Thursday, June 29, 2017

САРАГИЙН НЭГЭН ШҮЛЭГ...













Энэ эмэгтэйг Сара Фрост гэдэг. Өмнөд Африкийн Дурбан хотноо нэгэн нэртэй сэтгүүлд редакторын албатай. Өмнөд Африк болон АНУ-д утга зохиолын чиглэлийн олон сэтгүүлд шүлгүүд нь хэвлэгдэж байсан. Анхны шүлгээ бичсэнээсээ хойш 14 жилийн дараа буюу 2011 онд яруу найргийн анхны түүвэр нь “Conduit” нэртэйгээр хэвлэгджээ. Дор эл номынх нь нэгэн шүлгийг орчуулж, өөрийнх нь зөвшөөрөлтэй оруулсан болно.


Хацрыг минь чи илбэж…


Аяга шиг хонхорхой хотын дотроос
Асан гялбалзах боомтын гэрлүүдийг
Аяархан хутгаж авах халбага шиг
Аяа, Өмнийн гатлага тэнд байдаг.
Алсад одох усан завиудын тачигнаан
Ачаа тээн ирэх хөлөг онгоцнуудын дуу цуурайлдаг.

Жимсний сарьсан багваахай мөчир лүү шунгах нь
Жигтэй асуултын хариу мэт баригдашгүй байдаг.
Салах ёс гүйцэтгээд хүсэлт эр минь
Санаашрал аниргүйг надад өгдөг
Хацар дээр минь ээлжлэн үнсээд
Харанхуй шөнийг мөрлөөд оддог.

Гэртээ ороод, айж ганцаардсан хүүгээ унтуулж
Гэрэлтэйхэн хацрынх нь дээгүүр энхрийлэн илбэхдээ
Ороолсон шуурганаар охиноо элгэндээ тэвэрчихээд
Духыг минь өндгөөрөө илбэлдэг аав таныгаа санадаг.
Оройтож ирсэн учралын төлөө, огт хийдэггүй үйлдлийн чинь төлөө
Орхиод явдагийн чинь төлөө, тэндээ үлддэгийн чинь төлөө
Нүцгэн хөлийн дороос хуурай өвс хатгах мэт
Нулимс минь хацар зуран урсдаг.


Орчуулсан: Батсуурийн Баясгалан


No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд