Thursday, June 29, 2017

Аллен Гинзбергийн алдарт "УЛИАН"...





Улиан
III
Карл Соломон! Чи надаас ч галзуу
Рокландад би чамтай цуг байна.
Гарцаагүй чамд хачин хөндий санагдаж байгаа
Рокландад би чамтай цуг байна.
Ээжийн минь сүүдрийг чи элэглэн дуурайх
Рокландад би чамтай цуг байна.
Эргэлзэх ч үгүй, арван хоёр нарийн бичгээ чи алж орхисон
Рокландад би чамтай цуг байна.
Харагдах зүйлгүй, юунаас ч юм болж чи элгээ хөштөл инээх
Рокландад би чамтай цуг байна.
Хачин ямбий бичгийн машиныхаа ард бид 

Хамгаас агуу туурвилчид болох
Рокландад би чамтай цуг байна.
Биеийн байдал чинь улам муудаж, радиогоор энэ тухай мэдээлэх
Рокландад би чамтай цуг байна.
Биежин мөлхөх мэдрэхүйн хорхойнууд
Тархины ханыг нэвтэлж чадахгүй
Рокландад би чамтай цуг байна.
Нөхөрт гараагүй Ютикагийн хүүхнүүдийн хөхнөөс чи цай оочлох
Рокландад би чамтай цуг байна.
Нөгөө л хэдэн сувилагчийнхаа биеийг чи
Бронксын адал балмадуудтай зүйрлэн доромжлох
Рокландад би чамтай цуг байна.
Ёроолгүй ангалын гүнд юунаас ч юм бултан 
ийш тийш үсчих тоглоомдоо хожигдсондоо
Номхтгогч цамцан дотроо чи байж ядан хашхирах
Рокландад би чамтай цуг байна.
Эргэн тойрон хамгаалалттай энэ галзуугийн эмнэлэгт
Ийм золгүйгээр үхчихэж боломгүй,
Хэнд ч гэмгүй, мөнхийн ариун сэтгэлээрээ чи
Хий төсөөллийн төгөлдөр хуураа балбан догшрох
Рокландад би чамтай цуг байна.
Муужруулах эмчилгээнд ахиад тавин удаа ороход
Муурсан сүнс чинь огторгуйн хоосны дундах эргэл мөргөлөөсөө 

энэ биендээ хэзээ ч эргэж ирэхгүй
Рокландад би чамтай цуг байна.
Галзуугийн эмнэлгийн эмч нарыг чи яллаж, 
үндсэрхэг үзэлтнүүдийн үүр болсон 
Голгофагийн фашистуудын эсрэг 
Еврейн социолист хувьсгал дэгдээх
Рокландад би чамтай цуг байна.
Лонг-Айландын тэнгэрийг чи ниргэж 
амьд хүн ­Есүсээ 
аварга булшнаас нь босгож ирэх
Рокландад би чамтай цуг байна.
Хорин таван мянган галзуу нөхөр нэгэн зэрэг 
Интернационалийн сүүлчийн бадгийг дуулах
Рокландад би чамтай цуг байна.
Шөнөжин бүгшүүлж ханиалгаад нойрыг минь хулжуулах Нэгдсэн Улсаа бид 
дэвсгэр даавуугаараа хулдан тэвэрч үнсэх
Рокландад би чамтай цуг байна.
Бидний сүнсэн онгоцууд тэнгэрийн соёрхолт бөмбөгүүдээ хаяхаар нисэн ирж дээвэр дээр хүрхрэлдэн, 
эмнэлгийг тойрсон төсөөллийн хананууд нэгэн зэрэг нуран унаж, харанхуй ярагдаад.., Өө, хатингар легионууд хашхиралдан зугатаж, 
Өө, од шиг гялбасхийх өршөөлийн ниргэлтээр энд мөнхийн дайн эхлэж, 
Өө, ялалт ирлээ, өвчтөний хувцасаа март, 
Өдгөө бид чөлөөтэй хэмээн хашхиралдах дуунаар бид 
удаан хугацааны ухаан алдалтаас тогоор цохиулан сэрэх
Рокландад би чамтай цуг байна.
Зүүдэнд минь чи шалба норсон далайн аялалаасаа их газарт буугаад 
хурдны замаар Америкийг нүдэндээ нулимстай туулж 
Өрнийн шөнөөр муу байшингийн минь үүдэн дээр ирж зогсох
Рокландад би чамтай цуг байна.
Орчуулсан Б.Баясгалан

No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд