар нь Сэтгэл Судлал болсон байх вий. Азтай цөөн хэсэг нь энэ бүх автоматжуулалт, технологижуулалтыг гартаа оруулах төдийгүй цаана нь гарч чадсанаар хүн төрлөхтөний нэн шилмэл хэсгийг бий болгож.., тэд л машин механизмд үйлчилж боолчлогдсон хүн төрлөхтөний ирээдүйг аврах ямар нэг зүйл хийх байх.

Тиймээс хэдий гунигтай ч би вээр хүний хөдөлмөрийг аль болох хөнгөвчилж, нийтийн алхайрлыг хүчээр хөгжүүлсэн Манай Эриний 2014 оны тухай төсөөлөн бодохдоо тэр үед аливаа хэлний үгсийн сан дахь хамгийн үнэд орох үг нь “Хөдөлмөр!” байх болов уу гэж зүрхлэн бодож амжлаа.

“Гэрэг” сэтгүүлд зориулан орчуулав.


No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд