Thursday, June 29, 2017

ААВ БИД ХОЁРЫН ЯРИА
























(Өгүүллэг)

Аав минь наян зургаан настай хэвтэрийн хөгшин л дөө. Зүрх нь гэж өнөө хөгийн мотор нь түүнтэй адилхан хуучирч элэгдсэний дээр ажлаа ч дориун хийчихнэ гэж үгүй. Уг нь цусаа толгой руу нь овоо дориун шахаад байдаг ч хоёр муу хөлийг нь лав байшингийнх нь дотор ч болохнээ холхиулаад байлгаж дөнгөдөггүй юм. Аавын хоёр хөл биеэн даахаас нэгэнт өнгөрчээ. Гэхдээ би л ингэж яриад буй болохоос мань эрийн булчин шөрмөс тэгж ажиллахаа больсон нь зүрхнээс нь биш калийн дутагдлаас болж буй юм гэж аав өөрөө хэлдэг юм. Нэг удаа тэр ардаа гурван ч дэр ивж, дороо бас нэг дэр шургуулан суугаад миний зохиолын хэсгээс сонсонгоо өөрийн зөвлөгөөг өглөө.

“Охин минь, арай нэг энгийн юм бичиж үзээч. Мупассан, Чехов эд нар шиг. Өмнө нь чи тэгж бичдэг л байсан шүү дээ. Зүгээр л сэтгэлд баригдаж нүдэнд харагдахаар хүмүүс, тэдэнд тохиолдсон явдлын тухай.”

Аавыг ингэж шаардахад би “Бололгүй яахав дээ,” гэв. Үнэндээ ярьж буй шиг нь бичнэ гэж яадгийг сайн мэдэхгүй ч аавыгаа тайтгаруулахын тулд зөвшөөрчихөв. Тэр үнэхээр л “Нэгэн эмэгтэй байж гэнээ…” гэж эхлээд араас нь өрнөл нь залгадаг.., түүн дотроо миний ихэд дургүйлхдэгчлэн аливаа асуудлын мөн чанарыг туйлын хоёр заагт авч үздэг зохиолуудад дуртай бол түүнийг нь бичээд өгчихөд болохгүй нь юу байхав. Тиймэрхүү зохиолуудад би зөвхөн утга зохиолын хэмжүүрийн үүднээс дургүйлхдэг юм биш ээ. Гагцхүү тийм зохиолууд ямар ч найдвар төрүүлдэггүйд л миний дургүйцлын шалтгаан оршино. Бодит ч бай, санаанаасаа зохиож олсон дүр ч бай ерөөс хэн бүр хувь тавиланд итгэж.., түүнээс хувиа хүртдэг байх ерөөлтэй бус уу.

Тэгтэл яг хоёр жилийн өмнө манай эсрэг талын гудманд болсон нэг явдал санаанд минь орлоо. Чингээд мөнхүү явдлыг хэрэндээ л сийрүүлэн бичээд аавдаа чанга дуудаж өгөв. “Аав аа, ямар болж вэ, чагнаарай! Та нэг иймэрхүү юм л яриад байв аа даа?”

Ганц хүүтэй нэгэн эмэгтэй байжээ. Тэд Манхэттаны жижигхэн сууцандаа тун давгүй аж төрнө. Тэгтэл эмэгтэйн арван тавтай хүү хар тамхичин болчихов. Манай энэ хавьд тийм ч элбэг биш явдал л даа. Хүүтэйгээ харилцаагаа муутгахгүйн тулд эх нь ч бас хар тамхинд оров. Эмэгтэй тэр тухайгаа “-Залуусын дундах нийтлэг соёлын л нэг шүү дээ,” гээд өөрт нь лав их сайхан байгааг дурджээ. Тэгж байтал олончиг шалтгааны улмаас сайх амьдралаа жигшиж зэвүүцсэн хүү нь бүхнийг эцэслээд эхийгээ ч тэр, аж төрдөг хотоо ч тэр орхиод явчихав. Хөөрхий эмэгтэй найдаж хүлээх юу ч үгүйгээр ганцаархнаа гансран үлдсэн юм. Харин бид бүгдээрээ түүнийг эргэж тойрсоор байдаг билээ.

“За, Аав минь. Энэ өнөө таны яриад байсан гунигтай, элдэв чимэггүй түүх мөн байх аа?” гэж би асуулаа.

“Миний чамд ярьсан зүйл биш байна. Чи албаар ингэж байх шив. Наадах чинь илүү ч баялаг байж болмоорсон. Гэтэл чи бүгдийг нь орхичихож. Тургенев лав ингэхгүй. Чехов ч бас ингэхгүй байсан. Цаана чинь чиний сургийг нь ч дуулаагүй маш олон сайхан Орос зохиолч бий. Тэд лав чам шиг хамгийн чухал юмсыг нь гээгээд биччихгүй байсан даа. Тэдэн шиг энгүүн сайхан бичиж сурахад чамд мэдрэмж дутаж байна. Би баримттай бичихэд чинь дургүйлхсэн юм биш ээ, төгөл дунд суучихсан хэдэн нөхөр ямар ч утгагүй юм бурж буй юм шиг, хаанаасаа ийм юм олж чалчдагийг нь хэн ч-”

“За за. Мартаж үз, аав минь. Ингэхэд би юуг нь гээгээд биччихсэн юм бэ?”

“Жишээ нь тэр эмэгтэйн гадаад төрх, яагаав?”

“Өө. Маш царайлаг. Тиймээ, тийм. Их царайлаг гэж бодож байна.”

“Үс нь?”

“Гурваар дарж сүлжсэн өтгөн хар үстэй. Яг л жаахан охиных шиг, эсвэл гадаад эмэгтэйнх шиг ч юм уу…”

“Эцэг эх, удам угсаа нь ямар болоод тэр тийм хүн болчихсон юм? Энэ чинь их сонирхолтой зүйл шүү дээ. Тийм биз?”

“Их боловсролтой улс. Гэхдээ манай хотынх биш. Нутагтаа байхдаа л салцгаасан улс болог. Ямар вэ дээ? Одоо хангалттай юу?”

“Чамд их сайхан наргиа болж байх шив. Хүүгийнх нь эцэг тэгээд ямар хүн юм? Түүний тухай чи яагаад дурдсангүй вэ? Эцэг нь хэн байсан юм? Эсвэл тэр хүү чинь бутач юм уу?”

“Тийм ээ. Тэр бутач хүүхэд л дээ.”

“Бурхан минь, чиний зохиолуудад ер нь хүн шиг гэрлэж бараалчихсан улс гарахгүй юм аа? Одооны энэ залуус нэг оронд үсрээд орохоосоо өмнө энүүхэн сүм рүү гүйгээд ёслочих завгүй байдаг юм уу?”

“Яалаа гэж дээ. Бодит амьдрал дээр бол мэдээж тэгж таарна. Гэхдээ зохиол дээр заавал тэгж гэрлэж бараалах албагүй.”

Намайг ингэж хэлэхэд аав “Чи надтай яаж ярьж буй чинь энэ вэ?” гэлээ. Тэгэхэд нь би:
“Ээ, аав минь. Энэ чинь ганц хүүгийнхээ хамт цалгисан их хайр, хүсэл, итгэл мөрөөдөл тээн Нью-Йоркт ирсэн нэгэн ухаалаг бүсгүйн жирийн л түүх. Хөөрхий, хичнээн ч их зовлон үзлээ дээ. Гэрлэсэн, үгүй нь юуны хамаа байна аа,” хэмээн сөргөв.

Аав минь “Харин ч их хамаатай шүү,” гэж унтууцлаа.

Би ч “За за,” гээд дуугаа хураав.

Тэгтэл аав “За гэнэ шүү. Чамд л тийм юм байгаа биз. Сонс, охин минь. Чи тэр хүүхнийг царайлаг гэсэн мөртлөө дотроо бол тийм ч ухаалаг гэж бодохгүй байх шиг?” гэв.

“Тэр үнээн. Үүнд л зохиол бичихийн гол ээдрээ нь байгаа юм. Зохиолын эхлэлд бол дүр бүхэн гайхалтай байдаг. Би ч тэднийгээ ихэд биширнэ. Гэвч явуут дундаа тэд маань зүгээр л давгүй боловсролд дулдуйдсан шалихгүй амьтад байсан нь мэдэгдэнэ. Заримдаа нөхцөл байдал арай өөр өө. Сонгож авсан дүр маань хүнд гэмгүй хорхойд хоргүй амьтан санагдавч удалгүй далаар минь нэгмөсөн тавьж орхих нь энүүхэнд. Тэр үед би зохиолоо яажшуухан төгсгөх учраа ч олдоггүй юм.”

Намайг ийн номчирхоход аав дуулгавартайхан сонсож сууснаа “Чи тэгээд ер нь юу хийдэг хүн бэ?” гэж асуулаа. Аав минь бараг хорин таван жил эмчээр ажиллаж дараа нь ахиад хорин таван жил зураач байсан болохоор жижиг хэсэг, нарийн ажиллагаа, давтагдашгүй арга маягт онцгой ач холбогдол өгдөг хэвээр.

“Яахав дээ, арганд ордоггүй гөжүүд баатартайгаа ямар нэг зөвшилд хүртэлээ зохиолоо зөнгөөр нь орхичихоод хүлээж л суудаг юм.”

Үүнийг сонсоод аав “Одоо энэ чинь бүр тэнэглэж өгөх нь ээ?” гэж зандраад “Ахиад бич. Би өнөө орой гэрээс гарахгүй. Тэгэхээр бичсэнээ ахиад уншиж өгөөрэй. Юу чаддагийг чинь нэг шалгамз,” гэв.

Тэгэхэд нь би “За за. Гэхдээ энэ чинь тавхан хоромд амжуулчих ажил биш шүү дээ,” гэж хэлээд тэндээс бослоо. Хоёр дахь оролдлого:

“Эсрэг талын минь гудамжинд аргагүй үзэсгэлэнтэй нэгэн эмэгтэй амьдардаг байлаа. Манай хөрш. Тэр нэг хүүтэй. (Түүнийгээ хар багаас нь л мэддэг болохоор ухаангүй хайрлана. Туниагүй булцгар нярай байхаас нь үүрүүлж тэврүүлдэг бяцхан жаал болтол нь, долоогоос арван нас хүртэл нь, амьдралынх нь эхнээс авахуулаад сүүл үе хүртэл нь шүү дээ.) Тэгтэл хүү нь өсвөр насны зах зухаас шүүрэв үү, үгүй юу хар тамхичин болчих нь тэр. Уг нь хүү тийм ч яадгаа алдсан нэгэн биш л дээ. Харин ч амьдралдаа итгэх итгэлтэй, тогтсон үзэлтэй, хувьсал өөрчлөлтөнд дадмаг нэгэн байв. Гялалзсан их ажлынхаа хажуугаар тэр ахлах сургуулийнхаа сонинд уран сэнхрүүлэгтэй өгүүллүүд бичнэ. Бас болоогүй, уншигчдынхаа хүрээг өргөтгөхийн тулд танил талаа ашиглаж байгаад Лоуэр Манхэттаны сонин борлуулах цэгүүдэд “Өө, Алтанхан хүлэг минь!” нэртэй сониноо шургуулж амжсан гэж байгаа.

Хүүдээ гэмшил шаналал мэдрүүлэхгүйн тулд /учир нь эдүгээ Америкт оношлогдоод байгаа хорт хавдруудын аравны ес нь гэмших мэдрэмжээс үүддэг гэж эмэгтэй өөрөө хэлсэн юм/, басхүү муу зуршлаа чөлөөтэй гаргаж байх орон зайг гэрт нь бий болгож өгөх нь хүүхдүүдээ хянаж байх сайн арга гэж итгэсэндээ сайх эмэгтэй өөрөө ч бас хар тамхичин болж орхижээ. Бүсгүйн гал тогооны өрөө хэсэгтээ л алдаршив. Тэднийх нэг хэсэг өөрсдийнхөө юу хийж буйг сайтар ухамсарласан оюунлаг донтогчдын үүр болж байв шүү дээ. Тамхичдын зарим нь Колриж маягийн уран бүтээлч хандлагыг бүрдүүлэх бол нөгөө хэсэг нь Лийри шиг хувьсгалч юм уу шинжлэх ухаанч маягаар биеэ авч явна. Эмэгтэй өөрөө мансуурлын байдалтай явах нь их ч эргэн тойрондоо байнга зөгийн бал, сүү, үрлэн витаминууд, хангалттай их жүржийн шүүс байлгадгаас нь харахад үрээ гэсэн эх хүний зөн нь хэвээр үлдсэн мэт… Гэвч тэр улаан чинжүү хуурч идэхээс өөр ямар ч хоол унд зэхэхээ больсон бөгөөд мөнхүү хоолоо ядахад долоо хоногт ганцаас илүү хийхгүй. Биднийг алтан хөршийн хувьд өөртэй нь овоо нухацтай ярилцаж суух үеэр эмэгтэй энэхүү зангаа залуусын соёлын нэг хэсэг гэж тайлбарлаад үеийнхээ хүмүүстэй байхаас залуучуултай хамт байх нь илүү тааламжтай, хүндтэй хэрэг,” гэж билээ.

Нэг удаа Антонионигийн кино үзсэн шиг толгойгоо дохилзуулж суусан хүүг дэргэд нь сууж байсан охин тохойгоороо хүчтэй гэгч нь дэлсээд авчээ. Тэгсэнээ тэр хүү рүү чангаанз, самар сарвайн эрс шулуухан яриа дэлгэж байгаад гэр лүүгээ дагуулаад явчихжээ.

Охин хүүг таних төдийгүй нийтлэлүүдийнх нь талаар ч сонссон байв. Бас тэр өөрөө элдэв юм бичиж хэвлүүлдэгийн дээр хүүгийн сонинтой өрсөлдөгч “Хүмүүс зөвхөн талхаар л амь зуудаг” нэртэй сэтгүүлд ажилладаг байжээ.

Ахин дахин уулзах бүрт нь мэдрэгддэг охины биеийн илч дулаанд татагдахдаа жаалхүү өөрийнхөө бие бялдар, судас шөрмөст дахиад анхаархаас аргагүй болжээ. Ингээд тэр гаргуунд нь гаргачихаад байсан биеэ хайрлан үнэлдэг болж бурханаас заяасан бүхэндээ баярлаж явдаг болов. Ямартаа л “Хүн юугаар амьдардаг вэ…” гэх өнөөх марзан дуунаас:

Хашлагагүй маханбодь, гар хурууд,
Харагдаж үзэгдэхгүй амин сүнс,
Хавчиг мөрний минь ирмэг төгсгөл…
Хавирах шүдээ нэмээд би бүтэн болно.., гээд л дуулж явах вэ.

Сайх дуугаар бол толгойнх нь хамгийн том нүх болох ам руугаа тэрээр хатуу алим, хатсан самар, буудайн үр, буурцагны тос зэрэгхэн л хийх болжээ. Түүгээр ч зогсохгүй найзууддаа “Одооноос эхлээд би эрүүл бие, саруул ухааныг дээдэлнэ. Би үнэнээсээ ярьж байна шүү,” гэж мэдэгдэв. Бас эхээсээ “Хүү нь оюун санааны их аянд гарах гэж байна. Харин та яах вэ, Ээжээ?” гэж эелдэгхэн асуужээ.

Хүүгийн өөрчлөлт хувьсал тун ч гэгээлэг, жавхлантай байсан тул хөршүүдийнх нь үе насны хүүхдүүд түүнийг үнэнээсээ хар тамхинд донтоогүй, тэр бүхэн зүгээр л хар тамхинд донтсон хүмүүсийн талаар бодитой юм олж бичих гэсэн сэтгүүлчийн ажлынх нь нэг хэсэг байсан гэж ярилцах болжээ. Эх нь хүүгийнхээ болон найз нөхдийнх нь эзгүйд шаналж гутарсан ганцаардмал байдлаасаа гарах гэж бишгүй оролжээ. Гэвч ганцаардал зовлон нь бүрэн арилчихсангүй. Харин тэсч үлдэж болохуйц түвшинд хүрээд л зогсчээ. Тэр хооронд хүү нь бичиг цаасны хувилагч машинаа аваад л найз охиныхоо хамт өөр хотын зах руу арилж өгсөн байлаа. Тэд бүр шулуудчихсан байв. Ямартаа л жар хоногийн турш хар тамхи хэрэглэхгүй байж чадвал эргэж ирж болох юм гэж хэлээд эхийгээ орхичихов дээ.

Гэртээ ганцаархнаа нулимс мэлтэлзүүлж үлдсэн эмэгтэй орой бүр “Өө! Алтанхан хүлэг минь!”-ийн долоон өгүүллийг ахин дахин, давтан давтан уншдаг байлаа. Эдүгээ түүнд мөнхүү өгүүллүүд дэндүү үнэн санагддаг болжээ. Бид ч түүнийг аргадаж тайтгаруулах гэж эсрэг гудамж руу дандаа очно. Гэвч биднийг яриан дундаа коллежид сурж буй, эмнэлэгт хэвтэж буй, эсвэл хийх юмгүй гэртээ сууж буй хүүхдүүдийнхээ тухай дурсах л юм бол тэр “Хүү минь! Миний хүү! гээд л үрчийсэн муухай царай гарган уйлж дуулаад хамаг цагийг минь үрдэг хэвээр. ТӨГСӨВ.

Аав минь хэсэг чимээгүй сууснаа “Нэгдүгээрт: Чи хошин шогийн мэдрэмж сайтай хүн юм. Хоёрдугаарт: Чамайг энгийн сайхан хүүрнэл бичиж чадахгүйг мэдэж авлаа. Тиймээс цагаа бүү үр,” гэлээ. Тэгсэнээ “Гуравдугаарт: Эх нь, ганцаарханаа тэгээд л орхигдчихжээ дээ. Ганцаараа. Магадгүй өвчтэй?” гэж цаанаа л нэг гунигтай асуув.

Би ч “Тийм ээ,” л гэлээ.

“Хөөрхий эмэгтэй. Хөөрхий охин. Тэнэгүүдийн цаг үед төрж, тэнэгүүдийн дунд амьдрах хувьтай байж. Төгсөв. Төгсөв шүү. Ингэж хэлдэг чинь ч их онож. Төгсөв.”

Би аавтайгаа маргахыг хүсээгүй ч “Заавал ч төгсөв гэх албагүй л дээ, Ааваа,” хэмээн нэмэх хэрэгтэй боллоо.

Намайг ингэж хэлэхэд аав “Тийм ээ. Юу гээчийн эмгэнэл вэ. Нэгэн хүний төгсгөл шүү дээ,” гэж үглэнэ.

Би “Үгүй дээ, аав минь,” гэж их л аргадангуй хэлээд “Тийм байх ч албагүй. Тэр эмэгтэй үсрээд дөчин настай. Цаг хугацаа урсаж л байгаа хойно түүнд өөр юу л бол юу хийх боломж олдоно шүү дээ. Багш юм уу нийгмийн ажилтан болж болно. Хар тамхинаас гарч болно. Боловсролын чиглэлээр магистр хамгаалахаас нь ч дээр сонсогдож байгаа биз дээ?” хэмээн ятгалаа.

Тэгтэл аав “Шоглоом хийж байх шив,” гэж унтууцаад “Зохиолч хүний хувьд наадах чинь л чиний гол дутагдал даа. Харин чи үүнийгээ ухамсарлахыг хүсэхгүй байна, Эмгэнэл! Цэвэр эмгэнэл! Түүхэн эмгэнэл! Ямар ч найдвар үгүй. Дуусаа,” гэлээ.

“Өө, аав минь. Тэр өөрчлөгдөж болно оо.”

“Өөрийн чинь амьдрал ч гэсэн дээ, нүдээ нээгээд сайн хараач.” Тэр ингэж хэлээд артерийн судас тэлдэг эмнээсээ хоёрыг авч залгиснаа хүчилтөрөгчийн савныхаа нүүрэн дээрх цаг руу зааж “Тав болчихжээ дээ..,” хэмээн бувтнав. Тэгсэнээ хүчилтөрөгчийн савнаас унжих хоёр гуурсыг хамрынхаа нүхрүү шургуулж гүнзгий амьсгаллаа. Чингээд хэсэг байзнаснаа нүдээ аниад “Даанч дээ,” гэж аяархан гаслав.

Уг нь би гэрийнхэндээ маргалдах, ам мурийх болвол эцсийн үгийг нь заавал аавд үлдээж байна гэж амласан ч энэ удаад арай өөр бодолтой байлаа. Тэр эмэгтэй манай эсрэг талын гудамжинд амьдардаг. Тэр бол миний бодол санаа, миний төсөөлөл. Түүний төлөө би харамсаж явдаг. Би түүнийг гэртээ ганцаархнаа уйлж суугаагаар нь үлдээхийг хүсэхгүй байна. /Намайг бодоход өрөвдөх хайрлах сэтгэл гэж үгүй энэ муу амьдрал хүртэл тэгж түвдэхгүй биз./

За тэгвэл ингэе: Тэр үнэхээр өөрчлөгдсөн. Мэдээж хүү нь гэртээ эргэж ирээгүй л дээ. Гэвч бүсгүй одоо Ийст Виллэжийн нэгдсэн эмнэлэгт үүдний жижүүр хийж байгаа. Үйлчлүүлэгчдийнх нь багахан хэсэг нь ахимаг насны хүмүүс, дийлэнхи нь залуучууд байдаг юм. Их эмч нь түүнийг “Манайд яг тань шиг туршлагатай ажилчин ядаж гурван байсан бол ч…” гэж магтана.”

Намайг түрүүчийн хувилбараа хэрэндээ л засах гэхдээ ийн ярьтал аав “Эмч нь тэгж магтлаа гэнээ?” гэж лавлаад хамрынхаа нүхнээс хүчилтөрөгчийн гуурсаа авсанаа “Ахиад л шоглоом хийж байх шив. Ёстой тоглоомтой юм,” хэмээн унтууцав.

Тэгэхэд нь би “Үгүй дээ, аав аа. Ийм зүйл байж болно. Бид чинь их хоржоонтой цаг үед амьдарч байна шүү дээ,” гэж мэтгэлээ.

Харин аав “Үгүй шүү. Яг үнэнийг хэлэхэд тэр эмэгтэй өнөөх хар тамхиндаа буцаад л орно. Хүнд чинь тогтсон үзэл гэж нэг юм байдаг байхад чиний наадахад чинь ер алга,” гэв.

“Үгүй дээ аав минь. Миний өгүүлэх түүх ийм л юм. Тэр ажилд орсон. Тэгээд л мартаж үз. Түүнийг би үүдний жижүүр хийж байгаа гэсэн л бол хийж байгаа.”

Намайг ийн гөжүүдлэхэд аав “Тэгээд тэр ажилдаа хэр удаан тэсэх юм бол доо?” гэж асууснаа “Эмгэнэл! Чи ч ялгаагүй. Үүнийгээ чи яасхийж нэг ухаарна даа, зайлуул!” хэмээн түрүүчийн адил гаслав.


Орчуулсан: Батсуурийн БАЯСГАЛАН

No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд