Thursday, June 29, 2017

ДЭЛХИЙН ХАМГИЙН ЗАРТАЙ ОРГОДОЛ

James Bamford, WIRED сэтгүүл


Цахим шууданд маань өндөр нууцлал бүхий нэгэн зурвас ирсэн нь “Төлөвлөгөө өөрчлөгдсөн. ______ зочид буудлын хүлээлгийн танхимд 13 цагт ирнэ үү. Гартаа номтой ирээрэй. ЭС таныг өөрөө олж очно,” гэсэн утгатай байв. ЭС гэдэг нь Эдвард Снөүдэн, дэлхий даяар хамгийн эрчтэй эрэн сурвалжлагдаж буй хүн. Түүнтэй ярилцлага хийх гэж би бараг есөн сар хөөцөлдсөн билээ. Энэ хугацаандаа Берлин рүү нэг, Рио Де Жанейро руу хоёр ч удаа нисч бие төлөөлөгчдийнх нь араас Нью-Йоркт хэдэн удаа очсон гээ. Тэгж тэгж түүнтэй чухам хэзээ, хаана уулзахаа ч тодорхой мэдэхгүй байж Москвад газардсан нь энэ.

Эдвард Снөүдэн
Эрэн сурвалжлах сэтгүүлчээр энэ олон жил ажиллахдаа би Снөүдэн шиг хүнтэй хэзээ ч таарч байгаагүй юм. Тэр бол алив салбарын “шүгэл үлээгчид”-ийн жинхэнэ постмодерн үр төл нь. Зургадугаар сард Москвагийн нисэх онгоцны буудал дээр үзэгдээд өнгөрсөнөөс нь хойш түүнийг биеэр олж харсан хүн тун цөөн. Гэвч тэрээр харих эх оронгүй эр гэдгээрээ ч, харагдах биегүй хүн гэдгээрээ ч дэлхий дахины анхаарлын төвөөс хэзээ ч алга болж байсангүй. Ямартаа л Өмнөд-Өрнөдийн их хуралд асуулгад оролцох, хүмүүнлэгийн шагнал авах үедээ том дэлгэцний цаанаас инээмсэглэсэн зураг нь л харагддаг байх вэ дээ. Харин TED-д илтгэл тавихдаа тэрбээр хуралд оролцогсодтой алсын зайнаас удирдагдах видео дүрсээр холбогдон дэлгэцэн дотроо нааш цааш алхан хүмүүстэй харилцан ярилцаж тэрбүү хэл тэдэнтэй хамт selfie татуулахаар поз хүртэл авч байв. Энэ бүхэн нь заримдаа Орвеллын зохиолд өгүүлдэг, дэлгэцийн цаанаас удирдагч Их Ахыг санагдуулна.


Снөүдэн нүүр тулсан уулзалтанд хашир хандсан хэвээр буй нь мэдээж. АНУ-ын Төрийн Департмент, Тагнуулын Төв Газар, Холбооны Мөрдөх Товчооны нэгэн албан тушаалтан саяхны яриандаа “Түүнийг гэнэдээд ямар ч хамаагүй онгоцонд суугаадхаасай гэж хүсч байна. Тэгвэл холбоочноороо дамжуулаад “Та манай агаарын зурваст нэвтэрсэн тул яг одоо газард,”гэж тушаахгүй юу,” хэмээн өгүүлжээ. Гэвч цаадах нь тэгээгүй. Орос руу бусгаж одсоноос нь хойш АНУ түүний мөрийг эгнэгт алдсан мэт.

Хойноосоо “сүүл” дагуулчихгүйн тулд байдгаараа хичээсээр би болзсон зочид буудалдаа хүрч ирлээ. Чингээд хүлээлгийн танхимд нь суудал олж номоо дэлгээд үүдний зүгт харан суув. Ганцхан хормын дараа хар жинс, спорт маягийн саарал хүрэм өмсч царайгаа халхлан баруун мөрөн дээрээ томоо гэгчийн хар үүргэвч барьсан Снөүдэн хажуугаар минь зөрөн өнгөрлөө. Тэр намайг хараагүй тул би яаран босоод зэрэгцэн алхав.

Ярилцлагад зориулж авсан өрөөндөө оронгуутаа тэр өнөөх хар үүргэвчээ бэйсболлын малгай, хар шил зэрэг нь хэвтэх ор луу чулуудаж орхилоо. Снөүдэн гэж туранхай, бараг л эцэнхий гэж хэлэм биетэй,шөвгөр царай, өчигдөрхөн л ургуулж эхлээ юу гэмээр өөв сөөвхөн ямаан сахалтай залуу аж. Гандуу цэнхэр цамц нь хэтэрхий халхайж харагдана. Өргөн тэлээгээ бараг угт нь тултал татаж тэлээлжээ. Ерөнхийдөө бол тэр их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан хүү шиг л харагдах аж.

Снөүдэн тагнуулынхны дунд “хамгаалалтын бэлэн байдал” гэж нэрлэгддэг зүйлд тун ач холбогдол өгнө. Суудалдаа тухалмагцаа тэр гар утасныхаа зайг салгалаа. Би iPhone-оо буудалдаа орхиод ирсэн юм. Снөүдэний төлөөлөгчид надад “Гар утсыг унтраачихсан байсан ч Үндэсний Аюулгүй Байдлын Газрын чагнах төхөөрөмж болгоод ашиглачихад ядах юмгүй,” гэж ахин дахин сануулаад байснаас тэр л дээ. Нууц албануудын арга ажиллагааг сайн мэддэг нь Снөүдэнийг эрх чөлөөтэй байлгаж буй гол зүйлсийн нэг. Басхүү Америкчуул, Барууныхан ихээр цугласан газраас аль болох зайлсхийж явах нь чухал. Түүнийг хааяа гадуур, компьютерийн дэлгүүрт ч юм уу явж байхад Оросууд таньчих нь бий. Тэгмэгц мань эр долоовор хуруугаа уруулдаа хүргэн инээмсэглээд “Чшш,” гэдэг гэнэ.


Гэвч Снөүдэн хэзээ нэг цагт Америк руугаа буцна гэсэн итгэл тээсээр яваа аж. Үүнийхээ тухай тэрээр “Би засгийн газрынханд та нарыг зөв зорилгоор ажиллаж эхлэвэл тэр шоронд чинь сайн дураараа суусан ч болно гэж хэлдэг. Би өөрөөсөө илүү эх орондоо сэтгэл зовдог. Гэвч хүмүүс улс төрийн тоглоомны зэвсэг болох гэж хуулинд дагаар орж болохгүй. Хичнээн сайхан зүйлийн төлөө ч ард түмний өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцдэг сэтгэлийг мохоож болохгүй. Би ийм юмсын нэг хэсэг баймааргүй байна,” хэмээн ярьлаа.

Снөүдэний олж дэлгэсэн баримтууд эдүгээ өөрийнх нь хяналтаас нэгэнт гарчээ. Одоо түүнд нэг ч хуудас нь байхгүй. Тэднээсээ Орос руу ерөөсөө авч ирээгүйгээ тэр хэллээ. Харин хуулбарууд нь гурван үндсэн газарт хадгалагдаж байгаа аж. Америкийн баримтат киночин Лаура Пойтрас, First Look Media-ийн сэтгүүлч Глэнн Грийнвалд нарт нэг хэсэг нь, Их Британийн The Guardian сонинд нөгөө хэсэг нь, үлдсэн нь New York Times-ийн сэтгүүлч Бартон Геллманд буй бөгөөд тэд ч мөнхүү материалуудыг Үндэсний Аюулгүй Байдлын газарт эргүүлж өгөхөөс өнгөрсөн мэт харагддаг.

Харин энэ нь АНУ-ын албаныхныг дараагийн их илчлэлт, дипломат харилцааны орчинд нь нүүрлэх дараагийн том доргилт, дараагийн доромжлолыг түгшингүйгээр хүлээн суухаас аргагүй алмай байдалд оруулж орхижээ. Харин Снөүдэн байдал ингэж эргэх ч албагүйг сануулаад засгийн газрын зүгээс өөрийнх нь яг юу хулгайлсныг тодорхой мэдэж байгаасай хэмээн хүсч буйгаа хэллээ. Тэр мөнөөхөн материалуудыг аваад арилхаасаа өмнө багахан ч гэсэн ул мөр үлдээхийг оролджээ. Чингэвэл мөрдөгчид түүний яг ямар баримтууд хувилсныг нь, ямрыг нь авсныг, ямарт нь гар хүрээд л орхисныг мэдэх ёстой байж. Харин Аюулгүйн Албаныхан мөнөөхөн ул мөрийг нь ер анзааралгүй түүнийг ойролцоогоор 1,7 сая бичиг баримт авсан гээд л зарлачихаж.

Снөүдэнийг улсынхаа нууцийг задалж эхлэснээс жилийн дараа ҮАБГ-ын дарга Кэйт Александр “Тэр бол Оросын тагнуулын арга саамд орсон маш аюултай этгээд,” гэсэн бол саяхан АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Жон Керри “Эдвард Снөүдэн бол хулчгар амьтан. Урвагч. Тэр эх орноосоо урвасан,” хэмээн мэдэгдэв ээ.

Снөүдэн олон нийтийн харилцаандаа их анхаардаг ч өөрийнхөө тухай ярихаас бэргэнгүй байлаа. Төрөлхийн бүрэг зангаас нь болсон ч байж магад. Харин тэр өөрөө гэр бүлээ ийм зүйлд татан оролцуулах, басхүү нэг их сүр дуулиантай намтрын эзэн болох дургүйгээ учирлав. Тэгээд ч нэр олохын тулд амьдралаа хутганы ирэн дээр аваачаад тавьчихсан хүн шиг харагдмааргүй байгаа аж. Гэвч би түүгээр өөрийнх нь тухай багахан ч болохнээ яриулж дөнгөсөн юм.

Эдвард Снөүдэн 1983 оны Зургадугаар сарын 21-нд Мэриландад ҮАБГ-ын төв байраас холгүйхэн төржээ. Эцэг нь цагдаагийн офицер, эх нь дүүргийн шүүхийн ажилтан, эгч нь холбооны төв шүүхэд хуульч гээд тэднийхэн бүгд төрийн албан хаагчид. Аав нь оюуны чадварын сорилтонд дандаа 145-аас дээш оноо авдаг хүүгээ гэрийнхээ хамгийн ухаантайд тооцохын сацуу гэр бүлийнхнийхээ замналаар замнана гэдэгт нь эргэлздэггүй байж.

Снөүдэн зурагт үзэж спорт сонирхохоос илүүтэй номонд дурладаг, тэр дундаа эртний Грекийн үлгэрүүдэд ухаангүй дуртай хүү байлаа. Чухам тэр үлгэрүүд л түүнд ёс суртахууны анхны шалгууруудаа олж авахад нь тусалж тулгарсан асуудлыг даван туулах сэтгэхүйд сургажээ.

Хожим түүнийг улсын нууц задлагчаар тодорход хэвлэлүүд 10 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарчихсаныг нь онцгойлон мэдээлж эхлэсэн нь цаагуураа мань эрийг ямар ч боловсролгүй, хувцасны гол хэмээн сурталдаж байсан хэрэг юм. Гэвч үнэндээ бол тэр цусны цагаан бөөмийн идэвхижлээс болоод сургуулиас гаран хэсэг эмчлүүлсэний эцэст коллежид элсэж багаасаа сонирхсон компьютерийн мэргэжилдээ шамдангаа найзынхаа эхлүүлж асан компьютерийн компанид ажилладаг байв.

9/11-ний хэрэг гарах үеэр Снөүдэн ажил руугаа явж байжээ. Энэ явдал түүнд бусдын адил хүчтэй нөлөөлсөн гэдэг. Мөнхүү хэрэгтэй холбоотойгоор Иракт цэргийн ажиллагаа явуулж дарлагдсан ард түмэнд нь эрх чөлөө олгох гэж буй тухайд Засгийн газрын ухуулгад шууд итгэсэн залуу армийн тусгай хүчинд сайн дураараа алба хаахаар бүртгүүлэв. Гэвч хэдэн сарын дараа тэрээр хоёр хөлөө бэртээсэн шалтгаанаар армиас халагдсан юм.

Армиас гараад Снөүдэн төрийн нууцийн газарт хамгаалалтын ажилтнаар орлоо. Чингээд өөрөө ч ухаарч амжилгүйгээр тагнуул туршуулуудын нууцлаг ертөнцөд хөл тавих нь тэр. Удалгүй тэрээр Тагнуулын Төв Газарт дэлхий нийтийн харилцаа холбооны хэлтэст нь ажилд оржээ. Чингээд нэг их удалгүй мань эр байгууллагынхаа гол нууцийг илрүүлэх нь тэр. ТТГ гаднаасаа харагддаг шигээ тийм ч сүрхий газар биш санж. Учир нь Снөүдэн тэдний технологи хэтэрхий хоцрогдсоныг олж мэдэв. Удалгүй тэр ТТГ-ын технологийн мэргэжилтнүүдээ бэлддэг нууц сургуулийг дүүргэж 2007 оны Гуравдугаар сард Швейцарийн Женев хотыг зорьжээ. Тэнд Америкийн тагнуулынхан Швейцарийн банкны салбарын мэдээллүүдэд нэвтэрхээр ажиллаж байсан аж.

Женевт очоод Снөүдэн тагнуулын албаныхны ажиллагаа ямаршуухан бохир аргаар явагддагийг нүдээрээ үзжээ. Тэд онилсон хүмүүсээ нам согтоож зүсэн зүйлийн арга саамаар цагдаад хүртэл саатуулуулах, эргээд тэднийгээ их хэмжээний мөнгөөр батлан даалтанд гарган авах зэргээр өр үүсгэн тал тохойдоо татна. Хачирхалтай нь тэнд ажиллаж асан алба нэгтнүүдийнх нь ихэнхи нь эх орныхоо Иракт явуулж буй цэргийн ажиллагаанд туйлын сэтгэл дундуур явдаг байж. Снөүдэн компьютерийн сүлжээн дээр нь суудгийн хувьд Иракийн дайны талаар илүү өргөн мэдээлэлтэй байлаа. Энэ тухайгаа тэрээр “Манай улс тэнд зүгээр л аллага хядлага, харгислал үйлдэж байлаа,” хэмээн дурсав. Тэр цагаас эхлэн Снөүдэний төр засагтаа итгэх итгэл алдарч тэр хэрээр “шүгэл үлээгч” болох санаа цухас цухасхан төрөх болжээ. Гэвч тэр ерөнхийлөгчийн сонгуульд шинээр өрсөлдөж буй Обамагийн “Бид хэдхэн террорист барьж авахын тулд өөрсдийн язгуур үнэт зүйлсээ уландаа гишгэх ёсгүй,” гэх мэтчилэн хөврөх цогтой илтгэлүүдийг сонсоод түүний цаг үе иртэл тэвчихээр шийджээ. Харин шинэ ерөнхийлөгч албандаа томилогдоод л өмнө ярьж хэлж байснаасаа тэс өөрийг үйлдээд эхлэх нь тэр.

Швейцариас харьж ирсэнийхээ дараа ҮАБГ-т компьютерийн мэргэжилтнээр дэвшсэн Снөүдэнд Японд очиж ажиллах боломж олджээ. Тэрээр Японы төрийн албаны ажилтнуудад улс орныхоо дотоод сүлжээг Хятадын хакерчдаас хэрхэн хамгаалах арга ажиллагааг заадаг байв. Гэвч үүний хажуугаар эрхэлсэн ажлынхаа ёс суртахуунд гутрах нь улам ч хүндэрчээ. Энд тэр банкируудыг согтоох нь юу ч бишийг олж мэдэв. Зохион байгуулалттай аллагаас эхлээд олон нийтийг хянах тандах нь ч хэрээс хэтэрснийг танилаа. Тагнуулынхан иргэдийнхээ гар утас, компьютер, бусад цахилгаан хэрэгсэлдээ нэвтрүүлсэн МАС хаягаар дамжуулаад хаа яваа, юу хийж буйг нь нэг бүрчлэн цагдаж чадна. Гэвч түүний гутрал хэр дордохоос үл хамааран ажил дээрх байр суурь нь тасралтгүй өссөөр байжээ. Японы дараа тэр төрлөх Мэриланддаа харьж ажиллах болов. Тэнд тэрээр тусгай албаны бүхий л салбарынхантай уулзаж техникийн асуудлыг нь сонсон хэрхэн засварлах арга замыг нь олж өгдөг байлаа.

2012 оноос Снөүдэн Хавайн Мэдээлэл Солилцооны Төвд ахлах техникчээр ажиллах болжээ. Тэнд тэрээр ҮАБГ-ынхан Израйлын тагнуулын алба руу өдөр тутамд хэдэн зуун метадата боловсруулаагүй мэдээллээ илгээдэг болохыг мэдээд ихэд цочирджээ. Израйлуудын эзэгнэсэн Палистинд ар гэр, хамаатан саднууд нь одоо хэр амьдарсаар буй сая сая Араб, Палистин иргэд, оршин суугчдынхаа утасны дугаар, цахим хаягийг илгээдэг, чингэхдээ өөрийн үндсэн иргэдийнхээ мэдээллийг ч “бөөндөөд” илгээчихдэг байдлыг хараад тэгтлээ цочирдсон хэрэг. Снөүдэн үүнийг “Миний гэрчилсэн албан тушаалаа урвуулахуйн хамгийн том жишээ,” хэмээн нэрийдлээ.

Тэнд ажиллаж байхдаа Снөүдэний олж мэдсэн бас нэг гутамшигт хэрэг нь ҮАБГ-аас улс төрийн радикалуудын порнограф үзэх зуршлыг тагнаж байсныг гэрчлэх ҮАБГ-ын захирал Кэйт Александрын гарын үсэгтэй бичгийг тойрсон асуудал юм. Чин үнэндээ терроризмын хуйвалдаанд ямар ч холбогдолгүй ч засгийн газрыг эрс шүүмжлэгч заасан зургаан хүний нэр хүндийг унагахын тулд агентлагийн зүгээс нэн хувийн асуудлыг нь мөрдөхийг тэр бичигт даалгасан байжээ.

Ингээд Америкийн тагнуул, тусгай алба, үндэсний аюулгүйн газрын бүх мэдээлэл Снөүдэний гарт орж иржээ. Одоо түүнд хүрч чадаагүй ганц л нууц үлдсэн нь ҮАБГ-ын дэлхий дахинаа өрнүүлдэг цахим дайны мэдээ мэдээллүүд байлаа. Энэ нууцад нэвтэрхийн тулд тэрээр ҮАБГ-т дэд бүтцийн шинжээч боллоо. Энэ ажилд орсноор Снөүдэн АНУ цахим орчинд маш өргөн цар хүрээг хамарсан гэмтэл доголдол учруулж чадах malware-уудыг хэрхэн дотооддоо “тарьж”, түүнийхээ халхавчин дор бусад улс орнуудын дотоодын сүлжээнд халдан мэдээ мэдээллүүдийг нь хэрхэн гигабайт гигабайтаар нь хулгайлдгийг нүдээрээ гэрчилжээ. Үүнийхээ хажуугаар Снөүдэн АНУ өөрийн иргэдийнхээ хоорондын харилцааг ямар нэгэн гэмт хэргийн холбогдол, сэжиглэл, хүндэтгэх шалтгаангүйгээр хуулан авч хараа хяналтгүйгээр хадгалсаар байдгийг үзээд баримтжуулж авав.


Тэгтэл нэг өдөр хамт ажиллагсадынх нь нэг нь түүнд 2012 онд, Сирийн иргэний дайнд ид дундаа өрнөж байх үеэр дотоодын мэдээллийн сүлжээнийх нь гол дамжуулагчид алсаас халдсан тухайгаа ярьжээ. Үүгээрээ дамжуулж АНУ-ын ҮАБГ-ынхан Сирийн доторхи интернет сүлжээний тархалтын мэдээллээс эхлээд жирийн иргэдийнх нь цахим хаягуудыг сая саяар нь хуулж авах ёстой байж. Гэтэл ажиллагаа яагаад ч юм бүтэлгүйтэж халдсан дамжуулагч нь мэдээлэл зөөвөрлөхийн оронд тэр дороо гэмтчихжээ. Үр дүнд нь Сири тэр чигтээ интернетгүй болох нь тэр. Жирийн иргэд үүний цаана АНУ байгаа гэж гадарласан ч үгүй. Харин АНУ-ын ҮАБГ-ын техникийн хэлтэс дотор мөнөөхөн гэмтлийг яаралтай засах хийгээд өөрсдийнхөө ул мөрийг баллах их ажил өрнөж байжээ. Тэгтэл аз болж Сиричүүд гэнэт тасарсан интернетээ засах гэж шамдсанаас бус яагаад, юунаас болж тасрав гэж ядаж нэг нь ч асуугаагүй гэдэг. Үүнийг нь хараад Америкийн тусгайгийнхны баргар царай инээд наргиагаар солигдож “Дараа баригдчихвал Израйлуудыг заагаад өгчих юм хуна,” хэмээн инээлдэж байсан гэдэг.

Снөүдэний шинэ ажлын гол чиглэл нь Хятадын хакеруудаас өөрсдийгөө хамгаалах байлаа. Энэ тухайгаа тэрээр “Бид ч хятадуудыг хайр найргүй хакерддаг нь нууц биш. Харин бид улс төрийн зорилготойгоор засгийн албуудыг нь онилондовтолхоос илүүтэй их сургууль, эмнэлгүүд гэх мэт олон нийтийн хүрээний дэд бүтцэд нь хохирол учруулдаг байлаа,” хэмээн дурсав.

Эдвард Снөүдэний дэлгэсэн хамгийн том нууц нь АНУ-ын маш нууцийн зэрэглэлтэй бүх мэдээллээ хадгалдаг агуулхын тухай байв. Юта мужийн Блаффдэйлд байрладаг тэр газарт нэг яоттабайт (1024байт) мэдээлэл, 1018 хуудас бичгэн мэдээлэл хадгалагддаг аж. Үүнд нь хэдэн зуун сая утасны дугаар, цахим хаяг, факс, утасны яриа, хоорондын харилцааны мэдээллүүд дурайна. Олон нийтийг тагнах ажыг нь яахав гэхэд тэнд бас Monstermind нэрт цахим дайны маш том “зэвсэг” болсон программ ажиллаж байдаг аж.

Анхандаа үүнийг гадны халдлагаас дотоодын сүлжээгээ хамгаалах зорилгоор бүтээжээ. Monstermind-аас өмнө ч иймэрхүү программууд байж л байсан. Гэвч Monstermind гаднаас орж ирсэн malware-ыг угтан таньж устгаад зогсохгүй хариу цохилт хийдэг байна. Энэ цохилтонд нь гуравдагч орнуудын ямар ч гэм зэмгүй, гэрийн компьютерууд хамгийн их өртөнө. Monstermind халдлага үйлдчихээд мөрөө баллахдаа ч гарамгай. Түүний учруулсан ямар нэг гэмтлийн эх сурвалжийг хайвал Хятад эсвэл Оросоос халдсан юм шиг харагдуулахуйц мэдээлэл гарч ирэх нь энүүхэнд бөгөөд үүний хариуд ямар ч гэмгүй Оросын нэг эмнэлэгийн дотоот сүлжээ халдлагад өртсөнөөр хэрэг хаагдана. Гэвч ийм үйлдлүүд сүүлдээ бодит дайн өдөөх ч аюултай.
2013 оны Гуравдугаар сарын 13-нд Эдвард Снөүдэн эргэн тойрон асаалттай компьютерүүдээр хүрээлүүлсэн ажлын өрөөнийхөө голд цэх сууж байгаад “Бүхнийг илчлэх цаг болжээ,” хэмээн үгээ эхлэж нэгэн мэдэгдэл хийсэн нь бүх дэлхийг цочирдуулсан юм. Харин маргааш нь Тагнуулын Төв Газрын дарга Жэймс Клаппорд сенатын хороонд “ТТГ ард иргэдээ толгой дараалан тагнадаггүй,” хэмээн албан ёсоор мэдэгдэж хамт ажиллагсад руугаа хандан “Ийм новшийн юманд хэн итгэх юм бэ? Тийм биз?” хэмээн дэмжлэг авч байлаа.

Тэр үед Снөүдэн хуурай өвсөнд шүдэнз зурж түймэр тавиад өөрийнхөө амьдралыг дотор нь шатааж буйгаа ухаарчээ. Ямар ч сонголтгүй болсон тэрээр хоёр сарын дараа Хонконг руу дүрвэж яв явсаар Орост ирж түр орогнол олсон юм. Эдүгээ түүний хамгийн их айж буй зүйл нь Оросын нууц албаныхан бус, харин нэгэн цагт мөр зэрэгцэн ажиллаж байсан хуучны андууд нь. “Тэд миний биеийн байршлыг тогтоож чадах нь юу л бол. Намайг биетээр ангуучилхаас илүү компьютерийн араас хэзээ, хэнтэй юу ярьсныг минь илрүүлэх маягаар л ангуучлах байх даа. Ярих юмсынхаа утгыг кодлоод нуучихсан байлаа ч тэдэнд хэзээ, хэнтэй ярив гэдэг мэдээлэл байхад л хангалттай,” гэж тэр ярьлаа. Гэвч түүний айдсыг үүнээс ч илүү төрүүлж буй зүйл нь ард иргэдээ толгой дараалан цагддаг энэ арга маяг халагдах, шинэчлэгдэх үйл явц нурчих вий гэх бодол. Эдвард Снөүдэн олон нийтийг өөрсдийнхөө халдашгүй дархан байх эрхийнхээ төлөө тэмцэхийг уриалж “Ангела Меркелийн эрхэнд халдсан явдал бүх нийтийг хамарсан дуулиан болдог мөртлөө 80 сая германчуудыг тагнаж чангасан явдал юу ч биш байдаг энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй,” гэлээ. Чингэхийн тулд бид дараагийн мэдээлэл юу байх бол? гэж асуухын оронд тэр мэдээллээр юу хийх гэж буй билээ? гэж асууж сурах ёстой.

“Гэрэг” сэтгүүлд орчуулсан нийтлэлээ хүргэж байна.


No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд